Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

Еховад хамгийн сайныгаа өгдөг хүн жаргалтай

Еховад хамгийн сайныгаа өгдөг хүн жаргалтай

«Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга» (ГАЛ. 6:4).

ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ

ТОЙМ a

1. Яадаг бол илүү их баяр баясгалантай байх вэ?

 ЕХОВА биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Бид ч үүнийг мэддэг. Яагаад гэвэл баяр баясгалан бол агуу хүчнийх нь нөлөөгөөр бий болдог зан чанар юм (Гал. 5:22). Авахаасаа өгөх нь илүү жаргалтай болохоор бид дэлгэрүүлэх ажилд өөрийгөө зориулж, ах дүүстээ янз бүрийн аргаар туслаад баяр баясгаланг зүрхээрээ мэдэрдэг (Үйлс 20:35).

2, 3. а) Галат 6:4-т бичсэн ямар хоёр зүйл Еховад баяр хөөртэй үйлчлэхэд тустай вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Элч Паул Галат 6:4 баяр хөөрөө алдахгүй байхад тустай хоёр зүйлийг дурдсан (уншина). Нэгдүгээрт, Еховад чадах бүхнээ өгөхийг зорих ёстой. Хамаг сайныгаа өгдөг бол бид аз жаргалаар бялхана (Мат. 22:36–38). Хоёрдугаарт, бид өөрсдийгөө бусадтай харьцуулах ёсгүй. Эрүүл саруул бие, сураад олж авсан мэдлэг, авьяас чадварынхаа ачаар их юм хийж чадвал Еховад л талархах учиртай. Бид бүх юмаа Еховагаас авсан шүү дээ. Нөгөөтээгүүр, дэлгэрүүлэхдээ аль нэг талаараа биднээс илүү нэгнээ хараад баярлах ёстой. Яагаад гэвэл тэд авьяас чадвараа өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө бус, Еховаг алдаршуулахын тулд ашигладаг. Тиймээс өрсөлдөхийн оронд тэднээс суралцах хэрэгтэй.

3 Энэ өгүүллээр, хүссэнээрээ үйлчилж чадахгүйгээсээ болоод сэтгэлээр унавал яахыг ярилцана. Авьяас чадвараа хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглахыг болон хүмүүсийн жишээнээс юу сурч авахыг бас үзнэ.

ХИЙЖ ЧАДАХ ЮМ ХЯЗГААРТАЙ БОЛ

Хэдэн настай байсан ч чадах бүхнээ хийвэл Еховаг баярлуулна (4–6-р догол мөрийг үзээрэй) b

4. Зарим хүн юунаас болоод сэтгэлээр унадаг вэ? Жишээ хэлнэ үү.

4 Зарим хүн өндөр нас, өвчин хуучаасаа болоод хүссэнээрээ Еховад үйлчилж чаддаггүй. Тэгээд сэтгэлээр унадаг. Кэролд ийм юм тохиолджээ. Тэрбээр өмнө нь хэрэгцээ ихтэй газарт үйлчилж байжээ. Тэр үед нийт 35 хүнтэй Библийн хичээл хийж, тэдний зарим нь ахиц гаргаж баптисм хүртсэн. Үнэхээр үр дүнтэй дэлгэрүүлж байсан. Гэтэл хүнд өвчин тусаж гэртээ байхаас өөр аргагүйд хүрэв. Кэрол: «Би өвчнөөсөө болоод бусад хүний хийдгийг хийж чадахгүй болсноо ойлгож байна. Гэхдээ тэдэнтэй өөрийгөө харьцуулаад сайн дэлгэрүүлэгч биш болжээ гэж бодсон. Хүсэл бодит байдал хоёр зөрчилдөхийг давж гарахад маш хэцүү юм билээ» гэжээ. Кэрол Еховагийн төлөө чадах бүхнээ хийхийг хүсэж байгаа нь үнэхээр магтууштай. Өрөвч сэтгэлтэй Бурхан маань зөв хандлагатай түүнийг өндөр үнэлдэг гэдэгт эргэлзэх юм алга.

5. а) Хүссэнээрээ үйлчилж чадахгүйгээсээ болоод сэтгэлээр унавал юуг санах ёстой вэ? б) Зураг дээр байгаа Гэрч эрэгтэй Еховагийн төлөө чадах бүхнээ хэрхэн хийсээр ирсэн бэ?

