Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23

Еховаг хайрладаг хүн болоход нь хүүхдүүддээ туслаарай

Еховаг хайрладаг хүн болоход нь хүүхдүүддээ туслаарай

«Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» (МАТ. 22:37).

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

ТОЙМ a

1, 2. Амьдралд өөрчлөлт гарахаар Библийн зарим зарчим илүү чухал болдгийн учир юу вэ?

 СҮЙТ залуу бүсгүй хоёрын гэрлэх ёслолын үед ахлагч илтгэл тавьж, гэрлэхтэй холбоотой Библийн зарчмуудыг тайлбарлаж байна. Эдгээр зарчим нь шинэ биш ч энэ өдрөөс эхлэн тэдэнд илүү чухал болох юм. Яагаад гэвэл тэд одооноос энэ зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх болно.

2 Бас Гэрч гэр бүлүүд хүүхэдтэй болохлоор мэддэг байсан Библийн зарчмууд нь тэдэнд илүү чухал болдог. Тэд хүүхэд хүмүүжүүлэх талаарх илтгэлийг олон жил сонсож байсан. Харин одоо өөрсдөө хүүхэд хүмүүжүүлэх болжээ. Үнэхээр том хариуцлага биш гэж үү? Үнэндээ амьдралд өөрчлөлт гарахаар бид мэддэг байсан Библийн зарчмуудаа арай өөр талаас нь хардаг. Тийм ч учраас Еховагийн үйлчлэгчид Судрыг уншиж, Израйлын хаадын адил «амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш» уншсанаа эргэцүүлэн боддог (Д.хууль 17:19).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Христийн дагалдагч эцэг эхчүүд олон завшаан эдэлдэг. Тэдгээрийн нэг нь Еховагийн тухай хүүхдүүддээ заах явдал юм. Гэхдээ та хүүхдээ мэдлэгтэй болгоод зогсохгүй Бурхныг хайрладаг хүн болгохыг хүсдэг байх. Ингэхийн тулд яах вэ? Энэ өгүүллээр эцэг эхчүүдэд тустай Библийн дөрвөн зарчмыг ярилцана (2 Тим. 3:16). Бас зарим эцэг эх Библийн зарчмуудыг хэрэгжүүлээд хэрхэн ач тус хүртсэнийг ярилцана.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТУСТАЙ ДӨРВӨН ЗАРЧИМ

Та дандаа Еховагаас удирдлага гуйж, хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлдэг бол сайнаар нөлөөлнө гэхийн учир юу вэ? (4, 8-р догол мөрийг үзээрэй)

4. Хүүхдээ Еховаг хайрладаг хүн болгоход нь эцэг эхчүүдэд тус болох эхний зарчим юу вэ? (Яаков 1:5).

4 1-р зарчим: Еховагийн удирдлага зааврыг хайх. Та Еховагаас мэргэн ухаан гуйгаарай. Мэргэн ухааных нь ачаар хүүхдээ Еховаг хайрладаг хүн болоход нь тусалж чадна (Яаков 1:5-ыг уншина). Ехова хамгийн агуу зөвлөгч. Ингэж хэлэх олон шалтгаан бий. Хоёрыг нь дурдъя. Нэгдүгээрт, Ехова бүх эцэг эхчүүд дотроос хамгийн туршлагатай нь юм (Дуу. 36:9). Хоёрдугаарт, Еховагийн мэргэн зөвлөгөө үргэлж ач тустай (Ис. 48:17).

5. а) Ехова эцэг эхчүүдэд хэрхэн тусалдаг вэ? б) Видеонд үзүүлснээр Аморимын гэр бүлийнхэн хүүхдээ хүмүүжүүлэх талаар юу мэдэж авсан бэ?

5 Ехова эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй зөвлөгөөг Үгэндээ бичүүлсэн. Бас Библид үндэслэсэн олон материалыг байгууллагаараа өгүүлдэг. Хүүхдээ Еховаг хайрладаг хүн болгон хүмүүжүүлэхэд эдгээр материал үнэхээр тустай (Мат. 24:45). Жишээлбэл «Сэрцгээ!» сэтгүүлийн «Гэр бүлд зориулсан зөвлөгөө» буланд ач тустай өгүүллүүд нийтэлдэг байсан. Одоо үүнтэй төстэй материалыг манай сайтаас унших боломжтой. Түүнээс гадна jw.org сайтад эцэг эхчүүдэд тус болох ярилцлага болон зохиомж бүхий видео олон бий (Сур. 2:4–6). b

6. Еховагийн байгууллагын тусламжийн талаар нэг аав юу гэж ярьсан бэ?

