Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Би Еховад үйлчлэхээр шийдсэн»

«Би Еховад үйлчлэхээр шийдсэн»

БИД Суринамын ширэнгэн ойн гүнд байдаг Гранбори тосгоны ойролцоо амьдардаг итгэл нэгтнүүдээ эргэж очоод буцахдаа гар даллан салцгаасан. Тэгээд бид модон урт завинд сууж Тапанахони гол дагуу хөвөв. Ширүүн урсгалд ороход завины гадна талын моторын сэнс том чулуунд цохигдов. Тэгэнгүүт завины хошуу усанд живэхэд бид завтайгаа усанд пал хийн унав. Зүрх минь маш хүчтэй дэлссэн. Би дүүрэг хариуцагчаар олон жил үйлчлэхдээ завиар явдаг байсан ч усанд сэлж сураагүй байсан.

Дараа нь юу болсныг хэлэхээсээ өмнө хэрхэн бүрэн цагаар үйлчилж эхэлснээ ярьж өгье.

Би 1942 онд Карибын тэнгисийн Кюрасао аралд төрсөн. Аав минь Суринам хүн л дээ. Гэхдээ тэнд ажиллах болсон тул нүүж очсон. Намайг төрөхөөс хэдэн жилийн өмнө аав маань Кюрасаод баптисм хүртэж анхны Еховагийн Гэрчүүдийн нэг болсон. a Биднийг тийм ч дуртай биш байсан ч аав бидэнтэй долоо хоног бүр Библийн хичээл хийдэг байсан. Хожим нь намайг 14 настай байхад аав өндөр настай эхийгээ асрахын тулд гэр бүлээ аваад Суринам руу нүүсэн.

САЙН НАЙЗУУДЫН ТУСЛАМЖ

Би Суринамд байхдаа Еховад идэвхтэй үйлчилдэг охид хөвгүүдтэй найзалдаг болсон. Тэд байнгын эхлэгчээр үйлчилдэг бөгөөд надаас хэдэн насаар ах. Дэлгэрүүлж байхдаа юу тохиолдсоноо ярихаараа царай нь баяр хөөрөөр гэрэлтэнэ. Цуглааны дараа найзуудтайгаа, заримдаа бүр од түгсэн тэнгэрийг харж гадаа суугаад Библийн сэдвээр ярилцана. Найзуудынхаа тусламжаар юу хийж амьдрахаа ойлгосон. Би Еховад үйлчлэхээр шийдсэн. Тэгээд 16-тайдаа баптисм хүртэж, 18-тайгаасаа байнгын эхлэгчээр үйлчилж эхэлсэн.

СУРГАМЖТАЙ БАЙСАН НЬ

Параморибод эхлэгчээр үйлчилж байхдаа

Эхлэгчээр үйлчлэхдээ сурсан бүх юм бүрэн цагаар үйлчлэх бүхий л хугацаанд тустай байсан. Жишээлбэл юуны түрүүнд бусдад заахын чухлыг мэдэж авсан. Эхлэгчээр үйлчилж эхлэх үед Виллэм Ван Сэил гэдэг миссионер надад их санаа тавьж байсан. b Хурлын ажлыг яаж хийх талаар олон юм зааж өгсөн. Энэ нь хэчнээн чухал байсныг тухайн үед анзаараагүй. Дараа жил нь би тусгай эхлэгчээр томилогдоод Суринамын ширэнгэн ойн гүнд байдаг алслагдсан бүлгийн ах дүүстээ тусалдаг болсон. Виллэм зэрэг ах нарын зааж сургасан бүхэн цагаа олсон тусламж байсанд би үнэхээр талархаж явдаг. Тэр цагаас хойш би тэднийхээ жишээг дуурайж бусдад заахад олон цаг зориулдаг болсон.

