Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

«Цагаа зөв ашигла»

«Цагаа зөв ашигла»

«Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» (ЭФ. 5:15, 16).

ДУУ 49 Еховад хоргодъё

ТОЙМ *

1. Бид яавал Еховатай хамт байдаг вэ?

 ХАЙРТАЙ хүнтэйгээ хамт байх сайхан. Намуухан үдэшийг ханьтайгаа өнгөрүүлэх хэчнээн таатай байдаг билээ дээ! Залуу хүн найзуудтайгаа нийлэх дуртай. Бас бид бүгдээрээ итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх дуртай. Харин Бурхантай хамт байх нь юу юунаас ч илүү сайхан. Бид түүнд залбирч, Үгийг нь уншиж, санаа зорилго, сэтгэл татам зан чанаруудыг нь эргэцүүлснээрээ түүнтэй хамт байдаг. Еховатай хамт байх цаг мөч бүр үнэхээр нандин! (Дуу. 139:17).

2. Ямар бэрхшээл учирдаг вэ?

2 Еховад залбирч, Үг нь болох Библийг унших нь сайхан байдаг ч тэр бүр цаг гаргаж чаддаггүй. Бид ажил алба, гэр орон, бас бусад зүйл гэсээр хамаг цагаа бардаг. Тийм учраас залбирах, Библи судлах, эргэцүүлэн бодох зэрэг шүтлэгтэй холбоотой ажлын төлөө цаг гаргахад амаргүй байж болох юм.

3. Бидний цаг заваас хумсалдаг бас нэг зүйл юу вэ?

3 Бидний цаг заваас хумсалдаг бас нэг зүйл байдаг. Зарим нь буруу биш ч Бурхныг шүтэх цагаас хумсалдаг бол болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь амрах, зугаацах нь сэтгэл сэргээдэг. Гэхдээ хэтрүүлбэл Бурхныг шүтэх цаг үлдэхгүй шүү дээ. Тийм учраас амарч зугаацахыг хамгийн чухал биш гэдгийг санаж явах учиртай (Сур. 25:27; 1 Тим. 4:8).

4. Бид энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Амьдралд маань юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлсон байх ёстой. Яагаад гэдгийг энэ өгүүллээр үзнэ. Бас цагаа яаж зөв ашиглах вэ, ингэснээр ямар ач тус хүртэх вэ гэдгийг ярилцана.

ЗӨВ ШИЙДВЭР, ЧУХАЛ ЮМ

5. Эфэс 5:15–17-г эргэцүүлэн бодох нь хүүхэд залууст зөв шийдвэр гаргахад тустай гэхийн учир юу вэ?

5 Амьдралаа юунд зориулахаа зөв шийдээрэй. Хүүхэд залуучууд яавал сайн сайхан амьдрах вэ гэж боддог. Сургуулийнх нь багш нар, итгэгч бус эцэг эх нь дээд боловсрол эзэмшиж, өндөр цалинтай, ирээдүйтэй ажилд ор гэж ятгадаг. Гэхдээ дээд боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардлагатай байдаг. Харин Гэрч эцэг эхчүүд, хурлын найз нөхөд нь амь амьдралаа Еховад зориулахыг уриалдаг. Еховаг хайрладаг хүүхэд залуус хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Эфэс 5:15–17 уншаад эргэцүүлэн бодох нь тустай (уншина). Энэ зүйлийг уншсаны дараа «“Ехова юу хүсдэг”вэ? Ямар шийдвэр гаргавал түүнд таалагдах вэ? Дээд боловсрол эзэмших, Еховад үйлчлэх хоёрын алийг нь сонговол цагаа зөв ашигласан болох вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Бид «хэцүү цаг үед» амьдарч байгааг, Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнц удахгүй устана гэдгийг санаарай. Тиймээс амьдралаа Еховад зориулж түүнийг баярлуулах нь ухаалаг юм.

6. Мариа цагаа яаж зөв ашигласан бэ? Энэ нь яагаад зөв байсан бэ?

6 Чухал юмыг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай. Заримдаа бид цагаа зөв ашиглахын тулд хоёр юмны аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Уг нь аль аль нь буруу биш. Яг ийм явдал Библид гардаг. Есүс нэг удаа Марта, Мариагийнд зочилж очдог. Марта Есүсийг ирэхэд маш их баярлаж, зоог барихаар хоол унд бэлддэг. Харин дүү Мариа нь энэ боломжийг ашиглан Есүсийн хөлд суугаад сургаалыг нь сонсдог. Мартагийн хоол хийж байсан нь буруу биш ч гэсэн Есүс Мариаг «Хамгийн сайн юмыг сонгожээ» гэсэн (Лук 10:38–42, зүүлт). Мариа тэр өдөр ямар хоол идсэнээ хожим нь мартсан байх. Харин Есүсээс юу мэдэж авснаа мартаагүй нь лавтай. Мариа Есүстэй хамт байх тэр богинохон хугацааг чухалчилсан шиг бид ч Еховатай хамт байх цагийг чухалд үзэх учиртай. Бид энэ цагаа яаж хамгийн сайн ашиглах вэ?

