Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21

«Илчлэл» ном бидний ирээдүйн тухай юу өгүүлдэг вэ?

«Илчлэл» ном бидний ирээдүйн тухай юу өгүүлдэг вэ?

«Амен! Эзэн Есүс ээ, Ирээрэй» (ИЛЧ. 22:20).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ a

1. Өнөөдөр хүмүүс ямар чухал шийдвэр гаргах ёстой вэ?

 ХҮМҮҮС өнөөдөр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Ехова Бурхныг орчлонт ертөнцийг захирах эрхтэй Нэгэн хэмээн үзэж дэмжих үү, эсвэл хорон санаат, атаат дайсан Сатан диаволын талд зогсох уу? Өөр сонголт гэж байхгүй. Мөнх амьдрах эсэх нь ямар шийдвэр гаргахаас шалтгаална (Мат. 25:31–33, 46). «Агуу их гамшгийн» үеэр хүмүүс нэг бол аврагдах, нэг бол устгагдах тэмдэг тавиулна (Илч. 7:14; 14:9–11; Езе. 9:4, 6).

2. а) Еврей 10:35–39-д яахыг уриалдаг вэ? б) «Илчлэл» ном бидэнд тустай гэхийн учир юу вэ?

2 Еврей 10:35–39-ийг уншина. Хэрэв та Еховагийн засаглалыг дэмжихээр шийдсэн бол зөв шийдвэр гаргажээ. Одоо та зөв шийдвэр гаргахад нь бусдад тусалъя гэж бодож байгаа байх. Тэгвэл «Илчлэл» номд бичсэн мэдээлэл хэрэг болно. Тэнд Еховаг эсэргүүцдэг хүмүүст юу тохиолдохыг болон засаглалыг нь үнэнчээр дэмждэг хүмүүс ямар ивээл хүртэхийг тодорхой бичсэн. Бид энэ чухал үнэнийг нухацтай судлах учиртай. Ингэдэг бол Еховад тууштай үйлчлэх шийдвэр төгс байна. Түүнчлэн, олж авсан мэдлэгийнхээ ачаар зөв шийдвэр гаргаж, бат зогсоход нь хүмүүст тусалж чадна.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Энэ өгүүллээр бид дараах асуултыг ярилцана. Бурхны засаглалыг дэмждэг хүмүүсийг юу хүлээж байгаа вэ? Нөгөөтээгүүр «Илчлэл» номд гардаг час улаан араатныг дэмждэг хүмүүст юу тохиолдох вэ?

ЕХОВАД ҮНЭНЧ ХҮНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

4. Элч Ёохан Есүстэй хамт тэнгэрт байх хэнийг харсан бэ?

4 Элч Ёохан Еховагийн засаглалыг дэмжиж мөнх амьдрах найдвар өвөрлөсөн хоёр бүлэг хүмүүсийг үзэгдлээр үздэг. Эхний бүлэгт хамрагдах хүний тоо 144 000 (Илч. 7:4). Дэлхийгээс сонгогдсон тэд Есүстэй хамт тэнгэр дэх засгийн газар буюу Хаант төрийг бүрдүүлж, хамтдаа дэлхийг захирна (Илч. 5:9, 10; 14:3, 4). Ёоханы үзэгдэлд тэд Есүстэй хамт тэнгэрийн Сион уулан дээр зогсож байв (Илч. 14:1).

5. 144 000-аас үлдсэн дэлхий дэх хүмүүст удахгүй юу тохиолдох вэ?

5 Элч нарыг амьдарч байсан үеэс хойш 144 000-ын эгнээнд багтах мянга мянган хүмүүс сонгогдсон (Лук 12:32; Ром 8:17). Харин эдгээрээс үлдсэн цөөн тооны хүн эцсийн өдрүүдэд дэлхий дээр амьд байхыг Ёоханд хэлжээ. «Үлдсэн [энэ] хүмүүсийг» Ехова сайшааж байгаагаа баталж агуу их гамшиг эхлэхээс өмнө эцсийн удаа тамгална (Илч. 7:2, 3; 12:17). Дараа нь тэд агуу их гамшгийн үеэр тэнгэрт аваачигдахад эцсээ хүртэл үнэнч байгаад нас барсан бусадтайгаа нэгдэнэ. Тэгээд 144 000-уулаа Есүстэй хамт Бурхны Хаант төрийн захирагчид болно (Мат. 24:31; Илч. 5:9, 10).

6, 7. а) Ёохан дараа нь хэнийг харсан бэ? Тэдний тухай юу мэдэж болох вэ? б) «Илчлэл» номын 7-р бүлэгт бичсэн зүйл яагаад тослогдсон үлдэгсэд болон «үй олон хүний» анхаарлыг татдаг вэ?

6 Ёохан эхний бүлэг хүний дараа «үй олон хүнийг» харсан. Тослогдсон хүн 144 000 бол «үй олон хүний» тоо тодорхойгүй ажээ (Илч. 7:9, 10). Тэдний тухай юу гэж бичсэн байдаг вэ? «Тэд агуу их гамшгийг туулж ирсэн бөгөөд Хурганы цусаар хувцсаа угааж, цагаан болгосон юм» (Илч. 7:14). «Үй олон хүн» агуу их гамшгийг давж гарсны дараа дэлхий дээр амьдарч гайхалтай олон ивээлийг хүртэнэ (Дуу. 37:9–11, 27–29; Сур. 2:21, 22; Илч. 7:16, 17).

7 Тэнгэрт аваачигдахаар сонгогдсон уу, эсвэл дэлхий дээр амьдрах уу гэдгээс үл хамааран бид «Илчлэл» номын 7-р бүлэгт гардаг үйл явдлын дунд өөрийгөө байна гэдэгт итгэдэг үү? Итгэх хэрэгтэй. Бурханд үйлчилдэг хоёр бүлэг хүний хувьд сэтгэл хөдөлгөм үйл явдал байх юм. Бид Еховагийн засаглалыг дэмжихээр шийдсэндээ үнэхээр их баярлана. Агуу их гамшгийн талаар «Илчлэл» номд өөр юу гэж бичсэн байдаг вэ? (Мат. 24:21).

БУРХНЫГ ЭСРЭГҮҮЦДЭГ ХҮНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

8. Агуу их гамшиг яаж эхлэх вэ? Тэр үед хүмүүс яах вэ?

8 Өмнөх өгүүлэлд үзсэнээр энэ ертөнцийн улс төрийнхөн бүх хуурамч шашныг бэлгэддэг Агуу Вавилон руу удахгүй дайрна (Илч. 17:16, 17). Энэ бол агуу их гамшгийн эхлэл юм. Тэр үед Еховад үйлчилж эхлэх хүн олон гарч ирэх болов уу? Үгүй. «Илчлэл» номын 6-р бүлэгт бичсэнээр тэд уулсаар бэлгэдсэн улс төр болон худалдаа арилжааны тогтолцооноос хамгаалалт гуйна. Тэд Бурхны Хаант төрийн талд зогсохыг хүсээгүй учраас Ехова тэднийг дайсан гэж үзнэ (Лук 11:23; Илч. 6:15–17).

9. Агуу их гамшгийн үед Бурхны ард түмэн хэрхэн ялгарах вэ? Үүнээс болж юу болох вэ?

9 Энэ хэцүү цагт Еховагийн үнэнч үйлчлэгчид бусдаас ялгарна. Тэд бол зөвхөн Еховад үйлчилдэг, араатныг дэмжихээс татгалзсан цорын ганц бүлэг хүн юм (Илч. 13:14–17). Бат зогсдог тэднийг хараад Еховагийн дайснууд уурлана. Тиймээс эвсэн нэгдсэн үндэстнүүд дэлхийн өнцөг булан бүрд байгаа Бурхны ард түмэн рүү дайрна. Энэ аймшигт дайралтыг Библид Магогийн Гогийн дайралт гэжээ (Езе. 38:14–16).

10. Илчлэл 19:19–21-д бичсэнээр дайснууд ард түмэн рүү нь дайрахад Ехова яах вэ?

10 Ийнхүү довтлоход Ехова яах вэ? Тэрбээр «Миний хилэн Миний уур дотор оволзох болно» гэжээ (Езе. 38:18, 21–23). «Илчлэл» номын 19-р бүлэгт цааш нь юу болохыг бичжээ. Ехова ард түмнээ хамгаалж, дайснаа дарахын тулд Хүүгээ илгээнэ. Есүс «тэнгэрийн дайчдыг» удирдаж дайсан руу довтолно. «Тэнгэрийн дайчид» гэдгээр 144 000 хамтран захирагч болон тэнгэрийн элчүүдийг хэлдэг (Илч. 17:14; 19:11–15). Дайн дуусахад юу болох вэ? Еховаг эсэргүүцдэг бүх хүн, бүх байгууллага бүрмөсөн устгагдана! (Илчлэл 19:19–21-ийг уншина).

ДАЙНЫ ДАРАА БОЛОХ ХУРИМ

11. «Илчлэл» номд гардаг хамгийн чухал үйл явдал юу вэ?

11 Дайснуудыг бүрмөсөн устгахад дэлхий дээр амьд үлдсэн үнэнч хүмүүс ямар их баяр хөөртэй байхыг төсөөлөөд үз дээ! Агуу Вавилоныг устгахад тэнгэрт бөөн баяр болох ч үүнээс бүр илүү баяртай үйл явдал болно (Илч. 19:1–3). Энэ нь «Илчлэл» номд гардаг хамгийн чухал үйл явдал буюу «Хурганы хурим» юм (Илч. 19:6–9).

12. Илчлэл 21:1, 2-ыг үзвэл Хурганы хурим хэзээ болох вэ?

12 Хурим хэзээ болох вэ? Хармагедон гэдэг Бурхны дайн болохоос өмнөхөн 144 000 бүгдээрээ тэнгэрт гарчихсан байна. Харин тэр үе бол хурим хийх цаг биш юм (Илчлэл 21:1, 2-ыг уншина). Бурхны бүх дайсныг Хармагедоноор устгасны дараа Хурганы хурим болно (Дуу. 45:3, 4, 13–17).

13. Хурганы хурим бэлгэдлийн ямар утгатай вэ?

13 Хурганы хурим гэдэг нь ямар утгатай вэ? Эрэгтэй эмэгтэй хоёр хурим хийж дэр нэгтгэдгийн адилаар энэхүү бэлгэдлийн хуримаар Хаан Есүс Христ «сүйт бүсгүй» буюу 144 000-тай нэгдэнэ. Ийнхүү дэлхийг 1 000 жил захирах шинэ засгийн газар байгуулагдана (Илч. 20:6).

СҮР АЛДАРТ ХОТ БОЛОН ТАНЫ ИРЭЭДҮЙ

«Илчлэл» номын 21-р бүлэгт «Бурхнаас, тэнгэрээс бууж яваа» шинэ Иерусалим гардаг. Энэ бэлгэдлийн хот Мянган жилийн засаглалын үед дуулгавартай хүн төрөлхтөнд тоо томшгүй ивээл хүртээнэ (14–16-р догол мөрийг үзээрэй)

14, 15. «Илчлэл» номын 21-р бүлэгт 144 000-ыг юутай зүйрлэсэн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

14 «Илчлэл» номын 21-р бүлгийг цааш нь үзвэл 144 000-ыг «шинэ Иерусалим» гэж нэрлэдэг хачин сайхан хоттой зүйрлэжээ (Илч. 21:2, 9). Энэ хот «12 чулуун суурьтай бөгөөд тэдгээрийн дээр Хурганы 12 элчийн 12 нэр байлаа». Энэ нь яагаад Ёоханы анхаарлыг татсан бэ? Учир нь нэг чулуун дээр өөрийнх нь нэр бичээстэй байв. Ямар агуу завшаан бэ! (Илч. 21:10–14; Эф. 2:20).

15 Энэ хот ямар ч хоттой адилгүй. Гол гудамж нь шижир алт, 12 хаалга нь сувд, хэрэм болон хэрмийн сууриудыг нь эрдэнийн чулуугаар чимсэн бөгөөд хотын урт, өргөн, өндөр нь яг тэнцүү (Илч. 21:15–21). Гэхдээ Ёоханы ажигласнаар дутуу юм байх ажээ. Цааш нь Ёохан юу гэснийг анхааръя. «Би энэ хотод сүм байхыг харсангүй. Учир нь Төгс хүчит Ехова Бурхан болон Хурга тэндхийн сүм юм. Хотыг гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурхны алдар суу хотыг гэрэлтүүлдэг бөгөөд дэн нь Хурга юм» (Илч. 21:22, 23). Шинэ Иерусалимыг бүрдүүлэгчид Еховатай шууд харьцдаг (Евр. 7:27; Илч. 22:3, 4). Тийм ч учраас Ехова Есүс хоёр энэ хотын сүм юм.

Ивээлийг бэлгэддэг «гол» болон «моднуудын» ач тусыг хэн хүртэх вэ? (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. Бурхны Хаант төрийн Мянган жилийн засаглалын үед хүн төрөлхтөн ямар ивээл хүртэх вэ?

16 Тослогдсон хүмүүс энэ хотын тухай эргэцүүлэн бодохоороо сэтгэл нь хөдөлдөг. Гэхдээ дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс ч энэ хотын тухай бодох учиртай. Тэд Бурхны Хаант төрийн Мянган жилийн засаглалын үед шинэ Иерусалимын ачаар тоо томшгүй ивээл хүртэнэ. Ёоханы харсан «амь өгдөг устай гол» эдгээр ивээлийг бэлгэддэг. Голын хоёр эрэг дээр «амийн моднууд» ургасан бөгөөд «навчис нь үндэстнүүдийг эдгээх ажээ» (Илч. 22:1, 2). Тэр үед амьдрах бүх хүн дээрх ивээлийн ач тусыг нь хүртэх боломжтой. Дуулгавартай хүн төрөлхтөн аажмаар төгс болно. Цаашид өвчин зовлон, уй гашуугаас болж нулимс унагахгүй (Илч. 21:3–5).

17. Илчлэл 20:11–13-т бичсэнээр Мянган жилийн засаглалын ивээлийг хэн хүртэх вэ?

17 Эдгээр гайхалтай ивээлийг хэн хүртэх вэ? Юуны түрүүнд Хармагедоныг эсэн мэнд давсан үй олон хүн болон шинэ ертөнцөд төрж магадгүй хүүхдүүд юм. Бас «Илчлэл» номын 20-р бүлэгт үхэгсэд амилна гэсэн амлалт бий (Илчлэл 20:11–13-ыг уншина). «Шударга» болон урьд нь Еховагийн тухай мэдэх боломжгүй байсан «шударга бус» хүний хэн хэн нь дэлхий дээрээ амилна (Үйлс 24:15; Ёох. 5:28, 29). Тэгэхээр нас барсан бүх хүн амилна гэсэн үг үү? Үгүй. Үхэхээсээ өмнө Еховад үйлчлэх боломжтой байсан ч санаатайгаар татгалзсан хүмүүс амилахгүй. Тэд боломжоо ашиглаагүйгээрээ диваажин дэлхийд амьдрах эрхгүй гэдгээ батлан харуулсан (Мат. 25:46; 2 Тес. 1:9; Илч. 17:8; 20:15).

ЭЦСИЙН СОРИЛТ

18. 1 000 жилийн эцэст хүмүүс ямар болох вэ?

18 1 000 жилийн эцэс гэхэд дэлхий дээрх бүх хүн төгс болно. Адамаас өвлөж авсан нүгэл төдийгүй нүглийн үр дагавар ч ор мөргүй болно (Ром 5:12). Ингэхлээр дэлхий дээр амьдарч буй хүмүүс 1 000 жилийн эцэст «амилах» буюу төгс болно (Илч. 20:5).

19. Эцсийн сорилт яагаад хэрэгтэй вэ?

19 Сатан Есүсийг сориход тэрбээр Еховад үнэнч байж сорилтыг давсан шүү дээ. Тэгвэл төгс болсон хүн төрөлхтөн Сатаны сорилтыг давж Еховад үнэнч байх болов уу? 1 000 жилийн эцэст Сатаныг ёроолгүй нүхнээс суллахад хүн бүр энэ асуултад хариулна (Илч. 20:7). Эцсийн энэ сорилтыг давж үнэнчээ баталсан хүмүүс мөнх амьдарч жинхэнэ эрх чөлөөг эдэлнэ (Ром 8:21). Харин Еховад тэрсэлсэн хүмүүс Диавол болон чөтгөрүүдтэй хамт бүрмөсөн устгагдана (Илч. 20:8–10).

20. «Илчлэл» номын зөгнөлүүдийг үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

20 «Илчлэл» номыг товчхон судаллаа. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эдгээр сонирхол татам зөгнөл биелэх цагт та өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөхөд сэтгэл тань хөдлөөгүй гэж үү? Тэгээд хүмүүсийг бидэнтэй нэгдэж Еховаг шүтдэг болоосой гэж хүсэж байгаа биз дээ? (Илч. 22:17). Ирээдүйд болох ийм сайхан үйл явдлуудын тухай үзэхлээр сэтгэл тань догдолж элч Ёоханы үгийг өөрийн эрхгүй хэлэх биз ээ. «Амен! Эзэн Есүс ээ, Ирээрэй» (Илч. 22:20).

ДУУ 151 Бурхны хөвгүүд илчлэгдэнэ

a Энэ бол «Илчлэл» номын тухай үзэж буй цуврал өгүүллийн сүүлчийнх юм. Энэ өгүүллээр Еховад үнэнч хүмүүсийг гэрэлт ирээдүй, харин Бурхны засаглалыг эсэргүүцэгчдийг гутамшигт төгсгөл хүлээж буйг үзнэ.