СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48
Үнэнч эсэх нь соригдохын цагт ухаалаг байгаарай
«Аливаад ухаалаг хандаарай» (2 ТИМ. 4:5).
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй
ТОЙМ a
1. «Аливаад ухаалаг хандах» гэдгийг юу гэж ойлгох вэ? (2 Тимот 4:5).
БЭРХШЭЭЛ бол Ехова болон байгууллагад нь үнэнч эсэхийн сорилт болдог. Үүнд бууж өгөхгүйн тулд яах хэрэгтэй вэ? Бид ухаалаг, сонор сэрэмжтэй байж «итгэл үнэмшлээ тууштай» баримтлах хэрэгтэй (2 Тимот 4:5-ыг уншина). Амар тайван байж, саруул ухаанаар сэтгэж, юмыг Ехова шиг харахыг хичээх нь аливаад ухаалаг хандаж байгаа хэрэг юм. Ингэдэг бол сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй.
2. Бид энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Өмнөх өгүүллээр бид гаднаас нөлөөлдөг гурван бэрхшээлийг ярилцсан. Энэ өгүүллээр Еховад үнэнч байхыг маань сорьдог хурал дотроос гардаг гурван бэрхшээлийг ярилцана. Үүнд 1) итгэл нэгтэндээ гомдох, 2) сахилга батын арга хэмжээ авхуулах, 3) байгууллагын өөрчлөлтөд дасан зохицоход хэцүү санагдах явдал ордог. Эдгээр сорилтын үед хэрхвэл ухаалаг байж Ехова болон байгууллагад нь үнэнч байж чадах вэ?
ИТГЭЛ НЭГТЭНДЭЭ ГОМДВОЛ
3. Хэрэв бид итгэл нэгтэндээ гомдвол яаж магадгүй вэ?
3 Та итгэл нэгтэндээ, магадгүй хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүнд гомдож байсан уу? Уг нь тэр Гэрч таныг гомдооё гэж бодоогүй байх л даа (Ром 3:23; Яак. 3:2). Гэхдээ та үйлдлээс нь болоод бухимдаж, тэгээд бүр энэ тухай бодсоор байгаад унтаж чадахаа ч больсон байж магадгүй. «Гэрч хүн ингэж байгаа юм чинь Бурхны байгууллага ийм байж таарах уу?» гэж эргэлзсэн байж болох юм. Үнэндээ Сатан л яг ингэж бодуулахыг хүсдэг (2 Кор. 2:11). Хэрэв муу юм бодоод байвал Ехова болон байгууллагаас нь хөндийрөх аюултай. Тэгэхээр итгэл нэгтэндээ гомдвол хэрхэн ухаалаг байж, муу бодлоо таягдан хаях вэ?
4. Ах нар нь муугаар хандахад Иосеф яаж ухаалаг байсан бэ? Энэ явдлаас бид юу сурах вэ? (Эхлэл 50:19-21).
4 Бүү хилэгнээрэй. Иосефыг өсвөр настай байхад ах нар нь түүнийг үзэн ядаж, зарим нь бүр алахыг завдсан (Эх. 37:4, 18–22). Эцэст нь харийн хүнд боол болгон худалджээ. Ингээд Иосеф бараг 13 жил хүнд зовлон туулсан. Тэгэхэд Ехова намайг үнэхээр хайрладаг юм уу, ийм хэцүү үед намайг орхисон гэж бодож ч болох байсан. Харин Иосеф Еховад огт уурлаагүйгээр барахгүй тайван байж аливаад ухаалаг байсан. Ах нараасаа өшөө авах боломж гарсан ч тэгээгүй. Харин ч тэднийгээ хайрлаж уучилсан (Эх. 45:4, 5). Яагаад гэвэл, сайтар бодсон. Тэгээд бэрхшээлээ анхаарахын оронд Ехова юу хүсэж байгааг эргэцүүлсэн (Эхлэл 50:19–21-ийг уншина). Бид эндээс юу сурах вэ? Хэрвээ хэн нэг нь танд муугаар хандвал Еховад уурлах хэрэггүй, орхисон гэж бодох ч учиргүй. Харин бэрхшээлийг даван гарахад тань Ехова хэрхэн тусалж байгааг эргэцүүлэн бодоорой. Түүнчлэн муу хандлагыг нь хайраар халхлахыг хичээгээрэй (1 Петр 4:8).
