Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

Дэлгэрүүлэх ажлаа сайн хийхэд Ехова тусалдаг

Дэлгэрүүлэх ажлаа сайн хийхэд Ехова тусалдаг

«Тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно» (ЕЗЕ. 2:5).

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

ТОЙМ a

1. Дэлгэрүүлж явахад зарим хүн яадаг вэ? Гэхдээ бид юунд итгэлтэй байж болох вэ?

 БИД дэлгэрүүлж явахдаа эсэргүүцдэг хүмүүстэй тааралдах нь бий. Ирээдүйд эсэргүүцэл бүр ч ихсэнэ (Дан. 11:44; 2 Тим. 3:12; Илч. 16:21). Гэхдээ Ехова бидэнд тусална гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Яагаад ингэж хэлж болох вэ? Үйлчлэгчдийнх нь биелүүлэх даалгавар хэчнээн хэцүү байсан ч Ехова үргэлж тусалдаг байсан. Вавилоны олзонд байсан иудейчүүдэд дэлгэрүүлсэн зөнч Езекиелийн амьдралд тохиолдсон зарим явдлыг жишээ болгон авч үзье.

2. Езекиел ямар хүмүүст дэлгэрүүлдэг байсан бэ? Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ? (Езекиел 2:3–6).

2 Езекиел ямар хүмүүст дэлгэрүүлсэн бэ? Ехова тэднийг «зөрүүд», «гөжүүд», «тэрслүү» гэсэн. Тэд өргөст ургамал мэт хөнөөлтэй, хилэнцэт хорхой мэт аюултай хүмүүс. Ехова Езекиелд «Бүү ай!» гэж дахин дахин хэлсэн нь гайхах зүйл биш байв (Езекиел 2:3–6-г уншина). Езекиел дэлгэрүүлэх ажлаа сайн хийсний учир нь 1) Ехова түүнийг илгээсэн, 2) Бурхан агуу хүчээ өгч эрч хүчтэй болгосон, 3) Бурхан үгээрээ итгэлийг нь батжуулсан. Эдгээр нь Езекиелд тустай байсан гэхийн учир юу вэ? Бидэнд хэрхэн туслах вэ?

ЕХОВА ЕЗЕКИЕЛИЙГ ИЛГЭЭСЭН

3. Езекиел ямар үгийг сонсоод эрч хүчтэй болсон бэ? Ехова түүнд туслахаа хэрхэн баталсан бэ?

3 Ехова Езекиелд «Би чамайг ... илгээж байна» гэсэн (Езе. 2:3, 4). Энэ үг Езекиелийг эрч хүчтэй болгосон нь лавтай. Яагаад? Мосе Исаиа нарыг зөнчөөрөө томилохдоо бас Ехова ингэж хэлснийг Езекиел санасан байх (Ег. 3:10; Ис. 6:8). Бас Ехова тэр хоёрт хэрхэн тусалсан учраас бэрхшээлээ давсныг нь мэдэж байсан. Тиймээс «Би чамайг илгээж байна» гэж Езекиелд хоёр удаа хэлэхэд Ехова тусална гэдэгт итгэх бүрэн үндэс байв. Цааш нь Езекиел «ЭЗЭНий үг надад ирсэн» гэж номдоо олон удаа бичсэн байдаг (Езе. 3:16). Үүгээр зогсохгүй «ЭЗЭНий үг надад [дахин] ирсэн» гэж удаа дараа хэлсэн (Езе. 6:1). Езекиел өөрийг нь Ехова илгээсэн гэдэгт бат итгэсэн. Түүнчлэн хүн төрөлхтний түүх улиран өнгөрөх хугацаанд Ехова зөнчдийнхөө итгэлийг батжуулсаар ирснийг тахилч эцгээсээ мэдсэн байх. Ехова бас Исаак Иаков Иеремиа нарт «Би чамтай хамт байна» гэж батлан хэлж байсан (Эх. 26:24; 28:15; Иер. 1:8).

4. Ехова Езекиелийг хэрхэн тайвшруулж, эрч хүчтэй болгосон бэ?