6 Олон эцэг эхчүүд байгууллагаараа өгүүлдэг Еховагийн тусламжид талархаж явдгаа илэрхийлдэг. Жоу гэдэг аав: «Гурван хүүхэд хүмүүжүүлж үнэний замаар явуулна гэдэг үнэхээр амаргүй ажил. Эхнэр бид хоёр үргэлж Еховагаас тусламж гуйж залбирдаг. Бэрхшээл тулгарсан үед яг хэрэгтэй, тус болох өгүүлэл юм уу видео гарч байсан удаа олонтоо. Бид цаг үргэлж Еховад найдаж, зөвлөгөөг нь дагадаг» гэж ярьжээ. Хүүхдүүд нь Еховатай улам дотносоход эдгээр видео, өгүүлэл маш их тустай байсныг Жоу болон эхнэр нь ярьж байна.

7. Эцэг эхчүүд сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд хамаг чадлаараа хичээх ёстойн учир юу вэ? (Ром 2:21).

7 2-р зарчим: Сайн үлгэр жишээ үзүүлэх. Хүүхдүүд эцэг эхийгээ анхааралтай ажиглаж, ихэвчлэн дуурайдаг. Төгс эцэг эх гэж байхгүй нь мэдээж (Ром 3:23). Гэхдээ ухаалаг эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг (Ром 2:21-ийг уншина). Нэг аав: «Хөвөн усыг шингээдэг шиг хүүхдүүд биднийг дуурайдаг» гэж ярьжээ. Бас «Ам ажил хоёр маань зөрчилдөөд байвал хүүхдүүд хармагцаа шууд хэлчихдэг» гэжээ. Тиймээс хүүхдүүдээ Еховаг хайрладаг хүн болгоё гэвэл эцэг эхчүүд өөрсдөө Еховаг маш их хайрладгаа харуулах учиртай.

8, 9. Андрю Эмма хоёрын хэлсэн үг ямар сургамжтай вэ?

8 Хүүхдүүдээ Еховаг хайрладаг болоход нь туслах олон янзын арга эцэг эхчүүдэд бий. Андрю гэдэг 17 настай Гэрч хөвгүүний хэлсэн үгийг анхааръя. «Манай аав ээж залбирахыг маш их чухал гэж дандаа хэлдэг байсан. Би унтахынхаа өмнө залбирчихсан байлаа ч аав минь ирээд хамтдаа дахин залбирдаг байв. “Еховад хэдэн ч удаа залбирч болно шүү, хүү минь” гэж тэд сануулдаг. Залбирахын чухлыг ингэж онцолдог байсан нь надад их нөлөөлсөн. Одоо би Еховаг надад хайртай Эцэг гэж үздэг. Бас дуртайяа залбирдаг». Эцэг эхчүүд ээ, Еховаг гэсэн таны хайр хүүхдэд тань нөлөөлдгийг хэзээ ч битгий мартаарай.

9 Эммад тохиолдсон явдлыг бас ярилцъя. Аав нь гэр бүлээ хаяж явахад ээж нь бөөн өртэй хоцорсон. Эмма: «Мөнгө төгрөгөөр гачигдах явдал олон удаа гарч байсан. Гэхдээ Ехова үйлчлэгчдэдээ санаа тавьдгийг ээж дандаа ярьдаг байв. Итгэлтэй байсан нь амьдралаас нь харагддаг. Хэлж ярьдаг зүйлээ ч ажил хэрэг болгодог байсан» гэжээ. Бидэнд ямар сургамжтай вэ? Хүнд бэрхшээлтэй тулгарсан ч эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлж чадна (Гал. 6:9).

10. Израйл эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ Еховагийн тухай ярилцах ямар боломж гардаг байсан бэ? (Дэд хууль 6:6, 7).

10 3-р зарчим: Хүүхдүүдтэйгээ тогтмол ярилцах. Ехова эртний израйлчуудад хүүхдүүддээ өөрийнх нь тухай байнга зааж байхыг захисан (Дэд хууль 6:6, 7-г уншина). Хүүхдүүдтэйгээ ярилцаж Еховаг хайрладаг болоход нь туслах боломж эцэг эхчүүдэд их гардаг байсан ажээ. Жишээлбэл израйл хүү аавтайгаа олон цаг хамт байж, тариа тарих, ургац хураах зэрэг ажилд нь тусалдаг байсан. Израйл охин ч олон цаг ээжтэйгээ хамт байж, оёж хатгах, нэхэж сүлжих болон гэр орны бусад ажилд тусалдаг байв. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ажиллаж байхдаа олон сэдвээр, тухайлбал Еховагийн сайхан сэтгэл болон гэр бүлд нь хэрхэн тусалж байгаа талаар ярилцаж эргэцүүлэн боддог байсан байх.

11. Өнөөгийн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах цагийг зольж авахын тулд яадаг вэ?

