Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

Нулимс унагасан Есүсээс суралцах нь

Нулимс унагасан Есүсээс суралцах нь

«Есүс уйлав» (ЁОХ. 11:35).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ *

1–3. Бид юунаас болж шаналж уйлдаг вэ?

 ТА ХЭЗЭЭ хамгийн сүүлд уйлсан бэ? Баярын нулимс унагах үе байдаг. Гэвч бид ихэнхдээ сэтгэл шаналснаас болж уйлдаг. Жишээ нь хайртай хүнээ үхэлд алдахаараа гашуудан уйлдаг. АНУ-д амьдардаг Лорели: «Нас барсан охиноо бодохлоор уй гашуу минь хэзээ ч тайлагдахгүй мэт санагдах үе байсан. Тэр үед зүрх минь шимширч “Яаж амьд явна даа!” гэж бодогддог байлаа» гэж ярьжээ. *

2 Өөр шалтгаанаар нулимс дуслуулах нь ч бий. Японд эхлэгчээр үйлчилдэг Хироми: «Хүмүүс сайн мэдээг маань тоохгүй болохоор үе үе сэтгэлээр унадаг. Заримдаа үнэнийг хайж байгаа хүнийг олоход туслаач гэж нулимс дуслуулан Еховад залбирдаг» гэжээ.

3 Танд бас тэгж санагддаг уу? Олон хүнд тэгж санагддаг (1 Петр 5:9). Бид Еховад «баяртайгаар үйлчлэхийг» хүсдэг. Гэвч хайртай хүнээ үхэлд алдах, сэтгэлээр унах, Бурханд үнэнч байх эсэхийг маань сорьсон зовлон амсахаараа өөрийн эрхгүй уйлдаг (Дуу. 6:6; 100:2). Тийм үед яах хэрэгтэй вэ?

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Есүсээс суралцах хэрэгтэй. Есүст ч бас шаналж уйлах үе байсан (Ёох. 11:35; Лук 19:41; 22:44; Евр. 5:7). Одоо эдгээрийг ярилцаж Ехова болон Есүсээс юу сурч болохыг, мөн бид ч тийм үед яах хэрэгтэйг мэдэж авцгаая.

НӨХДИЙНХӨӨ ТӨЛӨӨ

Гашуудаж буй хүмүүст дэм болсон Есүсийг дуурайгаарай (5–9-р догол мөрийг үзээрэй) *

5. Ёохан 11:32–36-гаас Есүсийн талаар юу мэдэж болох вэ?

5 МЭ 32 оны өвөл Есүсийн анд Лазар өвдөж нас барсан (Ёох. 11:3, 14). Есүс Лазарт болон түүний хоёр дүү Марта Мариад их хайртай байжээ. Хоёр дүү нь төрсөн ахаа алдаад уй гашууд автсан. Лазарыг өнгөрсний дараа Есүс тэдний амьдардаг Бетан тосгон руу явжээ. Марта түүний ирж яваа сургаар яаран очдог. «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан» гэж хэлэхдээ хэчнээн их харуусаж байсныг төсөөл дөө (Ёох. 11:21). Тэгээд Есүс Мариа болон бусдын гашуудахыг хараад «уйлав» (Ёохан 11:32–36-г уншина).

6. Есүс яагаад уйлсан бэ?

6 Есүс яагаад уйлсан бэ? «Судрыг ойлгох нь» нэвтэрхий тольд «Есүс анд Лазарыгаа алдаад, мөн дүү нарынх нь гашуудаж байгааг хараад шаналж уйлсан» гэж бичжээ. Есүс анд Лазар нь өвчин тусаад хэр шаналсныг, амьсгал хураахдаа хэр зовсныг төсөөлсөн биз ээ. Ахыгаа алдсан Мариа Марта хоёрын гашуудахыг хараад уйлсан нь лавтай. Та бас хайртай дотнын хүнээ алдсан бол Есүсийн адилаар гашуудсан биз ээ. Энэ явдлаас гурван сургамж авъя.

7. Есүс нөхдийнхөө төлөө уйлснаас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

7 Ехова танд ямар санагдаж байгааг ойлгодог. Есүс Эцгээ «яг таг дуурайсан» (Евр. 1:3). Есүс уйлсан нь Ехова ч уйлсан гэсэн үг (Ёох. 14:9). Хэрэв та дотнын хүнээ үхэлд алдсан бол Ехова таны гашуудаж байгааг анзаараад зогсохгүй тантай хамт шаналж байгаа. Эмтэрсэн зүрхийг тань анагаахыг хүсэж байгаа (Дуу. 34:18; 147:3).

8. Есүс дотнын хүмүүсийг маань амилуулна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

8 Есүс нас барагсдыг амилуулахыг хүсдэг. Тэрбээр уйлахынхаа өмнө Мартад «Ах чинь амилна» гэсэн. Марта ч Есүст итгэдэг (Ёох. 11:23–27). Тэрбээр Еховагийн үнэнч үйлчлэгч учраас олон зууны өмнө нас барагсдыг амилуулан гайхамшиг үйлдсэн зөнч Елиа Елиша хоёрыг мэддэг байсан (Х.дээд 17:17–24; Х.дэд 4:32–37). Мөн Есүс хүмүүсийг амилуулж байгааг дуулсан нь лавтай (Лук 7:11–15; 8:41, 42, 49–56). Та ч бас хайртай хүнтэйгээ эргээд уулзана гэдэгтээ итгэлтэй байж болно. Есүс гашуудаж буй найзуудаа тайвшруулаад зогсохгүй уйлсан нь нас барагсдыг амилуулахыг хэчнээн их хүсэн тэмүүлдгийг нь харуулдаг.

9. Гашуудаж буй хүмүүст Есүсийг дуурайн хэрхэн дэм болох вэ? Жишээ хэлнэ үү.

9 Гашуудаж буй хүмүүст дэм болоорой. Есүс Марта Мариа хоёртой хамт уйлаад зогсохгүй, яриаг нь сонсож тайвшруулах үг хэлсэн. Бид ч тэгэх хэрэгтэй. Австралид амьдардаг Дан гэдэг ахлагч: «Эхнэрээ алдсан надад тусламж дэмжлэг хэрэгтэй байлаа. Найзууд маань эхнэрүүдтэйгээ хамт надад туслахад хэзээд бэлэн байсан. Би тэднээс ичиж зоволгүй хажууд нь уйлдаг байлаа. Надтай цуг тогтмол залбирдаг байсан. Бас тэнхээгүй болсон үед минь машин угааж, дэлгүүрээс идэх юм хум авч, хоол хийж өгсөн. Тэд “хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг” жинхэнэ найз, ах дүү гэдгээ баталсан» гэж ярьжээ (Сур. 17:17).

ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ

10. Лук 19:36–40-д гардаг үйл явдлыг товч ярина уу.

10 Есүс МЭ 33 оны Нисан сарын 9-ний өдөр Иерусалимд ирэв. Хот руу дөхөж явахад цугларсан олон гадуур хувцсаа зам дээр нь дэвсэж түүнийг хаан хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа харуулж байлаа. Үнэхээр баярт үйл явдал байсан нь лавтай (Лук 19:36–40-ийг уншина). Гэвч тэрбээр «Иерусалимд дөхөж ирээд хотыг харснаа уйлав». Шавь нар нь Есүсийг ингэнэ чинээ төсөөлөөгүй биз ээ. Нүдэндээ нулимстай тэрбээр Иерусалимын оршин суугчдын устгагдахыг зөгнөжээ (Лук 19:41–44).

11. Есүс Иерусалимын оршин суугчдын төлөө уйлсан нь ямар учиртай вэ?

11 Есүсийг халуун дотноор угтаж авсан ч элэг нэгтнүүдийн ихэнх нь Хаант төрийн мэдээнд нааштай хандахгүйг тэрбээр мэдэж байсан учраас шаналсан. Иерусалим устгагдаж, амьд үлдсэн иудейчүүд олзлогдох байлаа (Лук 21:20–24). Харамсалтай нь Есүсийн хэлснээр ихэнх хүн түүнийг үгүйсгэсэн. Танай нутгийн хүмүүс Хаант төрийн мэдээнд хэрхэн ханддаг вэ? Нааштай ханддаг хүн цөөхөн үү? Шаналсандаа уйлсан Есүсийн тухай бодож үзвэл юу мэдэж авах вэ? Бас өөр гурван зүйлийг ярилцъя.

