Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Мордехаи гэдэг хүн үнэхээр байсан уу?

МОРДЕХАИ гэдэг иудей хүн Библийн «Естер» номд гардаг. Энэ хүн ард түмнээ аврах чухал үүргийг гүйцэтгэсэн. Тэрбээр иудей хүн бөгөөд Персэд цөллөгт байхдаа хааны ордонд ажиллаж байв. Уг үйл явдал МЭӨ V зууны эхэн үед буюу «Ахашверош [хааны] өдрүүдэд болов». (Энэ хааныг өнөөдөр ихэвчлэн I Ксеркс гэдэг). Ахашверош хааныг хөнөөх гэсэн хуйвалдааныг Мордехаи илчилдэг. Тэгэхэд нь хаан талархаж олны өмнө хүндэтгэл үзүүлсэн. Хожим нь Мордехаин болон иудейчүүдийн дайсан Хаманыг нас барахад хаан түүнийг ерөнхий сайдаар томилсон. Тэр үед Персийн эзэнт гүрэнд амьдардаг иудейчүүдийг хоморголон устгах зарлиг гарсан байв. Харин шинэ ерөнхий сайд Мордехаи өөр зарлиг гаргаж ард түмнээ аварсан (Естер 1:1; 2:5, 21–23; 8:1, 2; 9:16).

20-р зууны эхэн үеийн зарим түүхчийн үзэж байгаагаар бол дээрх үйл явдал зохиомол бөгөөд Мордехаи гэдэг хүн хэзээ ч байгаагүй ажээ. Гэхдээ Библид гардаг Мордехаи гэдэг хүн үнэхээр амьдарч байсныг нотлох баримтыг археологичид 1941 онд олсон. Ямар баримт вэ?

Судлаачид Мардука буюу Мордехаи гэдэг нэр бичигдсэн Персийн шаантаг бичиг олжээ. Тэрбээр Суса хотын засаг захиргаанд ажиллаж байсан. Харин нягтлан бодогч байсан бололтой. Дорно дахины түүх судлаач Артур Унгнадын хэлснээс үзвэл, энэ шаантаг бичиг нь Библид гардаг Мордехаин нэрийг дурдсан цорын ганц баримт байв.

Үүнээс хойш судлаачид Персийн мянга мянган өөр шаантаг бичгийн утгыг тайлсан байна. Тэдгээрийн дунд хотын хэрмийн ойролцоох Эрдэнэсийн сангийн балгаснаас олдсон Персеполийн шавар хавтангууд дээрх бичгийн утгыг ч бас тайлжээ. Хавтангууд нь I Ксеркс хааны үеийнх бөгөөд түүн дээр елам хэлээр бичсэн байв. Түүнчлэн тэнд «Естер» номд байдаг хэд хэдэн нэр гардаг. a

Мордехаин (Мардука) нэрийг бичсэн Персийн шаантаг бичиг

I Ксеркс хааны үед хааны бичээчээр Сусад ажиллаж байсан Мардука гэдэг хүний нэрийг Персеполийн хэд хэдэн бичигт дурдсан нь бий. Тэдний нэгэнд Мардукаг орчуулагч гэж тэмдэглэжээ. Энэ нь Мордехаин тухай Библид бичсэнтэй тохирдог. Тэрбээр Ахашверош (I Ксеркс) хааны ордонд алба хашиж байсан бөгөөд доод тал нь 2 хэлээр ярьдаг байжээ. Тэрбээр Суса дахь хааны ордны дааман хаалган тушаа байнга суудаг байв (Естер 2:19, 21; 3:3). Энэхүү дааман хаалга нь сүрлэг том байгууламж бөгөөд ордны түшмэдийн ажлын байр нь юм.

Бичигт нэр нь гардаг Мардука Библид дурдсан Мордехаи хоёрт олон ижил төстэй зүйл бий. Цаг үе, амьдран суудаг газар болон түшмэл байснаараа адилхан. Энэ бүхнийг дүгнэж үзвэл археологийн олдворууд Библийн «Естер» номд гардаг Мордехаиг хэлсэн байх магадлалтай.

a 1992 онд профессор Эдвин М. Ямаучи нэг өгүүлэл бичихдээ Персеполийн бичиг болон Библийн «Естер» номын аль алинд нь байдаг 10 нэрийг дурджээ.