Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1

Еховаг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй

Еховаг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй

2022 ОНЫ УРИА: Еховаг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй (ДУУ. 34:10).

ДУУ 22 «Ехова бол миний хоньчин»

ТОЙМ *

Давид хэцүү цагт ч «ямар ч сайн юмаар гачигдаагүй» гэжээ (1–3-р догол мөрийг үзээрэй) *

1. Давид ямар хэцүү байдалд орсон бэ?

 ДАВИД зугтаж явлаа. Яагаад гэвэл Израйлын хүчирхэг хаан Саул түүнийг алахаар нэхэж байв. Давид хоол хүнсээр гачигдахдаа Ноб хотод түр саатаж 5-хан талх өгөхийг тахилчаас гуйдаг (1 Сам. 21:1, 3). Дараа нь эрчүүдтэйгээ агуйд хоргодсон (1 Сам. 22:1). Яаж яваад ийм байдалд орчихов?

2. Саул хэрхэн галаар тоглосон бэ? (1 Самуел 23:16, 17)

2 Олон дайнд ялалт байгуулж нэр алдар нь түгсэн Давидад Саул атаархсандаа үхэх шахаж байлаа. Дуулгаваргүй загнаснаас нь болж Бурхан өөрийг нь хаан байлгахаас татгалзсаныг, оронд нь Давидыг сонгосныг ч мэдэж байв (1 Самуел 23:16, 17-г уншина). Гэхдээ л хаан хэвээрээ байсан учир цэрэг арми, олон дагалдагчтай байжээ. Иймээс Давид амиа аврах гэж зугтахаас өөр аргагүй байлаа. Давидыг хаан болгох гэсэн Еховад саад хийж чадна гэж Саул үнэхээр бодсон уу? (Ис. 55:11). Библид тодорхой бичээгүй. Гэхдээ тэрбээр галаар тоглож байсан нь тодорхой. Еховатай тэмцэлдвэл ялагдах нь ойлгомжтой!

3. Давид аюулд автсан ч ямар бодолтой байсан бэ?

3 Давид даруу хүн байсан. Өөрийнхөө дураар хаан болъё гээгүй, Ехова түүнийг сонгосон (1 Сам. 16:1, 12, 13). Харин Саул Давидыг атаат дайснаа гэж үзсэн. Давид ийнхүү аюулд автсан ч Еховаг буруутгаагүй. Хоол ундаар гачигдаж байна, агуйд хоргодож байна гэж гомдоллоогүй. Харин ч энэ өгүүллийн гол зүйлд байгаа «ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй» гэсэн үгтэй сайхан дууг агуйд нуугдаж явахдаа зохиосон бололтой (Дуу. 34:10).

4. Ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ? Энэ нь яагаад чухал вэ?

4 Өнөөдөр Еховагийн олон үйлчлэгч идэж уух эсвэл хэрэгцээтэй юмаар гачигддаг. * Ялангуяа цар тахлын энэ үед бүр хэцүү байгаа нь ойлгомжтой. Удахгүй «агуу их гамшиг болох» учраас үүнээс ч илүү хэцүү цаг ирнэ (Мат. 24:21). Иймээс дараах дөрвөн асуултын хариуг мэдэх нь чухал. Давид «ямар ч сайн юмаар гачигдаагүй» гэснийг юу гэж ойлгох вэ? Байгаа юмандаа яагаад сэтгэл хангалуун байх хэрэгтэй вэ? Ехова санаа тавина гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ? Одооноос яаж бэлдвэл ирээдүйд тохиолдох зовлонг давах вэ?

«НАДАД ДУТАХ ЗҮЙЛ НЭГ Ч ҮГҮЙ»

5, 6. Бурхны үйлчлэгчид «ямар ч сайн юмаар гачигдахгүй» гэсэн Давидын үгийг Дуулал 23:1–6 хэрхэн тодруулдаг вэ?

5 Давид Еховагийн үйлчлэгчдийг «ямар ч сайн юмаар гачигдахгүй» гэсэн нь ямар утгатай вэ? Үүнийг ойлгохын тулд «Дуулал» номын 23-р бүлэгт байдаг төстэй үгийг анхааръя (Дуулал 23:1–6-г уншина). Давид энэ дууллаа «ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй» гэж эхэлдэг. Цааш нь Еховаг хоньчноо болгосноор бэлгэдлийн утгаар ямар ивээл хүртдэгээ бичсэн. Ехова түүнийг «зөвийн замаар» хөтөлж, туг барьж явахад нь ч, тугал хариулж явахад нь ч тулж түшдэг байв. Бас Еховагийн «ногоон бэлчээрт хэвтэнэ» гэдэг нь бэрхшээл зовлонгүй амьдарна гэсэн үг биш болохыг ойлгодог байсан. «Үхлийн харанхуй хөндийг» туулах мэт сэтгэлээр навс унаж, дайснууд нь түүнд аюул занал учруулах үе байжээ. Гэсэн ч Еховаг хоньчноо болгосон учраас «хор хөнөөлөөс айхгүй» байсан.

