Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2

Есүсийн дүүгээс суралцах нь

Есүсийн дүүгээс суралцах нь

«Бурхан болон Эзэн Есүс Христийн боол Яаков би» (ЯАК. 1:1).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ *

1. Яаковын гэр бүлийнхэн ямар хүмүүс байсан бэ?

 ЯАКОВЫН эцэг эх Иосеф Мариа хоёр Еховаг маш их хайрладаг, түүнд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг хүмүүс байлаа. Бас том ах Есүс нь хожим нь Мессиа болсон. * Еховад үнэнч ийм гэр бүлд өссөн нь Яаковын хувьд ямар их завшаан байсан бэ!

Яаков ах Есүстэйгээ хамт өссөн учир түүнийг маш сайн мэддэг (2-р догол мөрийг үзээрэй)

2. Яаковт ахыгаа хүндлэх ямар шалтгаан байсан бэ?

2 Яаковт ахыгаа хүндлэх олон шалтгаан байв (Мат. 13:55). Жишээ нь Есүс Судрыг маш сайн мэддэг байсан. 12-хон настай Есүсийг Иерусалимын сүмд байхад нь сонссон багш нар гайхан биширчээ (Лук 2:46, 47). Яаков Есүстэй хамт мужааны ажил хийдэг байсан бололтой. Тийм бол ахыгаа маш сайн мэддэг байсан байх. Нэйтан Х. Норр: «Та хэн нэгэнтэй хамт ажилладаг бол тэр хүнээ маш сайн мэддэг байж таарна» гэж нэг биш удаа хэлдэг байсан. * Яаков Есүсийг «өсөж торнин улам бүр мэргэн ухаантай болж ... Бурхан болон олон түмэн түүнийг сайшааж байсныг» анзаараагүй байхын аргагүй (Лук 2:52). Тиймээс бид Яаковыг Есүсийн анхны шавь нарын нэг болсон гэж бодож магадгүй. Гэхдээ ийм юм болоогүй.

3. Есүсийг дэлхий дээр үйлчилж эхлэхэд Яаков түүний тухай юу гэж бодсон бол?

3 Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад Яаков шавь нь болоогүй (Ёох. 7:3–5). Харин ч бүр Есүсийг «солиорчээ» гэлцэж байсан хамаатнууд, ах дүүсийнх нь нэг байсан байх (Марк 3:21). Бас Есүсийг тарчлаах шонд хадаж байх үед ээж Мариатайгаа хамт тэнд байсан гэх мэдээлэл Библид байдаггүй (Ёох. 19:25–27).

4. Бид Яаковаас юу сурах вэ?

4 Хожим нь Яаков Есүст итгэдэг болсноор барахгүй Христийн дагалдагчдын хурлын хүндэтгэл хүлээсэн ахлагч болсон. Бид Яаковаас дараах хоёр зүйлийг сурна. 1) Бид яагаад даруу байх ёстой вэ? 2) Бид яавал сайн багш болох вэ?

ЯАКОВ ШИГ ДАРУУ БАЙГААРАЙ

Есүсийг үзэгдэхэд Яаков түүнийг Мессиа гэж хүлээн зөвшөөрч даруу гэдгээ харуулсан. Дараа нь Есүсийн үнэнч шавь болсон (5–7-р догол мөрийг үзээрэй)

5. Есүс амилсан байхыг хараад Яаков яасан бэ?

5 Яаков хэзээ Есүсийн үнэнч дагалдагч болсон бэ? Есүс амилсныхаа дараа «Яаковт, тэгээд бүх элчид үзэгдсэн» (1 Кор. 15:7). Ийнхүү Есүстэй уулзаад дагалдагч нь болжээ. Бас Иерусалим хотын нэг байшинд цуглаад агуу хүч өгөхийг хүлээж байсан элч нарын дунд Яаков байсан (Үйлс 1:13, 14). Хожим нь тэрбээр I зууны удирдах зөвлөлийн гишүүн байх завшаан эдэлсэн (Үйлс 15:6, 13–22; Гал. 2:9). Тэгээд МЭ 62 оноос өмнө, агуу хүчээр удирдуулан тослогдсон дагалдагчдад захиа бичсэн. Энэ захидал дэлхий дээр ч, тэнгэрт ч амьдрах найдвар өвөрлөсөн өнөөгийн бидэнд ч ач тустай (Яак. 1:1). I зууны түүхч Иосефын хэлснээр ахлах тахилч Анасын хүү тэргүүн тахилч Ананиагийн тушаалаар Яаковыг цаазласан. Яаков дэлхий дэх амьдралаа дуустал Еховад үнэнч байжээ.

6. Яаков тухайн үеийн шашны удирдагчдаас юугаараа ялгаатай байсан бэ?

