Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

Мэргэн ухаан бол амьдралын хөтөч

Мэргэн ухаан бол амьдралын хөтөч

«ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг» (СУР. 2:6).

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

ТОЙМ a

1. Бидэнд яагаад Бурхны мэргэн ухаан хэрэгтэй вэ? (Сургаалт үгс 3:13, 15).

 ТА ЧУХАЛ шийдвэр гаргахаасаа өмнө мэргэн ухаан гуйж залбирдаг нь лавтай. Тэгэх нь ч зөв (Яак. 1:5). Соломон хаан мэргэн ухааны тухай бичихдээ «Чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй» гэжээ (Сургаалт үгс 3:13, 15-ыг уншина). Гэхдээ Соломон хүний мэргэн ухааны тухай бус, харин Ехова Бурхны өгдөг мэргэн ухааны тухай хэлсэн (Сур. 2:6). Бурхны мэргэн ухаан нь өнөөдөр бидэнд тулгардаг бэрхшээлийг давахад үнэхээр тустай юу? Тийм гэдгийг энэ өгүүллээр үзнэ.

2. Жинхэнэ ёсоор мэргэн болох нэг арга юу вэ?

2 Жинхэнэ ёсоор мэргэн болох нэг арга нь цэцэн мэргэнээрээ алдаршиж, хүндэтгэл хүлээсэн хоёр хүний сургаалыг судалж амьдралдаа хэрэгжүүлэх явдал юм. Бид эхлээд Соломоны тухай ярилцана. Библид «Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар[ыг] ... ихээр өгчээ» гэж бичсэн (Х.дээд 4:29). Дараа нь, дэлхий дээр амьдарч байсан хамгийн мэргэн ухаантай хүн Есүсийн тухай ярилцана (Мат. 12:42). Есүсийн тухай «ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс ... Түүн дээр оршино» гэж зөгнөн бичжээ (Ис. 11:2).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Бурхан Соломон болон Есүст мэргэн ухааныг арвин ихээр өгсөн. Тиймээс тэд бидэнд чухал, ач тустай зөвлөгөөнүүдийг өгсөн. Энэ өгүүллээр тэдгээрээс гурвыг нь, тухайлбал мөнгө төгрөг, ажил алба, өөрийнхөө талаар хэрхэн зөв үзэлтэй байхыг ярилцана.

МӨНГӨНИЙ ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

4. Соломон, Есүсийн амьдрал ахуй юугаараа ялгаатай байсан бэ?

4 Соломон маш баян чинээлэг, тансаг амьдарч байсан (Х.дээд 10:7, 14, 15). Харин Есүс өөрийн гэхээр эд юмгүй шахам, бүр орох орон ч үгүй байв (Мат. 8:20). Гэхдээ хоёулаа Ехова Бурхны мэргэн ухаанаар удирдуулж эд юманд дүн нуруутай ханддаг байжээ.

5. Соломоныг яагаад мөнгөний талаар зөв үзэлтэй байсан гэж хэлэх вэ?

5 Соломон мөнгийг «хамгаалалт» гэсэн (Ном. 7:12). Хэрэв бидэнд мөнгө байвал зайлшгүй хэрэгтэй зүйлээ ч, зарим нэг хүссэн юмаа ч авч чадна. Соломон хаан хэдийгээр баян чинээлэг байсан ч мөнгөнөөс илүү чухал юм байдгийг ойлгосон. Жишээ нь тэрбээр: «Сайн нэр нь агуу баялгаас ч дээр» гэжээ (Сур. 22:1). Бас мөнгийг хайрладаг хүмүүс байгаа юмандаа тэр бүр сэтгэл хангалуун байдаггүйг анзаарчээ (Ном. 5:10, 12). Түүнчлэн мөнгөнд найдахгүй байхыг анхааруулсан. Яагаад гэвэл хэчнээн их мөнгөтэй байсан ч хоромхон зуур алга болчихдог (Сур. 23:4, 5).

Эд зүйлийн талаарх үзэл Хаант төрийн үйл хэргийг амьдралын эн тэргүүнд тавихад саад болж байна уу? (6, 7-р догол мөрийг үзээрэй) c

6. Есүс эд юманд хэрхэн дүн нуруутай ханддаг байсан бэ? (Матай 6:31–33).

6 Есүс эд хөрөнгөд дүн нуруутай ханддаг байв. Тэрбээр хүмүүстэй хамт сайхан сууж, идэж уудаг байсан (Лук 19:2, 6, 7). Нэг удаа маш сайн чанарын дарс хийж анх удаа гайхамшиг үйлджээ (Ёох. 2:10, 11). Тэрбээр нас бардаг өдрөө их үнэтэй хувцас өмссөн байсан (Ёох. 19:23, 24). Гэхдээ эд зүйлийг амьдралынхаа хамгийн чухал юм гэж үзэж байгаагүй. Шавь нартаа «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. ... Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» гэжээ (Мат. 6:24). Хэрэв бид Хаант төрийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдардаг бол Ехова хэрэгтэй юмыг маань өгнө гэж Есүс заасан (Матай 6:31–33-ыг уншина).

7. Мөнгөнд дүн нуруутай ханддаг нэг Гэрч эрэгтэй ямар ач тус хүртсэн бэ?

7 Олон ах дүү маань мөнгөний талаарх Бурхны зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд ач тус хүртдэг. Даниел гэдэг ганц бие Гэрч эрэгтэйн жишээг ярилцъя. Тэрбээр: «Би өсвөр насандаа Еховад үйлчлэхийг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгохоор шийдсэн» гэж ярив. Тэрбээр энгийн амьдарч байсан учир Еховад янз бүрийн аргаар үйлчилж чаджээ. Цааш нь «Энэ замыг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Хэрэв би мөнгийг чухалчилж амьдардаг байсан бол их мөнгөтэй болох байв. Харин тэгсэн бол өнөөдөр ийм сайхан найзуудгүй байх байсан. Бас Еховад үйлчлэхийн аз жаргалыг мэдрэх боломжгүй болох байв. