Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

Дурсах цуглаанд очдогийн учир

Дурсах цуглаанд очдогийн учир

«Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» (ЛУК 22:19).

ДУУ 148 Та цорын ганц Хүүгээ өгсөн

ТОЙМ *

1, 2. а) Нас барсан хайртай хүнээ бид хэзээ хамгийн их дурсдаг билээ? б) Нас барахынхаа өмнөх шөнө Есүс яасан бэ?

 ДОТНЫН хүн маань нас бараад олон жил өнгөрсөн ч бид түүнийгээ дурссаар байдаг. Ялангуяа жил бүр нас барсан өдрөөр нь дурсамж бүр тодордог.

2 Бид эрхэм хүн Есүс Христийн үхлийг дурсах гэж жил бүр олон саяулаа цуглардаг (1 Петр 1:8). Гол нь хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аврахын тулд амиа өгснийг нь дурсдаг (Мат. 20:28). Есүс үхлийг минь дурсаж байгаасай гэж хүсэж байсан. Нас барахынхаа өмнөх шөнө шавь нартайгаа онцгой зоог бариад «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» гэж захисан (Лук 22:19).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Христийн үхлийг дурсах цуглаанд ирдэг хүмүүсийн цөөнх нь тэнгэрт амьдрах найдвартай. Харин ихэнх нь дэлхий дээр амьдрах найдвартай. Энэ өгүүллээр, хоёр бүлэг хүмүүсийн аль аль нь Дурсах цуглаанд очдогийн шалтгааныг болон уг цуглаанд суух нь ямар ач тустайг ярилцана. Эхлээд тослогдсон хүмүүс Дурсах цуглаанд суудгийн шалтгааныг ярилцъя.

ТОСЛОГДОГСОД ДУРСАХ ЦУГЛААНД ОЧДОГИЙН УЧИР

4. Тослогдосод яагаад Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртдэг вэ?

4 Тослогдогсод Дурсах цуглаанд очиж бэлгэдлийн идээнээс хүртэхийг жил бүр тэсэн ядан хүлээдэг. Тэд яагаад бэлгэдлийн идээнээс хүртдэг вэ? Энэ асуултад хариулахын тулд Есүсийг нас барахаас өмнөх шөнө юу болсныг бодож үзье. Тэрбээр Дээгүүр өнгөрөх баярын зоог барьсныхаа дараа Эзний оройн зоог гэж хожим нэрлэгдэх болсон арга хэмжээг зохион байгуулсан. Тэр үдэш 11 үнэнч элч нартаа талх, дарс дамжуулан хүртээсэн. Дараа нь шинэ болон Хаант төрийн гэрээний тухай тэдэнд ярьж өгсөн (Лук 22:19, 20, 28–30). * Эдгээр гэрээний ачаар түүний элч нар болон цөөн тооны хүмүүс тэнгэрт гарч хаад, тахилчдаар үйлчлэх боломжтой болох байв (Илч. 5:10; 14:1). Эдгээр гэрээнд хамаатай тослогдсон үлдэгсэд * л Оройн зоогийн үеэр талх, дарснаас хүртдэг.

5. Тослогдогсод ямар сайхан завшаан эдлэхээ мэддэг вэ?

5 Тослогдогсод Дурсах цуглаанд очихыг тэсэн ядан хүлээдэг бас нэг шалтгаан бий. Тэд уг цуглаанд очоод ирээдүйн найдварынхаа талаар эргэцүүлэн боддог. Ехова тэдэнд ийм гайхалтай найдварыг бэлэглэсэн. Тэд үхдэггүй, ялзардаггүй амьтай болно, тэнгэрт гарч Есүс Христ болон бусад тослогдогсодтойгоо хамт, хамгийн гол нь Еховагийн өмнө үйлчлэх завшаан эдэлнэ (1 Кор. 15:51–53; 1 Ёох. 3:2). Тэд ийм сайхан завшаан эдлэхээ мэддэг. Гэхдээ тэд үхэн үхтэлээ үнэнч байсан цагт л тэнгэрт гарах боломжтой болно (2 Тим. 4:7, 8). Тэнгэрийн найдварынхаа талаар эргэцүүлэн бодохоороо сэтгэл зүрх нь баяр баяслаар дүүрдэг (Тит 2:13). Харин «өөр хоньдын» талаар юу хэлж болох вэ? (Ёох. 10:16). Тэд ямар шалтгаанаар Дурсах цуглаанд очдог вэ?

ӨӨР ХОНЬД ДУРСАХ ЦУГЛААНД ОЧДОГИЙН УЧИР

6. Өөр хоньд яагаад жил бүр Дурсах цуглаанд очдог вэ?

