СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 46
Баяртайгаар сорилтыг тэвчихэд Ехова тусалдаг
«ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна» (ИС. 30:18).
ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал
ТОЙМ a
1, 2. а) Бид энэ өгүүллээс ямар асуултуудын хариуг авах вэ? б) Ехова бидэнд туслах чин хүсэлтэйг хаанаас мэдэж болох вэ?
ЕХОВА бидэнд бэрхшээлээ тэвчиж, өөрт нь баяр хөөртэй үйлчлэхэд тусалдаг. Яаж тусалдаг вэ? Тусламжийнх нь ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс авна. Гэхдээ юуны түрүүнд «Ехова бидэнд туслах чин хүсэлтэй юү?» гэсэн асуултын хариуг авъя.
2 Энэ асуултын хариуг мэдэж авахын тулд элч Паул еврейчүүдэд илгээсэн захидалдаа ямар үг сонгож бичсэнийг анхаараарай. «Ехова бол миний туслагч. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» гэж бичсэн (Евр. 13:6). Нэгэн Библи судлаачийн тэмдэглэснээр, «туслагч» гэж орчуулсан үгээр тусламж гуйн хашхирагч руу хар хурдаараа гүйж буй хүнийг хэлдэг. Ехова хэн нэгнийг зовлонгоос нь аврах гээд яарч байгааг төсөөл дөө. Ехова туслагч байхыг чин сэтгэлээсээ хүсдэг, бүр тэмүүлдэг гэдгийг яг онож дүрсэлсэн гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Ехова бидний талд байгаа цагт бид баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчиж чадна.
3. Баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчихэд маань Ехова ямар гурван аргаар тусалдаг вэ?
3 Баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчихэд Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ? Энэ асуултын хариуг авахын тулд «Исаиа» номыг авч үзье. Яагаад «Исаиа» номоос гэж? Агуу хүчээр нь удирдуулан бичсэн «Исаиа» номд гардаг олон зөгнөл Бурхны өнөөгийн үйлчлэгчдэд хамаатай бөгөөд Исаиа Еховаг маш ойлгомжтой дүрсэлсэн. Жишээ болгон «Исаиа» номын 30-р бүлгийг үзье. Тэнд Исаиа сайхан жишээнүүд ашиглан Ехова ард түмэндээ хэрхэн тусалдгийг дүрсэлсэн. Ехова 1) бидний залбирлыг анхааралтай сонсож хариулдаг, 2) удирддаг, 3) өнөөдөр ивээдэг, хойшид ч ивээнэ. Одоо Еховагийн энэ гурван аргыг нарийвчлан авч үзье.
ЕХОВА БИДНИЙГ СОНСДОГ
4. а) Ехова Исаиагийн үеийн иудейчүүдийг хэрхэн дүрсэлсэн бэ? Эцэст нь яахыг зөвшөөрсөн бэ? б) Ехова үнэнч хүмүүстээ ямар найдвар өгсөн бэ? (Исаиа 30:18, 19).
4 «Исаиа» номын 30-р бүлгийн эхэнд Ехова иудейчүүдийг «нүгэл дээр нүглийг нэмдэг» «дуулгаваргүй хөвгүүд» гэсэн. Тэгээд цааш нь «Тэд бол урвамтгай ард түмэн, ... ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд» гэж бичжээ (Ис. 30:1, 9). Ард түмэн нь өөрийг нь сонсоогүй учир Ехова зовохыг нь зөвшөөрнө гэж Исаиа зөгнөсөн (Ис. 30:5, 17; Иер. 25:8–11). Үнэхээр ч тэднийг вавилончууд олзолсон. Гэхдээ иудейчүүдийн дундах үнэнч хүмүүст найдвар байгаа бөгөөд Ехова нэг л өдөр Иерусалимд аваачна гэж Исаиа зөгнөжээ (Исаиа 30:18, 19-ийг уншина). Энэ нь яг таг биелж, Ехова тэднийг вавилончуудаас чөлөөлсөн. Гэхдээ энэ зөгнөл олон жилийн дараа биелсэн. «ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна» гэснийг үзвэл үнэнч хүмүүсийг аврах хүртэл тодорхой хугацаа шаардлагатай нь харагдаж байна. Үнэндээ иудейчүүдийн үлдэгсэд Вавилонд 70 жил байсныхаа дараа Иерусалимд буцаж ирсэн (Ис. 10:21; Иер. 29:10). Вавилонд байхдаа урсгасан гашуудлын нулимс нь тэднийг нутагтаа ирэхэд баярын нулимс болж хувирав.