4 Езекиелийг дэлгэрүүлэхлээр ихэнх израйлчууд яах бол? Ехова «Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно» гэж хэлсэн (Езе. 3:7). Хүмүүс Езекиелийг сонсохгүй нь Еховаг сонсохгүйтэй адил юм. Энэ үгийг эргэцүүлэн бодохлоор хүмүүс сонсохгүй байсан ч зөнч Езекиелийн бүтэлгүйтэл биш гэдгийг ойлгосон. Ехова бас дуулгасан шүүх мэдээ бодитой гэдгийг мэдэх үед «тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно» гэж Езекиелд батлан хэлсэн (Езе. 2:5; 33:33). Ехова ийнхүү тайвшруулж Езекиелийг эрч хүчтэй болгосон нь лавтай.

ЕХОВА БИДНИЙГ ИЛГЭЭДЭГ

Езекиел дэлгэрүүлэх үедээ үл ойшоодог, эсэргүүцдэг хүмүүстэй тааралдаж байсны адилаар бид ч ийм хүмүүстэй учирдаг. Гэхдээ Ехова бидэнтэй хамт гэдгийг мэддэг (5, 6-р догол мөрийг үзээрэй)

5. Исаиа 44:8-д байдаг ямар үг биднийг эрч хүчтэй болгодог вэ?

5 Ехова биднийг илгээж дэлгэрүүлэх ажил хийлгэдэг гэж бодохоор бид ч эрч хүчтэй болдог. Тэрбээр биднийг «гэрч нар» гэж нэрлэн эрхэмд үздэгээ харуулсан (Ис. 43:10). Ямар агуу завшаан бэ! Ехова Езекиелд «Бүү ай» гэж хэлсэн, бидэнд ч «Битгий түгшигтүн» гэж хэлдэг. Эсэргүүцэгчдээс айх хэрэггүйн учир юу вэ? Ехова Езекиелийг илгээж, зоригжуулсны адилаар биднийг ч илгээж, зоригжуулдаг (Исаиа 44:8-ыг уншина).

6. а) Ехова биднийг дэмжинэ гэдгээ хэрхэн амласан бэ? б) Юуг бодохоор урам зориг ордог вэ?

6 Ехова биднийг дэмжинэ гэж амладаг. Жишээлбэл «Та нар бол Миний гэрч нар» гэж хэлэхээсээ өмнө «Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй» гэсэн (Ис. 43:2). Бид дэлгэрүүлж явахдаа үер мэт саадтай, гал мэт бэрхшээлтэй тулгардаг. Гэсэн хэдий ч Еховагийн тусламжтайгаар бид дэлгэрүүлсээр байдаг (Ис. 41:13). Өнөөгийн ихэнх хүн Езекиелийн дэлгэрүүлж байсан үеийн хүмүүстэй адилаар бидний мэдээг сонсдоггүй. Гэхдээ энэ нь муу дэлгэрүүлсэн гэсэн үг биш. Үнэнчээр дэлгэрүүлж байгааг маань Ехова сайшаадаг гэж бодохоор урам зориг ордог. Элч Паул: «Хүн бүр хийсэн ажлынхаа төлөө шагнуулна» гэжээ (1 Кор. 3:8; 4:1, 2). Олон жил эхлэгчээр үйлчилж байгаа Гэрч эмэгтэй: «Ехова хичээл зүтгэлийг маань шагнана гэдгийг мэдэх нь намайг баяр баясгалантай болгодог» гэжээ.

ЕХОВА АГУУ ХҮЧЭЭРЭЭ ЕЗЕКИЕЛИЙГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОСОН

Езекиел Еховагийн тэнгэрийн тэргийг гайхамшгаар үзэж, үүрэг даалгавраа биелүүлэхэд Ехова тусална гэдэгт улам итгэдэг болсон (7-р догол мөрийг үзээрэй)

7. Езекиел үзэгдлийнхээ тухай санах болгондоо яасан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

7 Езекиел Еховагийн агуу хүчний гайхамшгийг үзэгдлээр харсан. Тэр үзэгдэлд агуу хүч нь тэнгэрийн элч нарт тусалж, тэнгэрийн тэрэгний асар том дугуйг хөдөлгөж байв (Езе. 1:20, 21). Үүнийг хармагцаа Езекиел яасан бэ? Тэрбээр: «Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан» гэж бичжээ. Езекиел айдаст автаж, газар унажээ (Езе. 1:28). Хожим нь Езекиел энэ үзэгдлийг санах болгондоо Еховагийн агуу хүчний тусламжтайгаар дэлгэрүүлэх ажлаа сайн хийж чадна гэсэн итгэл нь улам батажсан нь гарцаагүй.

