Skip to content

Гарчиг руу орох

Эртний израйлчууд дайтдаг байсан. Бид яагаад үгүй вэ?

Эртний израйлчууд дайтдаг байсан. Бид яагаад үгүй вэ?

ДЭЛХИЙН II дайны үед Нацист Германы офицер хэдэн Еховагийн гэрчүүд рүү «Та нарыг Франц юм уу Англитай дайтахад оролцохгүй бол ална шүү» хэмээн хашхирав. Хажууд нь бүрэн зэвсэглэсэн СС-ийн цэргүүд зогсож байсан ч ах дүүсийн маань нэг нь ч бууж өгөөгүй. Ямар их зориг вэ! Энэ жишээнээс Еховагийн Гэрчүүдийн үзэл бодол тодорхой харагддаг. Бид улс үндэстнүүдийн дайн дажинд оролцдоггүй. Бүр ална гэж сүрдүүлсэн ч аль нэг талыг нь дэмждэггүй.

Гэхдээ өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг хүн бүр үүнтэй санал нийлдэггүй. Христийн дагалдагч хүн улс орноо хамгаалж болно шүү дээ, хамгаалах ч ёстой гэж боддог хүн олон. «Эртний израйлчууд Бурхны ард түмэн байсан бөгөөд дайтдаг байсан юм чинь Христийн өнөөгийн дагалдагчид яагаад болохгүй гэж?» хэмээн тэд бодож болох юм. Та юу гэж хариулах вэ? Эртний израйлчуудын нөхцөл байдал Бурхны өнөөгийн ард түмнийхээс их ялгаатайг тайлбарлаж болно. Таван ялгааг авч үзье.

1. БУРХНЫ АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ НЭГ УЛСАД АМЬДАРДАГ БАЙСАН

Эрт цагт Ехова нэг ард түмнийг сонгоод Израйл улс гэж нэрлэн «бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил» гэсэн (Ег. 19:5). Бас тэдэнд тодорхой газар нутгийг өгсөн. Тиймээс израйлчууд Бурхны тушаалаар дайсантай дайтахдаа итгэл нэгтнээ хөнөөнө гэдэг ойлголт байгаагүй. *

Өнөөдөр ч Еховаг шүтдэг хүмүүс байдаг. Тэд «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрддэг» (Илч. 7:9). Хэрвээ Бурхны ард түмэн дайнд оролцвол итгэл нэгтнүүдтэйгээ дайтахаар үл барам амийг нь хөнөөх аюултай.

2. ЕХОВА ИЗРАЙЛЧУУДАД ДАЙН ХИЙХИЙГ ТУШААДАГ БАЙСАН

Эрт цагт израйлчуудыг хэзээ, яагаад дайн хийхийг Ехова шийддэг байсан. Жишээ нь Бурхан канаанчуудыг шийтгэх зорилгоор израйлчуудыг тэдэнтэй дайт гэж тушаасан. Учир нь канаанчууд албин чөтгөрийг шүтэж, жигшүүртэйгээр садарлан самуурч, хүүхдүүдийг тахил болгон өргөдгийг нь хүмүүс мэддэг байв. Ехова израйлчуудад өгөхөөр амласан газар нутгаасаа ийм бузар булай явдлуудыг арилгахыг зааварласан (Лев. 18:24, 25). Израйлчуудыг амласан газар суурьшсаных нь дараа довтлон түрэмгийлэгч дайснуудаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор заримдаа дайн хийхийг Бурхан зөвшөөрдөг байсан (2 Сам. 5:17–25). Гэхдээ өөрсдийнхөө санаачилгаар дайн хийхийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Хэрэв тэгсэн бол их хэмжээний хохирол амсдаг байв (Тоол. 14:41–45; Ш.дэд 35:20–24).

Өнөөдөр Ехова хүмүүст дайт гэж тушаадаггүй. Улс үндэстнүүд Бурхны төлөө бус өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дайн хийдэг. Тэд газар нутгаа өргөтгөх, эд баялагтай болох, улс төрийн үзэл бодлоо сурталчлахын тулд дайн хийдэг. Тэгвэл Бурхнаар түрээ барин шүтлэгээ хамгаалах юм уу дайснуудыг нь устгана гээд дайн хийдэг хүмүүсийн тухай юу хэлж болох вэ? Ехова ирээдүйд болох Хармагедон гэдэг дайны үед үнэнч үйлчлэгчдээ хамгаалж, дайснуудыг устгана (Илч. 16:14, 16). Тэр дайнд оролцох Бурхны арми нь хүмүүсээс бус зөвхөн үл үзэгдэх тэнгэрийн биетэй бүтээлүүдээс бүрдэнэ (Илч. 19:11–15).

3. ИЗРАЙЛЧУУД ЕХОВАД ИТГЭДГЭЭ ХАРУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ӨРШӨӨДӨГ БАЙВ

Иерихог эзлэх Еховагийн дайны үед израйлчууд Рахаб болон гэрийнхнийг нь өршөөсөн. Өнөөгийн дайны үед Бурханд үнэнч хүмүүсийг өршөөдөг үү?

Эрт цагт израйлчууд устга гэсэн Бурхны тушаалыг л дагадаг байсан ч Бурханд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг хүмүүсийг өршөөдөг байжээ. Хоёр жишээг үзье. Бурхан Иерихо хотыг устгахыг израйлчуудад тушаасан ч тэд Бурханд итгэдгээ харуулсан Рахаб болон гэр бүлийнхнийг нь өршөөсөн (Иош. 2:9–16; 6:16, 17). Хожим нь бас Бурхнаас эмээдгээ харуулсан Гибеон хотынхныг бүгдийг нь өршөөсөн (Иош. 9:3–9, 17–19).