5. Исаиа 30:19-д ямар баталгаа байгаа вэ?
5 «Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно» гэж хэлсэн нь өнөөгийн биднийг тайвшруулдаг (Ис. 30:19). Тусламж гуйн хашхирахыг Ехова чих тавин сонсож залбиралд тэр даруй хариулдгийг Исаиа батлан хэлсэн. Тэрбээр цааш нь «Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө» гэжээ. Үүнийг бодож үзвэл Эцэг маань өөрт нь хандан залбирахад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг, бүр туслах гэж тэмүүлдгийг ойлгоно. Үүнийг мэдэхлээр баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчинэ.
6. Ехова үйлчлэгч бүрийнхээ залбирлыг сонсдогийг Исаиа хэрхэн баталсан бэ?
6 Библийн энэ зүйлээс залбирлын талаар өөр юу мэдэж авах вэ? Ехова хүн нэг бүрийн залбирлыг анхааралтай сонсдог. Яагаад ингэж хэлж болох вэ? «Исаиа» номын 30-р бүлгийн эхний хэсэгт «та нар» гэснээс үзвэл Ехова ард түмэндээ нийтэд нь хандаж байна. Гэхдээ 19-р зүйлд бичсэнийг эх бичгээс нь харвал «чи» гэж ганц тооны төлөөний үг хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл Ехова хувь хүнд хандсан. Тэгэхээр Исаиа: «Чи цаашид уйлахгүй», «Тэр чамд нигүүлсэнгүй байх болно», «Тэр чамд хариу өгнө» гэж хэлсэн ажээ. Ехова хайр халамжтай Эцэг учраас сэтгэлээр унасан охид хөвгүүддээ «Чи ах эгч шигээ хүчтэй байх ёстой» гэдэггүй. Харин ч хүн нэг бүрд санаа тавьдаг бөгөөд залбирал болгоныг маш анхааралтай сонсдог (Дуу. 116:1; Ис. 57:15).
7. Исаиа Есүс хоёр тууштай залбирч байхыг хэрхэн онцолсон бэ?
7 Санаа зовоосон зүйлээ Еховад хэлэхэд тэр даруй хариулж тэвчих хүч өгдөг. Харин сорилт дуусахгүй байвал Еховагаас хүч гуйн дахин дахин залбирах хэрэгтэй. Ехова ч ингээсэй гэж хүсдэг. Энэ талаар Исаиа: «[Еховад] бүү амралт өгөгтүн» гэж хэлжээ (Ис. 62:7). Үүнийг юу гэж ойлгох вэ? Бид Еховаг амраахгүй байгаа юм шиг тасралтгүй залбирах ёстой. Исаиагийн энэ үг Лук 11:8–10, 13-т байдаг Есүсийн жишээг сануулдаг. Есүс яаж залбирахыг захихдаа агуу хүчийг «цөхрөлтгүй», бас «гуйгаад байхыг» уриалсан. Бид Еховагаас агуу хүчийг гуйгаад зогсохгүй зөв шийдвэр гаргахад тустай удирдамжийг бас гуйдаг.
ЕХОВА БИДНИЙГ УДИРДДАГ
8. Исаиа 30:20, 21-д бичсэн үг эрт цагт хэрхэн биелсэн бэ?
