Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50

«Чи надтай хамт Диваажинд байх болно»

«Чи надтай хамт Диваажинд байх болно»

«Өнөөдөр би батлан хэлье. Чи надтай хамт Диваажинд байх болно» (ЛУК 23:43).

ДУУ 19 Бурхны амласан Диваажин

ТОЙМ a

1. Есүс амиа алдахаасаа өмнө хажууд нь байсан гэмт хэрэгтэнд юу гэж хэлсэн бэ? (Лук 23:39–43).

 ЕСҮС болон хоёр гэмт хэрэгтэн шонд хадуулж ихэд тарчлан зовсоор амиа алдах гэж байлаа (Лук 23:32, 33). Тэд Есүсийн шавь биш гэдэг нь доромжилж байснаас нь харагддаг (Мат. 27:44; Марк 15:32). Гэхдээ нэг нь хандлагаа өөрчилж «Есүс ээ, та Хаан болохлоороо намайг санаарай» гэж хэлдэг. Тэгэхэд Есүс: «Өнөөдөр би батлан хэлье. Чи надтай хамт Диваажинд байх болно» хэмээжээ (Лук 23:39–43-ыг уншина). Энэ гэмт хэрэгтэн Есүсийн дэлгэрүүлдэг байсан «Бурхны Хаант төрийн» тухай сайн мэдээг хүлээж авсан гэж Библид байхгүй. Бас Есүс түүнийг Хаант төрийн бүрэлдэхүүнд орно гэж хэзээ ч хэлээгүй (Мат. 4:17). Харин дэлхий дээр бий болох диваажингийн тухай ярьсан. Яагаад ингэж хэлж болох вэ?

Есүстэй ярилцсан гэмт хэрэгтэн ямар үндэстэн байсан бэ? Юу мэддэг байсан бэ? (2, 3-р догол мөрийг үзээрэй)

2. Гэмшсэн гэмт хэрэгтэн иудей хүн байсныг юунаас нь мэдэх вэ?

2 Гэмшсэн гэмт хэрэгтэн иудей хүн байсан бололтой. Тэрбээр нөгөөдөхдөө «Чи яг адилхан шийтгүүлж байгаа атлаа Бурхнаас огт айхгүй байна уу?» хэмээжээ (Лук 23:40). Иудейчүүд ганц л Бурхныг шүтдэг байсан. Харин бусад үндэстэн олон бурханд итгэдэг байв (Ег. 20:2, 3; 1 Кор. 8:5, 6). Хэрвээ гэмт хэрэгтнүүд өөр үндэстэн бол «Чи бурхдаас огт айхгүй байна уу?» гэж асуух байсан. Түүнчлэн Есүсийг өөр үндэстэн рүү бус «төөрсөн хонь мэт израйлчууд» руу илгээсэн (Мат. 15:24). Бас Бурхан израйлчуудад нас барагсдыг амилуулна гэж хэлсэн. Үүнийг гэмшсэн гэмт хэрэгтэн мэддэг байсан бололтой. Мөн Ехова Есүсийг амилуулж Хаант төрийн Хаан болгоно гэж боддог нь гэмт хэрэгтний хэлсэн үгнээс харагдаж байна. Тэрбээр Бурхан бас намайг амилуулаасай гэж хүсэж байсан байх.

3. Есүс диваажингийн тухай дурдахад гэмт хэрэгтэн юуны тухай бодсон бол? Тайлбарлана уу (Эхлэл 2:15).

3 Гэмшсэн гэмт хэрэгтэн иудей хүн учраас Адам Ева хоёрыг, бас Ехова тэдэнд зориулж диваажинг бий болгосныг мэддэг байсан нь лавтай. Тиймээс Есүс диваажин гэдгээр дэлхий дээр байх үзэсгэлэнт цэцэрлэгийг хэлсэн гэж итгэж байсан байх (Эхлэл 2:15-ыг уншина).

4. Гэмт хэрэгтэнд хэлсэн Есүсийн үгийг эргэцүүлбэл өөрийн эрхгүй юу бодогдох вэ?