8, 9. а) Ехова Езекиелд тушаахад юу болсон бэ? б) Езекиелийг зөрүүд, гөжүүд хүмүүст дэлгэрүүлэх хүчтэй болгохын тулд Ехова хэрхэн тусалсан бэ?

8 Ехова Езекиелд «Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун» гэж тушаасан. Езекиел үүнийг сонсоод Бурхны агуу хүчний тусламжаар босож зогсох тэнхээтэй болсон. Энэ тухай Езекиел: «Над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов» гэж бичжээ (Езе. 2:1, 2). Тэр цагаас хойш дэлгэрүүлсэн бүхий л хугацаанд нь Бурхны «мутар» буюу агуу хүч түүнийг удирдсан (Езе. 3:22; 8:1; 33:22; 37:1; 40:1). «Зөрүүд ба гөжүүд» хүмүүст дэлгэрүүлэхэд Бурхны агуу хүч Езекиелийг эрч хүчтэй болгосон (Езе. 3:7). Ехова Езекиелд «Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон. Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. ... Тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд» гэж хэлсэн (Езе. 3:8, 9). Өөрөөр хэлбэл Ехова Езекиелд «Зөрүүд ард түмнээс болж зориг мохож болохгүй. Би чамайг эрч хүчтэй болгосон» гэж хэлсэн.

9 Үүний дараа Бурхны агуу хүч Езекиелийг удирдан дэлгэрүүлэх газар нь авчрав. Езекиел: «ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв» гэж бичжээ. Езекиел дэлгэрүүлэх мэдээгээ сайн ойлгож өөрийн болгохын тулд долоо хоногийн турш эргэцүүлэн бодов (Езе. 3:14, 15). Дараа нь Ехова түүнийг тал руу явуулж, агуу хүчнээсээ өгөв (Езе. 3:23, 24). Езекиел дэлгэрүүлэхэд бэлэн боллоо.

ЕХОВА АГУУ ХҮЧЭЭРЭЭ БИДНИЙГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ

Езекиелийн адилаар дэлгэрүүлэх ажлаа бүрэн гүйцэд хийхэд маань юу тус болох вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Дэлгэрүүлэхэд маань юуны тусламж хэрэгтэй вэ? Яагаад?

10 Дэлгэрүүлэхэд маань юуны тусламж хэрэгтэй вэ? Энэ асуултад хариулахын тулд Езекиелд юу тохиолдсоныг бодъё. Дэлгэрүүлж эхлэхээс нь өмнө Бурхны агуу хүч түүнийг эрч хүчтэй болгосон. Өнөөгийн бид Бурхны агуу хүчний тусламжтайгаар л дэлгэрүүлдгээрээ Езекиелтэй адилхан. Учир нь Сатан дэлгэрүүлэх ажлыг маань зогсоох гэж бидэнтэй дайтдаг (Илч. 12:17). Хүнтэй харьцуулбал Сатан биднээс хавьгүй их хүчтэй. Гэхдээ бид дэлгэрүүлснээрээ түүнийг ялна! (Илч. 12:9–11). Яагаад ингэж хэлж болох вэ? Дэлгэрүүлэх ажилд оролцдог маань Сатанаас айдаггүйгээ харуулж байгаа хэрэг юм. Биднийг дэлгэрүүлэх болгонд Сатан ялагддаг. Тиймээс эсэргүүцэл тулгарсан ч дэлгэрүүлж чаддагаас маань юу ойлгож болох вэ? Агуу хүч биднийг эрч хүчтэй болгодог бөгөөд Ехова сайшааж байгаагийн шинж юм (Мат. 5:10–12; 1 Петр 4:14).

11. Бид Бурхны агуу хүчний тусламжтайгаар дэлгэрүүлдэг бол яаж чадах вэ? Агуу хүчийг үргэлж явъя гэвэл яах хэрэгтэй вэ?

