Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

«Илчлэл» ном Бурхны дайснуудын тухай юу өгүүлдэг вэ?

«Илчлэл» ном Бурхны дайснуудын тухай юу өгүүлдэг вэ?

«Өнөөх үгс хаадыг еврейгээр Хармагедон гэдэг газар цуглуулав» (ИЛЧ. 16:16).

ДУУ 49 Еховад хоргодъё

ТОЙМ a

1. «Илчлэл» ном Бурхны үйлчлэгчдийн талаар юуг илчилдэг вэ?

 БУРХНЫ Хаант төр тэнгэрт захирч эхэлсэн бөгөөд Сатаныг тэнгэрээс хаясныг «Илчлэл» номд бичжээ (Илч. 12:1–9). Сатаныг доош хаяхад тэнгэрт амар тайван тогтож, харин бидэнд зовлон учирсан. Ингэж хэлэхийн учир юу вэ? Сатан маш их уурлаж, Еховагийн дэлхий дэх үйлчлэгчид рүү дайрч байгаа (Илч. 12:12, 15, 17).

2. Бид юуг мэдэж авбал Еховад үнэнч байх вэ?

2 Сатан дайрч довтолсон ч бид Еховад хэрхэн үнэнч байх вэ? (Илч. 13:10). Ирээдүйд юу болохыг мэдэж авах нь Еховад үнэнч байхад тустай. «Илчлэл» номд удахгүй хүртэх ивээлийн маань тухай бичсэн байдаг. Жишээлбэл Бурхны бүх дайсан устгагдана. «Илчлэл» номд дайснуудыг хэрхэн дүрсэлснийг болон тэдэнд юу тохиолдохыг одоо судалцгаая.

БУРХНЫ ДАЙСНУУД «ҮЗЭГДЭЛД»

3. «Илчлэл» номд бэлгэдлийн утгатай юу гардаг вэ?

3 «Илчлэл» номын хамгийн эхний зүйлийг үзвэл тус номд бичсэн мэдээллийг Бурхан «үзэгдлээр» илчилсэн бөгөөд бэлгэдлийн утгатай юм (Илч. 1:1). Уг номыг цааш нь уншвал Бурхны дайснуудыг бэлгэддэг хэд хэдэн араатан гардаг. Жишээлбэл, «тэнгисээс арван эвэртэй, долоон толгойтой араатан гарч ирснийг» бичжээ (Илч. 13:1). Дараа нь «өөр нэг араатан газар доороос гарч ирж», луу шиг ярин, «тэнгэрээс газар луу гал буулгадаг» (Илч. 13:11–13). Түүнчлэн бас нэг «час улаан өнгөтэй араатан» болон түүн дээр сууж буй янхан эмэгтэй гардаг. Энэ гурван араатнаар Ехова Бурхан болон Хаант төртэй нь он удаан жил дайтаж буй дайснуудыг нь бэлгэддэг ажээ. Тийм учраас тэдний хэн болохыг мэдэж авах нь чухал юм (Илч. 17:1, 3).

ДӨРВӨН АВАРГА АРААТАН

Тэд «далайгаас гарч ирэв» (Дан. 7:1–8, 15–17). Эдгээр араатнаар Даниелын амьдарч байсан үеэс эхлэн Бурхны ард түмнийг захирч байсан эзэнт гүрнүүдийг бэлгэддэг (4, 7-р догол мөрийг үзээрэй)

4, 5. «Илчлэл» номд гардаг бэлгэдлийн утгатай зүйлийг ойлгоход Даниел 7:15–17-д бичсэн зүйл тус болно гэхийн учир юу вэ?

4 Энэ дайснууд хэн бэ гэдгийг ойлгохын тулд юуны түрүүнд дээр дурдсан араатнууд болон янхан эмэгтэйгээр юуг бэлгэддэгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг ойлгож авах гол арга нь Библи өөрөө хэрхэн тайлбарладгийг судлах явдал юм. «Илчлэл» номд гардаг бэлгэдлийн утгатай олон зүйлийг Библийн бусад номд аль хэдийн тайлбарласан байгаа. Жишээ нь зөнч Даниел зүүдэндээ «дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэхийг» харжээ (Дан. 7:1–3). Тэрбээр эдгээр араатнаар «хаад» буюу засгийн газруудыг бэлгэддэгийг тайлбарласан (Даниел 7:15–17-г уншина). Энэ тодорхой тайлбарын ачаар «Илчлэл» номд гардаг араатнуудаар мөн засгийн газруудыг бэлгэддэгийг ойлгож авна.