Хоёрдугаарт, сайтар төлөвлөж энгийн амьдарч сурсан. Тусгай эхлэгчээр хамт үйлчилдэг хүнтэйгээ ярилцаж сар болгоны эхэнд юу худалдаж авахаа төлөвлөдөг байв. Тэгээд хэрэгтэй юмнуудаа худалдаж авахын тулд урт замыг туулж ээлжээр хот руу явна. Бид сар болгоныхоо нөхөн олговроо зөв зарцуулж, авсан юмнуудаа бүтэн сар хэрэглэхийн тулд сайн хуваарилах хэрэгтэй байв. Ширэнгэн ойд амьдардаг бид идэх юмаа хугацаанаас нь өмнө дуусгачих юм бол туслах хүнгүй шахам байлаа. Залуудаа сайтар төлөвлөж энгийн амьдарч сурсан минь Еховагийн ажлыг эн тэргүүнд тавьж амьдрахад тустай байсан.

Гуравдугаарт, хүмүүст эх хэлээр нь дэлгэрүүлэхийн ач тусыг ойлгосон. Би багаасаа голланд, англи, папиамэнто болон Суринамын ихэнх хүний ярьдаг сранантонго (бас сранан гэдэг) хэлээр ярьдаг. Харин ширэнгэн ойд амьдардаг хүмүүст сайн мэдээг төрөлх хэлээр нь дэлгэрүүлбэл илүү нааштай ханддагийг анзаарсан. Өндөр нам хоёр хөг аялгатай сарамаккан зэрэг хэлийг сурахад хэцүү байсан. Гэхдээ би маш их хичээсэн, үүндээ ч баяртай байгаа. Би хүмүүст төрөлх хэлээр нь дэлгэрүүлсэн учраас үнэний зам дээр гарахад нь олон хүнд тусалж чадсан.

Мэдээж буруу зөрүү яриад эвгүй байдалд ордог л байсан. Жишээлбэл нэг удаа сарамаккан хэлээр ярьдаг Библийн суралцагчийн гэдэс өвдсөн байхад биеийг нь асуухдаа жирэмсэн үү гээд хэлчихсэн. Ямар санагдсаныг нь тайлбарлах ч хэрэггүй байх. Иймэрхүү алдаа гаргадаг байсан ч хүмүүстэй аль болохоор төрөлх хэлээр нь ярихыг хичээдэг байсан.

НЭМЭЛТ ҮҮРЭГ ДААЛГАВАРТАЙ БОЛСОН МИНЬ

1970 онд намайг дүүрэг хариуцагчаар томилсон. Би тэр жил ширэнгэн ойд суудаг алслагдсан олон бүлгийнхэнд «Еховагийн Гэрчүүдийн төвд зочлох нь» нэртэй слайд үзүүлсэн. Ах дүүстээ очихын тулд би хэдэн итгэл нэгтнүүдтэйгээ ширэнгэн ойн голоор модон урт завиар явсан. Бид генератор, шатахуунтай сав, түлшээр ажилладаг чийдэн, слайд үзүүлдэг төхөөрөмжийг авч явсан. Тэгээд зорьсон газраа очмогц энэ бүхнийг ойн гүн рүү зөөж слайд үзүүлэх ажлаа зохион байгуулдаг байв. Энэ аяллын талаар хамгийн их дурсамж болсон зүйл нь юу вэ гэвэл алслагдсан газрын оршин суугчид слайд үзэх маш дуртай байж билээ. Би Ехова болон байгууллагынх нь дэлхий дэх хэсгийн талаар хүмүүст мэдүүлэхдээ их баяртай байв. Энэ ажил тун амаргүй байсан ч хүмүүс Бурхантай дотносохыг хараад аз жаргалаар бялхаж байсан.

ГУРАМСАЛЖ ГӨРСӨН СУР

Этэл бид хоёр 1971 оны 9-р сард гэрлэсэн

Би ганц бие байхын давуу талыг мэддэг байсан ч насан туршийн ханьтай болохыг хүссэн. Тэгээд би ширэнгэн ойд бүрэн цагаар үйлчлэхийн хүнд бэрхийг баяртайгаар тэсвэрлэж чадах эхнэртэй болмоор байна гэж залбирч эхлэв. Жил орчмын дараа хүний төлөө гэсэн сэтгэлтэй Этэл гэдэг тусгай эхлэгчтэй үерхсэн. Этэл багаасаа элч Паулыг биширдэг байсан бөгөөд Бурхны ажилд өөрийгөө зориулсан түүн шиг болъё гэж боддог байжээ. Бид 1971 оны 9-р сард гэрлэж, дүүргийн ажилд хамтран зүтгэх болсон.