8 Исаиа 30:20, 21-ийг уншина. Вавилоны арми Иерусалимыг жил хагас бүслэхэд хүмүүс маш их зовж зүдэрсэн бөгөөд энэ нь өдөр бүр идэж уудаг талх ус мэт ердийн зүйл болов. 20, 21-р зүйлд бичсэнээр хэрэв израйлчууд гэмшээд өөрчлөгдвөл Ехова тэднийг аварна гэж амлажээ. Хэрхэн зөв зохистой шүтэхийг «[«Агуу», ШЕ] Багш» Ехова ард түмэндээ заахыг Исаиа батлан хэлсэн. Энэ нь Ехова иудейчүүдийг цөллөгөөс чөлөөлсний дараа биелсэн. Ехова Агуу Багш гэдгээ баталж, удирдан чиглүүлсэн учраас ард түмэн нь цэвэр шүтлэгийг сэргээсэн. Өнөөгийн бид ч Агуу Багшаараа заалгаж жаргалтай байдаг.
9. Удирдлага заавар өгдөг Еховагийн нэг арга нь юу вэ?
9 Исаиа дээр дурдсан Библийн зүйлүүдэд биднийг Бурхнаараа заалгаж буй сурагчидтай зүйрлэсэн. Ехова бидэнд хоёр аргаар заадаг. Нэгдүгээрт, Исаиа: «Та нар нүдээрээ [«Агуу», ШЕ] Багшийгаа үзнэ» гэсэн. Исаиагийн дүрсэлснээр Агуу Багш сурагчдынхаа яг урд зогсоно. Тэд Бурхнаар заалгаж ач тусыг нь хүртэж байгаагаа агуу завшаан гэж үздэг. Ехова бидэнд хэрхэн заадаг вэ? Байгууллагаараа удирдлага заавар өгүүлдэг. Үүнд нь бид маш их талархдаг. Цуглаан, чуулган зохион байгуулаад зогсохгүй ном хэвлэл, телевизийн нэвтрүүлэг болон өөр олон аргаар удирдлага заавар өгдөг нь баяр хөөртэйгөөр хүнд сорилтыг тэвчихэд тустай.
10. «Ард [маань] дуугарах ... үгийг» сонсоно гэдэг нь юу гэсэн үг вэ?
10 Исаиагийн «Ард чинь дуугарах ... үгийг та нарын чих сонсоно» гэж хэлснээс нь удирдлага зааврыг өгөх Еховагийн 2 дахь аргыг мэдэж авна. Исаиа Еховаг сурагчдынхаа ард яван замыг нь зааж, удирдлага заавар өгдөг хянуур багштай зүйрлэсэн. Өнөөдөр бид Бурхны дуу хоолойг яаж сонсдог вэ? Бурхан эрт үед хүмүүсийг агуу хүчээрээ удирдаж үгээ Библид бичүүлсэн. Тэгэхээр Библи уншина гэдэг нь олон зууны өмнө өгсөн заавар зөвлөгөөг буюу ард дуугарах Бурхны дууг сонсоно гэсэн үг ажээ (Ис. 51:4).
11. Баярх хөөртэйгөөр сорилтыг тэвчихийн тулд ямар 2 зүйлийг анхаарах ёстой вэ? Яагаад?
11 Байгууллагаараа болон Үгээрээ өгдөг Еховагийн удирдлага зааврын ач тусыг яавал бүрэн дүүрэн хүртэх вэ? Исаиа 2 зүйл хэлснийг анхаараарай. Нэгдүгээрт, «энэ бол зам», хоёрдугаарт, «үүгээр алхагтун» гэсэн (Ис. 30:21). Тэгэхээр энэ «замыг» мэдээд зогсохгүй түүгээр «алхах» учиртай. Еховагийн Үг болон байгууллагын тайлбарыг харвал Еховагийн таалалд нийцүүлж хэрхэн шүтэхийг мэдэж авна. Мөн мэдсэнээ хэрхэн ажил хэрэг болгохыг ч сурна. Еховад үйлчлэхдээ баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчихийн тулд дээрх 2 зүйлийг хоёуланг нь мэдэх, хэрэгжүүлэх ёстой. Ингэсэн цагт л Ехова биднийг ивээнэ гэдэгт итгэлтэй байж болно.
ЕХОВА БИДНИЙГ ИВЭЭДЭГ
12. Исаиа 30:23–26-г үзвэл Ехова ард түмнээ хэрхэн ивээсэн бэ?