Өнөөдөр дайнд оролцдог улс орнууд Бурханд итгэдэг хүмүүсийг өршөөдөггүй, энгийн номхон ард иргэдийг ч хөнөөдөг.

4. ИЗРАЙЛЧУУД ДАЙТАХДАА ЕХОВАГИЙН ЗААВРЫГ БИЕЛҮҮЛДЭГ БАЙСАН

Эрт цагт израйл цэргүүд дайтах үедээ Еховагийн өгсөн зааврыг биелүүлэх ёстой байжээ. Жишээ нь Бурхан израйлчуудад хотыг эзлэхээсээ өмнө «найрамдахыг зарлан тунхаглахыг» заримдаа захиж байсан (Д.хууль 20:10). Бас өөрсдийгөө болон хуарангаа цэвэр байлгаж, ёс суртахууны хэм хэмжээг нь баримтлахыг израйл цэргүүдээс шаарддаг (Д.хууль 23:9–14). Израйлын эргэн тойрны улсууд эзэлж авсан газрынхаа эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан. Харин Ехова ийм юм хийхийг израйлчуудад зөвшөөрөөгүй. Тэр байтугай олзолж авсан эмэгтэйтэй гэрлэхийг хүсвэл нэг сар хүлээх хэрэгтэй байв (Д.хууль 21:10–13).

Өнөөдөр ихэнх орон дайны үед дагаж мөрдөх олон улсын гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Энэ нь энгийн ард иргэдийг хамгаалах зорилготой боловч үүнийг зөрчих тохиолдол олон байдаг нь харамсалтай.

5. БУРХАН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДАЙТСАН

Бурхан израйлчуудын төлөө дайтаж Иерихог эзлэхэд нь тусалсан. Бурхан өнөөдөр аль нэг улсын төлөө дайтдаг уу?

Эрт цагт Ехова израйлчуудын төлөө дайтдаг байсан. Ингэхдээ үе үе гайхамшиг үйлдэж ялахад нь тусалдаг байсан. Жишээлбэл Иерихо хотыг эзлэхэд нь израйлчуудад яаж тусалсан вэ? Еховагийн зааварласнаар тэд «маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж», хотыг амархан эзэлсэн (Иош. 6:20). Бас аморичуудыг хэрхэн ялсан вэ? «ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг ... буулгасан ... Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа» (Иош. 10:6–11).

Өнөөдөр Ехова дэлхийн аль нэг улс орны төлөө дайтдаггүй. Есүс тэргүүтэй Бурхны Хаант төр «энэ ертөнцийнх биш» (Ёох. 18:36). Харин хүний бүх засгийн газар Сатаны эрхшээлд байдаг. Улс орнуудын хооронд болдог харгис дайн байлдаан нь Сатаны шинж чанарыг илэрхийлдэг (Лук 4:5, 6; 1 Ёох. 5:19).

ХРИСТИЙН ЖИНХЭНЭ ДАГАЛДАГЧИД АМАР ТАЙВНЫГ ЭРХЭМЛЭДЭГ

Өнөөгийн нөхцөл байдал эртний израйлчуудынхаас өөр гэдэг нь харагдаж байна. Гэхдээ дайтахгүй байх өөр шалтгаанууд бас бий. Жишээлбэл Бурхны зөгнөснөөр бол өөрөөр нь заалгадаг хүмүүс эцсийн өдрүүдэд «дайтахад суралцахгүй» ажээ. Тэгэхээр ард түмэн нь дайнд оролцохгүй нь ойлгомжтой (Ис. 2:2–4). Бас Христийн хэлснээр шавь нар нь «ертөнцийнх биш». Өөрөөр хэлбэл улс төрийн мөргөлдөөн болоход аль нэг талыг дэмжихгүй гэсэн үг (Ёох. 15:19).

Христ дагалдагчдадаа дайтахгүй байгаад зогсохгүй өш хонзон санах, уурлах, дайтахад хүргэх хандлагатай болохоос сэрэмжлэхийг зөвлөдөг (Мат. 5:21, 22). Түүнчлэн «эв эеийг сахиж», дайснаа хайрла гэж захисан (Мат. 5:9, 44).

Есүсийн захисныг хүн бүр хэрхэн ажил хэрэг болгох вэ? Мэдээж бид дайнд оролцдоггүй. Гэхдээ хурлынхныхаа хэн нэгнийг дайсан мэт үзэх гээд байгаа юм биш биз? Ийм бодол төрвөл үтэр түргэн таягдан хаяцгаая (Яак. 4:1, 11).

Бид улс орнуудын тэмцэл мөргөлдөөнд оролцдоггүйгээр барахгүй аль болох эвтэй байж нэг нэгнээ хайрладаг (Ёох. 13:34, 35). Ехова бүх дайн тулааныг үүрд устгах тэр өдрийг хүртэл төвийг сахиж явцгаая (Дуу. 46:9).

^ Заримдаа Израйлын овгууд өөр хоорондоо дайтахад Ехова үүнийг таашаадаггүй байсан (Х.дээд 12:24). Харин зарим нөхцөлд тийн дайтахыг зөвшөөрч байсан нь аль нэг овог Бурханд үнэнч бус болох юм уу ноцтой нүгэл үйлдсэнтэй холбоотой байжээ (Шүү. 20:3–35; Ш.дэд 13:3–18; 25:14–22; 28:1–8).