Уншигчдын асуулт
Дуулал 61:8-д байгаа Бурхны нэрийг «мөнхөд» магтан алдаршуулна гэсэн дуулалч Давидын үг хэтрүүлэг юм уу биелэхгүй зүйл байсан уу?
Үгүй. Давид үнэн бөгөөд биелэх зүйлийг хэлсэн.
Давид энэ болон үүнтэй төстэй өөр зүйлд юу гэж бичсэнийг үзье. «Өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна», «Миний Бурхан Эзэн, би бүх зүрхээрээ Танд талархаж Таны нэрийг мөнхөд алдаршуулна», «Таны нэрийг үүрд мөнхөд магтана» хэмээн дуулжээ (Дуу. 61:8; 86:12; 145:1, 2).
Давидын хэлсэн эдгээр үг өөрийгөө хэзээ ч үхэхгүй гэсэн утга агуулаагүй, хэтрүүлэг ч биш юм. Тэрбээр хүн нүгэлтэйн улмаас үхдэг гэсэн Бурхны үгийг мэддэг бөгөөд өөрийгөө ч нүгэлтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан (Эх. 3:3, 17–19; Дуу. 51:4, 5). Бас Бурхны сайшаалыг хүртсэн Абрахам, Исаак, Иаков зэрэг хүмүүс ч үхсэнийг болон өөрөө ч хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэдэж байсан (Дуу. 37:25; 39:4). Тэгэхээр Дуулал 61:8-д Бурхнаа үүрд мөнх алдаршуулах буюу амьд явах бүхий л хугацаандаа Бурхнаа алдаршуулах чин хүсэлтэйгээ, мөн тийм шийдвэр гаргаснаа Давид илэрхийлжээ (2 Сам. 7:12).
«Дуулал» номын 18, 51, 52-р бүлгийн оршлыг үзвэл Давид заримдаа амьдралдаа тохиолдсон явдлыг бичжээ. 23-р дуулалд Еховаг удирдлага заавар өгдөг, сэтгэл сэргээдэг, хамгаалдаг хоньчинтой зүйрлэсэн. Өөрөө ч ийм л хоньчин байсан. Тэгээд ч «насан туршдаа» Бурхандаа үйлчлэхийг хүссэн (Дуу. 23:6).
Гэхдээ Ехова Давидыг агуу хүчээрээ удирддаг байсан. Тиймээс Давид ирээдүйд биелэх зөгнөл ч бичжээ. Жишээлбэл 110-р дуулалд «[Бурхны] баруун гар талд сууж» буй Эзнийгээ агуу эрх мэдэлтэй болохыг хэлсэн байдаг. Эрх мэдэлтэй болохоороо яах вэ? Бурхны дайснуудыг дарж, дэлхий дээрх «үндэстнүүдийн дунд шүүнэ». Тэнгэрээс захирах «мөнхийн тахилч» тэрхүү Мессиагийн өвөг эцэг нь Давид байсан (Дуу. 110:1–6). Есүс ч 110-р дуулалд бичсэн зөгнөл өөрийнх нь тухай бөгөөд ирээдүйд биелэхийг батлан хэлсэн (Мат. 22:41–45).
Тийм ээ, Ехова агуу хүчээрээ удирдаж Давидыг амьд байх үе болон ирээдүйн тухай бичүүлсэн. Давид амилахаараа Ехова Бурхнаа үүрд мөнхөд алдаршуулна. Тэгэхээр Дуулал 37:10, 11, 29-д бичсэн зөгнөл эртний Израйлын үед ч биелсэн, ирээдүйд ч дэлхий даяар биелнэ (Энэ сэтгүүлд буй «Чи надтай хамт диваажинд байх болно» гэсэн өгүүллийн 8-р догол мөрийг үзээрэй).
Тэгэхээр Дуулал 61:8-д бичсэн зүйл болон үүнтэй төстэй зүйлүүд нь эртний Израйлд амьдарч байсан Давид үхэн үхтэлээ, бас ирээдүйд амилуулагдсаныхаа дараа Еховаг үүрд мөнхөд алдаршуулах хүсэлтэйг нь илэрхийлжээ.