6 Яаков даруу байсан. Ингэж хэлэхийн учир юу вэ? Есүс бол Бурхны Хүү гэдэг няцаахын аргагүй нотолгоог хараад Яаков болон шашны удирдагчид яасныг бодож үзье. Яаков даруу байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин Иерусалимын ахлах тахилчид тэгээгүй. Жишээ нь Есүс Лазарыг амилуулахад тэд үүнийг үгүйсгэж чадаагүй. Тэгсэн атлаа Ехова Бурхан Есүсийг илгээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй Есүсийг ч, Лазарыг ч алахыг оролдсон (Ёох. 11:53; 12:9–11). Хожим нь Есүсийн амилсныг хүмүүсээс нуухын тулд худал цуурхал тараасан (Мат. 28:11–15). Тэдгээр шашны удирдагч бардам зангаасаа болоод Мессиаг хүлээн зөвшөөрөөгүй.

7. Бид яагаад бардам зангаас зайлсхийх ёстой вэ?

7 Сургамж: Бардам зангаас зайлсхийж, сурах дуртай байгаарай. Өвчнөөс болж зүрхний судас хатуурч үйл ажиллагаа нь доголддог. Үүнтэй адилаар бардам зан бэлгэдлийн зүрхийг маань хатууруулж Еховагийн зааврыг дуртайяа дагахад саад болдог. Фарисайчууд хэтэрхий бардам байсан учраас Есүс бол Бурхны Хүү гэсэн агуу хүчний хөдөлшгүй нотолгоог үгүйсгэсэн (Ёох. 12:37–40). Тийм учраас тэд мөнх амьдрах боломжоо алджээ (Мат. 23:13, 33). Тэгэхээр Бурхны Үг болон агуу хүчнийх нь нөлөөгөөр сайхан зан чанартай болж, үзэл бодлоо өөрчилж, зөв шийдвэр гаргах нь бидэнд хэчнээн их чухал вэ! (Яак. 3:17). Яаков даруу байсан учраас Еховагаар дуртайяа заалгасан. Тиймээс ч бас сайн багш болсон.

ЯАКОВ ШИГ САЙН БАГШ БАЙГААРАЙ

8. Бид юуны ачаар сайн багш болох вэ?

8 Яаков тийм ч их боловсролтой хүн байгаагүй. Тухайн үеийн шашны удирдагчид түүнийг элч Петр, Ёохантай адил «эрдэм номгүй, эгэл жирийн» хүн гэж үздэг байсан нь ойлгомжтой (Үйлс 4:13). Гэхдээ Яаков сайн багш байсныг нэрээр нь нэрлэгдсэн номоос мэдэж болно. Бид ч Яаков шиг тийм ч их боловсролтой биш байж магадгүй. Тэгсэн ч гэсэн Еховагийн агуу хүч болон байгууллагын ач тустай сургалтын ачаар сайн багш нар болж чадна. Одоо, Яаков сайн багш байсныг харуулах жишээг үзэж, ямар сургамж авч болохыг ярилцъя.

9. Яаков яаж заадаг байсан бэ?

9 Яаков энгийн, ойлгомжтой заадаг байсан. Тиймээс сонсогчид нь юуг, яаж хийх ёстойгоо амархан ойлгодог байсан. Жишээ нь Христийн дагалдагч хүн гомдоллохгүйгээр шударга бус явдлыг тэвчих ёстойг энгийн заасан. Тэрбээр: «Тэвчсэн хүмүүсийг бид жаргалтай гэдэг. Иов хэрхэн тэвчсэнийг та нар сонссон, Ехова хэрхэн ивээснийг та нар мэднэ. Учир нь Ехова их өрөвч, өршөөнгүй билээ» гэж бичжээ (Яак. 5:11). Яаков Сударт тулгуурлан заасныг анхаараарай. Иов шиг өөрт нь үнэнч хүмүүсийг Ехова шагнадаг гэдгийг сонсогчдодоо ойлгуулахын тулд Бурхны Үгийг ашиглан ойлгомжтой үг хэллэгээр заасан. Ийнхүү хүмүүсийн анхаарлыг өөртөө бус, Еховад хандуулсан.

10. Яаковыг дуурайн Библийн хичээл заах нэг арга нь юу вэ?

10 Сургамж: Бурхны Үгэнд үндэслэн энгийн заагаарай. Бид Библийн хичээл заахдаа хэр их мэдлэгтэй гэдэгтээ суралцагчийн анхаарлыг хандуулах ёсгүй. Харин Ехова хэр их мэдлэгтэй, хүмүүсийг ямар их анхаарч халамжилдгийг нь ойлгуулахыг зорилго болгох ёстой (Ром 11:33). Ингэхийн тулд дандаа Библид үндэслэн заах учиртай. Жишээ нь, надад ийм юм тохиолдсон бол би ингэх байсан гэж хэлэхийн оронд Библийн жишээнүүдийг суралцагчаараа эргэцүүлэн бодуулж, Еховагийн үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгож авахад нь туслаарай. Ингэвэл суралцагч маань бидэнд бус, Еховад таалагдахын тулд сурснаа амьдралдаа хэрэгжүүлнэ.

11. Зарим итгэл нэгтэн нь ямар сул талтай байсан бэ? Яаков тэдэнд ямар зөвлөгөө өгсөн бэ? (Яаков 5:13–15).

11 Яаков итгэл нэгтнүүдээ байгаагаар нь хүлээн авсан. Итгэл нэгтнүүд нь ямар сул талтайгаа тэмцэж байгааг Яаков ойлгож байсныг захианаас нь мэдэж болно. Тэрбээр тэдэнд засаж өөрчлөгдөхөд тустай тодорхой заавар өгсөн. Жишээ нь зарим дагалдагч зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хойрго байв (Яак. 1:22). Зарим нь баян хүнд долигонодог байсан (Яак. 2:1–3). Нөгөө зарим нь хэл амаа захирдаггүй байв (Яак. 3:8–10). Итгэл нэгтнүүд нь ийм муу талтай байсан ч Яаков тэднийгээ засарч өөрчлөгдөнө гэж итгэж байсан. Тэрбээр итгэл нэгтнүүддээ зөвлөгөө өгөхдөө сайхан сэтгэлийн үүднээс, шулуухан хэлсэн. Бас сул талтайгаа тэмцэж байгаа нэгэндээ ахлагчид хандан тусламж авахыг зөвлөсөн (Яаков 5:13–15-ыг уншина).

12. Суралцагчийнхаа талаар өөдрөг үзэлтэй хүн яадаг вэ?

12 Сургамж: Суралцагчийг байгаагаар нь хүлээн авсан ч өөдрөг үзэлтэй байгаарай. Библийн хичээл заалгадаг олон хүнд мэдсэнээ хэрэгжүүлэх нь амаргүй байж болох юм (Яак. 4:1–4). Муу зуршлаасаа салж, Христтэй адил зан чанартай болоход тэдэнд цаг хугацаа хэрэгтэй байх. Бид Яаковыг дуурайж, юугаа сайжруулахыг суралцагчдаа шулуухан хэлчих эр зоригтой байх ёстой. Мөн Ехова даруу хүнийг өөртөө татаж, амьдралаа өөрчлөх хүч өгнө гэдэгт найдан өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй (Яак. 4:10).

13. Яаков 3:2-т бичсэнээр Яаков юуг хүлээн зөвшөөрсөн бэ?

13 Яаков өөрийнхөө талаар зөв бодолтой байсан. Яаков: «Би Есүсийн дүү, хариуцлагатай үүрэг биелүүлдэг» гээд өөрийгөө бусдаас дээгүүр тавьж байгаагүй. Харин ч итгэл нэгтнүүддээ «Хайрт ах дүү нар минь» гэж ханддаг байсан (Яак. 1:16, 19; 2:5). Хүмүүст өөрийгөө төгс хүн мэт сэтгэгдэл төрүүлж байгаагүйгээр барахгүй «Бид бүгдээрээ алддаг» гэж хэлснээрээ өөрөө ч алдаа гаргадгаа хүлээн зөвшөөрсөн (Яаков 3:2-ыг уншина).

14. Бид яагаад өө сэвтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

14 Сургамж: Бид бүгдээрээ нүгэлтэй гэдгийг санаж яваарай. Өөрсдийгөө ямар нэг байдлаар суралцагчаасаа давуу гэж бодох ёсгүй. Яагаад? Хэрэв бид өөрсдийгөө өө сэвгүй мэт сэтгэгдэл төрүүлбэл суралцагч маань Бурхны шаардлагад хэзээ ч нийцэхгүй юм байна гэж бодож магадгүй. Харин Библийн зарчмыг хэрэгжүүлэхэд дандаа амар байгаагүйгээ шударгаар хэлж, мэдсэнээ ажил хэрэг болгоход Ехова тусалсныг ярьж байх нь зүйтэй. Ингэдэг бол суралцагч ч Еховад үйлчилж чадахаа ойлгоно.

Яаковын татсан жишээнүүд энгийн, ойлгомжтой, үр дүнтэй байсан (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Яаков ямар жишээ татсан вэ? (Яаков 3:2–6, 10–12).