5. Хурлын зарим хүн Микэаст муугаар хандахад тэрбээр яаж ухаалаг байж чадсан бэ?
5 Орчин үеийн жишээг ярилцъя. Өмнөд Америкийн Микэас гэдэг ахлагч хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг зарим эрчүүд өөрт нь хатуу ширүүн хандсаныг дурсахдаа «Би урьд нь хэзээ ч тэгж их стрессдэж байгаагүй. Сэтгэл түгшиж шөнөжингөө унтаж чадаагүй бүр уйлж арчаагаа алдсан» гэжээ. b Гэхдээ Микэас ухаалаг байж сэтгэлээ барьж чадсан. Агуу хүчээрээ сорилтыг давах хүч өгөөч гэж Еховагаас тасралтгүй гуйж, бас байгууллагын хэвлэлээс тус болох материал хайсан. Бид эндээс юу сурах вэ? Хэрвээ итгэл нэгтэн тань муугаар хандвал уужуу тайван байж муу юм бодохгүйг хичээгээрэй. Яагаад таныг гомдоох юм хэлсэн, хийснийг та мэдэхгүй байж болох юм. Тиймээс Еховад залбирч болсон явдлыг өөр талаас харахад туслаач гэж гуйгаарай. Тэгвэл санаатайгаар гомдоогоогүй гэдгийг ойлгож итгэл нэгтнээ уучлахад тустай байж болох юм (Сур. 19:11). Ехова танд ямар санагдаж байгааг мэддэг, бэрхшээлийг тэвчих хүч өгдгийг бүү мартаарай (Ш.дэд 16:9; Ном. 5:8).
САХИЛГА БАТЫН АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ
6. Еховагийн сахилгажуулалтыг хайрынх нь илрэл гэж үзэх нь яагаад чухал вэ? (Еврей 12:5, 6, 11).
6 Ехова сахилга батын арга хэмжээ авахад бид эхэндээ сэтгэлээр унаж болох юм. Гэхдээ үүнийг л анхаараад байвал сахилгажуулалтын арга хэмжээ авсан нь шударга бус, хэтэрхий хатуудлаа гэж бодож магадгүй. Үүнээс болоод Ехова биднийг сахилгажуулж хайраа илэрхийлж байгаа гэсэн чухал үнэнийг ойлгохгүй өнгөрч болзошгүй (Еврей 12:5, 6, 11-ийг уншина). Хэрэв бид сэтгэл хөдлөлдөө автвал Сатан үүнийг ашиглаж бидэн рүү довтолдог. Тэрбээр сахилга батын арга хэмжээг бүү тоогоосой, бүр үүнээс дор нь биднийг Ехова болон байгууллагаас нь хөндийрөөсэй гэж хүсдэг. Хэрэв таныг сахилгажуулбал яаж ухаалаг байх вэ?
7. а) Ехова сахилгажсан Петрээр юу хийлгэсэн бэ? Зургийг үзээрэй. б) Та Петрээс юу мэдэж авсан бэ?
7 Сахилга батын арга хэмжээ авбал өөрчлөгдөөрэй. Есүс Петрийг нэг биш удаа элч нарынхаа хажууд алдааг нь ний нуугүй хэлсэн (Марк 8:33; Лук 22:31–34). Яасан их ичсэн бол! Гэхдээ тэрбээр Есүст үнэнч байсан. Сахилгажуулахлаар нь алдаагаа зассан. Тиймээс ч Ехова үнэнч байсан Петрийг ивээж, маш чухал даалгавар өгдөг (Ёох. 21:15–17; Үйлс 10:24–33; 1 Петр 1:1). Бид эндээс юу мэдэж авах вэ? Сахилгын арга хэмжээ авахад ичмээр санагдсан ч сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрч алдаагаа засаарай. Ингэдэг бол Ехова болон итгэл нэгтнүүддээ хэрэгтэй хүн болно.