6 Өөр хоньд Дурсах цуглаанд суудаг ч бэлгэдлийн идээнээс хүртдэггүй. Тэд ажиглагчаар оролцдог. Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүсийг 1938 онд тэмдэглэсэн Дурсах цуглаанд анх удаа тусгайлан урьсан. Мөн тэр оны «Харуулын цамхаг» сэтгүүлийн 3-р сарын 1-ний дугаарт «[Өөр хоньд] Дурсах цуглаанд сууж үйл ажиллагааг ажиглах нь зөв бөгөөд зохистой юм. ... Тэд ч энэхүү цуглаанд суусандаа маш их баярладаг. Ингэх ч ёстой» гэж бичжээ. Хуримд уригдсан зочид хуримын үйл ажиллагааг хараад баяртай байдаг шиг өөр хоньд ч Дурсах цуглаанд суугаад баяр хөөрөөр бялхдаг.

7. Өөр хоньд Дурсах цуглааны илтгэлийг сонсох гэж тэсэн ядан хүлээдгийн учир юу вэ?

7 Өөр хоньд ч Дурсах цуглаанд сууж найдварынхаа талаар эргэцүүлэн боддог. Тэд Дурсах цуглааны илтгэлийг сонсохыг тэсэн ядан хүлээдэг. Илтгэлээр Мянган жилийн засаглалын үеэр Есүс Христ болон түүний 144 000 захирагчид үнэнч хүмүүсийн төлөө юу хийхийг тайлбарлаж өгдөг. 144 000 тослогдогсод Хаан Есүс Христээр удирдуулан дэлхийг диваажин, дуулгавартай хүн төрөлхтнийг төгс болгох ажилд тусална. Ажиглагчаар суудаг сая сая хүн Исаиа 35:5, 6; 65:21–23; Илчлэл 21:3, 4 зэрэг зөгнөл хэрхэн биелэхийг төсөөлөн бодож, зүрх сэтгэл нь баяр баяслаар бялхдаг. Өөрийгөө болон дотнын хүмүүсээ шинэ ертөнцөд байгаагаар төсөөлөхөөр найдвар болон Еховад үүрд мөнх үйлчлэх шийдвэр батаждаг (Мат. 24:13; Гал. 6:9).

8. Өөр хоньд Дурсах цуглаанд суудгийн бас нэг шалтгаан юу вэ?

8 Өөр хоньд Дурсах цуглаанд суудгийн бас нэг шалтгааныг үзье. Тэд тослогдогсдыг чин сэтгэлээсээ хайрлаж, дэмждэгээ харуулахыг хүсдэг. Тослогдогсод болон дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс үй зайгүй хамтран ажиллана гэж Бурхны Үгэнд бичсэн байдаг. Ингэж хэлэхийн учир юу вэ? Хэдэн жишээ үзье.

9. Зехариа 8:23-т зөгнөснөөр өөр хоньд тослогдогсдод хэрхэн ханддаг вэ?

9 Зехариа 8:23-ыг уншина. Энэ зөгнөлд өөр хоньд тослогдсон ах дүүдээ хэрхэн ханддагийг уран сайхнаар дүрсэлжээ. «Нэг иудей хүн» болон «та нар» гэдгээр нэг бүлэг хүмүүс буюу тослогдсон үлдэгсдийг хэлдэг (Ром 2:28, 29). «Өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн» гэдгээр өөр хоньдыг хэлдэг. Тэд тослогдогсдоос «зуурдаг» буюу тэдэнтэй маш дотно харилцаатай байж, тэднийг үнэнчээр дэмжин Еховаг цугтаа шүтдэг. Тиймээс Дурсах цуглаанд хамтдаа сууж тослогдогсдыг дэмждэгээ харуулдаг.

10. Езекиел 37:15–19, 24, 25-д бичсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ?

10 Езекиел 37:15–19, 24, 25-ыг уншина. Ехова тослогдогсод болон өөр хоньдыг нэгтгэж, дотно болгосон. Ийнхүү дээрх зөгнөл биелсэн. Уг зөгнөлд хоёр савааны тухай гардаг. Тэнгэрт амьдрах найдвартай хүмүүсийг «Иудагийн саваагаар» (Иуда овгоос Израйлын хаадыг сонгодог байсан), дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг «Ефраимын саваагаар» бэлгэджээ. * Энэ хоёр бүлгийн хүмүүсийг Ехова нийлүүлж «нэг саваа» болгоно. Энэ юу гэсэн үг вэ? Энэ хоёр бүлэг хүмүүс нь Есүс Христ гэдэг нэг хааны удирдлага дор эв нэгдэлтэй үйлчлэхийг хэлсэн. Жил бүрийн Дурсах цуглаанд тэд тус тусдаа биш, харин «нэг хоньчинтой», «нэг сүрэг» болон хамтдаа суудаг (Ёох. 10:16).

