Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49

Бид мөнх амьдарна

Бид мөнх амьдарна

«Тэд мөнхийн амьтай болно» (ЁОХ. 17:3).

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

ТОЙМ a

1. Биднийг мөнх амьдруулна гэсэн Еховагийн амлалтыг эргэцүүлэн боддог бол яах вэ?

 ЕХОВА өөрт нь дуулгавартай хүмүүст «мөнх амь» өгөхөө амласан (Ром 6:23). Энэ бэлгийнх нь талаар эргэцүүлэн бодохоор Еховаг улам бүр хайрлах нь гарцаагүй. Бодоод үз дээ. Тэнгэрийн Эцэг бидэнд маш их хайртай учраас үргэлж хамт байхыг хүсдэг.

2. Мөнх амьдрах амлалт бидэнд тустай гэхийн учир юу вэ?

2 Мөнх амьдруулна гэсэн Еховагийн амлалт өнөөгийн бидэнд сорилтыг тэвчихэд тустай. Дайснууд амь насанд маань халдана гэж сүрдүүлсэн ч Еховад үйлчлэхээ болихгүй. Яагаад гэвэл бид үхэн үхтэлээ үнэнч байвал Ехова мөнх амьдрах найдвартайгаар амилуулна (Ёох. 5:28, 29; 1 Кор. 15:55–58; Евр. 2:15). Мөнх амьдарна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Дараах шалтгаануудыг ярилцъя.

ЕХОВА ҮҮРД МӨНХ ОРШДОГ

3. Ехова биднийг үүрд мөнх амьдруулна гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ? (Дуулал 102:12, 24, 27)

3 Ехова Амийн эх булаг бөгөөд мөнхөд оршдог Бурхан учраас биднийг ч мөнх амьдруулах чадвартай билээ (Дуу. 36:9). Ехова үргэлж байсан бөгөөд цаашид ч байсаар байх болно гэдгийг батлах Библийн хэдэн зүйлийг анхааръя. Дуулал 90:2-т Еховаг «үүрдээс үүрд» оршино гэж бий. Мөн 102-р дуулалд бас үүнтэй адилхан утгатай үг байдаг (Дуулал 102:12, 24, 27 уншина). Зөнч Хабаккук тэнгэрийн Эцгийн маань талаар «Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү? [«Та», ШЕ] үхэхгүй» гэжээ (Хаб. 1:12).

4. Ехова мөнхөд оршин байсан гэдгийг ойлгохгүй бол санаа зовох хэрэг байна уу? Тайлбарлана уу.

4 Танд Ехова «Мөнхийн Бурхан» гэдгийг ойлгоход хэцүү санагддаг уу? (Ис. 40:28). Ингэж бодох нь аргагүй л дээ. Елиху Бурхны тухай «Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй» гэж хэлсэн (Иов 36:26). Гэхдээ бид ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал энэ нь худлаа гэсэн үг биш. Гэрлийн талаар бид бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тэгвэл гэрэл байхгүй гэсэн үг гэж үү? Мэдээж үгүй! Үүнтэй адилаар бид Ехова үргэлж байсан бөгөөд цаашид ч байсаар байх болно гэдгийг сайтар ойлгохгүй байж болох юм. Гэхдээ энэ нь Бурхан мөнхөд оршдог гэдгийг үгүйсгэх шалтгаан биш. Бидний ойлголтоор Бурхны хязгаар хэмжигдэхгүй (Ром 11:33–36). Орчлонт ертөнц, түүний дотор гэрлийн эх үүсвэр болсон нарнаас ч өмнө Бурхан оршин байсан. Ехова: «Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгосон» гэж батлан хэлсэн. Тийм ээ, тэрбээр «тэнгэрүүдийг тэлэхээс» бүр өмнө оршин байсан (Иер. 51:15; Үйлс 17:24). Бид мөнх амьдрах боломжтой гэдэгт итгэх бас нэг шалтгаан юу вэ?

БИД ҮҮРД МӨНХ АМЬДРАХААР БҮТЭЭГДСЭН

5. Анхны хүмүүн хосод ямар найдвар байсан бэ?

5 Ехова дэлхий дээрх амьтай бүхэнд амьдрах хязгаар тогтоосон. Харин хүмүүст хэзээ ч үхэхгүй байх найдвар өгсөн. Гэхдээ Ехова Адамд анхааруулан «Чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж хэлсэн (Эх. 2:17). Адам Ева хоёр Еховад дуулгавартай байсан бол тэд үхэхгүй байх байлаа. Ехова хэзээ нэгэн цагт тэр хоёрт «амийн модны жимснээс» идэхийг зөвшөөрнө гэж төлөвлөж байсан нь ойлгомжтой. Энэ нь тэдний хувьд мөнх насална гэсэн баталгаа юм (Эх. 3:22). b

6, 7. а) Хүн үхэхгүйгээр амьдрах ёстой байсныг юугаар нотолж болох вэ? б) Та мөнх амьдрахаараа юу хийнэ гэж бодож байна вэ? (Зургийг үзээрэй).

6 Бидний тархи амьдралынхаа туршид цуглуулж чадах мэдээллээс хамаагүй ихийг хадгалах чадвартайг зарим эрдэмтэн судалж тогтоосон нь сонирхол татдаг. Шинжлэх ухааны мэдээлэл нийтэлдэг америк сэтгүүлийн 2010 оны нэг өгүүлэлд бидний тархины багтаамж ойролцоогоор 2,5 сая гегабайт хэмжээтэй гэж тооцоолсныг тэмдэглэжээ. Энэ нь телевизээр 3 сая цаг (300 гаруй жил) тасралтгүй үргэлжлэх нэвтрүүлэгтэй тэнцэх хэмжээ юм. Энэ тооцоо ч үнэндээ бидний тархины хүчин чадлыг дутуу үнэлсэн байх магадлалтай. Үүнээс харахад Ехова бидний тархийг зөвхөн 70, 80 жилийн туршид олж авах мэдээллээс илүү ихийг хадгалах чадвартайгаар бүтээсэн нь тодорхой (Дуу. 90:10).

7 Ехова биднийг үхэхгүйгээр амьдрах чин хүсэлтэйгээр бүтээсэн. Библид Ехова хүмүүсийн «зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» гэж байдаг (Ном. 3:11). Үхлийг дайсан гэж үздэгийн нэг шалтгаан нь энэ юм (1 Кор. 15:26). Бид хүнд өвчин тусахаараа юу ч хийлгүй үхлээ хүлээгээд суудаг гэж үү? Үгүй ээ. Эмчид хандан өвчнөө илааршуулах зорилгоор эм авч уудаг. Үнэндээ үхэхгүйн тулд боломжтой бүхнийг хийдэг. Залуу ч бай, настай ч бай дотнын хүн маань нас барахаар бид удаан хугацаагаар эмгэнэн гашууддаг биз дээ! (Ёох. 11:32, 33). Хайр халамжтай Бүтээгч мөнх амьдруулах зорилгогүй байсан бол биднийг үүрд мөнх амьдрах хүсэлтэй, бололцоотойгоор бүтээхгүй байх байсан. Гэхдээ мөнх амьдарна гэдэгт эргэлзэлгүй итгэх өөр шалтгаанууд ч бий. Ехова анхны санаа зорилгоо өөрчлөөгүйг урьд нь юу хийсэн, одоо юу хийж байгаагаас нь мэдэж авъя.

Мөнх амьдрах найдвар өвөрлөсөн бид ирээдүйд юу хийхээ эргэцүүлэн бодохоор баярладаг (7-р догол мөрийг үзээрэй) c

ЕХОВА САНАА ЗОРИЛГОО ӨӨРЧЛӨӨГҮЙ

8. Исаиа 55:11-д Еховагийн санаа зорилгын талаар юу гэж байдаг вэ?

8 Адам Ева хоёр нүгэл үйлдээд үр хүүхдүүд нь үхдэг болсон ч Ехова анхны санаа зорилгоо өөрчлөөгүй (Исаиа 55:11-ийг уншина). Ехова юу хийж, хэлснээс нь үзвэл үнэнч хүмүүсийг мөнх амьдруулах санаа зорилго нь хэвээрээ гэдгийг мэдэж болно.