11 Ехова Езекиелийн нүүр болон духыг бэлгэдлийн утгаар хатууруулснаас юу ойлгож авах вэ? Бурхан агуу хүчээрээ тусалдаг учраас дэлгэрүүлэхэд учирсан ямар ч бэрхшээлийг даван гарч чаддаг (2 Кор. 4:7–9). Тэгвэл үргэлж агуу хүчний тусламжийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ? Ехова залбирлыг маань сонсоно гэдэгт итгэн шаргуу залбирах хэрэгтэй. Есүс шавь нартаа «Гуйгаад бай ... Хайгаад бай ... Тогшоод бай» гэж уриалсан. Ингэвэл Ехова «өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө» (Лук 11:9, 13; Үйлс 1:14; 2:4).

БУРХАН ЕЗЕКИЕЛИЙН ИТГЭЛИЙГ ҮГЭЭРЭЭ БАТЖУУЛСАН

12. Езекиел 2:9—3:3-ыг үзвэл хуйлмал ном хэнээс ирсэн бэ? Юу бичсэн байгаа вэ?

12 Бурхан Езекиелд агуу хүч хайрлаад зогсохгүй үгээрээ итгэлийг нь батжуулсан. Езекиел хуйлмал ном барьсан мутрыг үзэгдлээр харсан (Езекиел 2:9—3:3-ыг уншина). Тэр хуйлмал ном хэнээс ирсэн бэ? Номд юу бичсэн байгаа вэ? Езекиелийн итгэлийг хэрхэн батжуулсан бэ? Одоо энэ тухай ярилцъя. Хуйлмал ном сэнтийдээ заларч буй Бурхнаас ирсэн. Үүнийг Ехова, өмнө нь Езекиелд харагдсан дөрвөн тэнгэрийн элчийн нэгээр өгүүлсэн бололтой (Езе. 1:8; 10:7, 20). Хуйлмал номд Бурхны үг буюу шүүх мэдээг ар өвөргүй бичсэн байв. Түүнийг Езекиел тэрслүү цөлөгдөгсдөд хүргэх ёстой байв (Езе. 2:7).

13. Ехова Езекиелд номыг яагаарай гэсэн бэ? Яагаад чихэрлэг байсан бэ?

13 Ехова хуйлмал номыг идэж «гэдсээ ... дүүргэгтүн» гэхэд Езекиел бүгдийг нь идсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Тэрбээр дэлгэрүүлэх мэдээгээ бүрэн дүүрэн ойлгох шаардлагатай байв. Ингэвэл хэлэх үгээ өөрийн болгож, бат итгэлтэй дэлгэрүүлэх байлаа. Дараа нь бүр ч сонирхолтой юм болов. Юу вэ гэвэл хуйлмал ном нь Езекиелийн «аманд бал мэт чихэрлэг байв» (Езе. 3:3). Яагаад? Езекиел Еховаг төлөөлөх завшаан эдэлсэн нь чихэрлэг буюу маш тааламжтай байсан (Дуу. 19:8–11). Ехова өөрийг нь зөнчөөрөө томилсонд үнэхээр их талархсан.

14. Езекиел өгсөн даалгаврыг биелүүлэх бэлтгэлтэй болоход нь юу тус болсон бэ?

14 Дараа нь Ехова Езекиелд «Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс» гэсэн (Езе. 3:10). Езекиел зааврыг нь дагаж номд байгаа үгийг сайтар тогтоож, эргэцүүлэн бодох ёстой болов. Тэгээд өөрийгөө Бурхны үгээр тэжээж, итгэлээ батжуулсан. Юу ярьж дэлгэрүүлэхээ ч мэдэж авсан (Езе. 3:11). Ийнхүү Езекиел Бурхны мэдээг бүрэн ойлгоод бат итгэлтэй болж, дэлгэрүүлэх даалгавраа бүрэн гүйцэд биелүүлэхэд бэлэн болсон (Дуулал 19:14-тэй харьцуулаарай).

БУРХАН БИДНИЙ ИТГЭЛИЙГ ҮГЭЭРЭЭ БАТЖУУЛДАГ

15. Тууштай дэлгэрүүлэхийн тулд юуг «зүрхэндээ авах» хэрэгтэй вэ?