11. Матай 25:31–36, 40-д гардаг «хоньд» Христийн ах дүү нарыг дэмждэг гол арга нь юу вэ?

11 Матай 25:31–36, 40-ийг уншина. Энэ сургаалт зүйрлэлд гардаг «хоньд» гэдэг нь дэлхий дээр амьдрах найдвартай, энэ тогтолцооны төгсгөлд амьдарч буй зөв шударга хүмүүсийг буюу өөр хоньдыг хэлдэг. Тэд агуу хүчээр тослогдсон Христийн ах дүүг үнэнчээр дэмждэг. Ингэхдээ юуны түрүүнд, дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх маш том ажилд нь тусалдаг (Мат. 24:14; 28:19, 20).

12, 13. Өөр хоньд Христийн ах дүүсийг дэмждэгээ өөр ямар аргаар харуулдаг вэ?

12 Өөр хоньд жил бүр Дурсах цуглаан болохоос хэдэн долоо хоногийн өмнөөс хүмүүсийг урих дэлхий даяар болдог аянд идэвх зүтгэлтэй оролцож Есүсийн ах дүүсийг дэмждэгээ харуулдаг ( «Дурсах цуглаандаа хэрхэн бэлдэх вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Бас хуралд нь бэлгэдлийн идээнээс хүртэх тослогдсон дагалдагч байхгүй байсан ч Дурсах цуглааныг зохион байгуулах бүх ажилд хувь нэмрээ оруулдаг. Ийнхүү Христийн ах дүүсийг дэмжээд баяртай байдаг. Тэд тослогдсон дагалдагчдад тусалж байгаагаа Есүст тусалж байгаа хэрэг гэдгийг ойлгодог (Мат. 25:37–40).

13 Өөр хоньд болон тослогдогсдын хэн хэн нь өөр ямар шалтгааны улмаас Дурсах цуглаанд очдог вэ?

ТОСЛОГДОГСОД Ч, ӨӨР ХОНЬД Ч ДУРСАХ ЦУГЛААНД ОЧДОГИЙН УЧИР

14. Ехова Есүс хоёр агуу хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?

14 Ехова Есүс хоёр биднийг хэрхэн хайрладгийг бодохлоор өөрийн эрхгүй талархдаг. Ехова биднийг хайрладгаа олон янзаар илэрхийлсний нэг нь бусдаасаа илүү онцгой юм. Бурхан Хүүгээ илгээж зовж үхэхийг зөвшөөрсөн нь эрх ашгаа бодолгүй биднийг хайрладгаа харуулсан хамгийн том илрэл юм (Ёох. 3:16). Есүс ч бидний төлөө дуртайяа амиа өгч маш их хайрладгаа харуулсныг бид мэддэг (Ёох. 15:13). Бид Ехова Есүс хоёрын тэр агуу хайрыг хайраар бүрэн хариулж хэзээ ч чадахгүй. Гэхдээ бид өдөр бүр хэрхэн амьдарч байгаагаараа талархдагаа харуулж чадна (Кол. 3:15). Энэ агуу хайрын талаар эргэцүүлэн бодож, тэдэнд хайртайгаа харуулахын тулд бид дурсах цуглаанд очдог.

15. Тослогдогсод ч, өөр хоньд ч золиосыг өндөр үнэлдгийн учир юу вэ?

15 Бид золиосыг өндөр үнэлдэг (Мат. 20:28). Тослогдогсод золиосны ачаар гайхалтай найдвар өвөрлөдөг учраас маш их эрхэмлэдэг. Есүсийн золиосонд итгэдэг тэднийг Ехова шударга сайнд тооцож хүүхдүүдээ болгон үрчилж авсан (Ром 5:1; 8:15–17, 23). Өөр хоньд ч бас золиосыг өндөр үнэлдэг. Есүсийн золиосонд итгэдэг учир Бурхан тэднийг цэвэр ариунд тооцож өөртөө үйлчлүүлж, «агуу их гамшгийг» даван гарах найдвартай болгосон (Илч. 7:13–15). Өөр хоньд ч, тослогдогсод ч золиосны төлөө талархдагаа илэрхийлэх нэг арга нь жил бүр болдог Оройн зоогт очих явдал юм.