11 Цаг хугацаа өөрчлөгдөж, олон улс оронд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт байх цаг хомс болжээ. Эцэг эхчүүд ажил дээрээ, хүүхдүүд сургууль дээрээ байдаг. Тиймээс хүүхдүүдтэйгээ ярилцах цагийг эцэг эхчүүд зольж авах хэрэгтэй болж байна (Эф. 5:15, 16; Флп. 1:10). Гэр бүлийн хичээл хийх үед хүүхдүүдтэйгээ ярилцах боломж гардаг. Александр гэдэг Гэрч залуу: «Аав минь гэр бүлийн хичээл хийх цагийг товлосон. Тиймээс юу ч тохиолдсон хичээлээ хийдэг. Гэр бүлийн хичээлийн дараа бид сайхан яриа өрнүүлдэг» гэж ярьжээ.

12. Өрхийн тэргүүн гэр бүлийн хичээл хийхдээ юуг санах хэрэгтэй вэ?

12 Хүүхдүүдээ гэр бүлийн хичээлд дуртайяа оролцдог болгохын тулд өрхийн тэргүүн юу хийж болох вэ? «Үүрд жаргалтай амьдраарай!» гэсэн шинэ номоор гэр бүлийн хичээл хийж болохгүй нь юу билээ? Энэ бол хүүхдүүдтэйгээ ярилцах сайхан боломж. Юу мэдэрч, юунд зовж байгаагаа хэлээсэй гэж та хүсдэг биз дээ? Тэгвэл гэр бүлийн хичээлийг хүүхдээ шүүмжлэх юм уу засаж залруулах цаг болгож болохгүй шүү. Хэрэв хүүхдийн тань үзэл бодол Библийн зарчимтай нийцэхгүй байгааг сонсвол тайван байхыг хичээгээрэй. Харин юу бодож, сэтгэж, мэдэрч байгаагаа ний нуугүй хэлбэл талархаж, цаашид ч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь туслаарай. Хүүхдийнхээ бодол санааг мэдвэл та хамгийн сайн аргаар тусалж чадна.

Эцэг эхчүүд бүтээлүүдийг хэрхэн ашиглавал Еховагийн зан чанарыг ойлгуулах вэ? (13-р догол мөрийг үзээрэй)

13. Хүүхдүүдээ Еховатай ойр дотно болоход туслах өөр ямар боломж эцэг эхчүүдэд байдаг вэ?

13 Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ Еховатай дотно болгох боломжийг хайгаарай. Хайртай Бурхныхаа тухай ярьж өгөхийн тулд Библийн хичээл хийх цагийг л хүлээх хэрэггүй. Гэрч ээж Лиса юу гэснийг анхаараарай. «Бид эргэн тойронд буй бүтээлүүдэд анхаарлыг нь хандуулж, Еховагийн тухай ойлгоход нь хүүхдүүддээ тусалсан. Жишээлбэл манай нохой янз бүр болж хүүхдүүдийг инээлгэдэг. Тэгэхээр нь Ехова жаргалтай Бурхан бөгөөд биднийг инээж баясан, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэгийг онцолдог».

Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүдийнхээ найзуудыг сайн мэддэг үү? (14-р догол мөрийг үзээрэй) d

14. Хүүхдүүд найзаа зөв сонгоход эцэг эхчүүд туслах нь яагаад чухал вэ? (Сургаалт үгс 13:20).

14 4-р зарчим: Сайн найзтай болоход нь хүүхдэдээ туслах. Найзууд сайнаар ч, муугаар ч нөлөөлдгийг Бурхны Үг тодорхой хэлдэг (Сургаалт үгс 13:20-ыг уншина). Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүдийнхээ найзуудыг мэдэх үү? Тэдэнтэй уулзаж, хамт байж үзсэн үү? Бурхныг хайрладаг хүмүүстэй найз болоход нь хүүхдүүддээ хэрхэн туслах вэ? (1 Кор. 15:33). Хэрэв та Бурхантай дотно хүмүүсийг гэртээ уриад дотносон нөхөрлөдөг бол найзаа зөв сонгоход хүүхдүүдэд тань тустай (Дуу. 119:63).

15. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн найзуудтай болоход нь хэрхэн туслах вэ?

15 Тони гэдэг аавын хэлсэн үгэнд анхаарлаа хандуулъя. Хүүхдүүдээ сайн найзуудтай болгохын тулд эхнэртэйгээ хамтарч юу хийснээ ийн ярьжээ. «Нас хүйс, гарал үүслээрээ ялгаатай янз бүрийн итгэл нэгтнээ эхнэр бид хоёр урьдаг болсноос хойш олон жил өнгөрчээ. Бид тэдэнтэй хамтдаа хоол идэж, гэр бүлийн хичээл хийнэ. Энэ бол Еховад хайртай, баяр хөөртэй үйлчилдэг хүмүүстэй танилцах сайхан арга юм. Бас дүүрэг хариуцагчид, миссионерууд болон бусад хүмүүсийг гэртээ түр байлгадаг. Тэдний туршлага, хичээл зүтгэл, Еховаг гэсэн сэтгэл нь хүүхдүүдэд маань хүчтэй нөлөөлсөн. Еховатай дотносоход нь их тус болсон шүү». Эцэг эхчүүд ээ, сайн найзуудтай болоход нь хүүхдэдээ туслах нь үнэхээр чухал шүү.