6 Эндээс Давид «ямар ч сайн юмаар гачигдаагүй» гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэж авч болно. Еховатай дотно байхад нь хэрэгтэй бүхэн түүнд байсан. Аз жаргалтай байх эсэх нь эд хөрөнгөнөөс шалтгаалаагүй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байв. Түүний хувьд Еховагийн ивээлийг хүртэж, түүгээр хамгаалуулах нь л хамгийн чухал зүйл байжээ.

7. Лук 21:20–24-т тэмдэглэснээр Иудейд амьдарч байсан Христийн I зууны дагалдагчид ямаршуухан хүнд байдалд орсон бэ?

7 Эд хөрөнгөний талаар зөв үзэлтэй байх нь хэчнээн чухал болохыг Давидын үгнээс ойлгож авна. Эд хөрөнгөтэй байх нь буруу биш. Гэхдээ амьдралын хамгийн чухал зүйл байж болохгүй. Энэ чухал үнэнийг Иудейд амьдарч байсан Христийн I зууны дагалдагчид ойлгож авсан (Лук 21:20–24-ийг уншина). «Иерусалим цэрэгт бүслэгдэх» цаг ирэхийг Есүс анхааруулсан. Тэгэхэд тэд «уул руу зугтах» учиртай байлаа. Ийнхүү амиа аврах боловч өндөр үнэ төлөх шаардлагатай байв. «Харуулын цамхаг» сэтгүүлийн нэг дугаарт «Тэд эд хогшлоо ч авахгүйгээр талбай, орон гэрээ орхиж явсан. Ехова харж хамгаална, тусалж дэмжинэ гэдэгт итгэсэн. Еховаг шүтэхийг хүмүүсийн чухалд үздэг бүхнээс дээгүүрт тавьсан» гэж бичжээ.

8. Тэднээс ямар сургамж авах вэ?

8 Тэднээс ямар сургамж авах вэ? Тэр «Харуулын цамхаг» сэтгүүлд цааш нь «Ирээдүйд эд хөрөнгийг хэр чухалд үздэг маань соригдоно. Таны хувьд эд хөрөнгө хамгийн чухал уу? Эсвэл Бурханд үнэнч байн аврагдах нь хамгийн чухал уу? Бид аврагдахаас өмнөх хэсэг хугацаанд хүнд бэрхийг туулж юм юмаар гачигдаж магадгүй. Гэсэн ч Иудейгээс зугтсан I зууны итгэл нэгтнүүдийнхээ адилаар аврагдахын тулд яах шаардлагатай байна, тэр бүхнийг хийхэд бэлэн байх учиртай» гэжээ.

9. Паулын үгнээс үзэхэд бид юунд итгэлтэй байх вэ?

9 Бүх юмаа орхиод шинээр амьдарч эхлэх нь тэдэнд хэр хэцүү байсныг та төсөөл дөө. Ехова зайлшгүй хэрэгцээг нь хангана гэдэгт бат итгэх шаардлагатай байлаа. Тиймээс Иерусалим ромчуудад бүслэгдэхээс 5 жилийн өмнө элч Паул еврейчүүдэд хэрэгтэй зөвлөгөө өгсөн. «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай. Учир нь тэрээр: “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй” гэж айлдсан билээ. Тиймээс бид зоригтой байж, “Ехова бол миний туслагч. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэж хэлдэг» гэсэн (Евр. 13:5, 6). Ромчуудад эзлэгдэхээс өмнө Паулын энэ зөвлөгөөг дагаж, байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурсан хүмүүсийн хувьд шинэ газар очоод энгийн амьдрах нь амар байсан нь лавтай. Ехова зайлшгүй хэрэгцээг нь хангана гэдэгт тэд бүрэн итгэж байв. Паулын үгнээс үзэхэд бид ч тийм итгэлтэй байж болно.

«БИД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ЮМ»

10. Паулын мэдэж авсан «нууц» нь юу вэ?