5 Хэрэв та хүссэнээрээ үйлчилж чадахгүйгээсээ болоод сэтгэлээр унасан бол Ехова танаас юу шаарддагийг бодоорой. Яг одоо хийж чадах юмаа хийгээсэй гэж хүсдэг. Дараах жишээг ярилцъя. 80 гарч байгаа Гэрч эмэгтэй 40 настай байсан шигээ дэлгэрүүлж чадахгүйгээсээ болоод сэтгэлээр унажээ. Тэрбээр чадах бүхнээ хийж байгаа ч гэсэн Еховаг тийм ч их баярлуулаагүй байх гэж боддог. Үнэхээр тийм гэж үү? Бодож үзье. Тэрбээр 40 настайдаа чадах бүхнээ хийсэн. 80 гарсан хойноо ч чадах бүхнээ хийж байгаа. Тэгэхээр чадах бүхнээ үргэлж хийж ирсэн гэсэн үг. Хэрэв дэлгэрүүлэх ажил минь Еховад тийм ч их таалагдаагүй байх аа гэж бодож эхэлбэл та дараах зүйлийг санаарай. Еховад юу таалагдахыг Ехова өөрөө л тогтоодог. Хэрэв чадах бүхнээ хийвэл Ехова таныг «Сайн байна!» гэж магтана (Матай 25:20–23-тай харьцуулаарай).

6. Мариагийн жишээнээс юу мэдэж авах вэ?

6 Чадахгүй юмыг бус, чадах юмаа анхаарвал бид баяр хөөртэй байна. Мариа гэдэг Гэрч эмэгтэйн тухай ярья. Тэрбээр өвчин тусаад өмнөх шигээ үйлчилж чадахаа больсон. Эхэндээ сэтгэлээр унаад хэрэггүй хүн болжээ гэж бодсон. Гэхдээ Мариа хэвтэрт байгаа хурлынхаа нэг эмэгтэйд туслахаар шийджээ. Тэрбээр: «Би түүнтэй утсаар, захиагаар дэлгэрүүлэхээр тохирсон. Хамт дэлгэрүүлэх болгондоо би тэр эгчид тусалж чадсандаа сэтгэл хангалуун, баяр баясгалантай гэртээ харьдаг байсан» гэжээ. Бид ч чадах юмаа анхаардаг бол улам баяр баясгалантай болно. Харин та Еховагийн төлөө илүү ихийг хийх чадвартай бол яах вэ?

АВЬЯАС ЧАДВАРАА ЕХОВАГИЙН ТӨЛӨӨ АШИГЛААРАЙ!

7. Элч Петр Христийн дагалдагчдад ач тустай ямар зөвлөгөө өгсөн бэ?

7 Элч Петр агуу хүчээр удирдуулан бичсэн эхний захидалдаа Бурхнаас авсан бэлэг буюу авьяас чадвараа итгэл нэгтнүүддээ зориулахыг уриалсан. Петр: «Янз янзаар илэрдэг Бурхны нигүүлслийг хүртдэг сайн нярав та нар Бурхнаас авсан бэлгийнхээ хэмжээгээр нэг нэгэндээ үйлчил» гэж бичжээ (1 Петр 4:10). Бид авьяас чадвараа бүрэн дайчлах ёстой. Ингэхдээ бусдад атаархал төрүүлэх вий, сэтгэлээр унагах вий гэж айгаад хойш суух учиргүй. Хойш суух юм бол Еховагийн төлөө чадах бүхнээ хийгээгүй хэрэг болно.

8. 1 Коринт 4:6, 7-д бичсэнээр бид яагаад авьяас чадвараараа сайрхах ёсгүй вэ?

8 Авьяас чадвараа бүрэн дайчлах хэрэгтэй ч өөрөөрөө сайрхахаас болгоомжлоорой (1 Коринт 4:6, 7-г уншина). Жишээлбэл та Библийн хичээл эхлэхдээ гарамгай байж болох юм. Мэдээж энэ чадвараа бүрэн ашиглах хэрэгтэй ч гайхуулж онгирох нь зохисгүй. Саяхан та нэг шинэ хичээлтэй болсон гэж бодъё. Энэ тухайгаа бүлгийнхэндээ яримаар санагдаж байгаа. Гэхдээ бүлгээрээ цугларсан чинь нэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлээд нэг сэтгүүл өгсөн гэж ярьжээ. Тэрбээр сэтгүүл өгсөн, харин та Библийн шинэ хичээлтэй болсон. Одоо яах вэ? Энэ тухайгаа яривал бүлгийнхэн баярлах нь гарцаагүй. Харин сэтгүүл өгсөн Гэрч эмэгтэйн баяр хөөрийг үгүй хийхгүйн тулд дараа тохиромжтой үед ярья гэж шийдэж болох юм. Энэ нь энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл мөн. Гэхдээ шинэ хичээлтэй болохыг хичээсээр байгаарай. Танд авьяас чадвар байгаа, үүнийгээ ашиглаарай!