ЦАГАА ЗӨВ АШИГЛААРАЙ

7. Залбирах, Библи судлах, эргэцүүлэн бодох нь яагаад чухал вэ?

7 Залбирах, Библи судлах, эргэцүүлэн бодох нь шүтлэгийн нэг хэсэг гэдгийг санаарай. Бид Еховад залбирдаг. Ингэхээрээ биднийг маш их хайрладаг тэнгэрийн Эцэгтэйгээ ярилцдаг (Дуу. 5:7). Библи судлахаараа мэдлэгийн эх булаг болсон «Бурханы мэдлэгийг» олж авдаг (Сур. 2:1–5). Уншсанаа эргэцүүлэн бодохоор Еховагийн сайхан зан чанарууд, бидний болон хүн төрөлхтний төлөөх агуу санаа зорилго нь улам тод болдог. Цагаа үүнээс илүү зөв ашиглана гэж байх уу? Бид цагаа зөв ашиглахын тулд яах ёстой вэ?

Та бие дааж судлахын тулд чимээгүй, тайван газар олж чадах уу? (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8. Цөлд очсон Есүсээс юу сурч болох вэ?

8 Тайван байх газар олохыг бодоорой. Есүсийн жишээг үзье. Тэрбээр дэлхий дэх үйлчлэлээ эхлэхээс өмнө 40 хоног цөлд байсан (Лук 4:1, 2). Ийм тайван, чимээгүй газар Еховад залбирч, хүсэл зорилгынх нь талаар эргэцүүлэн бодсон. Энэ нь удахгүй тулгарах сорилтыг давахад тустай байсан нь эргэлзээгүй. Эндээс юу сурч авах вэ? Хэрэв танайх олуулаа амьдардаг бол тайван, чимээгүй газар тэр бүр олддоггүй байх. Ийм үед гадагшаа гарч болно. Францад амьдардаг Жулий Еховад залбирахын тулд яг ингэдэг. Нөхөртэйгөө жижигхэн байранд амьдардаг тэрбээр: «Би өдөр бүр ганцаараа цэцэрлэгт хүрээлэнд очдог. Тэгэхээр бодол санаа төвлөрч, Еховатай ярилцаж чаддаг» гэж ярьжээ.

9. Есүс завгүй байсан ч Еховатай дотно байхыг чухал гэж үздэгийг юунаас мэдэх вэ?

9 Есүс завгүй хүн байсан. Хаашаа ч явсан бөөн хүмүүс түүнийг дагаж, хүн бүр өөртэй нь хамт байхыг хүсэж байсан. Нэг удаа бүр Есүстэй уулзахаар «хотынхон бүгдээрээ үүдэнд нь цуглажээ». Тэгсэн ч гэсэн Есүс Еховатай дотно байхын тулд залбирах цаг гаргасан. Нар мандахаас өмнө хүнгүй «зэлүүд газар» олж очоод Аавтайгаа хоёулхнаа ярилцсан (Марк 1:32–35).

10, 11. Матай 26:40, 41-д бичсэнээр Есүс Гетсемани цэцэрлэгт шавь нартаа цагаа олсон ямар зөвлөгөө өгсөн бэ? Гэтэл юу болсон бэ?

10 Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө залбирч, эргэцүүлэн бодохын тулд бас дахиад тайван байх боломжтой газрыг хайсан. Тэгээд Гетсемани цэцэрлэгт очсон (Мат. 26:36). Тэнд байхдаа шавь нартаа залбирлын талаар цагаа олсон зөвлөгөө өгчээ.

11 Гетсемани цэцэрлэгт юу болсныг бодож үзье. Шөнө дунд болсон байв. Есүс шавь нартаа «сэргэг байхыг» захиад залбирахаар явдаг (Мат. 26:37–39). Гэхдээ түүнийг залбирч байхад шавь нар нь унтчихдаг. Есүс эргэж ирээд тэдэнд «Сэрэмжтэй бай, залбираад байж бай» гэж дахин хэлдэг (Матай 26:40, 41-ийг уншина). Шавь нарынх нь сэтгэл зовж, ядарч байсныг ойлгосон учраас Есүс тэднийгээ өрөвдөөд «Махан бие сул дорой байдаг» гэж хэлдэг. Харин Есүсийг дахин хоёр удаа залбирахаар яваад ирэхэд шавь нар нь залбираа ч үгүй, бас л унтаж байдаг (Мат. 26:42–45).