12 Исаиа 30:23–26-г уншина. Энэ зөгнөл Вавилоны олзноос чөлөөлөгдсөн иудейчүүдийн хувьд хэрхэн биелсэн бэ? Ехова өөрт нь үйлчлэхэд болон амьдрал ахуйд нь шаардлагатай бүхнийг элбэг дэлбэгээр өгч ивээсэн. Гэхдээ хамгийн чухал нь израйлчуудыг өөртэй нь дотносоход шаардлагатай бүхнээр хангаснаар цэвэр шүтлэгийг аажмаар сэргээж чадсан. Тухайн үед Бурхны ард түмэн урьд хожид амсаж байгаагүй ивээл хүртсэн. 26-р зүйлийг үзвэл Ехова ард түмэндээ үгээ ойлгуулсан буюу гэрэл улам тод гэрэлтсэн (Ис. 60:2). Ехова ивээсэн учир үйлчлэгчид нь түүнд чин сэтгэлээсээ, баяр хөөртэй үйлчилсэн. Яагаад гэвэл тэд «сэтгэлдээ баярлан дуулж» байв (Ис. 65:14).
13. Цэвэр шүтлэгийг сэргээх тухай зөгнөл эцсийн өдрүүдэд хэрхэн биелж байгаа вэ?
13 Жинхэнэ шүтлэгийг сэргээх тухай зөгнөл өнөөгийн бидэнд хамаатай юу? Хамаатай. Яагаад? 1919 оноос сая сая хүн хуурамч шашны ертөнцийг бэлгэддэг Агуу Вавилоны хүлээснээс чөлөөлөгдсөн. Тэднийг израйлчуудад амласан газраас илүү сайхан газар буюу бэлгэдлийн диваажинд аваачсан (Ис. 51:3; 66:8). Бэлгэдлийн диваажин гэдгийг юу гэж ойлгох вэ?
14. Бэлгэдлийн диваажин гэж юу вэ? Өнөөдөр тэнд хэн хэн амьдарч байгаа вэ? («Үгний тайлбар»-ыг үзээрэй).
14 Христийн тослогдсон дагалдагчид 1919 оноос хойш бэлгэдлийн диваажинд баяр хөөртэй амьдарч байна. b Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай «өөр хоньд» ч бэлгэдлийн энэ диваажинд амьдран Еховагийн ивээлийг арвин ихээр хүртэж байна (Ёох. 10:16; Ис. 25:6; 65:13).
15. Бэлгэдлийн диваажин хаана байгаа вэ?
15 Бэлгэдлийн диваажин өнөөдөр хаана байгаа вэ? Еховаг шүтэгчид дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг. Тэгэхээр шүтэгчид хаана байна, тэнд бэлгэдлийн диваажин байна. Тиймээс өнөөдөр бид дэлхийн хаана ч амьдардаг байсан цэвэр шүтлэгийг идэвх зүтгэлтэй дэмждэг л бол энэ бэлгэдлийн диваажингийн нэг хэсэг байх юм.
16. Бэлгэдлийн диваажингийн гоо үзэсгэлэнг үргэлж анхаарахын тулд яах вэ?
16 Бэлгэдлийн диваажиндаа байгаад л байя гэвэл Бурхны заадаг бүхнийг хийхээс гадна дэлхий дахины ахан дүүсийн барилдлагад багтсандаа талархдаг байх ёстой. Яаж? Ах дүүсийнхээ төгс бусыг биш сайхан зан чанарыг анхаарах хэрэгтэй (Ёох. 17:20, 21). Ингэх нь яагаад чухал вэ? Дараах жишээг бодож үзээрэй. Үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд янз янзын мод ургадаг шиг өнөөгийн бэлгэдлийн диваажинд янз янзын хүмүүс байдаг (Ис. 44:4; 61:3). Бид ойр байгаа «мод» бүрийн өөг анхаарах бус харин «ой мод» бүхэлдээ ямар гоо үзэсгэлэнтэйг анхаарах учиртай. Өөрийн минь болон хурлын хүмүүсийн төгс бус нь дэлхий дахины ахан дүүсийн барилдлагын гоо үзэсгэлэнг анхаарахад саад болох ёсгүй.
17. Хурлынхаа эв нэгдэлд хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулах вэ?