15 Тууштай дэлгэрүүлэхийн тулд бид бас Бурхны үгээр өөрийгөө тэжээх ёстой. Еховагийн хэлж байгаа бүхнийг «зүрхэндээ авах» учиртай. Өнөөдөр Ехова өөрийн Үг Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг. Бурхны Үг бодол санаа, сэтгэл мэдрэмж, сэдэл хандлагад маань нөлөө үзүүлсээр байхын тулд бид яах хэрэгтэй вэ?

16. Ехова биднээс юу хүсдэг вэ? Бурхны Үгийг сэтгэл зүрхэндээ хэрхэн сайн шингээх вэ?

16 Идсэн хоол сайн шингэвэл бие махбод маань шим тэжээлээр дутагдахгүй. Үүнтэй адилаар бид Бурхны Үгийг судлаад эргэцүүлэн боддог бол итгэл батаждаг. Ехова хуйлмал ном гардаг үзэгдлээрээ юу заадгийг мартахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Ехова биднээс Үгээр нь «гэдсээ ... дүүргэх» буюу Үгийг нь сайн ойлгоосой гэж хүсдэг. Ингэхийн тулд залбирч, Библийг уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Бурхны бодлыг мэдэхийн тулд залбирч зүрхээ бэлдэнэ; дараа нь Библиэ уншина; эцэст нь уншсанаа сайтар эргэцүүлэн бодохын тулд зогсоц хийнэ. Ингэх нь ямар үр дүнтэй вэ? Эргэцүүлэн бодох тусам бэлгэдлийн зүрх маань Бурхны Үгийг тэр хэмжээгээр шингээх буюу итгэл маань батажна.

17. Библиэс уншсанаа эргэцүүлэн бодох нь яагаад чухал вэ?

17 Библи уншиж эргэцүүлэн бодох нь яагаад тийм чухал вэ? Ингэдэг бол бид өнөөдөр Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах, мөн сонсоход ч бэрх шүүх мэдээг ирээдүйд тунхаглах эрч хүчтэй болно. Түүнчлэн Еховагийн сэтгэл татам зан чанаруудыг эргэцүүлэн бодох тусам түүнтэй улам дотносно. Ингэх нь бидэнд чихэрлэг буюу тааламжтай санагдана. Өөрөөр хэлбэл амар тайван, сэтгэл хангалуун болно (Дуу. 119:103).

ТУУШТАЙ БАЙХ НЬ

18. Хэсгийн маань хүмүүс ирээдүйд юуг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх вэ? Яагаад?

18 Бид зөгнөх даалгавар аваагүйгээрээ Езекиелээс ялгаатай. Гэхдээ бид Еховагийн агуу хүчний удирдлагаар бичигдсэн Үгэн дэх мэдээг одоо боллоо гэж Еховаг хэлэх хүртэл дэлгэрүүлсээр байх шийдвэр төгс байдаг. Шүүх цаг болоход хүмүүс, ийм сануулгыг сонсоогүй, Бурхан биднийг тоогоогүй гэж хэлж чадахгүй (Езе. 3:19; 18:23). Харин дэлгэрүүлсэн мэдээ маань Бурхнаас эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.

19. Дэлгэрүүлэх ажлаа гүйцээх хүч тэнхээтэй байхад юу тус болох вэ?

19 Дэлгэрүүлэх ажлаа гүйцээх хүч тэнхээтэй байхад юу тус болох вэ? Езекиелд тусалсан гурван зүйл. Ехова биднийг илгээж дэлгэрүүлэх ажил хийлгэдэг. Бурхны агуу хүч биднийг эрч хүчтэй болгодог. Бурхны Үг итгэлийг маань батжуулдаг. Ехова тусалдаг учраас бид «эцэс хүртэл» тэвчиж, даалгавраа биелүүлж чадна (Мат. 24:13).

ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!

a Энэ өгүүллээр дэлгэрүүлэх ажлаа сайн хийхэд зөнч Езекиелд ямар гурван зүйл тус болсныг ярилцана. Ехова зөнчид хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодвол бидэнд ч тусална гэдэгт бат итгэнэ.