10 Тимотод өгсөн Паулын зөвлөгөө бидэнд ч ач тустай. Тэрбээр: «Хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» гэсэн (1 Тим. 6:8). Тэгвэл амттай сайхан хоол идэж, тохь тухтай амьдарч, хааяа шинэ хувцас авч болохгүй гэсэн үг үү? Паул тэгж хэлэх гээгүй. Харин байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг уриалсан (Флп. 4:12). Энэ нь Паулын мэдэж авсан «нууц» байлаа. Бидний хамгийн үнэ цэнтэй зүйл бол эд хөрөнгө биш, Бурхантай тогтоосон харьцаа билээ (Хаб. 3:17, 18).

Израйлчууд 40 жил цөлд байхдаа «юугаар ч дутаагүй». Харин та байгаа юмандаа сэтгэл хангалуун байгаа юу? (11-р догол мөрийг үзээрэй) *

11. Израйлчуудад хэлсэн Мосегийн үгнээс сэтгэл хангалуун байх талаар юу мэдэж болох вэ?

11 Хэрэгцээтэй зүйлийн талаарх бидний ойлголт Еховагийнхаас өөр байж болох юм. Израйлчуудыг цөлд 40 жил тэнүүчилсний дараа Мосе тэдэнд юу гэж хэлснийг анхааръя. «Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэсэн (Д.хууль 2:7). Ехова израйлчуудад идэх маннаг 40 жилийн туршид өгсөн. Мөн тэдний хувцас, Египетээс гарахдаа өмсөж явсан яг тэр хувцас нь элэгдээгүй (Д.хууль 8:3, 4). Зарим хүн «Олигтой юм өгөөгүй л юм байна шүү дээ» гэж магадгүй ч Мосе израйлчуудыг юугаар ч дутаагүй гэсэн. Биднийг сэтгэл хангалуун байж сурвал Ехова их баярлана. Сэтгэл хангалуун байна гэдэг нь түүний өгдөг өчүүхэн зүйлийг ч үнэлэн ивээл гэж үзээд талархдаг байна гэсэн үг.

ЕХОВА ХАМГААЛНА ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ

12. Давид өөртөө биш, Еховад бат итгэлтэй байсан нь юунаас харагддаг вэ?

12 Ехова өөрт нь үнэнч, өөрийг нь хайрладаг хүнийг хамгаална гэдгийг Давид мэддэг байсан. 34-р дууллыг зохиохдоо амь нас нь хутганы ирэн дээр байсан ч Еховагийн «тэнгэрийн элч ... эргэн тойронд» нь байгааг харсан мэт бат итгэлтэй байжээ (Дуу. 34:7). Тэрбээр Еховагийн тэнгэрийн элчийг дайны талбарт дайтахад бэлэн зогсож буй цэрэгтэй зүйрлэсэн бололтой. Хэдийгээр өөрөө хүчирхэг дайчин, бас Ехова түүнийг хаан болгохоор сонгосон ч чулуу дүүгүүрдэх, сэлэм эргүүлэх эрдэм чадвартаа найдаагүй (1 Сам. 16:13; 24:12). Харин Еховад итгэж, тэнгэрийн элч нь «түүнээс эмээгчдий[г] ... аварна» гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Ехова өнөөдөр гайхамшгаар аварч хамгаална гэж бид боддоггүй. Гэхдээ түүнд итгэдэг хүн одоо амиа алдлаа ч, ирээдүйд мөнх амьдарна гэдгийг мэддэг.

Агуу их гамшгийн үеэр Магогийн Гог биднийг гэртээ байхад дайрч магадгүй. Есүс, тэнгэрийн элчүүд үүнийг харна, хамгаална гэдгийг мэддэг бид тайван байна (13-р догол мөрийг үзээрэй)

13. Магогийн Гог яагаад биднийг ядах юмгүй ялна гэж бодох вэ? Бид аврагдана гэдэгтээ яагаад итгэлтэй байх вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

13 Ехова бол аварч хамгаалах чадалтай Нэгэн гэдэгт итгэдэг эсэх маань ойрын ирээдүйд соригдоно. Эвсэн нэгдсэн үндэстнүүд буюу Магогийн Гог Бурхны ард түмэн рүү дайрахад бидний амь хутганы ирэн дээр байгаа мэт харагдана. Тэр үед Ехова аварч чадна, аврах ч болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Зэр зэвсэггүй, дайтахад суралцаагүй бид үндэстүүдэд аварч хамгаалах эзэнгүй хоньд мэт харагдана (Езе. 38:10–12). Тиймээс биднийг ядах юмгүй ялна гэж тэд бодно. Харин бид Еховад итгэдэг учраас биднийг хамгаалах тэнгэрийн элч нар эргэн тойронд маань бэлэн байгааг мэддэг. Гэхдээ Бурханд итгэдэггүй тэд үүнийг яаж мэдэх вэ дээ! Тэнгэрийн арми бидний төлөө тулалдахаар ирэхийг тэд хараад мэл гайхах нь лавтай (Илч. 19:11, 14, 15).