5 Одоо, «Илчлэл» номд гардаг араатнууд болон эмэгтэйн тухай судалъя. Ямар утгатай болохыг нь Библийн тусламжтайгаар мэдэж авахыг анхаараарай. Эхлээд араатнуудын тухай судалж, юуг бэлгэддэгийг, тэдэнд юу тохиолдохыг мэдэж авна. Тэгээд бид яах ёстойг үзнэ.

БУРХНЫ ДАЙСНУУД ИЛЧЛЭГДСЭН НЬ

ДОЛООН ТОЛГОЙТОЙ АРААТАН

Долоон толгойтой, арван эвэртэй, арван титэмтэй араатан «тэнгисээс ... гарч ирэв» (Илч. 13:1–4). Энэ нь өнөөг хүртэл хүн төрөлхтнийг захирч ирсэн бүх засгийн газар юм. Долоон толгой нь долоон эзэнт гүрнийг бэлгэддэг. Тэдний зургаа нь Бурхны ард түмэнд нөлөөлж байсан бөгөөд нэг нь одоо нөлөөлж байгаа (6–8-р догол мөрийг үзээрэй)

6. Илчлэл 13:1–4-т гардаг долоон толгойтой араатнаар юуг бэлгэддэг вэ?

6 Долоон толгойтой араатан гэж юу вэ? (Илчлэл 13:1–4-ийг уншина). Энэ араатан ерөнхийдөө ирвэстэй адил боловч баавгайнх шиг хөлтэй, арслангийнх шиг амтай бөгөөд арван эвэртэй ажээ. «Даниел» номын 7-р бүлэгт гардаг дөрвөн араатны шинж тэмдэг бүгдээрээ «Илчлэл» номд гардаг энэ араатанд бий. Энэ араатнаар ганц засгийн газар юм уу эзэнт гүрнийг бэлгэддэггүй. Элч Ёоханы бичсэнээр бол энэ араатан «бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэн, бүх үндэстнийг захирах эрх мэдэлтэй» ажээ. Тэгэхээр ганц улсаас илүү эрх мэдэлтэй нь харагдаж байна (Илч. 13:7). Тийм учраас энэ араатнаар хүн төрөлхтнийг захирч ирсэн бүх засгийн газрыг бэлгэддэг нь илт байна (Ном. 8:9). b

7. Араатны долоон толгой нэг бүрээр юуг бэлгэддэг вэ?

7 Долоон толгой тус бүрээр юуг бэлгэддэг вэ? Энэ асуултын хариуг 17-р бүлгийн тусламжтайгаар мэдэж авна. Тэнд 13-р бүлэгт дурдсан араатны хөргийг дүрсэлжээ. Илчлэл 17:10-т «[Долоон толгой] долоон хааныг бэлгэддэг. Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй. Ирэхээрээ түр зуур байх юм» гэж бичсэн. Сатаны эрхшээлд байдаг бүх засгийн газрын хүчирхэг долоог нь «толгойгоор» зүйрлэжээ. Эдгээр нь Бурхны ард түмнийг захирч тэдэнд хүчтэй нөлөө үзүүлж байсан улс гүрнүүд юм. Элч Ёоханыг «Илчлэл» номыг бичиж байх үед Египет, Ассири, Вавилон, Меде болон Перс, Грек гэдэг таван эзэнт гүрэн уначихсан байсан бөгөөд харин зургаа дахь нь буюу Ромын эзэнт гүрэн байсан. Тэгвэл долоо дахь толгой буюу дэлхийн сүүлчийн эзэнт гүрэн нь ямар улс байх вэ?

8. Араатны долоо дахь толгойгоор аль улсыг бэлгэддэг вэ?

8 «Даниел» номд бичсэн зөгнөлийн тусламжтайгаар араатны долоо дахь буюу сүүлчийн толгой ямар эзэнт гүрнийг бэлгэддэгийг мэдэж авна. «Эзний өдөр» буюу төгсгөлийн энэ цагт аль улс хамгийн хүчирхэг вэ? (Илч. 1:10). Энэ нь АНУ Британийн холбоо буюу Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Тийм ээ, Англи-Америкийн эзэн гүрэн бол Илчлэл 13:1–4-т бичсэн араатны долоо дахь толгой мөн.

ХУРГАНЫХ ШИГ ХОЁР ЭВЭРТЭЙ АРААТАН

Энэ араатан «газар доороос» гарч ирж, «луу шиг» ярих бөгөөд «тэнгэрээс газар луу гал буулгаж» гайхамшгууд үйлддэг «хуурамч зөнч» юм. (Илч. 13:11–15; 16:13; 19:20). Хоёр эвэртэй араатан, хуурамч зөнч гэгддэг Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийн оршин суугчдыг төөрөлдүүлж, долоон толгойтой, арван эвэртэй «араатны» «хөрөг бүтээ» гэдэг (9-р догол мөрийг үзээрэй)

9. «Хурганых шиг хоёр эвэртэй» араатнаар юуг бэлгэддэг вэ?

9 Долоо дахь толгой буюу Англи-Америкийн эзэнт гүрнийг 13-р бүлэгт цааш нь бас «хурганых шиг хоёр эвэртэй» атлаа луу шиг ярьдаг араатнаар бэлгэджээ. Энэ араатан «агуу гайхамшгууд үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газар луу гал буулгадаг» (Илч. 13:11–15). Энэ араатныг 1619-р бүлэгт «хуурамч зөнч» гэжээ (Илч. 16:13; 19:20). Даниел бас Англи-Америкийн эзэнт гүрэн «асар их хэмжээгээр эвдэнэ» гэж бичсэн (Дан. 8:19, 23, 24). Үнэхээр ч дэлхийн II дайны үед яг ийм юм болсон. Британи, Америкийн эрдэмтдийн хамтын хүчээр бүтээсэн атомын хоёр бөмбөг Номхон далайн орчим үргэлжилж байсан дэлхийн II дайныг зогсооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү Англи-Америкийн эзэнт гүрэн «тэнгэрээс газар луу гал буулгасан».

ЧАС УЛААН ӨНГӨТЭЙ АРААТАН

Агуу Вавилон гэдэг нэртэй янхан эмэгтэй час улаан өнгөтэй араатныг унаж явна. Энэ араатан найм дахь хаан юм (Илч. 17:3–6, 8, 11). Эхэндээ, янхан араатныг хүссэнээрээ хөдөлгөдөг байсан. Гэвч араатан хожим түүнийг устгана. Янхнаар бүх хуурамч шашныг бэлгэддэг, харин араатнаар дэлхийн улс төрийн тогтолцоог дэмждэг Нэгдсэн Үндэстний Байгууллагыг бэлгэддэг (10, 14–17-р догол мөрийг үзээрэй)

10. Араатны «хөрөг» гэж юу вэ? (Илчлэл 13:14, 15; 17:3, 8, 11).

10 Дараа нь бас нэг араатан гарч ирдэг. Долоон толгойтой араатантай бараг адилхан боловч час улаан өнгөтэй. Энэ нь «араатанд зориул[сан] хөрөг» бөгөөд «найм дахь хаан юм» (Илчлэл 13:14, 15; 17:3, 8, 11-ийг уншина). c Ёоханы бичсэнээр, энэ «хаан» гарч ирээд, алга болоод, дараа нь дахин гарч ирэх ажээ. Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага гэдэг нь тодорхой. Эхэндээ Үндэстнүүдийн Холбоо гэдэг нэртэй гарч ирээд дэлхийн II дайны үед байхгүй болсон. Хожим нь Нэгдсэн Үндэстний Байгууллага нэртэйгээр дахин гарч ирээд дэлхий дахины засгийн газруудыг дэмждэг.

11. Араатнууд буюу засгийн газрууд юу хийх вэ? Бид яагаад айх хэрэггүй вэ?

11 Араатнууд буюу засгийн газрууд суртал ухуулга хийж Ехова болон ард түмнийх нь эсрэг хүмүүсийг өдөөн хатгана. Тэд «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох» Хармагедон гэдэг дайнд «дэлхий даяар[х] ... хаадыг» цуглуулна (Илч. 16:13, 14, 16). Гэхдээ бид айх хэрэггүй. Агуу Бурхан Ехова маань өөрийнх нь засаглалыг дэмждэг хүмүүсийг аврахын тулд үтэр түргэн арга хэмжээ авна (Езе. 38:21–23).

12. Бүх араатныг яах вэ?

12 Бүх араатанд юу тохиолдох вэ? Илчлэл 19:20-д хариу нь бий. Тэнд «Морьтон араатныг болон хуурамч зөнчийг барилаа. Хуурамч зөнч араатны өмнө үйлдсэн гайхамшгуудаараа араатны тэмдэгтэй, араатны хөргийг шүтдэг хүмүүсийг төөрөлдүүлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь хүхэр бүхий галт нуурт хаялаа» гэж бичжээ. Тэгэхээр засгийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байхад нь Бурхан тэднийг бүрмөсөн устгана.

13. Засгийн газрууд биднийг хэрхэн дарамталдаг вэ?

13 Бид яах ёстой вэ? Христийн дагалдагчид бид Бурхан болон Хаант төрд нь үнэнч байх ёстой (Ёох. 18:36). Тиймээс бид улс төрийн асуудлаар төвийг сахих учиртай. Гэхдээ энэ ертөнцийн засгийн газрууд үгээрээ, үйлсээрээ өөрсдийг нь бүрэн дэмжихийг биднээс шаарддаг учраас төвийг сахих нь үнэхээр амаргүй. Тэдний дарамтад автсан хүмүүст араатны тэмдгийг тавьдаг (Илч. 13:16, 17). Харин энэ тэмдэгтэй бүх хүн Еховагийн сайшаалыг болон мөнх амьдрах боломжоо алдана (Илч. 14:9, 10; 20:4). Тэгэхээр засгийн газрууд биднийг яаж ч дарамталсан төвийг сахих байр сууриасаа хэзээ ч няцахгүй байх нь хэчнээн чухал вэ!

АГУУ ЯНХНЫ ИЧМЭЭР ТӨГСГӨЛ

14. Илчлэл 17:3–5-д бичсэнээр элч Ёохан юу хараад мэл гайхсан бэ?

14 Элч Ёохан «Би түүнийг хараад мэл гайхав» гэж бичжээ. Хэнийг харсан юм бол? Дээрх догшин араатнуудын нэгийг нь унаж буй эмэгтэйг харсан (Илч. 17:1, 2, 6). Тэр эмэгтэй бол «агуу янхан» бөгөөд нэрийг нь «Агуу Вавилон» гэжээ. Тэрбээр «дэлхийн хаад[тай] ... садарлан самуурдаг» (Илчлэл 17:3–5-ыг уншина).

15, 16. «Агуу Вавилон» гэж юу вэ? Хаанаас мэдэх вэ?

15 «Агуу Вавилон» гэж юу вэ? Энэ эмэгтэйгээр засгийн газруудыг бэлгэддэггүй. Яагаад гэвэл тэрбээр энэ ертөнцийн улс төрийн удирдагчидтай садарлан самуурдаг (Илч. 18:9). Араатныг унаж яваа гэдгийг бодож үзвэл эдгээр удирдагчийг хүссэнээрээ хөдөлгөх гэж оролддог. Бас «Илчлэл» номд «дэлхийн худалдаачид» гэж байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй Сатаны ертөнцийн худалдааны тогтолцоо ч биш юм (Илч. 18:11, 15, 16).

16 Сударт «янхан» гэдэг үгээр, Бурханд үйлчилдэг гэдэг боловч үнэндээ шүтээн шүтдэг, эсвэл ямар нэг байдлаараа ертөнцтэй нөхөрлөдөг хүмүүсийг хэлдэг (Ш.дээд 5:25; Яак. 4:4, зүүлт). Харин Бурхны үнэнч шүтэгчдийг «ариун» эсвэл «онгон» гэж бичсэн байдаг (2 Кор. 11:2; Илч. 14:4). Эртний Вавилон хуурамч шүтлэгийн төв байсан. Тэгэхээр Агуу Вавилон нь бүх хуурамч шашныг бэлгэддэг (Илч. 17:5, 18; «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын «“Агуу Вавилон” гэж юу вэ» гэсэн хавсралтыг үзээрэй).

17. Агуу Вавилонд юу тохиолдох вэ?

17 Агуу Вавилонд юу тохиолдох вэ? Илчлэл 17:16, 17-д хариу нь бий. Тэнд «Чиний харсан арван эвэр болон араатан янхныг үзэн ядаж, сүйрүүлж, нүцгэлж, махыг нь идээд галд бүрмөсөн шатаана. Үүнийг Бурхан тэдний зүрх сэтгэлд хийсэн нь санаж зорьсноо гүйцэлдүүлэхийн тулд юм» гэжээ. Тийм ээ, улс төрийнхөн час улаан араатан буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагыг ашиглан бүх хуурамч шашныг бүрмөсөн устгана. Ехова энэ санааг улс төрийнхний зүрх сэтгэлд хийнэ (Илч. 18:21–24).

18. Агуу Вавилонтой ямар ч холбоогүй гэдгээ хэрхэн батлах вэ?

18 Бид яах ёстой вэ? Бид Бурхны «цэвэр, ариун гэж үздэг» шүтлэгийн талд бат зогсох хэрэгтэй (Яак. 1:27). Агуу Вавилоны хуурамч сургаал, баяр ёслол, уруудан доройтож буй хэм хэмжээ болон ид шид, далдын хүчтэй холбоотой ёс заншлын нөлөөнд хэзээ ч автах ёсгүй! Бид хүмүүсийг Бурхны өмнө тэр эмэгтэйн нүглийн буруутан болохоос сэрэмжлүүлж, «тэндээс гарахыг» үргэлж уриалдаг (Илч. 18:4).

БУРХНЫ ГОЛ ДАЙСНЫГ ШҮҮХ НЬ

ГАЛ УЛААН ӨНГӨТЭЙ ЛУУ

Сатан араатанд эрх мэдэл өгөв (Илч. 12:3, 9, 13; 13:4; 20:2, 10). Сатан бол Еховагийн гол дайсан бөгөөд 1 000 жилийн туршид ёроолгүй нүхэнд хоригдоно. Дараа нь Сатаныг «хүхэр бүхий галт нууранд» хаяна (19, 20-р догол мөрийг үзээрэй)

19. «Гал улаан өнгөтэй ... луу» гэж хэн бэ?

19 «Илчлэл» номд бас «гал улаан өнгөтэй ... луу» гардаг (Илч. 12:3). Луу Есүс тэргүүтэй тэнгэрийн элчүүдтэй тулалддаг (Илч. 12:7–9). Мөн Бурхны ард түмэн рүү довтолж, араатнууд буюу хүний засгийн газруудад эрх мэдэл өгдөг (Илч. 12:17; 13:4). Энэ луу гэж хэн бэ? «Диавол буюу Сатан гэгддэг эртний могой» юм (Илч. 12:9; 20:2). Еховагийн бүх дайсны ард гагцхүү тэр нэгэн байдаг.

20. Лууд юу тохиолдох вэ?

20 Лууд юу тохиолдох вэ? Илчлэл 20:1–3-д бичсэнээр нэгэн тэнгэрийн элч Сатаныг ёроолгүй нүхэнд хаяна. Шоронд хоригдсонтой адил байх учраас «1 000 жилийг дуустал үндэстнүүдийг мэхлэх» боломжгүй болно. Эцэст нь Сатан болон чөтгөрүүдийг нь «хүхэр бүхий галт нууранд» хаях буюу бүрмөсөн устгана (Илч. 20:10). Сатан ч байхгүй, чөтгөрүүд ч байхгүй ертөнцийг та төсөөл дөө. Ямар сайхан цаг байх бол оо!

21. «Илчлэл» номыг уншаад бид яагаад баярладаг вэ?

21 «Илчлэл» номд бичсэн үзэгдлүүдийг ойлгож авах нь үнэхээр урамтай. Бид Еховагийн дайснууд хэн болохыг таниад зогсохгүй тэдэнд юу тохиолдохыг ч мэдэж авлаа. Тийм ээ, «энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг, сонсдог ... хүмүүс жаргалтай!» (Илч. 1:3). Бурхны дайснууд устгагдсаны дараа үнэнч хүмүүс ямар ивээл хүртэх вэ? Энэ тухай цувралын сүүлчийн өгүүллээр үзнэ.

ДУУ 30 Ехова захирч эхэллээ

a «Илчлэл» номд Бурхны дайснуудыг үзэгдлээр илчилсэн. Үүнийг бид «Даниел» номын тусламжтайгаар ойлгож авна. Энэ өгүүллээр «Даниел» болон «Илчлэл» номд гардаг хоорондоо төстэй зөгнөлүүдийг харьцуулж үзнэ. Тэгвэл хэн Бурхны дайснууд гэдэг нь тодорхой болно. Дараа нь, тэдэнд юу тохиолдохыг мэдэж авна.

b Долоон толгойтой араатнаар бүх засгийн газрыг бэлгэддэгийн бас нэг шинж бий. Тэрбээр арван эвэртэй. Библид бичсэн арвын тоо нь ихэвчлэн бүрэн бүтэн байдлыг илэрхийлдэг.

c Эхний араатнаас ялгаатай нь «хөрөг» «титэмгүй» ажээ (Илч. 13:1). Яагаад гэвэл энэ нь «өнөөх долоо[н хаанаас] гарах» бөгөөд тэднээс эрх мэдэл авсан («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 6 сарын 15-ны дугаарын «Ехова “удахгүй болох ёстой юмсыг” илчилдэг» гэсэн өгүүллийн 13–15-р догол мөрийг үзээрэй).