Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Эмч байхаас илүү чухал ажил

Эмч байхаас илүү чухал ажил

«ТА ХОЁРЫН ярьсан шиг байгаасай гэж би багаасаа л мөрөөдсөн!» Би 1971 онд өөрийнхөө хоёр өвчтөнд сэтгэл хөдлөн ингэж хэлж байсан юм. Тухайн үед мэргэшсэн шинэ эмч болоод эмнэлгээ нээгээд удаагүй байлаа. Тэр хоёр өвчтөн хэн байсан бэ? Би юу мөрөөдөж байсан бэ? Тэр хоёртой ярилцаад амьдралд минь юу илүү чухал болсноо, бас багын маань мөрөөдөл удахгүй биелнэ гэдэгт яагаад итгэдэг болсноо ярьж өгье.

Би 1941 онд Францын Парист төрсөн. Манайх тийм ч бэл бэнчинтэй айл биш байв. Би сурах дуртай хүүхэд байсан. Тиймээс 10-тайдаа сүрьеэ өвчин тусаад сургуульд явж чадахгүй болсондоо ямар их сэтгэлээр унасан гээч! Уушгиндаа ачаалал өгөхгүйн тулд хэвтэрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөсөн. Тиймээс хэдэн сарын турш толь бичиг шагайж, Парисын их сургуулийн боловсролын радио хөтөлбөрийг сонсдог байв. Нэг өдөр эмч маань намайг эдгэлээ, сургуульдаа явж болно гэхэд би бөөн баяр болсон. Би: «Эмч нарын ажил ямар гайхалтай юм бэ!» гэж бодож билээ. Тэр цагаас хойш өвчтэй хүмүүсийг эдгээхийг мөрөөддөг болсон. Аав маань: «Чи том болоод юу болмоор байна?» гэж асуухад би дандаа «Эмч болно» гэж хариулдаг байв. Ингээд эмч болох нь миний хувьд хамгийн чухал зүйл болов.

ШИНЖЛЭХ УХААНЫГ СУДЛААД БУРХАНД ОЙРТСОН МИНЬ

Манайх католик шашинтай байв. Гэхдээ Бурхны тухай бараг мэддэггүй, бас хариуг нь олж чадахгүй олон асуулт надад байлаа. Анагаахын их сургуульд ороод шинжлэх ухаан судалж эхэлснээс хойш л амьтай бүхэн бүтээгдсэн гэдэгт итгэдэг болсон.

Би алтанзул цэцгийн эсийг микроскопоор анх харснаа санадаг юм. Эсүүд халуун хүйтнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалдгийг хараад би үнэхээр гайхсан. Бас эсийн цитоплазм нь давстай усанд агшиж, цэвэр усанд өргөсдөгийг ажигласан. Энэ болон бусад олон чадварын ачаар амьд биетүүд орчиндоо дасдаг байх нь. Эс болгон ямар нарийн бүтэцтэйг хараад амьтай бүхэн санаандгүй бий болох боломжгүйг ойлгосон.

Анагаахын 2-р курст сурч байхдаа Бурхан оршин байдгийн өөр олон нотолгоог мэдэж авсан. Анатомийн хичээлээр бид хүний гарын шууны бүтцийг үзээд энэ нь хуруунуудын хөдөлгөөнд яаж нөлөөлдгийг сурч мэдлээ. Булчин ястайгаа хэрхэн холбогддог болон яаж ажилладаг нь үнэхээр гайхалтай. Гарын шууны булчингийн нэг шөрмөс нь хурууны хоёр дахь үе орчимд салаалаад тэр ясанд бэхлэгддэг. Бас нэг шөрмөс нь салаалсан энэ шөрмөсний дундуур ороод хурууны өндөг буюу нэгдүгээр үений ясанд бэхлэгддэг. Бас шөрмөсийг ястай параллел байлгадаг бат бөх эд бий. Ийм бүтэцтэй учраас гарын хуруунууд хөдөлж чаддаг. Энэ бүхнийг мэдээд хүний биеийг бүтээсэн мэргэн ухаантай Нэгэн байдгийг ойлгож авав.

Дөнгөж төрсөн хүүхэд анх яаж амьсгалдгийг мэдэж аваад Бүтээгчийг бүр их биширсэн. Ураг эхийн хэвлийд байхдаа хүйгээр дамжуулан хүчилтөрөгчөөр хангагддаг. Уушгин дотор байдаг бөмбөлөг хэлбэртэй цулцангуудад агаар хараахан ороогүй байдаг. Хүүхэд төрөх дөхөхөд цулцангуудын доторх гадаргуу нь тослог шингэнээр бүрхэгддэг. Хүүхэд төрөөд анхны амьсгалаа авахын тулд дараах сонирхолтой зүйлүүд болдог. Нярайн зүрхний тосгуур хоорондын цоорхой хаагдаж цус уушги руу явдаг. Энэ чухал мөчид тослог шингэний ачаар цулцангуудын доторх гадаргуу нь хоорондоо наалдахгүй, цулцангууд агаараар хурдан дүүрч хийлэгддэг. Энэ бүхэн хормын төдийд болж өнгөрөхөд хүүхэд өөрөө амьсгалах чадвартай болдог.