9. Бид бэлгээ юуны төлөө ашиглах ёстой вэ?

9 Бидний төрөлхийн авьяас чадвар бол Бурхны өгсөн бэлэг гэдгийг санаж яваарай. Үүнийгээ мундаг гэж сайрхахын тулд бус, хурлынхныхаа сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй (Флп. 2:3). Бид хүч чадал, авьяас чадвараа Бурхны хүслийг биелүүлэхийн тулд ашигладаг бол өөрийнхөө үйлсэд баярлана. Яагаад гэвэл бид энэ бэлгээ бусдаас илүү гэдгээ нотлохын тулд биш, Бурхныг алдаршуулахын тулд ашигладаг учраас тэр юм.

10. Өөрийгөө бусадтай харьцуулах нь яагаад утгагүй вэ?

10 Хэрэв бид болгоомжтой байхгүй бол өөрийнхөө давуу талыг өрөөлийн сул талтай харьцуулах хандлагатай болж мэдэх юм. Жишээлбэл нэг Гэрч эрэгтэйг илтгэл сайн тавьдгаараа давуу гэж бодъё. Тэрбээр өөр Гэрчийг илтгэл тавихдаа надаас дор гэж дүгнэдэг байж болох юм. Харин илтгэл тавихдаа тааруу тэр Гэрч маш зочломтгой, хүүхдүүдээ сайн сургадаг, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг байж болно шүү дээ. Авьяас чадвартай олон ах дүүс маань бэлгээ Еховад үйлчлэх болон бусдад туслахын тулд зориулдагт бид талархаад баршгүй!

ХҮМҮҮСИЙН ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ

11. Бид яагаад Есүсийг дуурайхыг хичээх ёстой вэ?

11 Хэдийгээр бид өөрсдийгөө бусадтай харьцуулах учиргүй ч Бурхны үнэнч үйлчлэгчдээс ихийг сурна. Хамгийн гайхалтай жишээ үлдээсэн хүн бол Есүс юм. Бид түүн шиг төгс биш ч сайхан зан чанарууд болон үйл хэргээс нь ихийг сурах боломжтой (1 Петр 2:21). Түүнийг дуурайхын тулд чадах бүхнээ хийдэг бол бид Еховад илүү сайн үйлчилж, илүү сайн дэлгэрүүлдэг болно.

12, 13. Бид Давид хаанаас юу сурах вэ?

12 Бурхны Үгэнд дуурайвал зохих төгс бус олон эрэгтэй эмэгтэйн жишээ байдаг (Евр. 6:12). Давид хааны тухай бодож үзээрэй. Түүнийг Ехова «Сэтгэлд минь нийцдэг ... хүн» гэж хэлсэн. Үүнийг өөр нэг орчуулгад «Миний зүрх сэтгэлийн дагуух хүн» гэж байдаг (Үйлс 13:22). Гэхдээ Давид төгс бус хүн. Үнэндээ хэд хэдэн ноцтой алдаа гаргасан. Гэсэн ч бидэнд сайн үлгэр дуурайл болдог. Яагаад? Яагаад гэвэл алдааг нь хэлж өгөхөд тэрбээр өөрийгөө зөвтгөх гэж оролдоогүй. Харин хатуу сануулгыг хүлээн авч хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшсэн. Тийм учраас Ехова түүнийг уучилсан (Дуу. 51:3, 4, 10–12).