Та залбирах тэнхээгүй болтлоо ядрахаасаа өмнө залбирах цаг гаргаж чадах уу? (12-р догол мөрийг үзээрэй)

12. Заримдаа стрессдэх юм уу тамирдаж ядарснаас болоод залбирах ч чадалгүй болдог бол яасан нь дээр вэ?

12 Тохиромжтой цагийг сонгоорой. Бид заримдаа стрессдэх юм уу тамирдаж ядарснаас болоод залбирах ч чадалгүй болдог. Та ингэдэг бол ганцаараа биш шүү. Тэгвэл яах нь зүйтэй вэ? Унтахынхаа өмнөхөн залбирдаг зарим хүн арай эрт, тэнхээтэй байх үедээ залбирах нь тустай гэдгийг анзаарчээ. Нөгөө зарим нь орондоо орохгүйгээр, харин сууж байгаад залбирах хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Хэрэв та маш их сэтгэлээр унасан эсвэл сэтгэлийн зовнилоос болоод залбирах ч тэнхээгүй болсон бол яах вэ? Энэ байдлаа ч Еховад хэлээрэй. Өрөвч сэтгэлтэй Эцэг тань ойлгоно гэдэгт итгээрэй (Дуу. 139:4).

Цуглааны үеэр танд мэйл, мессеж ирвэл хариулахгүй байж чадах уу? (13, 14-р догол мөрийг үзээрэй)

13. Залбирах, бие дааж судлах, цуглааны үеэр цахим хэрэгсэл саад болдог гэж хэлэхийн учир юу вэ?

13 Еховатай хамт байхад саад болдог зүйлийг бүү анхаараарай. Еховатай дотносохын тулд залбирахаас гадна Үгийг нь судалж, цуглаанд явдаг байх хэрэгтэй. Бие дааж судлах юм уу цуглааны үеэр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд яах нь зүйтэй вэ? «Миний анхаарал юунаас болж сарнидаг вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Утас гэх мэтийн цахим хэрэгслээр ирсэн дуудлага, мэйл, мессежээс болж уу? Өнөөдөр ихэнх хүн ийм хэрэгслийн ач тусыг хүртдэг нь үнэн. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар хажууд утас байхад л бидний анхаарал сарнидаг ажээ. Энэ талаар нэгэн сэтгэл судлаач: «Та гол зүйлээ анхаарч ерөөсөө чаддаггүй. Бодол санаа тань өөр газар явж байдаг» гэж хэлжээ. Бидэнд ч чуулган эхлэхээс өмнө бусдад саад болохгүйн тулд цахим хэрэгслээ тохируулахыг зарладаг. Тэгвэл Еховатай хамт байх үедээ энэ зөвлөгөөг дагаж өөрт минь саад болдог цахим хэрэгсэлд анхаарал хандуулахгүй байж болохгүй нь юу билээ?

14. Филиппой 4:6, 7-д бичсэнээр Еховагийн ачаар анхаарал төвлөрдөг гэж яагаад хэлж болох вэ?

14 Анхаарлыг маань төвлөрүүлж өгөөч хэмээн Еховагаас гуйгаарай. Бие дааж судлах юм уу цуглааны үеэр анхаарал төвлөрөхгүй байвал Еховагаас тусламж гуйгаарай. Хэрэв та ямар нэгэн юманд санаа зовж байгаа бол Бурхны Үгийг анхаарч чадахгүй байж болох юм. Гэхдээ анхаарал хандуулах нь маш чухал учраас зүрх сэтгэл, «ухаан бодлыг тань» хамгаалж чадах амар тайвныг гуйгаарай (Филиппой 4:6, 7-г уншина).

ЕХОВАТАЙ ХАМТ БАЙХ НЬ БИДЭНД ТУСТАЙ

15. Еховатай хамт байхын нэг ач тус юу вэ?

15 Еховатай ярьж, түүнийг сонсож, түүний тухай эргэцүүлэн бодох нь үнэхээр их ач тустай. Нэгдүгээрт, та зөв шийдвэр гаргана. Библид «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» гэж бичсэн байдаг (Сур. 13:20). Тиймээс мэргэн ухааны эх булаг Еховатай хамт байдаг бол та мэргэн болно. Яавал Еховаг баярлуулахаа, яавал гомдоохгүй байхаа мэдэж авна.

16. Еховатай хамт байх тусам илүү сайн багш болно гэхийн учир юу вэ?

16 Хоёрдугаарт, та илүү сайн багш болно. Библийн хичээл заахад чухал зорилтуудын маань нэг бол суралцагчаа Еховатай дотно болгох явдал юм. Бид тэнгэрийн Эцэгтээ залбирч, түүний тухай мэдэж авах тусам түүнийг улам их хайрлана. Ингэснээр Еховаг хайрладаг болоход нь суралцагчдаа илүү сайн тусална. Есүсийн жишээг бодож үзээрэй. Түүний ярианаас Эцгээ хэр их хайрладаг байсан нь харагддаг. Тиймээс ч үнэнч шавь нар нь Еховаг хайрладаг болсон (Ёох. 17:25, 26).

17. Залбирч, бие дааж судалбал итгэл батажна гэхийн учир юу вэ?

17 Гуравдугаарт, таны итгэл батажна. Та Еховагаас удирдамж заавар, тайвшрал, тус дэм гуйхад яадаг билээ? Ехова таны залбиралд хариулахын хэрээр итгэл тань батаждаг (1 Ёох. 5:15). Түүнээс гадна бие даан судалснаар итгэл батаждаг. «Хүн сонсож байж итгэдэг» (Ром 10:17). Гэхдээ итгэлээ улам батжуулахын тулд зөвхөн мэдлэгтэй болох нь хангалтгүй. Өөр яах хэрэгтэй вэ?

18. Бид яагаад эргэцүүлэн бодох хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу.

18 Бид эргэцүүлэн бодох хэрэгтэй. 77-р дууллыг бичигчийн тухай бодож үзье. Израйлчууд Еховагийн сайшаалыг алдсан гэж тэрбээр бодоод сэтгэлээр маш их унасан. Үүнээс болоод шөнө ч унтаж чадахаа больсон (2–8-р зүйл). Тэгээд яасан бэ? Тэрбээр Еховад хандан «Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно» гэж хэлжээ (12-р зүйл). Ехова Бурхан ард түмнийхээ төлөө өмнө нь юу хийж байсныг дуулалч сайн мэддэг байсан ч сэтгэл зовсондоо «Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу? Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?» гэж асуусан байдаг (9-р зүйл). Тэрбээр Еховагийн үйл хэргийн талаар болон хэрхэн нигүүлсэж, өршөөнгүй байсныг нь эргэцүүлэн бодсон (11-р зүйл). Ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Ехова ард түмнээ хэзээ ч орхихгүй гэдэгт баттай итгэдэг болсон (15-р зүйл). Үүнтэй адилаар, Ехова ард түмнийхээ төлөө, бас миний төлөө юу хийсэн бэ гэж эргэцүүлэн бодвол итгэл тань улам батажна.

19. Еховатай хамт байхын өөр ач тус юу вэ?

19 Дөрөвдүгээрт, хамгийн гол нь, Еховаг гэсэн хайр тань улам лавширна. Бид бусад ямар ч зан чанараас илүүтэйгээр хайрандаа хөтлөгдвөл Еховад дуулгавартай байна, түүнд сайшаагдахын тулд золиос гаргана, аливаа сорилтыг тэвчинэ (Мат. 22:37–39; 1 Кор. 13:4, 7; 1 Ёох. 5:3). Еховатай дотносон нөхөрлөх шиг эрхэм зүйл гэж бидэнд байхгүй (Дуу. 63:1–8).

20. Та Еховатай хамт байх цагийг хэрхэн зольж авах вэ?

20 Залбирах, Библи судлах, эргэцүүлэн бодох нь шүтлэгийн нэг хэсэг гэдгийг санаж яваарай. Есүсийг дуурайж, Еховатай хоёулхнаа хамт байхын тулд юу ч саад болохооргүй чимээгүй газрыг олоорой. Анхаарал сарниулдаг зүйлээс хол байхыг хичээгээрэй. Бурхныг шүтэх ажилд анхаарлаа төвлөрүүлэхэд туслаач гэж Еховагаас гуйгаарай. Та одоо цагаа зөв ашигладаг бол Бурхны амласан шинэ ертөнцөд үүрд мөнх амьдарч аз жаргалаар бялхана (Марк 4:24).

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

^ Ехова бол бидний хамгийн сайн найз. Бид түүнтэй анд найз болсноо завшаанд тооцож, улам сайн таньж мэдэхийн хүслэн болдог. Хүнтэй дотносъё гэвэл цаг гаргах хэрэгтэй байдаг шиг Еховатай улам дотносохын тулд зориуд цаг гаргах учиртай. Бид толгой өндийлгөх завгүй амьдардаг нь үнэн. Гэхдээ тэнгэрийн Эцэгтэйгээ дотносохын тулд яаж цаг гаргах вэ? Цаг гаргадаг бол ямар ач тустай вэ?