Ийм гайхалтай зүйлсийг бүтээсэн Нэгний тухай мэдэх хүсэл бадарсан. Тиймээс би Библийг нухацтай уншиж эхлэв. 3 000 гаруй жилийн өмнө Бурхан Израйлын ард түмэнтэй гэрээ байгууж, эрүүл ахуй, ариун цэврийн талаар хууль өгснийг уншаад их гайхсан. Ялгадсаа газар ухаж булах, гараа тогтмол угаах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг тусгаарлахыг тушаажээ (Лев. 13:50; 15:11; Д.хууль 23:13). Өвчин хэрхэн тархдагийг эрдэмтэд сүүлийн 150 жилийн хугацаанд л олж нээсэн. Бас «Левит» номд бичсэн бэлгийн эрүүл ахуйн тухай хуулиуд Израйлын ард түмнийг бүхэлд нь эрүүл байхад тустай байсныг мэдэж авав (Лев. 12:1–6; 15:16–24). Тэгээд Бүтээгч эдгээр хуулийг израйлчуудын сайн сайхны төлөө өгсөн бөгөөд хуулийг дагадаг хүмүүсийг ивээдэг байжээ гэж дүгнэсэн. Би Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт итгэсэн ч нэрийг нь мэддэггүй байв.

ЭХНЭРТЭЙ БОЛЖ, ЕХОВАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ

Лиди бид хоёр хурмынхаа өдөр, 1965 оны 4 сарын 3

Их сургуульд сурч байхдаа Лиди гэдэг бүсгүйтэй танилцаж, хайртай болсон. Сурч байхдаа л, 1965 онд бид гэрлэсэн. Тэгээд 1971 он гэхэд манайх 3 хүүхэдтэй болсон байв. Дараа нь эхнэр маань дахиад 3 хүүхэд төрүүлсэн. Лиди ажил дээр ч, гэрт ч сайн туслагч минь байсан.

Би нэг эмнэлэгт 3 жил ажилласны дараа хувийн эмнэлгээ нээгээд удаагүй байхад оршилд дурдсан эхнэр нөхөр хоёр манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм. Би нөхөрт нь эмийн жор бичих гэж байхад эхнэр нь: «Эмч ээ, цус ороогүй эм бэлдмэл бичиж өгөөч» гэв. Би гайхаад «Юу гэнэ ээ? Яагаад?» гэхэд тэрбээр: «Бид Еховагийн Гэрчүүд юм» гэлээ. Би Еховагийн Гэрчүүдийн тухай, цусны талаар ямар үзэл бодолтой байдгийг нь ерөөсөө мэддэггүй байв. Эмэгтэй яагаад цус хэрэглэдэггүйгээ Библид үндэслэн тайлбарласан (Үйлс 15:28, 29). Тэгээд тэр хоёр Бурхны Хаант төр бэрхшээл, өвчин, үхлийг хэрхэн дуусгавар болгохыг ярьж өгсөн (Илч. 21:3, 4). «Та хоёрын ярьсан шиг байгаасай гэж би багаасаа л мөрөөдсөн! Хүмүүсийг өвчнөөс ангижруулахын тулд эмч болсон» гэж би дуу алдав. Миний сэтгэл маш их хөдлөөд бид цаг хагас ярилцсан. Тэр хоёр ч явсан, би ч католик шашинтан байхаа болъё гэж шийдсэн. Миний биширч явсан Бүтээгч бол нэртэй, нэр нь Ехова гэдгийг мэдэж авсан!

Тэр хоёр манай эмнэлэгт гурван удаа ирсэн, тэр болгонд бид цаг гаруй ярилцсан. Би Библийг илүү сайн мэдэхийн тулд тэднийг гэртээ урив. Лиди бидэнтэй хамт Библи судлахыг зөвшөөрсөн ч багаасаа заалгасан католик шашны зарим сургаал буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байв. Тиймээс би сүмийн нэг санваартныг гэртээ урьсан юм. Бид харанхуй шөнө болтол сүмийн сургаалыг Библид бичсэнтэй тулгаж үзээд ярилцав. Үүний ачаар Лиди Еховагийн Гэрчүүд үнэнийг заадаг гэдэгт итгэсэн. Үүнээс хойш Еховаг гэсэн бидний хайр улам лавширсаар, 1974 онд хоёулаа баптисм хүртсэн.

ЕХОВАГ ХАМГИЙН ЧУХАЛД ҮЗЭХ БОЛСОН МИНЬ

Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг мэдэж аваад амьдралдаа юуг хамгийн чухалд үзэх ёстойгоо ойлгов. Еховад үйлчлэх нь Лиди бид хоёрын хувьд хамгийн чухал ажил болсон. Хүүхдүүдээ ч Библийн хэм хэмжээний дагуу өсгөж хүмүүжүүлэхээр шийдлээ. Тэдэндээ Еховаг болон бусдыг хайрлахыг заасан. Ингэсний ачаар бид хоорондоо маш дотно болсон (Мат. 22:37–39).

Лиди бид хоёр ямар ч шийдвэр гаргасан санал нэгтэй байв. Үүнийг хүүхдүүд маань хэрхэн хүлээж авсныг санахлаар заримдаа инээд хүрдэг юм. Тэд Есүсийн «“За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай» гэснийг гэрийнхээ дүрэм болгосныг мэддэг байв (Мат. 5:37). Жишээ нь, охидынхоо нэгийг 17-той байхад нь залуустай гадуур зугаалахыг Лиди зөвшөөрөөгүй юм. Тэгтэл залуусын нэг нь: «Ээж чинь зөвшөөрөхгүй бол аавдаа хэлээд үз» гэжээ. Харин охин маань: «Ингээд ч нэмэргүй. Аав ээж хоёр дандаа санал нэгтэй байдаг юм» гэсэн байна. Тийм ээ, үнэхээр ч манай 6 хүүхэд эхнэр бид хоёрыг Библийн зарчмыг хэрэгжүүлэхдээ санал нэгтэй байдгийг мэддэг байв. Хүүхдүүд маань гэр бүлтэй болж, манайх улам өнөр өтгөн болсон. Одоо олуулаа Еховад үйлчилж байгаадаа маш их талархдаг.

Би Еховад үйлчлэхийг хамгийн чухалд үздэг болсон ч эмчийн мэргэжлээ ашиглаад Бурхны ард түмэнд тусалъя гэж бодов. Тиймээс Парист, дараа нь Лувье дэх шинэ Бетелд эмчээр үйлчилсэн. Бетелд цагаар үйлчлээд одоо бараг 50 жил болж байна. Энэ хугацаанд олон итгэл нэгтэнтэйгээ маш дотно болсон. Тэдний зарим нь одоо 90 гарч байгаа. Нэг сонирхолтой явдал болов. Нэгэн шинэ бетелчинтэй уулзсан чинь би түүнийг 20 жилийн өмнө эх барьж авсан байв!

ЕХОВА АРД ТҮМНЭЭ МАШ ИХ ХАЛАМЖИЛДАГ

Он жил өнгөрөх тусам Ехова ард түмнээ байгууллагаараа удирдан чиглүүлж, халамжлан хамгаалж байгааг хараад Еховаг гэсэн миний хайр улам лавширсан. Удирдах Зөвлөл 1980-аад оны эхээр АНУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллах программ гаргасан. Энэ нь цус хийлгэхгүй гэсэн Гэрч өвчтний шийдвэрийг эмч болон эмнэлгийн ажилтанд ойлгуулах зорилготой байв.

Дараа нь 1988 онд Удирдах Зөвлөл Эмнэлгийн мэдээллийн алба гэсэн нэртэй шинэ хэлтсийг бий болгосон. Анхандаа энэ хэлтэс АНУ-д зохион байгуулагдсан Эмнэлэгтэй хамтран ажиллах хороог хариуцаж, цусгүй эмчилгээ хийх эмчийг олоход Гэрч өвчтөнд тусалдаг байв. Дараа нь Эмнэлэгтэй хамтран ажиллах хороо дэлхийн олон улсад, Францад ч байгуулагдсан. Еховагийн байгууллага өвчтэй ах дүү нарыг маань хэрэгтэй үед нь халамжилдгийг хараад сэтгэл их хөдөлсөн.

МӨРӨӨДӨЛ БИЕЛЖ БАЙНА

Бид Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлсээр байна

Эмч болох нь миний хувьд хамгийн чухал зүйл байв. Гэхдээ бодоод байсан чинь хүмүүсийг бэлгэдлийн утгаар эдгээх буюу амийн Эх булаг Ехова Бурхантай эвлэрэхэд нь туслах нь хамгийн чухал ажил болохыг ойлгосон. Би тэтгэвэрт гарсныхаа дараа Лидитэйгээ хамт байнгын эхлэгчээр үйлчилж эхэлсэн бөгөөд Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэхэд сар бүр олон цагийг зориулсан. Одоо ч гэсэн хүний амийг аврах энэ ажилд чадахаараа оролцож байна.

Лидитэйгээ хамт, 2021

Би өвчтэй хүмүүсийг анагааж эдгээхийн тулд одоо ч чадахаа хийж байна. Гэхдээ хамгийн сайн эмч ч бүх өвчнийг эдгээж үхлээс ангижруулж чадахгүй гэдгийг ойлгодог. Тийм болохоор өвчин зовлон, үхэл байхгүй болох тэр цагийг тэсэн ядан хүлээдэг. Удахгүй бий болох шинэ ертөнцөд Бурхны бүтээлийг, түүнчлэн гайхалтай бүтээгдсэн хүний биеийг мөнхөд судална. Үнэндээ багын минь мөрөөдлийн хагас нь биелсэн. Харин удахгүй 100 хувь биелнэ гэдэгт бат итгэдэг!