ОДООНООС БЭЛДЭЭРЭЙ

14. Одооноос хэрхэн бэлдэх вэ?

14 Ирээдүйд болох энэ үйл явдалд одооноос хэрхэн бэлдэх вэ? Юуны түрүүнд нэг л өдөр байгаа бүхнээсээ сална гэдгээ ойлгон эд хөрөнгөний талаар зөв үзэлтэй байх хэрэгтэй. Мөн байгаа юмандаа сэтгэл хангалуун байхын зэрэгцээ Еховатай дотно байгаагаа юу юунаас илүү чухалд үзэж баярлах учиртай. Бас Еховаг илүү сайн таньж мэдсээр байх хэрэгтэй. Ингэдэг бол Магогийн Гог довтлох үед Ехова аварч хамгаална гэдэгт улам бүр итгэлтэй болно.

15. Ехова итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэдэгт Давид яагаад эргэлздэггүй байсан бэ?

15 Ирээдүйд тулгарах сорилтод бас хэрхэн бэлдэхийг Давидаас сурцгаая. Тэрбээр: «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!» гэж хэлсэн (Дуу. 34:8). Энэ үгнээс Еховаг тусалж дэмжинэ гэдэгт яагаад итгэж байсныг нь мэдэж болно. Тэрбээр Еховад үргэлж итгэж найддаг байсан. Ехова ч итгэлийг нь хөсөрдүүлсэн удаагүй. Давид бага залуудаа аварга биет, ялагдашгүй дайчин Голиатад «Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө» гэж хэлдэг (1 Сам. 17:46). Дараа нь Саул хаанд хүчин зүтгэсэн. Саул түүнийг алахыг хэд хэдэн удаа оролдсон ч Ехова «Давидтай хамт байсан» (1 Сам. 18:12). Давид урьд нь Еховагийн тусламж дэмжлэгийг өөрийн биеэр үзсэн учраас энэ удаа ч аварна гэдэгт итгэлтэй байжээ.

16. Ехова сайн гэдгийг хэрхэн «амсаж» болох вэ?

16 Еховагаас удирдамж заавар гуйн түүнд найдах тусам ирээдүйд аврах чадалтай гэдэгт нь улам бүр бат итгэнэ. Чуулганд суух гэж чөлөө авах юм уу бүх цуглаанд суух эсвэл илүү их дэлгэрүүлэхийн тулд ажлын хуваарийг зохицуулж өгөхийг даргаасаа гуйхад бат итгэл хэрэгтэй. Дарга тань зөвшөөрөхгүй, ажлаас халжээ гэж бодъё. Ехова хэзээ ч орхихгүй, зайлшгүй хэрэгцээг хангана гэдэгт та итгэх үү? (Евр. 13:5). Бүрэн цагаар үйлчилдэг олон хүн яг хэрэгтэй үед нь Ехова тусалдгийг биеэрээ үзжээ. Тийм ээ, Ехова бол үнэнч билээ.

17. 2022 оны уриаг хэлнэ үү. Яагаад цагаа олсон гэж хэлж болох вэ?

17 Ехова бидний талд байхад ирээдүйд болох зүйлээс айх шаардлага байхгүй. Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг бол тэрбээр биднийг хэзээ ч орхихгүй. Бид ирээдүйн хэцүү цаг ирэхээс өмнө бэлдэх хэрэгтэйгээ, Ехова хэзээ ч орхихгүй гэдэгт итгэх хэрэгтэйгээ санаж яваасай гэсэндээ Удирдах Зөвлөл Дуулал 34:10-ыг 2022 оны уриа болгон сонгожээ. Еховаг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ 2022 оны уриаг Дуулал 34:10-аас авсан. Тэнд «ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй» гэж байдаг. Еховагийн олон үнэнч үйлчлэгч тарчигдуу амьдралтай. Гэтэл яагаад тэднийг «ямар ч сайн юмаар гачигдахгүй» гэж хэлж болох вэ? Үүнийг ойлгох нь ирээдүйн хэцүү цагийг бэлтгэлтэйгээр угтахад тустай гэхийн учир юу вэ?

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзээрэй.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Давид Саул хаанаас зугтаж агуйд хоргодож явахдаа ч Еховагийн өгсөн бүхэнд талархсан.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Израйлчуудыг Египетээс гарсны дараа Ехова тэдэнд тусалсан. Манна өгсөн, хувцас нь ч элэгдээгүй.