15 Яаков тохиромжтой жишээ татан үр дүнтэй заадаг байсан. Түүнд агуу хүч тусалдаг байсан нь дамжиггүй. Гэхдээ ах Есүсийнхээ ярьсан жишээнүүдийг эргэцүүлэн бодоод жишээ татах талаар их юм сурсан бололтой. «Яаков» номд гардаг жишээнүүд энгийн бөгөөд ойлгомжтой байдаг (Яаков 3:2–6, 10–12-ыг уншина).

16. Бид яагаад тохиромжтой жишээ татах ёстой вэ?

16 Сургамж: Тохиромжтой жишээ татаарай. Ингэдэг бол суралцагчийн ой тойнд шууд дүр зураг бууна. Энэ нь Библийн сургаалын гол санааг санаж явахад тустай байдаг. Есүс жишээ татаж үр дүнтэй заахдаа гарамгай байсан. Дүү Яаков нь ахыгаа дуурайж, бас жишээ татаж чадварлаг заадаг болсон. Яаковын жишээнүүдээс нэгийг нь авч үзээд яагаад үр дүнтэй байсныг ярилцъя.

17. Яаков 1:22–25-д татсан жишээ яагаад үр дүнтэй вэ?

17 Яаков 1:22–25-ыг уншина. Яаковын татсан энэ жишээ их үр дүнтэй байсан. Үүгээрээ нэг санааг онцолсон. Юу гэвэл, Бурхны Үгнээс ач тус хүртье гэвэл зөвхөн уншаад болчихгүй, харин уншсаныхаа дагуу үйлдэх ёстой. Яаков хүн болгоны сайн мэддэг зүйл буюу толийг жишээ болгон татсан. Үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ? Толинд хараад юу засах ёстойгоо олж мэдсэн ч засахгүй бол мунхаг хэрэг болно. Үүнтэй адил Бурхны Үгийг уншаад засах ёстой ямар зан чанар, муу зуршил байгаагаа олж мэдчихээд засахгүй бол мунхаг хэрэг болно.

18. Жишээ татахдаа ямар гурван зүйлийг анхаарах ёстой вэ?

18 Жишээ татахдаа Яаковыг дуурайгаарай. Ингэхийн тулд 1) Гол санааг онцолсон, 2) хүмүүсийн сайн мэддэг, 3) хэрэгжүүлэхэд хялбар жишээ татаарай. Хэрэв тохиромжтой жишээ олдохгүй бол «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» (англи) ашиглаарай. «Жишээ» гэсэн дэд гарчгийн доор өч төчнөөн жишээ байгаа. Жишээ татах нь микрофон ашиглаж байгаатай адил. Тиймээс зөвхөн гол санааг л тодотгох зорилгоор жишээ татаарай. Ямар зорилгоор заах чадвараа сайжруулах вэ? Өөртөө анхаарал хандуулах биш, харин аль болох олон хүнийг Еховагийн аз жаргалтай гэр бүлийн гишүүн болгох явдал юм.

19. Бид итгэл нэгт ах дүүдээ хайртай учраас яадаг вэ?

19 Яаков төгс ах Есүстэйгээ хамт нэг гэрт өсөж хүмүүжсэн. Бид ийм завшаан эдлээгүй ч итгэл нэгт ах дүүтэйгээ хамт Еховад үйлчлэх завшаантай. Бид тэдэндээ хайртай учраас нөхөрлөж, тэднээс суралцаж, дэлгэрүүлэх болон заах ажлыг мөр зэрэгцэн хийдэг. Бид сэдэл хандлага, биеэ авч явах байдал, заах чадвараараа Яаковыг дуурайх учиртай. Ингэдэг бол тэнгэрийн хайртай Эцэгтэйгээ дотносоход нь чин сэтгэлтэй хүмүүст тусална, Еховагаа ч алдаршуулна.

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

^ Яаков Есүс хоёр нэг айлын хүүхдүүд юм. Тиймээс Яаков Бурхны төгс Хүүг тухайн үеийн бусад хүнээс илүү сайн мэддэг байсан. Христийн дагалдагчдын I зууны хурлын багана болсон Есүсийн дүү хэрхэн амьдарч, юу зааснаас нь ямар сургамж авч болохыг энэ өгүүллээр ярилцана.

^ Яаков Есүс хоёр эх нэгтэй, эцэг ондоо ах дүүс юм. Яаков өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн Библийн номыг бичжээ.

^ Нэйтан Х. Норр Удирдах Зөвлөлийн гишүүн байсан. Тэрбээр дэлхий дэх амьдралаа 1977 онд дуусгасан.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хэл ямар аюултайг онцлохын тулд Яаков хүн болгоны сайн мэдэх галыг жишээ болгон татсан.