Этэлийнхэн боломж муутай айл байсан учраас ширэнгэн ой дахь явуулын ажилд амархан дассан. Жишээлбэл ойн гүнд очиж хүмүүсийг эргэхдээ их юм авч явдаггүй байв. Бид голын усанд орж, хувцсаа угаадаг байсан. Мөн айлын хүмүүс юугаар дайлна түүнийг л иддэг. Заримдаа махчин загас болон гүрвэлийн мах зэргээр дайлна. Таваг байхгүй бол бананы навчин дээр тавиад иднэ, халбага сэрээ байхгүй бол гараараа бариад иднэ. Этэл бид хоёр Еховагийн төлөө хамтран ажиллаж, гурамсалж гөрсөн сураа чангалж улам бүр батжуулсан (Ном. 4:12). Бид энэ амьдралаа юугаар ч солихгүй.

Бид нэг удаа алслагдсан газарт эргэлт хийгээд буцах замдаа болсон явдлыг энэ өгүүллийн эхэнд өгүүлсэн. Ширүүн урсгалын нөлөөгөөр завь усанд автангуутаа дээш шидэгдэн гарч ирэв. Харин бид аврах хантаазтай байсан бөгөөд завинаасаа унаагүй. Гэхдээ завинд ус орсон учраас бид хоол хүнсээ гол руу хаяж, сав суулгаар нь завин дахь усаа шавхаж гаргасан.

Хоол хүнсгүй болсон бид завиар явангаа уургаар загас барих гэж оролдсон ч юу ч бариагүй. Тэгэхээр нь Еховад залбирч энэ өдрийн маань хоолыг өгөөч гэж гуйв. Залбирч дуусангуут нэг Гэрч эрэгтэй том загас барив. Орой нь тавуулаа түүнийгээ идээд сайхан байлаа.

НӨХӨР, ААВ, ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧ

Дүүргийн ажил хийгээд 5 жил өнгөрсний дараа Этэл бид хоёр хүүхэдтэй болсноо мэдсэн. Энэ нь үнэхээр гэнэтийн бэлэг байв. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч үүнйиг сонсоод би баяр хөөр болов. Этэл бид хоёр боломжтой л бол бүрэн цагаар үргэлжлүүлэн үйлчлэхийг маш их хүсэж байлаа. 1976 онд хүү Этниэл маань мэндэлсэн. 2 жил хагасын дараа хоёр дахь хүү Жованни төрсөн.

Суринамын зүүн хэсэгт байдаг Годо Хологийн ойролцоох Тапанахони голд хүмүүс баптисм хүртэх үеэр, 1983 он

Суринамын тухайн үеийн нөхцөл байдлаас болоод салбар намайг дүүрэг хариуцагчаар үргэлжлүүлэн үйлчлүүлэхээр шийдсэн. Хүүхдүүдийг маань бага байхад арай цөөхөн хуралтай дүүрэгт ажиллуулсан. Тиймээс сарын 2 долоо хоногт дүүргийн ажил хийж үлдсэн хугацаанд нь томилогдсон хуралдаа эхлэгчээр үйлчилдэг байв. Этэл бид хоёр манай гэрээс холгүй орших хуралд эргэлт хийхдээ хүүхдүүдээ аваад явна. Гэхдээ ширэнгэн ойд байдаг хурлуудыг эргэх юм уу тэнд болдог чуулганд оролцохдоо ганцаархнаа явдаг байв.