12. Есүс хүмүүсийн төлөө уйлснаас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

12 Ехова хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Есүс уйлсан нь Ехова хүнийг хэр их боддогийг сануулдаг. «Тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» (2 Петр 3:9). Сайн мэдээг хүмүүст дуулгаж сэтгэлийг нь хөдөлгөхийн тулд хувийн эрх ашгаа хойш тавин цөхрөлтгүй хичээдэг маань бусдыг хайрладгийн шинж юм (Мат. 22:39).

Есүсийг дуурайн дэлгэрүүлэх хуваариа өөрчлөөрэй (13, 14-р догол мөрийг үзээрэй) *

13, 14. Есүс хүмүүсийг хэрхэн өрөвдсөн бэ? Бид түүнийг хэрхэн дуурайх вэ?

13 Есүс идэвхтэй дэлгэрүүлдэг байсан. Тэрбээр боломж бүрийг ашиглан сургаалаа зааж хүмүүсийг хайрладгаа харуулсан (Лук 19:47, 48). Яагаад заадаг байсан бэ? Өрөвдсөндөө. Заримдаа үгийг нь сонсох хүн олон байсан учраас «Есүс болон шавь нарт хоол ч идэх завдал гардаггүй» байв (Марк 3:20). Шөнийн цагаар сургаалыг нь сонсох гэж ирсэн хүнд ч хүртэл дэлгэрүүлсэн (Ёох. 3:1, 2). Түүний сургаалыг сонссон ихэнх хүн шавь нь болоогүй. Гэхдээ бүгдээрээ үнэнийг сайтар мэдэж авсан. Өнөөдөр ч бид бүх хүнд сайн мэдээ дуулгахыг хүсдэг (Үйлс 10:42). Ингэхийн тулд цагийн хуваариа өөрчлөх хэрэгтэй байж мэдэх юм.

14 Цагийн хуваариа өөрчлөхөд бэлэн байгаарай. Өөр өөр цагт дэлгэрүүлбэл сайн мэдээнд нааштай хандах хүнтэй уулзана. Матилда гэдэг эхлэгч: «Нөхөр бид хоёр янз бүрийн цагаар дэлгэрүүлэхийг хичээдэг. Өглөө эрт дэлгүүр хоршоо, албан байгууллагуудаар явдаг. Хүмүүс өдрийн цагаар гадуур их явдаг учраас дугуйтай тавиур тавьж дэлгэрүүлнэ. Оройхон тийшээ айлаар явахаар олон хүнтэй уулздаг» гэж ярьжээ. Өөрийнхөө боломжтой цагаар л дэлгэрүүлнэ гэхийн оронд олон хүнтэй уулзах боломжтой цагаар дэлгэрүүлэхийн тулд хуваариа өөрчлөөрэй. Ингэдэг бол Еховад таалагдана.

ЕХОВАГИЙН НЭРИЙН ТӨЛӨӨ

Есүсийг дуурайн шаналсан үедээ Еховад шаргуу залбираарай (15–17-р догол мөрийг үзээрэй) *

15. Лук 22:39–44-т бичсэнээр Есүс сүүлчийн шөнөө яасан бэ?

15 МЭ 33 оны Нисан сарын 14-ний шөнө Есүс Гетсеманийн цэцэрлэгт очиж Еховад сэтгэлээ уудлан залбирдаг (Лук 22:39–44-ийг уншина). Тэрбээр энэ хэцүү үед «чанга дуугаар, нулимс унаган» «шаргуу залбирсан» (Евр. 5:7). Сүүлчийн шөнөө юуны тухай залбирсан юм бол? Өөрт нь үнэнч байж, хүслийг нь биелүүлэх тэнхээ гуйдаг. Ехова ч шаналж буй хүүгийнхээ залбирлыг сонсож тэнгэрийн элчээ илгээн тэнхрүүлсэн.

16. Есүс Гетсеманийн цэцэрлэгт залбирахдаа яагаад уйлсан бэ?

16 Мөн Бурхны нэрийг доромжилсон гэсэн нэр зүүх болсондоо Есүс ихэд шаналаад уйлсан. Бас үнэнч байж Еховагийн нэрийг ариусгах нь хэчнээн чухал болохыг ойлгож байсан. Таны үнэнч эсэх соригдвол яах нь зөв бэ? Есүсийн нулимс унаган залбирснаас нь юу ойлгох хэрэгтэй вэ? Гурван зүйлийг үзье.

17. Ехова Есүсийн шаргуу гуйлтад хариулснаас юу ойлгох хэрэгтэй вэ?

