Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19

«Илчлэл» ном өнөөгийн бидэнд юуг анхааруулдаг вэ?

«Илчлэл» ном өнөөгийн бидэнд юуг анхааруулдаг вэ?

«Энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг ... хүмүүс жаргалтай» (ИЛЧ. 1:3).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ a

1, 2. «Илчлэл» ном бидний анхаарлыг татаж байгаагийн нэг шалтгаан юу вэ?

 ХЭН нэг хүн танд зургийн цомгоо үзүүлж байна гэж бодъё. Хальт харахад ихэнх нь танихгүй хүмүүс байв. Гэтэл нэг зураг таны анхаарлыг татлаа. Яагаад гэвэл тэр зурган дээр та байна. Сайн ажиглаад хэзээ, хаана авхуулснаа болон хэн хэн байгааг таахыг оролдоно. Бусад зурагтай харьцуулахад энэ зураг танд үнэхээр онцгой санагдах нь мэдээж.

2 «Илчлэл» ном тэр онцгой зурагтай зүйрлэм билээ. Яагаад ингэж хэлж болох вэ? Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Библийн энэ ном бидэнд зориулагдсан. Хамгийн эхний зүйлд «Удахгүй болох ёстой үйл явдлыг Бурхан боолууддаа мэдүүлэхийн тулд Есүс Христэд илчилсэн» гэж байдаг (Илч. 1:1). Тэгэхээр үүнийг бүх хүнд биш, Бурханд үйлчилдэг бидэнд зориулж бичжээ. Бид Бурхны ард түмэн учраас гайхалтай энэ номд бичсэн зөгнөл биелэхэд гар бие оролцож байгаадаа гайхдаггүй. Энэ нь бид өөрсдөө тэр «зурган» дээр байгаатай адил юм.

3, 4. «Илчлэл» номд бичсэнээр зөгнөлүүд хэзээнээс биелж эхэлсэн бэ? Бид яах нь зүйтэй вэ?

3 Хоёр дахь шалтгаан нь эдгээр зөгнөл биелэх цаг хугацаатай хамаатай. Нас өндөр болсон элч Ёохан тэр цагийн тухай «Эзний өдөр болох явдлыг Бурхан надад ер бусын аргаар үзүүлсэн» гэж хэлжээ (Илч. 1:10). Энэ үгийг Ёохан МЭ 96 оны орчим бичиж байх үед «Эзний өдөр» болох яагаа ч үгүй байсан (Мат. 25:14, 19; Лук 19:12). Гэхдээ Библийн зөгнөлийн дагуу энэ өдөр нь Есүсийг тэнгэрт хаан ширээнд заларсан 1914 онд эхэлжээ. Бурхны ард түмэнтэй холбоотой «Илчлэл» номын зөгнөл энэ оноос биелж эхэлсэн. Тийм ээ, бид «Эзний өдөр» амьдарч байна!

4 Ийм гайхалтай цагт амьдарч байгаа бид Илчлэл 1:3-т байгаа үгийг онцгой анхаарах шаардлагатай. Тэнд «Энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг, сонсдог, энд бичигдсэнийг сахидаг хүмүүс жаргалтай. Учир нь цаг ойрхон байна» гэжээ. Тиймээс бид «энэ зөгнөлийн үгийг чанга уншиж», «сонсож», «сахих» учиртай. Сахих ёстой үгний заримыг ярилцъя.

ШҮТЛЭГ ТАНЬ ЕХОВАД ТААЛАГДДАГ ЭСЭХИЙГ МАГАДЛААРАЙ

5. «Илчлэл» номд бичсэнийг үзвэл шүтлэг маань Еховад таалагдах эсэхийг магадлах нь яагаад чухал вэ?

5 Хурал дотор болж байгаа бүх юмыг Есүс нэгд нэгэнгүй мэддэгийг «Илчлэл» номын эхний бүлгээс ойлгож болно (Илч. 1:12–16, 20; 2:1). Энэ нь Бага Азийн долоон хуралд бичсэн Есүсийн үгнээс харагддаг. Тиймээс Есүс І зууны дагалдагчдадаа шүтлэг нь Еховад таалагдаж байгаа эсэхийг магадлаасай гэсэндээ тодорхой удирдлага заавар өгсөн. Эдгээр зааврыг Бурхны өнөөгийн ард түмэн ч дагах учиртай. Бидэнд ямар сургамжтай вэ? Удирдагч Есүс Христ Еховатай хэр дотно байгааг маань сайн мэддэг. Биднийг удирддаг, хамгаалдаг, бас бүхнийг хардаг. Цаашид ч Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд яах ёстойг маань мэддэг. Биелүүлэх ёстой ямар удирдлага зааврыг Есүс бидэнд өгсөн бэ?

6. а) Илчлэл 2:3, 4-т бичсэн Есүсийн үгнээс харвал Эфэс дэх хурлынхан ямар асуудалтай байсан бэ? б) Бидэнд ямар сургамжтай вэ?

6 Илчлэл 2:3, 4-ийг уншина. Еховаг анх хайрлаж байсан шигээ хайрлах ёстой. Есүсийн хэлснийг үзвэл Эфэс дэх дагалдагчид янз янзын бэрхшээлийг үл тоон Еховад тэвчээртэй, тууштай үйлчилж байжээ. Тэгсэн хэдий ч тэд Еховаг анх хайрлаж байсан шигээ хайрлахаа больсон. Тэд урьдынх шигээ Еховаг халуун сэтгэлээр хайрлах учиртай байв. Эс тэгвэл шүтлэг нь таалагдахгүй. Өнөөдөр ч бид Еховад тэвчээртэй үйлчилдэг. Гэвч зөв хандлагатай байх шаардлагатай. Бурхан бидний зөвхөн юу хийж байгааг бус, яагаад гэдгийг маань ч анхаардаг. Өөрөөр хэлбэл Ехова биднийг чин сэтгэлийн хайр болон талархах сэтгэлдээ хөтлөгдөн өөрт нь үйлчлээсэй гэж хүсдэг (Сур. 16:2; Марк 12:29, 30).

7. а) Илчлэл 3:1–3-т бичсэнээр, Сардын хурлынхан ямар асуудалтай байсан бэ? б) Бид яах учиртай вэ?

7 Илчлэл 3:1–3-ыг уншина. Бид үргэлж сэргэг байх ёстой. Сардын хурлынхан өөр асуудалтай байсан. Тэд өмнө нь Еховад идэвх зүтгэлтэй үйлчилж байсан бол одоо больжээ. Тийм учраас Есүс «Сэрээрэй» гэж анхааруулсан. Энэ анхааруулга бидэнд юуг сануулдаг вэ? Мэдээж Ехова өөрийнх нь төлөө юу хийснийг маань мартаагүй (Евр. 6:10). Гэхдээ «Би өмнө нь Еховад сайн үйлчилсэн. Одоо боллоо» гэж бодох ёсгүй. Бид өмнөх шигээ хүссэнээрээ үйлчилж чадахгүй болсон ч эцэс хүртэл сэргэг байн «Эзний үйл хэргийн» төлөө завгүй байх учиртай (1 Кор. 15:58; Мат. 24:13; Марк 13:33).

8. Илчлэл 3:15–17-д байгаа Лаодикийн хурлынханд бичсэн үг бидэнд ямар сургамжтай вэ?

8 Илчлэл 3:15–17-г уншина. Бид хичээл зүтгэлтэй байж, бүхий л зүрхээрээ Еховаг шүтэх ёстой. Есүс Лаодик дахь хуралд өөр нэг асуудал байгааг хэлжээ. Тэднийг «халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн» гэсэн. Еховаг шүтэхийг хайхрахаа больсон тэднийг «хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй» гэж хэлсэн. Тэд Еховагийн төлөө маш их хичээл зүтгэлтэй, халуун сэтгэлтэй байх учиртай байв (Илч. 3:19). Бидэнд ямар сургамжтай вэ? Хэрвээ бидний хичээл зүтгэл суларч байгаа бол Ехова болон байгууллага нь бидний төлөө хийж байгаа бүхнийг эргэцүүлэн бодоод илүү талархах сэтгэлтэй болох хэрэгтэй (Илч. 3:18). Тав тухтай амьдрал руу тэмүүлснээс болж Еховаг шүтэхээ хойш тавьж хэзээ ч болохгүй.

9. Пергам, Туатэр дахь дагалдагчдад бичсэн Есүсийн үгийг үзвэл бид ямар аюулаас хол явах учиртай вэ?

9 Бид тэрслэгчдийн сургаалаас хол явах ёстой. Есүс Пергам дахь хурлын зарим хүнийг хуурамч сургаалыг дэмжиж байна гэж хайр найргүй зэмлэсэн (Илч. 2:14–16). Харин Туатэр дахь хурлын «Сатаны гүн юмсаас» зугтдаг хүмүүсийг магтаж, үнэнийг цаашид ч баримталсаар байхыг уриалсан (Илч. 2:24–26). Хуурамч сургаалд итгээд дагадаг болсон итгэл багатай дагалдагчид гэмших ёстой байв. Харин өнөөгийн бидний тухайд юу хэлж болох вэ? Еховагийн сургаалтай зөрчилддөг ямар ч сургаалаас хол байх ёстой. Тэрслэгчид «сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй» (2 Тим. 3:5). Бурхны Үгийг нямбай судалдаг бол хуурамч сургаалыг ядах юмгүй ялгаж салгаж, хол байж чадна (2 Тим. 3:14–17; Юуд. 3, 4).

10. Пергам, Туатэр дахь хурлынханд хэлсэн Есүсийн үгнээс бид өөр ямар сургамж авах вэ?

10 Бид бүх төрлийн садар самуунаас зугтах ёстой. Пергам, Туатэр хуралд өөр нэг асуудал байв. Есүс эдгээр хурлын зарим хүнийг садар самууныг хүлцэн зөвшөөрдөг гэж буруушаасан (Илч. 2:14, 20). Ямар сургамжтай вэ? Бид ямар нэг садар самуун юманд орооцолдсон л бол Еховад олон жил үйлчилсэн ч бай, янз янзын үүрэг гүйцэтгэдэг ч бай, Ехова зүгээр өнгөрөөхгүй (1 Сам. 15:22; 1 Петр 2:16). Энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтсоор байсан ч Ехова биднээс өндөр хэм хэмжээг нь баримтлахыг хүсдэг (Эф. 6:11–13).

11. Бид юу мэдэж авсан бэ? ( «Өнөөдөр бид яах ёстой вэ?» гэсэн хавсралтыг бас үзээрэй).

11 Тэгэхээр юу мэдэж авснаа дүгнэе. Шүтлэг маань Еховад таалагдах эсэхийг магадлах учиртай. Хэрэв таалагдахааргүй ямар нэг юм байгаагаа мэдвэл Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд нэн даруй засах хэрэгтэй (Илч. 2:5, 16; 3:3, 16). Есүс хурлуудад бичсэн үгэндээ бас нэг зүйлийг онцолсон. Тэр нь юу вэ?

ХАВЧЛАГЫГ ТЭВЧИХЭД БЭЛЭН БАЙГААРАЙ

Сатан тэнгэрээс хөөгдсөнийхөө дараа Бурхны ард түмэн рүү хэрхэн довтолж байна вэ? (12-16-р догол мөрийг үзээрэй)

12. Смирна, Филаделф хуралд хандаж хэлсэн Есүсийн үгнээс бид юу мэдэж авах вэ? (Илчлэл 2:10).

12 Смирна, Филаделф хурлынханд бичсэн Есүсийн үгэнд одоо анхаарлаа хандуулъя. Ехова үнэнч үйлчлэгчдээ шагнах учир хавчлага эсэргүүцлээс бүү ай гэж Есүс хэлсэн (Илчлэл 2:10-ыг уншина; 3:10). Ямар сургамжтай вэ? Бидэнд хавчлага тулгарах нь зайлшгүй. Тиймээс тэвчихэд бэлэн байх ёстой (Мат. 24:9, 13; 2 Кор. 12:10). Үүнийг санаж явах нь яагаад чухал вэ?

13, 14. «Илчлэл» номын 12-р бүлэгт бичсэн үйл явдал Бурхны ард түмэнд хэрхэн нөлөөлөх вэ?

13 «Илчлэл» номоос Бурхны ард түмэн «Эзний өдөр» буюу өнөө үед хавчигдахыг мэдэж авдаг. Тэнгэрт Бурхны Хаант төр байгуулагдангуут дайн болно гэдгийг 12-р бүлэгт бичжээ. Михаел буюу Есүс Христ тэргүүтэй тэнгэрийн арми Сатан болон чөтгөрүүдтэй дайтна (Илч. 12:7, 8). Тэгээд Бурхны дайснуудыг ялж, дэлхий рүү хаяна. Үүний улмаас дэлхийн оршин суугчид үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонд баригдана (Илч. 12:9, 12). Энэ үйл явдал Бурхны ард түмэнд хэрхэн нөлөөлөх вэ?

14 «Илчлэл» номд Сатан яахыг бас цааш нь илчилжээ. Тэрбээр дахин тэнгэрт гарах эрхгүй болсон. Тиймээс «Есүсийн талаар сайтар гэрчлэх даалгавартай», Бурхны Хаант төрийг төлөөлдөг дэлхий дээр байгаа тослогдсон хүмүүст хамаг уураа гаргана (Илч. 12:17; 2 Кор. 5:20; Эф. 6:19, 20). Энэ зөгнөл хэрхэн биелж байна вэ?

15. «Илчлэл» номын 11-р бүлэгт гардаг «хоёр гэрч» хэнийг төлөөлдөг вэ? Тэдэнд юу тохиолдсон бэ?

15 Сатан Бурхны дайснуудыг өдөөн хатгаж, Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдаж байсан тослогдсон дагалдагчид руу дайрахад хүргэсэн. «Илчлэл» номд гардаг алагдсан «хоёр гэрч» удирдах үүрэгтэй энэ тослогдсон хүмүүсийг төлөөлдөг (Илч. 11:3, 7–11). b Хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байсан найман Гэрчид 1918 онд хилс хэрэг тулгаж, бүгдэд нь олон жилийн ял оноожээ. Ингэхэд тэдний үйл ажиллагаа зогссон гэж ихэнх хүн бодсон.

16. 1919 онд санаанд оромгүй ямар үйл явдал болсон бэ? Тэр цагаас хойш Сатан яаж байна вэ?

16 «Илчлэл» номын 11-р бүлэгт өнөөх «хоёр гэрчийг» богино хугацааны дараа амилна гэж бас зөгнөсөн. Энэ зөгнөл яг дараа жилд нь биелж гайхал төрүүлэм үйл явдал болсон. 1919 оны эхээр тэр тослогдсон Гэрчүүдийг шоронгоос суллаж, ялыг нь хүчингүй болгосон. Тэд ч Хаант төрийн ажилдаа ханцуй шамлан оров. Гэхдээ Сатан Бурхны ард түмнээс хараагаа салгаагүй. Харин ч тэднийг «живүүлэх гэж ... гол мэт ус гарган» хавчиж хяхсаар байна (Илч. 12:15). Тиймээс бид бүгдээрээ «тэвчээртэй, бат итгэлтэй байх» учиртай (Илч. 13:10).

ЕХОВАГИЙН ДААЛГАСАН АЖИЛД БҮХНЭЭ ЗОРИУЛААРАЙ

17. Бурхны ард түмэн санаанд оромгүй ямар тусламж авдаг вэ?

17 «Илчлэл» номын 12-р бүлэгт Бурхны ард түмэн санаанд оромгүй тусламж авна гэдгийг зөгнөж «газар» «голыг» залгина гэсэн (Илч. 12:16). Энэ зөгнөл яг таг биелж байна. Сатаны ертөнцийн зарим байгууллага, тухайлбал шүүхүүд Гэрчүүдийн эрх ашгийг хамгаалж шударга шийдвэр гаргадаг. Ийнхүү Еховагийн үйлчлэгчид тодорхой хэмжээний эрх чөлөөтэй болсон тохиолдол олон байдаг. Тэд эрх чөлөөгөө яаж ашигладаг вэ? Бурхны даалгасан ажилд бүхнээ зориулдаг (1 Кор. 16:9). Ямар ажил вэ?

Бурхны ард түмэн ямар хоёр мэдээг тунхаглаж байна вэ? (18, 19-р догол мөрийг үзээрэй)

18. Эцсийн энэ өдрүүдэд бидний хамгийн чухал ажил юу вэ?

18 Бурхны ард түмэн төгсгөл ирэхээс өмнө «[Бурхны] Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг» дэлхий даяар тунхаглана гэж Есүс зөгнөжээ (Мат. 24:14). Энэ ажлыг хийхэд нь тэнгэрийн элчүүд тусална. Библид бичсэнээр тэнгэрийн элчүүдэд «газар дээр суугч бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ» бий (Илч. 14:6).

19. Еховаг хайрладаг хүмүүс өөр ямар мэдээ тунхаглах ёстой вэ?

19 Бурхны ард түмэн зөвхөн Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглаад болчихгүй. Бас «Илчлэл» номын 8–10-р бүлэгт бичсэн тэнгэрийн элчүүдийн ажилд туслах ёстой. Тэд Бурхны Хаант төрийг эсэргүүцэх хүмүүс дээр гамшгууд буулгахыг тунхагладаг. Тэгэхээр Еховагийн Гэрчүүд ч Сатаны хорон муу ертөнцийн бүх тогтолцоог Бурхан шүүнэ гэсэн «мөндөр, галтай» зүйрлэм шүүх мэдээг тунхагладаг (Илч. 8:7, 13). Хүмүүс төгсгөл ойртож байгааг мэдэх хэрэгтэй. Тэгвэл тэд амьдралдаа том өөрчлөлт гаргаж Еховагийн хилэнгийн өдрийг эсэн мэнд давна (Зеф. 2:2, 3). Гэхдээ хүмүүс энэ мэдээг сонсох дургүй учраас бидэнд эр зориг хэрэгтэй. Агуу их гамшгийн үед сүүлчийн удаа тунхаглах шүүх мэдээ хүмүүсийн уурыг бүр ч их хүргэх болно (Илч. 16:21).

«ЭНЭ ЗӨГНӨЛИЙН ҮГИЙГ ... САХИАРАЙ»

20. Дараагийн хоёр өгүүллээр юу үзэх вэ?

20 «Илчлэл» номын зөгнөл биелж байгаа цаг үед бид амьдарч байна. Тиймээс «энэ зөгнөлийн үгийг ... сахих» нь үнэхээр чухал (Илч. 1:3). Бид хавчлагад өртсөн ч хэрхэн үнэнч байх вэ? Сайн мэдээ, шүүх мэдээг хэрхэн тунхагласаар байх вэ? «Илчлэл» ном Бурхны дайснуудын талаар юу илчилдгийг болон үнэнч хүн ирээдүйд ямар ивээл хүртэхийг бодож явбал бид зоригтой байна. Энэ тухай дараагийн хоёр өгүүллээр үзнэ.

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

a Бид «Илчлэл» номд бичсэн зөгнөл биелж байгаа сэтгэл хөдөлгөм цаг үед амьдарч байна. Эдгээр зөгнөл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ болон дараагийн хоёр өгүүллээр «Илчлэл» номоос зарим утга санааг ярилцана. Бид яадаг бол шүтлэг маань Еховад таалагдахыг тус номоос мэдэж авна.