НАЙДСААР БАЙГААРАЙ!

16. Хүүхэд тань Еховад үйлчлэхгүй гэвэл яах вэ?

16 Та чадах бүхнээ хийгээд байсан ч хүүхэд тань Еховад үйлчлэхгүй гэвэл «Би л олигтой тусалж чадсангүй» гэж бүү бодоорой. Ехова бид бүгдэд, түүнчлэн танай хүүхдэд ч сонгох эрх чөлөө өгсөн учир Еховад үйлчлэх үү, үгүй юү гэдгээ өөрөө л шийднэ. Хэрэв хүүхэд тань Еховад үйлчлэхээ болихоор шийдсэн бол нэг л өдөр буцаад ирнэ гэж найдсаар байгаарай. Замаа алдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг санаарай (Лук 15:11–19, 22–24). Тэр залуу бүтэлгүйтэж явсаар эцэст нь буруу замаасаа эргэдэг. «Энэ чинь болсон явдал биш шүү дээ», «Амьдралд ийм юм болдог гэж үү?» гэж зарим нь хэлж магадгүй. Гэхдээ үнэхээр болдог! Жишээ болгон Эли гэдэг залуугийн түүхийг сонирхоцгооё.

17. Элигийн түүх таныг хэрхэн зоригжуулж байна вэ?

17 Эли: «Миний эцэг эх ... намайг Еховаг хайрладаг, Библийг эрхэмлэдэг хүн болгон өсгөх гэж их хичээсэн. Харин би өсвөр насандаа эвдэрч эхлэв» гэж ярьсан. Эли хоёр нүүр гарган амьдардаг болж, эцэг эх нь Бурхантай дотно байлгах гэж туслах гэхэд нь ерөөсөө тоогоогүй. Тэрбээр гэрээсээ явж, муу юм хийдэг болсон. Гэхдээ нэг найзтайгаа заримдаа Библийн тухай ярьдаг байв. Энэ тухайгаа Эли: «Найздаа Еховагийн талаар ярих тусам би Еховаг боддог болсноо анзаарч билээ. Эцэг эхийн маань тарих гэж уйгагүй оролдсон, зүрхний минь гүнд байсан Библийн үнэний “үр” аажим боловч ургаж эхлэх нь тэр» гэж ярьжээ. Яваандаа Эли буцаад үнэний зам дээр гарсан. c Багаас нь Еховаг хайрладаг хүн болгох гэж хичээл зүтгэл гаргасандаа эцэг эх нь хэчнээн их баярласан бол оо! (2 Тим. 3:14, 15).

18. Хүүхдүүдээ Еховаг хайрладаг хүн болоход нь тусалж нөр их хөдөлмөрлөдөг эцэг эхчүүдийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

18 Эцэг эхчүүд ээ, та нар Еховад үйлчлэх шинэ үеийнхнийг өсгөн хүмүүжүүлэх гайхалтай завшаантай билээ (Дуу. 78:4–6). Энэ бол үнэхээр амаргүй ажил. Гэхдээ хүүхдүүддээ туслахын тулд нөр их хөдөлмөрлөж байгаа та нарын ажлыг бид өндөр үнэлдэг шүү! Хүүхдүүдээ Еховаг хайрладаг хүн болоход нь тусалж тэднийгээ Еховагийн зааж сургасны дагуу хүмүүжүүлэхэд цаашид ч чадах бүхнээ хийдэг бол тэнгэрийн хайр халамжтай Эцэг тань баярлах нь дамжиггүй (Эф. 6:4).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Христийн дагалдагч эцэг эхчүүд хүүхдүүдээ маш их хайрладаг. Тэднийхээ бие махбод болон сэтгэл санааны хэрэгцээг хангахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Хамгийн гол нь тэднийгээ Еховаг хайрладаг хүн болоход нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг. Ингэхэд нь эцэг эхчүүдэд тус болох Библийн дөрвөн зарчмыг энэ өгүүллээр ярилцана.

b jw.org сайтад байгаа «Еховагийн заавраар хүүхдүүдээ өсгөсөн дөө» гэсэн видеог үзээрэй.

c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 4 сарын 1-ний дугаарын «Библи хүнийг өөрчилдөг» буланг үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хэнтэй нөхөрлөдгийг нь мэдэхийн тулд аав нь хүү болон найзтай нь сагсан бөмбөг тоглож байна.