16. Бид бүгдээрээ Дурсах цуглаанд очдогийн бас нэг шалтгаан юу вэ?

16 Бас бид Есүст дуулгавартай байхыг хүсдэг учраас Оройн зоогт очдог. Есүс: «Намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» гэж тушаасан. Хаана ч амьдрах найдвартай байсан, бидний хүн нэг бүр Есүсийн энэ тушаалыг дагахыг хүсдэг (1 Кор. 11:23, 24).

ДУРСАХ ЦУГЛААНД ОЧДОГИЙН АЧ ТУС

17. Дурсах цуглаанд очихоор Еховатай улам дотносдог гэхийн учир юу вэ?

17 Еховатай улам дотносдог (Яак. 4:8). Бид Дурсах цуглаанд очихоороо Еховагийн өгдөг найдварын талаар болон агуу хайрынх нь тухай эргэцүүлэн боддог (Иер. 29:11; 1 Ёох. 4:8–10). Ингэхлээр Бурхныг хайрлах хайр маань улам лавширч түүнтэй улам дотносдог (Ром 8:38, 39).

18. Есүсийн жишээг эргэцүүлэн бодохоор бидэнд ямар хүсэл төрдөг вэ?

18 Есүсийг дуурайх чин хүсэлтэй болдог (1 Петр 2:21). Бид Дурсах цуглаан болохоос өмнөх хэдэн өдөр Есүсийн дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн долоо хоног болон үхэл, амилсантай нь холбоотой Библийн зүйлүүдэд анхаарал хандуулдаг. Дараа нь Дурсах цуглааны үдэш илтгэл сонсоод биднийг гэсэн Есүсийн хайрыг дурсан санадаг (Эф. 5:2; 1 Ёох. 3:16). Есүс хүмүүсийн төлөө өөрийгөө золиосолсныг уншаад, эргэцүүлэн бодохоороо «Есүсийн амьдарсан шиг амьдрах ёстойгоо» ойлгодог (1 Ёох. 2:6).

19. Яавал Бурхнаар хайрлуулсаар байх вэ?

19 Еховагаар хайрлуулж явъя гэсэн шийдвэр маань улам батаждаг (Юуд. 20, 21). Хэрэв бид дуулгавартай байж, нэрийг нь ариусгаж, зүрхийг нь баярлуулдаг бол Бурхнаараа хайрлуулсаар байна (Сур. 27:11; Мат. 6:9; 1 Ёох. 5:3). Дурсах цуглаанд очихлоор «Ехова, танаараа үүрд мөнхөд хайрлуулж явъя!» гэсэн хүсэл оргилж, өдөр бүр үүнийхээ дагуу амьдрах шийдвэр батаждаг.

20. Дурсах цуглаанд очих ямар хүндтэй шалтгаан бид бүхэнд байдаг вэ?

20 Тэнгэрт ч, дэлхий дээр ч амьдрах бид бүгдийн хувьд Дурсах цуглаанд очих хангалттай шалтгаан бий. Бид жил бүрийн энэ өдөр хайрт Есүс Христийнхээ үхлийг дурсдаг. Юуны түрүүнд бидний төлөө Хүүгийнхээ амийг өгсөн Еховагийн агуу хайрыг дурсдаг. Энэ удаагийн Дурсах цуглаан нь 2022 оны 4-р сарын 15-ны баасан гаргийн үдэш болно. Бид Еховад болон Хүүд нь хайртай. Тиймээс жил бүрийн энэ өдөр Есүсийн үхлийг дурсах цугаанд очихоос илүү чухал юм гэж бидний хувьд байхгүй.

ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно

^ Тэнгэр газрын хаана нь ч амьдрах бай, бид жил бүр Дурсах цуглааныг тэсэн ядан хүлээдэг. Энэ өгүүллээр, Дурсах цуглаанд суудгийн Библийн үндэстэй шалтгааныг болон суугаад ямар ач тус хүртэдгийг ярилцана.

^ Шинэ гэрээ болон Хаант төрийн гэрээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 10-р сарын 15-ны дугаарын 15–17-р хуудсанд байгаа «Та нар “тахилч нарын хаанчлал” болно» сэдэвтэй өгүүллийг үзнэ үү.

^ ҮГНИЙ ТАЙЛБАР: Тослогдсон үлдэгсэд гэдгээр одоо дэлхий дээр амьд байгаа Христийн тослогдсон дагалдагчдыг хэлнэ.

^ «Езекиел» номын 37-р бүлэгт гардаг хоёр савааны тухай зөгнөлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 7-р сарын дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү.