Skip to content

Гарчиг руу орох

Та «дэлхийг өвлөн авахаар» бэлдэж байна уу?

Та «дэлхийг өвлөн авахаар» бэлдэж байна уу?

«НОМХОН дөлгөөн хүн жаргалтай. Учир нь тийм хүн дэлхийг өвлөн авна» гэсэн Есүсийн зөгнөл биелэх цагийг бид бүгдээрээ тэвчин хүлээдэг (Мат. 5:5). Дэлхийг өвлөн авагсдын тоонд Есүстэй хамт тэнгэрээс захирах тослогдсон хүмүүс багтдаг (Илч. 5:10; 20:6). Христийн бусад дагалдагч бас багтдаг. Үнэнч тэд дэлхий дээрээ амар тайван, аз жаргалтай амьдарч төгс болно. Ингэхийн тулд тэд чухал ажил хийх ёстой. Дэлхийг эзэмших, амилсан хүмүүсийг хэрэгтэй бүхнээр нь хангах болон сургах гэсэн 3 ажлын тухай бодож үзье. Ирээдүйд хийх эдгээр ажилд оролцох хүсэлтэйгээ өнөөдөр яаж харуулах вэ?

ДЭЛХИЙГ ЭЗЭМШИХЭД БЭЛДЭХ НЬ

Ехова хүмүүст «Газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» гэж тушаасан нь дэлхийг тэр чигээр нь диваажин болгоно гэсэн үг байлаа (Эх. 1:28). Дэлхий дээр мөнх амьдрах хүмүүс энэ тушаалыг дагах ёстой. Ирээдүйд тэлж өргөжүүлэх Еден цэцэрлэг шиг диваажин одоо байхгүй. Тиймээс бид Хармагедоноор эвдэрч сүйрсэн дэлхийгээ цэвэр цэмцгэр болгохын тулд маш их ажиллах шаардлагатай болно. Үнэхээр нүсэр ажил хүлээж байгаа биз?

Энэ нь Вавилоноос гарч нутагтаа буцаж ирсэн израйлчуудын хийж байсан ажлыг санагдуулдаг. Тэнд үндсэндээ 70 жил хүн амьдраагүй байв. Гэхдээ тэд газар нутгаа сэргээж чадах байлаа. Учир нь Исаиагийн зөгнөсний дагуу Ехова ивээх юм. Энэ тухай «Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь эзний цэцэрлэг мэт болгоно» гэж зөгнөжээ (Ис. 51:3). Израйлчуудын ажил ч амжилттай байв. Үүнтэй адилаар дэлхийг өвлөгчид Еховагийн тусламжтайгаар дэлхийгээ үзэсгэлэн төгөлдөр диваажин болгоно. Та тэр ажилд оролцох хүсэлтэй бол одооноос батлаарай.

Батлах нэг арга нь гэр орон болон эргэн тойрноо аль болох цэвэр цэмцгэр, эмх замбараатай байлгах явдал юм. Энэ нь хөршүүдийн ямар байгаагаас хамаарахгүй. Мөн цуглаан болон чуулганы танхимаа цэвэрлэж, арчилж тордоход хувь нэмэр оруулж болно шүү дээ. Хэрвээ боломжтой бол гамшиг болоход итгэл нэгтнүүддээ сайн дураараа туслахын тулд анкет бөглөөрэй. Ингэвэл та шаардлага гарвал туслахад бэлэн гэдгээ харуулна. Дэлхий дээр үүрд мөнх амьдрах тэр цагт хэрэг болох чадварыг одооноос эзэмшээрэй.

АМИЛСАН ХҮМҮҮСИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД БЭЛДЭХ НЬ

Есүс Яирын охиныг амилуулангуутаа идэх юм өг гэдэг (Марк 5:42, 43). 12 настай охинд хоол өгөх нь хүнд ажил биш ээ. Гэхдээ «дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсоод гарч ирнэ» гэж хэлсэн Есүсийн амлалт биелэх тэр цагт ямар их ажил өрнөхийг бодоод үз дээ (Ёох. 5:28, 29). Библид энэ талаар нарийвчлан бичээгүй ч амилсан хүмүүсийг хоол хүнс, орон байр, хувцас хунараар хангах зэрэг ажил их байх нь ойлгомжтой. Та туслахад бэлэн гэдгээ одоо ч харуулмаар байна уу? Дараах асуултыг бодож үзээрэй.

Та дэлхийг өвлөж авах бэлтгэлтэй байхын тулд өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ?

Дүүрэг хариуцагч танай хуралд эргэлт хийх тухай зарлахад хоолонд урьдаг уу? Тусгай бүрэн цагаар үйлчилдэг бетелчин талбайд томилогдвол эсвэл дүүрэг хариуцагч цаашид үргэлжлүүлэн үйлчлэх боломжгүй болбол та тэдэнд орон байр олоход нь туслах боломжтой юу? Хэрвээ танай нутагт бүсийн юм уу тусгай чуулган болбол та чуулганы өмнө юм уу дараа сайн дураараа ажиллах эсвэл холоос ирсэн итгэл нэгтнүүдээ угтаж авах зэргээр тэдэндээ туслах боломжтой юу?

АМИЛСАН ХҮМҮҮСИЙГ СУРГАХАД БЭЛДЭХ НЬ

Үйлс 24:15-д бичсэнээр олон тэрбум хүн амилна. Тэдний дунд нас барахаасаа өмнө Еховаг таньж мэдээгүй хүмүүс олон бий. Харин амилуулахлаар ийм боломжтой болно. a Бурханд үнэнч, туршлагатай үйлчлэгчид амилсан хүмүүст зааж сургана (Ис. 11:9). Европ, Өмнөд Америк, Африкт үйлчилж байсан Шарлот тэр цагийг тэсэн ядан хүлээдэг. Тэрбээр: «Би амилсан хүмүүсийг сургах цагийг хүлээдэг. Нас барсан зарим хүний амьдралын тухай уншихлаар “Хэрвээ энэ хүн Еховагийн тухай мэдсэн бол амьдрал нь шал өөр байх байсан даа” гэж боддог. Нас барсан хүмүүсийг амилахлаар Еховагийн тухай, Еховад үйлчилбэл хэчнээн сайхан амьдрах боломжтойг ярьж өгөхийг тэвчин хүлээдэг» хэмээн баяр хөөр болон ярьжээ.

Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан Еховагийн үнэнч үйлчлэгчдэд ч сурах юм их гарна. Өөрөө ойлгоогүй ч бичсэн зөгнөл нь хэрхэн биелснийг Даниелд тайлбарлаж өгөх нь хэчнээн их завшаантай, баяртай хэрэг байх бол оо! (Дан. 12:8). Бас Рут Наоми хоёрт тэдний үр удмаас Мессиа гарсныг мэдүүлэх нь ямар сайхан бэ! Энэ бузар ертөнцийн дарамт шахалт болон саад болох зүйлгүйгээр дэлхий даяар бүх хүнд зааж сургах нь хэчнээн сайхан ажил гээч!

Та амилсан хүмүүсийг сургах энэ ажлыг хийхэд бэлдэж байгаагаа өнөөдөр хэрхэн харуулж болох вэ? Нэг арга нь сайн багш болохын тулд чадах бүхнээ хийж тогтмол дэлгэрүүлэх явдал юм (Мат. 24:14). Өндөр нас юм уу бусад шалтгааны улмаас сэтгэлд хүртлээ дэлгэрүүлж чадахгүй байлаа ч чадахыгаа хийдэг бол ирээдүйд нас барагсдыг сургахад бэлдэж байгаа хэрэг юм.

Тэгэхээр дараах чухал асуултуудыг бодож үзээрэй. Та дэлхийг өвлөж авъя гэж үнэхээр хүсэж байна уу? Газар дэлхийг эзэмших, амилсан хүмүүсийн хэрэгцээг хангах, тэднийг сургах тухай бодохоор сэтгэл тань догдолж байна уу? Та дэлхийг өвлөн авах тэр цагт хийх ажилтай төстэй ажилд одооноос оролцдог бол бэлтгэл хангаж байгаа гэсэн үг юм!

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2022 оны 9-р сарын дугаарт гарсан «“Олныг зөв шударга байдалд авчрах” нь» өгүүллийг үзээрэй.