4 Гэмт хэрэгтэнд хэлсэн Есүсийн үгийг эргэцүүлбэл диваажинд амьдрал ямар байх бол гэж өөрийн эрхгүй бодогдоно. Соломон хаан захирч байхад амар амгалан ноёлж байснаас диваажингийн тухай зарим нэг зүйлийг мэдэх боломжтой. Библид Есүсийг Соломоноос агуу гэдэг. Тиймээс Есүс хамтран захирагчидтайгаа дэлхийг үзэсгэлэнт диваажин болгоно гэдэгт бид итгэдэг (Мат. 12:42). Диваажинд үүрд амьдрахын тулд яах ёстойг «өөр хоньд» мэдэхийг хүсдэг нь ойлгомжтой (Ёох. 10:16).

ДИВААЖИНД АМЬДРАЛ ЯМАР БАЙХ БОЛ?

5. Диваажин дахь амьдралыг та хэрхэн төсөөлдөг вэ?

5 Диваажин дахь амьдралыг та хэрхэн төсөөлдөг вэ? Еден цэцэрлэгтэй адил сайхан цэцэрлэгт хүрээлэн бодогдох байх (Эх. 2:7–9). «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна» гэсэн Микагийн зөгнөлийг санах байх (Мика 4:3, 4). Бас хоол хүнс элбэг дэлбэг болно гэсэн Библийн зүйл сэтгэлд тань буух байх (Дуу. 72:16; Ис. 65:21, 22). Тиймээс та сайхан цэцэрлэгт хүрээлэнд янз бүрийн амттай хоол хүнсээр дүүрэн ширээний ард сууж байгаагаар өөрийгөө төсөөлж болох юм. Цэцэг ногоо анхилсан цэвэр агаараар амьсгална. Та гэр бүлийнхэн, найз нөхөд, амилсан хүмүүстэй хамт ярилцаж, инээж хөхрөлдөнө. Энэ бүхэн зөвхөн мөрөөдөл биш, харин ирээдүйд дэлхий дээр биелэх нь гарцаагүй. Түүнчлэн диваажинд хүн бүхэн баяр хөөртэй ажиллана.

Бид амилсан хүмүүст заах чухал ажил хийнэ (6-р догол мөрийг үзээрэй)

6. Бид диваажинд юу хийх вэ? (Зургийг үзээрэй).

6 Ехова биднийг ажил хийж баяр баясгалантай байхаар бүтээсэн (Ном. 2:24). Бид Христийн Мянган жилийн засаглалын үед зав чөлөөгүй ажиллана. Агуу их гамшгийг давсан болон амилсан сая сая хүнд хоол хүнс, хувцас хунар, амьдрах орон байр хэрэгтэй. Иймээс бид хэрэгцээг нь хангахын тулд олон янзын ажлыг баяр хөөртэй хийнэ. Адам Ева хоёр дэлхийгээ арчлан тордох ёстой байсан шиг бид ч дэлхийгээ диваажин болгох ёстой. Юутай завшаантай хэрэг вэ! Амилагсдад Ехова болон санаа зорилгынх нь тухай зааж, харин Есүсийг дэлхий дээр ирэхээс олон жилийн өмнө амьдарч байсан үнэнч хүмүүст мэдлэгээ арвижуулахад нь тусална. Ямар сайхан ажил вэ!

7. Бид юунд итгэлтэй байж болох вэ? Яагаад?

7 Бид диваажинд амар тайван, хангалуун амьдарч, зохион байгуулалт сайтай байна. Яагаад үүнд итгэлтэй байж болох вэ? Учир нь Хүүгээр нь удирдуулбал амьдрал ямар байхыг Ехова аль хэдийн зах зухаас нь харуулсан. Үүнийг Соломон хааны захиргаан дор ард түмэн нь яаж амьдарч байснаас мэдэж болно.

СОЛОМОН ХААНЫ ҮЕИЙН АМЬДРАЛ ДИВААЖИНГИЙН ЖИШЭЭ

8. Дуулал 37:10, 11, 29-д байдаг Давидын зөгнөл хэрхэн биелсэн бэ? (Энэ сэтгүүл дэх «Уншигчдын асуулт»-ыг үзээрэй).