17 Хүн нэг бүр хурлынхаа эв нэгдэлд хэрхэн хувь нэмэр оруулах вэ? Эв эеийг сахих учиртай (Мат. 5:9; Ром 12:18). Хурлынхаа ах дүүстэй эвтэй байх талаар санаачилга гаргах болгондоо бэлгэдлийн диваажингаа улам гоо үзэсгэлэнтэй болгоход хувь нэмэр оруулна. Энэ диваажинд байгаа хүн болгоныг Ехова өөрөө татсан гэдгийг санаж явах нь чухал (Ёох. 6:44). Эрхэм гэж үздэг үйлчлэгчдийнх нь дунд амар тайван, эв нэгдлийг батжуулахын тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова хараад хэчнээн их баярладгийг төсөөлөөрэй! (Ис. 26:3; Хаг. 2:7).
18. Юуг эргэцүүлэх ёстой вэ? Яагаад?
18 Ехова үйлчлэгчдэдээ сайн сайхныг харамгүй өгдөг. Үүнийх нь ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах ёстой вэ? Бурхны Үг болон Библид үндэслэсэн хэвлэлээс уншсанаа эргэцүүлэн бодох ёстой. Ийнхүү судалж эргэцүүлэн боддог бол «ах дүүгийн ёсоор бие биеэ хайрлахад» тус болох Христийн дагалдагчдын зан чанарыг хөгжүүлнэ (Ром 12:10). Одоо хүртэж буй ивээлээ эргэцүүлэн боддог бол Еховатай тогтоосон харьцаагаа батжуулна. Мөн ирээдүйд хүртэх ивээлээ эргэцүүлбэл Еховад үүрд мөнх үйлчлэх найдвараа улам тод санаж явна. Ингэдэг бол бид Еховад бүр ч их баяр хөөртэй үйлчилнэ.
ТЭВЧЬЕ ГЭЖ БАТ ШИЙДЭХ НЬ
19. а) Исаиа 30:18-д бичсэнээр бид юунд итгэлтэй байх вэ? б) Баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчье гэвэл бид яах хэрэгтэй вэ?
19 Ехова бузар муу энэ ертөнцийг устгах үед «босно» (Ис. 30:18, ШЕ). Еховаг «шударга ёсны Бурхан» гэдгийг бид мэддэг бөгөөд Сатаны ертөнцийн оршин тогтнох хугацааг ганц ч өдрөөр нэмэхгүй гэдэгт итгэдэг (Ис. 25:9). Биднийг аврах Еховагийн тэр өдрийг бид тэвчээртэй хүлээдэг. Тэр болтол бид залбирч, Бурхны Үгийг судлаад ажил болгож, ивээлээ эргэцүүлэн бодох шийдвэр төгс байгаа. Ингэдэг бол Ехова биднийг баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчихэд тусална.
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
a Энэ өгүүллээр амьдралд тулгарах бэрхшээлийг баяр хөөртэйгөөр тэвчихэд Ехова үйлчлэгчдэдээ ямар гурван аргаар тусалдгийг «Исаиа» номын 30-р бүлгээс авч үзнэ. Ингэснээр Еховад залбирах, үгийг нь судлах, өнөөгийн болон ирээдүйн ивээлийг эргэцүүлэн бодох нь хэчнээн чухал гэдгийг санана.
b ҮГНИЙ ТАЙЛБАР: «Бэлгэдлийн диваажин» гэдгийг Еховаг эв нэгдэлтэй шүтэх боломжтой аюулгүй орчин гэж ойлгож болно. Ехова бидэнд шашны худал сургаалтай ямар ч холбоогүй бэлгэдлийн хоол ундыг элбэг дэлбэг өгдөг. Мөн бид Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэхтэй холбоотой олон төрлийн ажил хийж баяр хөөрөөр бялхдаг. Бид Еховатай дотно, бас баяр хөөртэйгөөр сорилтыг тэвчихэд тусалдаг хайрт ах дүү нартайгаа эв нэгдэлтэй байдаг. Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэж, түүнийг дуурайхад чадах бүхнээ хийдэг бол бэлгэдлийн диваажинд байгаа хэрэг юм.