17 Ехова таны гуйлтыг сонсдог. Тэрбээр Есүсийн шаргуу гуйлтыг сонссон. Яагаад гэвэл Есүс Эцэгтээ үнэнч байж нэрийг нь ариусгахыг хамгийн чухалд үздэг байв. Бид ч Еховад үнэнч байж нэрийг нь ариусгахыг хамгийн чухалд үздэг бол тусламж гуйн залбирахад маань тэрбээр хариулна (Дуу. 145:18, 19).

18. Есүсийг сэтгэлийн зовлон ойлгодог найз гэхийн учир юу вэ?

18 Есүс таны сэтгэлийг ойлгодог. Шаналж байхад сэтгэлийг минь ойлгох, ялангуяа адилхан зовлон үзсэн анд найз тайвшруулбал хэчнээн сайхан байдаг билээ дээ! Есүс бол яг тийм найз юм. Тэрбээр юу ч хийж чадахгүй байх нь хэчнээн хэцүү байдгийг ойлгодог. Мөн сул доройг маань мэддэг учраас «хэрэгтэй цагт» тусална (Евр. 4:15, 16). Есүс ч Гетсеманийн цэцэрлэгт байхдаа тэнгэрийн элчийн тусламжийг авсан. Ехова бидэнд ном хэвлэл өгч, бичлэг үзүүлж, илтгэл сонсгож, ахлагч юм уу төлөвшсөн найзаар маань туслуулдаг. Бид Есүсийг дуурайн эдгээр тусламжийг дуртайяа хүлээж авах учиртай.

19. Бурханд үнэнч эсэх маань соригдвол сэтгэлээ яаж сэргээх вэ? Жишээ хэлнэ үү.

19 Ехова «амар тайвныг» өгдөг. Ехова биднийг хэрхэн сэргээх вэ? Бид залбирахлаараа «хүний ухаанаас давуу амар тайвныг» мэдэрдэг (Флп. 4:6, 7). Еховагийн амар тайвныг мэдрэхлээр сэтгэл тайвширч элдэв юм бодохоо больдог. Энэ үнэн гэдгийг Луз гэдэг эмэгтэй биеэрээ мэдэрчээ. Тэрбээр: «Би их ганцаарддаг. Үүнээсээ болоод Ехова намайг хайрладаггүй гэж заримдаа боддог. Тэр үед ямар байгаагаа Еховад шууд хэлдэг. Ингэхлээр сэтгэл сэргэдэг» гэж ярьжээ. Үүнээс үзэхэд амар тайвныг мэдрэхийн тулд залбирах хэрэгтэй байх нь.

20. Есүс нулимс унагаж байснаас нь бид юу мэдэж авсан бэ?

20 Бид Есүсийн уйлсан тохиолдлуудыг судлаад их тайвширч, чухал сургамж авлаа. Уй гашууд автсан нэгэндээ дэм болох хэрэгтэйг мэдэж авлаа. Мөн хайртай хүнээ үхэлд алдсан биднийг Ехова Есүс хоёр тайвшруулна гэдэгт итгэх хэрэгтэйг үзлээ. Бас Бурхан Ехова болон Есүс Христийг дуурайн өрөвч сэтгэлээр дэлгэрүүлэх, заах ажилд оролцох хүсэлтэй боллоо. Түүнээс гадна Ехова Есүс хоёр сэтгэлийг маань ойлгодгийг, сул дорой гээд өрөвддөгийг, сорилтыг давахад туслахыг хүсдэгийг мэдээд тайвширлаа. Ехова «[бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина» гэсэн амлалтаа биелүүлэх тэр цаг болтол мэдэж авснаа хэрэгжүүлцгээе (Илч. 21:4).

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

^ Библид Есүсийг уйлж байсан гэж бичжээ. Энэ өгүүллээр гурван тохиолдлыг нь, мөн бид ямар сургамж авч болохыг үзэцгээе.

^ Зарим нэрийг өөрчлөв.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс Мариа Марта хоёрыг тайвшруулсан. Бид ч хайртай нэгнээ үхэлд алдсан хүнийг тайвшруулах учиртай.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс шөнө дүлээр ч Никодемд сургаалаа заасан. Бид ч суралцагчийнхаа тохиромжтой цагт Библийн хичээл заах хэрэгтэй.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс үнэнч байхын тулд хүч гуйн Еховад залбирсан. Бид ч соригдохоороо ингэх ёстой.