8, 9. Бернардо сахилгын арга хэмжээ авхуулаад эхэндээ яасан бэ? Гэхдээ бодлоо өөрчлөхөд нь юу тус болсон бэ?
8 Мозамбикийн Бернардо гэдэг Гэрч эрэгтэйд юу тохиолдсоныг ярилцъя. Түүнийг ахлагч биш болгосон. Тэгэхэд нь Бэрнардод ямар санагдсан бэ? «Сахилгажуулахлаар нь эхэндээ дургүйцэж, бүр аймаар уурласан» гэжээ. Хурлынхан юу гэх бол гэж зовсон. Цааш нь «Болсон явдлыг зөв дүгнэж Ехова болон байгууллагад нь дахин итгэдэг болоход минь хугацаа хэрэгтэй байсан» гэж ярьжээ. Яаж зөв хандлагатай болсон бэ?
9 Бодлоо өөрчилсөн. Тэрбээр: «Би ахлагчаар үйлчилж байхдаа Еховагийн сахилгажуулалтын талаар итгэл нэгтнүүддээ зөв ойлгуулахын тулд Еврей 12:7-г ашигладаг байсан. Тэгээд би өөрөөсөө “Библийн энэ зүйлд байгаа зөвлөгөөг хэн дагах ёстой билээ? Еховагийн бүх үйлчлэгч, би ч дагах ёстой” гэж эргэцүүлэн бодсон» гэжээ. Тэгээд Ехова болон байгууллагад нь дахин итгэдэг болохын тулд чадах бүхнээ хийсэн. Тэрбээр Библи уншиж, уншсанаа эргэцүүлэн бодоход илүү их цаг зориулдаг болжээ. Итгэл нэгтнүүд нь өөрийг нь хэрхэн үзэж байгаа бол гээд санаа зовж байсан ч тэдэнтэй хамт дэлгэрүүлж, цуглаандаа идэвхтэй оролцдог болсон. Хожим нь Бернардо дахиад ахлагчаар томилогджээ. Хэрвээ та Бернардогийн адил сахилгажуулалтын арга хэмжээ авхуулж байгаа бол ичиж зовохын оронд сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрч өөрчлөгдөөрэй (Сур. 8:33; 22:4). Тэгвэл өөрт нь болон байгууллагад нь үнэнч байсны төлөө Ехова таныг ивээнэ гэдэгт итгэлтэй байж болно.
БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ХЭЦҮҮ БАЙВАЛ
10. Зохион байгуулалтын талаар ямар өөрчлөлт гарснаас болж Израйлын зарим эрчүүдийн үнэнч эсэх нь соригдсон байж магадгүй вэ?
10 Байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдөхөд үнэнч эсэх маань соригддог. Энэ үед болгоомжтой байхгүй бол Бурхнаасаа хөндийрөх аюултай. Жишээ нь зохион байгуулалтын өөрчлөлт зарим израйлчуудад хэрхэн нөлөөлснийг бодож үзээрэй. Израйлчуудад Мосегийн хуулийг өгөхөөс өмнө өрхийн тэргүүн тахилчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Тэд Еховад зориулан тахилын ширээ хийж гэр бүлийнхээ өмнөөс тахил өргөж байсан (Эх. 8:20, 21; 12:7; 26:25; 35:1, 6, 7; Иов 1:5). Харин хуультай болсны дараа тахил өргөх эрхгүй болов. Ехова тахилчдыг Аароны гэр бүлийнхнээс томилдог болсон. Хэрэв өрхийн тэргүүн Аароны удмын хүн биш атлаа тахилчийн үүрэг гүйцэтгэсэн бол цаазаар авхуулах ёстой байлаа (Лев. 17:3–6, 8, 9). c Кора, Датан, Абирам болон 250 удирдагч энэ өөрчлөлтийн улмаас Мосе болон Аароны эсрэг боссон болов уу? (Тоол. 16:1–3). Үүнийг бид баттай хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Кора болон хамтрагчид нь Еховад үнэнч байж чадаагүй. Хэрвээ байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдөж үнэнч байх эсэх нь соригдвол та яах хэрэгтэй вэ?
11. Леви овгийн зарим кохатчуудаас юу мэдэж авах вэ?
11 Байгууллагын өөрчлөлтийг бүрэн дэмжээрэй. Цөлөөр аялж байх үед Бурхны ард түмний дунд кохатчууд нэг чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Зарим кохатчууд израйлчуудыг нүүх болгонд гэрээний авдрыг бүх ард түмний өмнө авч явдаг (Тоол. 3:29, 31; 10:33; Иош. 3:2–4). Ямар гайхалтай завшаан бэ! Гэхдээ израйлчуудыг амласан газар суурьшсанаас хойш байдал өөрчлөгдсөн. Авдрыг байнга зөөж явах шаардлагагүй болсон. Тиймээс Соломон хааны үед кохатчуудын заримыг дуучин, хаалгач, нярваар томилж байжээ (Ш.дээд 6:31–33; 26:1, 24). Кохатчууд гомдсон юм уу илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэхийг хүссэн гэж хаана ч байхгүй. Бид эндээс юу мэдэж авах вэ? Еховагийн байгууллагад өөрчлөлт гарч, бүр таны үүрэг даалгавар өөрчлөгдлөө гэхэд чин сэтгэлээсээ дэмжээрэй. Ямар ч шинэ даалгавар өгсөн баяр баясгалангаа алдалгүйгээр биелүүлж байгаарай. Еховад илүү чухал нь даалгавар биш дуулгавартай байх гэдгийг санаарай (1 Сам. 15:22).
12. Бетелээс гарах нь Заинад ямар санагдсан бэ?
12 Ойрх Дорнодод амьдардаг Заина гэдэг Гэрч эмэгтэйн даалгавар өөрчлөгдөж, дуртай ажлаа хийхээ больжээ. Тэрбээр 23 жил Бетелд үйлчилсэн боловч дараа нь талбайд томилсон. Заина: «Томилолт өөрчлөгдөхөд би их цочирдсон. Ямар ч хэрэггүй хүн болсон юм шиг санагдаад “Би ямар алдаа гаргасан юм бол?” гэж өөрөөсөө асуухад хүрсэн» гэжээ. Харамсалтай нь хурлынх нь зарим ах дүүс: «Чи сайн ажиллаж байсан юм бол Бетелээс чамайг гаргахгүй байх байсан» гэж хэлэн сэтгэлийг нь бүр их шархлуулсан. Заина нэг хэсэг сэтгэлээр маш их унаснаасаа болоод бараг шөнө болгон уйлдаг болсон байна. Гэхдээ тэрбээр: «Харин би Еховагийн хайр болон байгууллагад нь хэзээ ч эргэлзэж байгаагүй» гэжээ. Заина хэрхэн ухаалаг байсан бэ?
13. Заина муу юм бодохоо болихын тулд яасан бэ?
13 Заина муу юм бодохоо больсон. Яаж? Тэрбээр өөрт нь учирсан бэрхшээлтэй холбоотой өгүүллүүдийг байгууллагын хэвлэлээс уншсан. Жишээ нь даалгавар нь өөрчлөгдөхөд Библийн бичээч Маркад ямар санагдсаныг болон хэрхэн дасан зохицсоныг тайлбарласан өгүүллийг уншсан. Тэрбээр цааш нь «Маркийн жишээ сэтгэл засах эм болсон» хэмээн дурсжээ. Тэрбээр зожгироогүй, өөрийгөө өрөвдөөд л суугаагүй, найзуудтайгаа хамт байсан. Ехова агуу хүчээрээ байгууллагаа удирдан чиглүүлдэг бөгөөд удирдах үүрэг гүйцэтгэдэг эрчүүд чин сэтгэлээсээ санаа тавьдгийг өөрийн биеэр мэдэрчээ. Мөн Еховагийн ажлыг гүйцэтгэхийн тулд байгууллага нь чадах бүхнээ хийдгийг ойлгосон.
14. Владо ямар өөрчлөлтөд дасан зохицохыг хичээсэн бэ? Юуг бодоод дасан зохицож чадсан бэ?
14 Хоёр хурлыг нэгтгэж өөрийнх нь танхимд цуглаан хийхгүй болоход Словенийн 73 настай ахлагч Владод хэцүү санагдсан. Тэрбээр: «Ийм сайхан танхимд яагаад цуглаан хийхгүй болсныг би ерөөсөө ойлгоогүй. Саяхан засварласан болохоор үнэхээр харамссан. Би дархан хүн л дээ. Тэгээд зарим тавилгыг нь хийсэн. Бас хурлуудын зохион байгуулалт ийн өөрчлөгдсөн учраас над шиг өндөр настай дэлгэрүүлэгчдэд хэцүү байсан ч дасан зохицох шаардлагатай болсон» гэж ярьжээ. Зааврыг дэмжихэд Владод юу тус болсон бэ? Тэрбээр: «Еховагийн байгууллагад гардаг өөрчлөлтүүдэд дасан зохицох нь дандаа ивээл авчирдаг. Эдгээр өөрчлөлтийн ачаар бид ирээдүйн илүү том өөрчлөлтөд бэлэн болдог» гэжээ. Хурлуудыг нэгтгэх юм уу шинэ даалгавар өгөхөд та бас дасан зохицох гэж хичээж байна уу? Танд ямар санагдаж байгааг Ехова ойлгодогт итгээрэй. Хэрэв та ийм өөрчлөлтийг дэмжиж, Ехова болон байгууллагад нь үнэнч байвал заавал ивээл хүртэнэ (Дуу. 18:25).
АЛИВААД УХААЛАГ ХАНДААРАЙ
15. Хурал дотроос бэрхшээл гарвал хэрхэн ухаалаг байх вэ?
15 Энэ ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр хурал дотроос бэрхшээл гарах нь ойлгомжтой. Ийнхүү Еховад үнэнч байх эсэх маань соригдож болох юм. Тиймээс бид ухаалаг байх хэрэгтэй. Итгэл нэгтэн тань муугаар хандвал бүү уурлаарай. Хэрэв таныг сахилгажуулбал ичиж зовохын оронд зөвлөгөөг дуртайяа дагаж, өөрчлөгдөөрэй. Харин Еховагийн байгууллагаас тантай хамаатай өөрчлөлт гаргавал чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, зааврыг нь дагаарай.
16. Ехова болон байгууллагад нь итгэсээр байхын тулд яах вэ?
16 Үнэнч байх эсэх нь соригдоход та Ехова болон байгууллагад нь бат итгэсээр байж чадна. Ингэхийн тулд ухаалаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тайван байж, саруул ухаанаар бодож, бүхнийг Еховатай адил харахыг хичээх учиртай. Таныхтай адилхан бэрхшээлийг давсан, Библид гардаг хүмүүсийн тухай судалж эргэцүүлэн бодоорой. Бас Еховагаас тусламж гуйн залбираарай. Хурлынхнаасаа хэзээ ч бүү зожгироорой. Тэгвэл юу ч тохиолдсон Сатан таныг Ехова болон байгууллагаас нь холдуулж чадахгүй (Яак. 4:7).
ДУУ 51 Бид Еховад үнэнч
a Бэрхшээл хурал дотроос гарвал Ехова болон байгууллагад нь үнэнч байх эсэх маань соригддог. Энэ өгүүллээр эдгээр бэрхшээлийн гурвыг нь ярилцаж үнэнч байхын тулд юу хийхийг авч үзнэ.
b Зарим нэрийг өөрчлөв.
c Өрхийн тэргүүн хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор мал төхөөрөх болбол хуулийн дагуу түүнийгээ сүмд авчрах ёстой байв. Гэхдээ сүмээс хэтэрхий хол амьдардаг бол ингэх шаардлагагүй байлаа (Д.хууль 12:21).