Skip to content

Гарчиг руу орох

Сэтгэлийн зовнилоо тэвчихийн тулд яах вэ?

Сэтгэлийн зовнилоо тэвчихийн тулд яах вэ?

ШАНАЛАЛ зовлон сэтгэлд бул хар чулуу болдог (Сур. 12:25). Та ийм сэтгэлийн түгшүүртэй байж үзсэн үү? Цаашид тэвчих арга алга гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш. Бидний олонх нь өвчтэй гэр бүлийнхнээ асрах, хайртай хүнээ үхэлд алдах, байгалийн гамшигт нэрвэгдэх зэрэг бэрхшээлээс болоод бие махбод, оюун ухаан болон сэтгэл санааны хувьд ядарч туйлдаж байсан. Сэтгэлийн зовнилоо тэвчихэд юу тус болох вэ? a

Давид хааны жишээнээс сэтгэлийн зовнилоо тэвчих талаар ихийг мэдэж авна. Тэрбээр амьд явахдаа янз бүрийн зовлон туулж, бүр үхэлтэй ч нүүр тулж байсан (1 Сам. 17:34, 35; 18:10, 11). Давид сэтгэлийн зовнилоо хэрхэн тэвчсэн бэ? Бид түүнийг яаж дуурайх вэ?

ДАВИД СЭТГЭЛИЙН ЗОВНИЛОО ТЭВЧСЭН НЬ

Давид олон янзын бэрхшээлтэй нэгэн зэрэг тулгарсан. Жишээ нь амийг нь хөнөөх гэж эрэлхийлж байсан Саул хаанаас зугтаж байхад юу тохиолдсоныг ярилцъя. Давид эрчүүдтэйгээ дайн тулаанаас буцаж ирээд ар гэрт нь юу болсныг хараад цочирдсон. Амалекчууд эд хөрөнгийг нь булаан авч, гэр орныг нь галдан шатааж, гэр бүлийнхнийг нь олзолж аваад явсан байв. «Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав». Даарин дээр давс гэгчээр итгэж явсан хүмүүс нь «Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан» нь түүний сэтгэлийг улам их зовоов (1 Сам. 30:1–6). Ингээд Давидад гурвын гурван бэрхшээл нэгэн зэрэг тулгарлаа. Гэр бүл нь аюулд өртөж, алахыг санаархсан өөрийнхөө хүмүүсээс айж, бас түүнийг Саул хаан ч мөшгөсөөр байв. Давидын сэтгэл санаа ямар хэцүү байсныг төсөөлөөрэй.

Харин Давид яасан бэ? Тэрбээр шууд «өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав». Яг яасан гэсэн үг вэ? Заншсан ёсоороо Еховагаас тусламж гуйн залбирч, өмнө нь өөрт нь хэрхэн тусалж байсныг нь эргэцүүлэн бодсон байх (1 Сам. 17:37; Дуу. 18:2, 6). Бас Еховагийн удирдлага заавар өөрт нь хэрэгтэйг Давид ойлгож байсан учир Еховагаас яах ёстойгоо лавладаг. Тэгээд удирдлага заавар авангуутаа түүний дагуу үйлдсэн. Еховагийн ивээлээр тэд гэрийнхнээ ч аварч, эд хөрөнгөө ч буцааж авчирчээ (1 Сам. 30:7–9, 18, 19). Давид гурван зүйл хийснийг анзаарсан уу? Еховагаас тусламж гуйн залбирч, өмнө нь өөрт нь хэрхэн тусалж байсныг нь эргэцүүлэн бодож, удирдлага зааврынх нь дагуу үйлдсэн. Бид Давидыг хэрхэн дуурайх вэ? Одоо түүний хийсэн гурван зүйлийг нэг бүрчлэн ярилцъя.

СЭТГЭЛ ЗОВНИХ ҮЕДЭЭ ДАВИДЫГ ДУУРАЙХ НЬ

1. Залбирах. Сэтгэл зовох болгонд бид Еховад залбирч тусламж, мэргэн ухаан гуйдаг. Ингэж дотор байгаа бүхнээ уудлан залбирахаар сэтгэл хөнгөрдөг. Харин бүх юмаа хэлэх боломжгүй үед дотроо товчхон залбирч болно. Еховагаас тусламж гуйн залбирах болгондоо «ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь» гэж хэлсэн Давидтай адил байдаг (Дуу. 18:2). Залбирах нь үнэхээр үр дүнтэй юү? Байнгын эхлэгчээр үйлчилдэг Калиа: «Залбирсныхаа дараа би тайвширснаа мэдэрдэг. Еховатай адил бодож, түүнд илүү их итгэдэг» гэжээ. Залбирал бол Еховагийн өгсөн бэлэг үнэхээр мөн бөгөөд үүний ачаар сэтгэлийн зовнилоо тэвчих хүчтэй болдог.

2. Эргэцүүлэн бодох. Еховагийн тусламжтайгаар л давж гарсан бэрхшээлээ санаарай. Ехова бидэнд болон бусад үйлчлэгчдэдээ өмнө нь хэрхэн тусалж байсныг бодохоор сэтгэлийн тэнхээтэй болж, түүнд итгэх итгэл маань батаждаг (Дуу. 18:17–19). Ахлагчаар үйлчилдэг Жошуа: «Ехова залбиралд минь хэрхэн хариулсныг би жагсааж бичдэг. Энэ нь хэрэгтэй юмыг маань Ехова өгч байсныг санахад тустай байдаг» гэжээ. Тийм ээ, Ехова бидний төлөө юу хийснийг эргэцүүлэн бодохоор санаа зовохоо больдог.

3. Үйлдэх. Шийдвэр гаргахаасаа өмнө найдвартай удирдлага заавар авахын тулд Бурхны Үгийг судлах хэрэгтэй (Дуу. 19:7, 11). Библийн ямар нэг эшлэлийг судлахлаар амьдралдаа яаж хэрэгжүүлэхийг илүү сайн мэдэж авдгаа олон хүн ойлгосон. Жаррод гэдэг ахлагч: «Судалгаа хийхлээр тухайн эшлэлийг олон талаас нь харж Ехова надад юу гэж хэлж байгааг ойлгодог. Тиймээс өгсөн удирдамжийг нь дагах хүсэл бадардаг» гэжээ. Тэгэхээр Библиэс Еховагийн удирдамжийг хайж олоод түүнийхээ дагуу үйлдвэл сэтгэл зовниж байсан ч тайвширч, дахин баяр хөөртэй болдог.

ЗОВНИЛОО ТЭВЧИХЭД ЕХОВА ТУСАЛНА

Сэтгэлийн зовнилоо тэвчихэд Еховагийн тусламж хэрэгтэй байдгийг Давид ойлгож байв. Тусламжийг нь маш өндөр үнэлдэг байсан учраас ийнхүү хэлжээ. «Бурхандаа түшиглэн би хана давж чадна. ... Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэдэг» (Дуу. 18:29, 32). Бидэнд тулгардаг бэрхшээл давж гарахын аргагүй хана мэт санагдаж болох юм. Гэхдээ Еховагийн тусламжтайгаар хана мэт бэрхшээлийг давж чадна! Тийм ээ, бид Еховагаас тусламж гуйн залбирч, бидний төлөө юу хийснийг нь эргэцүүлэн бодож, удирдлага зааврынх нь дагуу үйлддэг бол сэтгэлийн зовнилоо тэвчих тэнхээ, мэргэн ухааныг Ехова заавал өгнө!

a Хэтэрхий их зовж шаналаад байгаа хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай байж болох юм.