Алслагдсан хурлуудад дүүрэг хариуцагчийн эргэлт хийхдээ голдуу завиар явдаг байсан

Бүх үүрэг даалгавраа биелүүлье гэвэл маш сайн төлөвлөх хэрэгтэй байсан. Манайхан долоо хоног бүр гэр бүлийн хичээл хийж хэвшсэн. Тиймээс ширэнгэн ойгоор эргэлт хийх буюу намайг эзгүй байх үед Этэл хүүхдүүдтэйгээ хичээл хийдэг байв. Гэхдээ бид гэр бүлээрээ хамт байхыг аль болохоор хичээнэ. Этэл бид хоёр чөлөөт цагаараа хөвгүүдтэйгээ хамт тоглоом тоглож, зугаалдаг байв. Заримдаа би шөнө болтол сууж даалгавраа хийж бэлтгэлээ базаана. Гэсэн ч бид хөвгүүдээ сургуульд явахаас нь өмнө өдрийн зүйлийг хамт уншаад өглөөний цайгаа уудаг байв. Этэл Сургаалт үгс 31:15-д дүрсэлсэн арван хуруу тэгш эхнэртэй адил энэ бүхнийг амжуулахын тулд үүр цүүрээр босдог байсан. Үүрэг даалгавраа биелүүлэхэд минь үргэлж тусалдаг, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй ийм эхнэртэй болгож өгсөн Еховад би үнэхээр талархдаг!

Этэл бид хоёр эцэг эх гэдгээ санаж хүүхдүүд маань Еховаг хайрлаж, дэлгэрүүлэх ажилд дуртай байгаасай гэсэндээ их л мэрийсэн. Бас хүүхдүүд бидний хүслийг биелүүлэхийн тулд бус өөрсдөө хүсээд бүрэн цагаар үйлчлээсэй гэж бодсон. Бид хоёр бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс ямар их жаргалтай байдгийг байнга ярьж өгдөг. Бэрхшээл тулгардаг ч Ехова манайханд тусалж, ивээж ирснийг онцолдог байсан. Мөн Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг Гэрчүүдтэй найзлахад нь тусалсан.

Гэрлэснээс хойш ч Ехова хэрэгцээг маань хангасаар ирсэн. Би ч гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Ширэнгэн ойд тусгай эхлэгчээр үйлчилж ганц бие байх үедээ мөнгө төгрөгөө зөв зарцуулж сурсан. Гэхдээ яаж ч хичээсэн, юм юмаар дутагдах үе байдаг. Тийм үед Ехова тусалдаг байсан гэдэгт би итгэдэг. Жишээ нь, 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхээр Суринамд бослого гарсан. Тэр жилүүдэд наад захын хэрэгцээгээ хангахад ч хэцүү байсан. Гэхдээ Ехова хэрэгцээг маань хангасан (Мат. 6:32).

ДУРСАН САНАХАД

Зүүнээс баруун тийш: Эхнэр Этэлтэйгээ хамт

Том хүү Этниэл нь эхнэр Наталитайгаа

Бага хүү Жованни нь эхнэр Кристалтайгаа

Ехова бидэнд үргэлж санаа тавьж байсан учраас бид аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг. Хүүхэдтэй болсон маань их ивээл байсан бөгөөд тэднийгээ Еховагийн үйлчлэгч болгон хүмүүжүүлэх нь завшаан билээ. Тэд маань бүрэн цагийн үйлчлэгч болсон нь Этэл бид хоёрын баяр баясгалан юм. Этниэл Жованни хоёр байгууллагын сургууль төгсөж, хоёулаа эхнэрүүдтэйгээ Суринам салбарт үйлчилж байна.

Этэл бид хоёр нас өндөр болсон ч тусгай эхлэгчээр Еховагийн төлөө идэвхтэй үйлчилж байна. Үнэндээ их завгүй байсан учраас одоо ч сэлж сураагүй байгаа. Гэхдээ би харамсдаггүй ээ. Яаж амьдарснаа дурсан санахад залуу байхдаа Еховад бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэн нь амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэрүүдийн нэг байсан.

a 2002 оны Еховагийн гэрчүүдийн «Жил тутмын ном»-ын 70-р хуудсыг үзээрэй (англи).

b Виллэм Ван Сэилийн намтрыг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1999 оны 10-р сарын 8-ны дугаарт нийтэлсэн «Төсөөлж байснаас илүү их ивээл хүртсэн минь» («Reality Has Exceeded My Expectations») гэсэн өгүүллээс уншаарай.