9. Бурхан юу гэж амласан бэ? (Даниел 12:2, 13).

9 Ехова нас барагсдыг амилуулна, бас мөнх амьдрах боломж олгоно гэж амласан (Үйлс 24:15; Тит 1:1, 2). Амилуулах чин хүсэлтэй гэдэгт үнэнч Иов бат итгэдэг байв (Иов 14:14, 15). Нас барагсдыг мөнх амьдрах найдвартайгаар амилуулна гэдгийг зөнч Даниел бас мэддэг байжээ (Дуу. 37:29; Даниел 12:2, 13-ыг уншина). Ехова үнэнч үйлчлэгчдэдээ «мөнх амийг» өвлүүлнэ гэдгийг Есүсийн үеийн иудейчүүд ч мэддэг байсан (Лук 10:25; 18:18). Есүс энэ амлалтын тухай олон удаа ярьж байв. Эцэг нь түүнийг амилуулсан (Мат. 19:29; 22:31, 32; Лук 18:30; Ёох. 11:25).

Елиша нас барсан хүнийг амилуулсан нь юунд итгэхэд тустай вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Хүмүүсийг амилуулсан түүх юуг баталдаг вэ? (Зургийг үзээрэй).

10 Ехова бол Амь өгөгч бөгөөд нас барагсдыг амилуулах чадалтай. Тэрбээр зөнч Елиад Зарефатын бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулах хүч өгсөн (Х.дээд 17:21–23). Хожим нь зөнч Елиша Бурхны тусламжтайгаар шунем эмэгтэйн хүүг амилуулсан (Х.дэд 4:18–20, 34–37). Энэ бүхэн Ехова хүмүүсийг амилуулах чадалтай гэдгийг баталдаг. Есүс дэлхий дээр байхдаа ийм хүчийг Эцэг нь өөрт нь өгсөн гэдгийг харуулсан (Ёох. 11:23–25, 43, 44). Одоо Есүс тэнгэрт байгаа бөгөөд «тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг» Бурхнаас авсан. Тиймээс «дурсамжийн булшинд байгчдыг» бүгдийг нь амилуулж, мөнх амьдрах боломж олгоно гэсэн амлалтаа биелүүлж чадна (Мат. 28:18; Ёох. 5:25–29).

11. Золиосны ачаар мөнх амьдрах боломжтой болсон гэхийн учир юу вэ?

11 Ехова яагаад хайрт хүүгээ тарчилж үхэхийг зөвшөөрсөн бэ? Есүс энэ асуултад хариулан «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэжээ (Ёох. 3:16). Бурхан бидний нүглийг уучлахын тулд Хүүгийнхээ амийг золиос болгон өгч мөнх амьдрах боломжтой болгосон (Мат. 20:28). Бурхны санаа зорилготой холбоотой энэ чухал зүйлийг элч Паул тайлбарлахдаа «Нэг хүнээс болж үхдэг болсон тул нэг хүний ачаар амилна. Учир нь Адамаас болж бүгд үхдэг шиг Христийн ачаар бүгд амилна» гэжээ (1 Кор. 15:21, 22).

12. Ехова санаа зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

12 Есүс дагалдагчдадаа Бурхны Хаант төр ирээсэй, Бурхны хүсэл таалал дэлхий дээр биелээсэй гэж залбирахыг заасан (Мат. 6:9, 10). Хүмүүсийг дэлхий дээр мөнх амьдруулах нь Бурхны санаа зорилгын нэг хэсэг юм. Үүний төлөө Бурхан Хүүгээ Мессиагийн Хаант төрийн Хаанаар томилсон. Есүс Бурхны санаа зорилгын төлөө ажиллана. Бурхан Хүүтэй нь хамтран ажиллах 144 000 хүнийг дэлхийгээс цуглуулж байна (Илч. 5:9, 10).

13. Ехова одоо юу хийж байгаа вэ? Та хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

13 Эдүгээ Ехова «үй олон хүнийг» цуглуулж, Бурхны Хаант төрийн удирдлага дор хэрхэн амьдрахыг зааж байгаа (Илч. 7:9, 10; Яак. 2:8). Үй олон хүний тоонд багтдаг бид үзэн ядалт, дайн дажнаас болж хуваагдсан ертөнцөд амьдардаг ч ямар ч шалтгаанаар, хэнийг ч үзэн ядахгүй байхыг хичээдэг. Бид аль хэдийнээс бэлгэдлийн утгаар илдээ анжисны хошуу болгож байгаа (Мика 4:3). Хүмүүсийн амь насыг бүрэлгэх дайнд оролцдоггүй. Харин ч тэдэнд жинхэнэ Бурхан болон санаа зорилгынх нь тухай зааж «жинхэнэ амьтай» болоход нь тусалдаг (1 Тим. 6:19). Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийн бай болсон ч, Бурхны Хаант төрийг дэмждэгээсээ болж мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсан ч Ехова зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр хангадаг (Мат. 6:25, 30–33; Лук 18:29, 30). Энэ бүхнээс үзвэл Бурхны Хаант төр үнэхээр оршдог бөгөөд Бурхны санаа зорилгыг биелүүлсээр байх нь тодорхой.

САЙХАН ИРЭЭДҮЙ

14, 15. Үхэл үүрд үгүй болно гэсэн Еховагийн амлалт хэрхэн биелэх вэ?

14 Есүс одоо тэнгэрт байдаг Бурхны Хаант төрийн Хаан бөгөөд Бурхны бүх амлалтыг биелүүлнэ (2 Кор. 1:20). 1914 оноос эхлэн дайснуудаа ялсаар байна (Дуу. 110:1, 2). Удахгүй тэрбээр хамтран захирагчидтайгаа хорон муу бүхнийг устгаж бүрэн гүйцэд ялна (Илч. 6:2).

15 Есүс мянган жил засаглах үедээ нас барагсдыг амилуулж, Еховад дуулгавартай хүмүүсийг төгс болгоно. Эцсийн сорилтын дараа Еховагийн дүгнэснээр зөв шударга гэж тооцогдсон хүмүүс «газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуу. 37:10, 11, 29). Тэгээд «сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» гэдэг нь үнэхээр сайхан амлалт юм (1 Кор. 15:26).

16. Еховад үйлчлэх гол шалтгаан нь юу байх ёстой вэ?

16 Мөнх амьдрах найдвар Бурхны Үгэнд үндэслэснийг ойлгож авлаа. Бид найдварын ачаар эцсийн өдрүүдийн энэ хэцүү цагт Бурханд үнэнч байж чаддаг. Гэхдээ Еховад таалагдъя гэвэл амьд үлдэхийг хүсэхээс илүү Ехова болон Есүсийг гэсэн хайрандаа хөтлөгдөн үнэнч байх ёстой (2 Кор. 5:14, 15). Тийм ч учраас тэднийг дуурайж, найдварын талаар хүмүүст ярьдаг (Ром 10:13–15). Өгөөмөр, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байж сурвал Еховагийн үүрдийн найз болно (Евр. 13:16).

17. Хүн нэг бүр яах ёстой вэ? (Матай 7:13, 14).

17 Бид мөнх амьдрах хүмүүсийн дунд байх болов уу? Ехова ийм боломжийг олгосон (Матай 7:13, 14-ийг уншина). Одоо тэгэхээр мөнх амь руу хөтлөх зам дээр бат зогсох эсэх нь биднээс л шалтгаална. Мөнх амьтай болсон үед амьдрал ямар байх бол? Энэ тухай дараагийн өгүүллээр үзье.

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

a Та мөнх амьдарна гэж боддог уу? Нэг л өдөр үхнэ гэж зовохгүйгээр амьдрах цаг ирнэ гэсэн амлалтыг Ехова бидэнд өгсөн. Энэ өгүүллээр Ехова амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж болох хэдэн шалтгааныг ярилцана.

b  «Библид гардаг “үүрд” гэдэг үг» гэсэн хавсралтыг үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч эрэгтэй ирээдүйд мөнх амьдрахаараа юу хийхээ төсөөлөн бодож байна.