13 Давидаас суралцахын тулд дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Надад зөвлөгөө сануулга өгөхөд би яадаг вэ? Алдаагаа шууд хүлээн зөвшөөрдөг үү, эсвэл өөрийгөө зөвтгөхийг оролддог уу? Дандаа бусдыг буруутгах хандлагатай юу? Би алдаагаа давтахгүй байх гэж их хичээдэг үү?» Библиэс үнэнч эрэгтэй эмэгтэй бусад хүний тухай уншихдаа ч иймэрхүү асуултыг өөрөөсөө асуугаарай. Тэд таныхтай адилхан бэрхшээлтэй учирсан уу? Магтууштай ямар зан чанарыг илэрхийлсэн бэ? Эдгээр хүний тухай уншихдаа өөрөөсөө «Би яавал Еховагийн энэ үнэнч үйлчлэгчтэй илүү адилхан болох вэ?» гэж асуугаарай.

14. Бид итгэл нэгтнүүдээсээ хэрхэн суралцах вэ?

14 Хөгшин залуу гэлтгүй итгэл нэгтнүүдээ анхааралтай ажигладаг бол тэднээсээ ч суралцах боломжтой. Жишээлбэл, үе тэнгийнхний дарамт шахалт, гэр бүлийнхний эсэргүүцэл, эрүүл мэндийн доройтол зэрэг бэрхшээлтэй тулгарч буй хурлынхаа хүний тухай бодож үзээрэй. Магтууштай ямар зан чанарыг нь та дуураймаар байна вэ? Түүний сайн жишээг эргэцүүлж бодох юм бол тулгарч буй бэрхшээлээ хэрхэн давахыг мэдэж авч болох юм. Дуурайвал зохих, итгэлийн амьд жишээ болдог тэдэнтэй хамт үйлчилдэг маань ямар талархмаар хэрэг вэ! (Евр. 13:7; Яак. 1:2, 3).

ЕХОВАД ҮЙЛЧЛЭЭД ЖАРГАЛТАЙ БАЙГААРАЙ

15. Еховад жаргалтай үйлчлэхэд тустай ямар зөвлөгөөг элч Паул өгсөн бэ?

15 Хурал амар тайван, бүгдээрээ эв нэгдэлтэй байхын тулд хүн бүр чадах бүхнээ хийх учиртай. Христийн І зууны дагалдагчдын жишээг бодъё. Тэд янз бүрийн бэлэгтэй, үүрэг даалгавартай байсан (1 Кор. 12:4, 7–11). Гэхдээ үүнээсээ болоод өрсөлдөж, хагаралдаж байгаагүй. Паул ч тэдэнд «Христийн биеийг барьж байгуулахын» тулд мэрийхийг уриалсан. Тэрбээр бас Эфэс дэх дагалдагчдад «Эрхтэн бүр зөв ажилладаг бол хайрын сэтгэлээр өөрийгөө барьж байгуулахын зэрэгцээ биеийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг» гэж бичжээ (Эф. 4:1–3, 11, 12, 16). Паулын зөвлөгөөг дагасан хүмүүс хурлынхаа амар тайван, эв нэгдэлд хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр ч манай хурлууд амар тайван, бүгдээрээ эв нэгдэлтэй байдаг.

16. Бид яах ёстой вэ? (Еврей 6:10).

16 Өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхаар бат шийдээрэй. Есүсээс суралцаж, сайхан зан чанарыг нь дуурайгаарай. Библид бичсэн болон орчин үеийн итгэлийн жишээнээс суралцах нь ач тустай. «Шударга Бурхан [Ехова] та бүхний үйл хэрг[ийг] ... мартахгүй» гэдэгт итгэлтэй байж, чадах бүхнээ хийгээрэй (Еврей 6:10-ыг уншина). Ехова чадах бүхнээ хийж байгаа таныг хараад баярладгийг санаарай. Еховад үйлчлээд аз жаргалаар бялхаарай.

ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!

a Бид Еховад үйлчилж байгаа хүмүүсийг ажиглаад их юм сурдаг. Гэхдээ бусадтай өөрийгөө харьцуулахаас зайлсхийх ёстой. Энэ өгүүлэл баяр хөөрөө алдахгүй байхад маань тустай. Бусадтай өөрийгөө харьцуулаад бардамнах юм уу сэтгэлээр унахын урхинд орохоос хэрхэн зайлсхийхийг бас үзнэ.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй залуу байхдаа Бетелд үйлчилж байсан. Гэрлээд эхнэртэйгээ эхлэгчээр үйлчилжээ. Хүүхдүүдтэй болоод тэдэндээ хэрхэн дэлгэрүүлэхийг зааж өгсөн. Одоо, өндөр настай болоод захиагаар дэлгэрүүлж чадах бүхнээ хийсээр байна.