8 Ирээдүйд мэргэн ухаантай, үнэнч хааны үед амьдрал ямар байхыг Давид агуу хүчний удирдлагаар бичсэн (Дуулал 37:10, 11, 29-ийг уншина). Бид диваажингийн тухай хүмүүст ярихдаа Дуулал 37:11-ийг уншиж өгөх нь олонтоо. Энэ ч их оносон зүйл. Учир нь үүнийг Есүс «Ууланд айлдсан номлол»-доо эш татаж ирээдүйд биелэхийг хэлсэн (Мат. 5:5). Харин Давидын энэ үг Соломон хааны үед амьдрал ямар байхыг бас илэрхийлдэг. Соломон Израйлыг захирч байх үед Бурхны ард түмэн «сүү балаар урссан» нутагт амар амгалан амьдарч, улс орон нь хөгжин бадарч байв. Бурхан: «Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алх[вал] ... та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно» гэжээ (Лев. 20:24; 26:3, 6). Дээрх амлалтууд Соломон хааны үед биелсэн (Ш.дээд 22:9; 29:26–28). Гэхдээ хорон санаатай хүмүүс «үгүй болно» гэсэн амлалт бас бий (Дуу. 37:10). Тэгэхээр Дуулал 37:10, 11, 29-д бичсэн зөгнөл эрт үед ч биелсэн, ирээдүйд ч биелнэ.

9. Соломон хааны үеийн амьдралыг үзээд Шебагийн хатан хаан юу гэж хэлсэн бэ?

9 Соломон хааны үед израйлчууд амар тайван амьдарч, улс орон нь хөгжин цэцэглэж байгааг Шебагийн хатан хаан сонсдог. Тэгээд сонссоноо очиж харахын тулд хол замыг туулж Иерусалим руу явжээ (Х.дээд 10:1). Үзсэнийхээ дараа «Миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. ... Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!» гэж хэлдэг (Х.дээд 10:6–8). Соломон хааны үед ард түмэн нь амар тайван, сайхан амьдарч байсан. Гэхдээ Бурхны Хүү Есүс удирдах цагт Еховагийн ивээлээр хүн төрөлхтөн хэчнээн сайхан амьдрахтай харьцуулах аргагүй.

10. Есүс Соломоноос юугаараа агуу вэ?

10 Есүс бүх талаараа Соломоноос агуу. Соломон төгс бус хүн бөгөөд нэг бус удаа ноцтой алдаа гаргаж, Бурхны ард түмэн үр дагаврыг нь амссан. Харин Есүс алдаа гаргадаггүй төгс Удирдагч юм (Лук 1:32; Евр. 4:14, 15). Сатаны дааж давшгүй сорилтын өмнө ч өвдөг сөгдөөгүй, Еховад үнэнч байсан. Есүс хэзээ ч нүгэл үйлдэхгүй, үнэнч ард иргэддээ ямар ч хохирол учруулахгүйгээ баталсан. Ийм сайн хаантай байна гэдэг нь үнэхээр гайхалтай завшаан.

11. Есүст хэн туслах вэ?

11 Есүс 144 000 хамтран захирагчидтайгаа хүн төрөлхтөнд санаа тавьж дэлхийн талаарх Еховагийн санаа зорилгыг биелүүлнэ (Илч. 14:1–3). 144 000-ыг бүрдүүлдэг эрэгтэй эмэгтэй хүмүүс дэлхий дээр амьдарч байхдаа олон янзаар соригдож, зовсон учраас биднийг сайн ойлгоно. Тэд ямар үүрэг гүйцэтгэх вэ?

ТОСЛОГДОГСОД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ВЭ?

12. Ехова 144 000 хүнд ямар ажил даалгах вэ?

12 Есүс болон хамтран захирагчид нь Соломоны хийж байснаас хавьгүй ихийг хийнэ. Израйлын хаан нэг улсын хэдхэн сая хүнд санаа тавих үүрэгтэй байсан бол Хаант төрийн захирагчид дэлхий даяар амьдрах олон тэрбум хүнд санаа тавина. Ехова 144 000 хүнд ямар агуу завшаан олгоо вэ!

13. Есүс болон хамтран захирагчид нь онцгой ямар үүрэг гүйцэтгэх вэ?

13 144 000 хүн Есүстэй адилаар хаан ба тахилч болно (Илч. 5:10). Мосегийн хуулиар бол тахилчид ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна Бурхантай дотносоход нь туслах үүрэгтэй. Хууль бол «ирэх сайн юмсын сүүдэр» учраас Есүс болон хамтран захирагчид нь ард түмнийг нь эрүүл саруул байлгаж, Бурхантай дотносоход нь туслах онцгой үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой (Евр. 10:1). Энэ хаад болон тахилчид дэлхий дээр амьдрах Хаант төрийн ард иргэдтэй хэрхэн харилцахыг одоохондоо мэдэхгүй. Гэхдээ Ехова бүх юмыг зохицуулж, дэлхий дээр байгаа ард иргэддээ удирдлага заавар өгнө гэдэгт итгэлтэй байна (Илч. 21:3, 4).

«ӨӨР ХОНЬД» ДИВААЖИНД АМЬДАРЪЯ ГЭВЭЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

14. «Өөр хоньд» болон Христийн ах дүүс ямар харилцаатай вэ?

14 Есүс өөртэй нь хамт захирах хүмүүсийг «өчүүхэн сүрэг» гэсэн (Лук 12:32). Тэрбээр «өөр хоньд» болох 2-р бүлэг хүний тухай бас хэлсэн. Энэ 2 бүлэг хүн бол нэг сүрэг юм (Ёох. 10:16). Тэд аль хэдийн хамтран ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд дэлхий дэх диваажинд ч хамтран ажиллана. Мэдээж тэр үед «өчүүхэн сүрэг» нь тэнгэрээс захирна, харин «өөр хоньд» нь мөнх амьдрах найдвар өвөрлөн дэлхий дээрээ амьдарна. Диваажинд үүрд амьдрахын тулд «өөр хоньд» одоо яах ёстой вэ?

Ирээдүйн диваажинд амьдрах бэлтгэлээ одооноос хийж эхлээрэй (15-р догол мөрийг үзээрэй) b

15. а) «Өөр хоньд» Христийн ах дүүстэй хэрхэн хамтран ажилладаг вэ? б) Эмийн сангийн ажилтанд дэлгэрүүлж буй Гэрч эрэгтэйг хэрхэн дуурайх вэ? (Зургийг үзээрэй).

15 Гэмшсэн гэмт хэрэгтэн Есүст талархсанаа бүрэн гүйцэд илэрхийлж амжаагүй. Харин «өөр хоньд» болох бидэнд Есүст талархлаа илэрхийлэх олон боломж бий. Жишээлбэл тослогдсон ах дүүсийг нь дэмжиж Есүст хайртайгаа илэрхийлэх боломжтой. Тэднийг дэмждэг эсэхээс шалтгаалаад Есүс хоньдыг шүүнэ гэсэн (Мат. 25:31–40). Христийн ах дүү нарыг дэмжих нэг арга нь дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцох явдал юм (Мат. 28:18–20). Ингэхийн тулд бид «Үүрд жаргалтай амьдраарай!» ном зэрэг Библийн хичээл хийхэд зориулсан гарын авлагуудыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Хэрэв та одоо Библийн хичээлгүй бол Библийн хичээл хийх саналыг аль болох олон хүнд тавихыг зориорой.

16. Бурхны Хаант төрийн иргэн байхын тулд яах хэрэгтэй вэ?

16 Бид Еховагийн таалалд нийцдэг хүн болъё гэвэл дэлхий диваажин болохоос өмнө эхлэх хэрэгтэй. Яг одооноос үг хэл, үйл хэргээрээ шударга хүн гэдгээ харуулж, сайн хэвшилтэй болохыг хичээх учиртай. Бас Еховад, ханьдаа, итгэл нэгтнүүддээ үнэнч байх хэрэгтэй. Ёс бус энэ ертөнцөд байхдаа Бурхны хэм хэмжээний дагуу амьдраад сурчихвал диваажинд ч хэм хэмжээг нь дагахад амар байна. Мөн ур чадвараа сайжруулж, сайхан зан чанартай болбол диваажинд амьдрах бэлтгэлээ хангана. Энэ сэтгүүлд буй «Та “дэлхийг өвлөн авахаар” бэлдэж байна уу?» гэсэн өгүүллийг үзээрэй.

17. Бид өмнө нь үйлдсэн нүглээсээ болж санаа зовоод л явах ёстой юу? Тайлбарлана уу.

17 Хэрвээ та өмнө нь ноцтой нүгэл үйлдсэнээсээ болж санаа зовж явдаг бол түүнийгээ мартаарай. Золиос төлөгдсөн юм чинь гээд «санаатайгаар нүгэл үйлдэж» хэрхэвч болохгүй нь мэдээж (Евр. 10:26–31). Гэхдээ үнэн голоосоо гэмшиж, Ехова болон ахлагчдаас тусламж авч, биеэ зөв авч явдаг болсон бол Ехова бүрмөсөн уучилсан гэдэгт итгээрэй (Ис. 55:7; Үйлс 3:19). Есүс Фарисайчуудад «Би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэж хэлснийг санаарай (Мат. 9:13). Золиос нь бидний нүглийг бүрэн халхлах хүчтэй.

ТА ДИВААЖИНД ҮҮРД МӨНХ АМЬДАРНА

18. Та Есүсийн хажууд байсан гэмт хэрэгтэнтэй юуны тухай ярилцмаар байна вэ?

18 Есүстэй ярьсан гэмт хэрэгтэнтэй та диваажинд уулзлаа гэж бодъё. Мэдээж та хоёр Есүсийн золиосонд талархдагаа ярилцах байх. Бас Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн мөчийг яаж өнгөрүүлснийг болон «Чи надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлэхэд нь ямар санагдсанаа ярьж өгөөч гэж гуйх байх. Нөгөөтээгүүр тэрбээр Сатаны тогтолцооны сүүлчийн өдрүүдэд амьдрал ямар байсныг танаас асуух байх. Үүн шиг хүмүүстэй Бурхны үгийг судлах нь ямар их завшаантай хэрэг байх бол оо! (Эф. 4:22–24).

Чадвараа сайжруулна гэж бодож байсан Гэрч эрэгтэйн хүсэл Мянган жилийн засаглалын үед биелж байна (19-р догол мөрийг үзээрэй)

19. Диваажинд бид хэзээ ч уйдахгүй гэхийн учир юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

19 Диваажинд уйдна гэж ерөөсөө байхгүй. Бид янз янзын хүмүүстэй үргэлж уулзаж, утга учиртай ажил хийнэ. Хамгийн сайхан нь өдөр бүр тэнгэрийн Эцгийнхээ тухай ихийг мэдэж авч, өгсөн бүхэнд нь талархаж сэтгэл хангалуун амьдарна. Түүний тухай сурах мэдэх юм хэзээ ч дуусахгүй. Мөн бүтээлийнх нь тухай ч таньж мэдэх юм маш их бий. Урт наслах тусам Бурхнаа улам их хайрлана. Диваажинд үүрд мөнх амьдруулна гэж амласан Ехова, Есүст бид талархаад баршгүй!

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

a Диваажинд амьдрал ямар байх бол гэж та хааяа боддог уу? Ингэж бодох нь сайн. Ехова ирээдүйд бидний төлөө юу хийхийг бодох тусам шинэ ертөнцийн тухай мэдээг бусдад урам зоригтой ярина. Энэ өгүүлэл диваажингийн талаарх Есүсийн амлалтад бат итгэлтэй болоход тустай.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Амилсан хүмүүст заах хүсэлтэй Гэрч эрэгтэй одоо ч хүмүүст зааж байна.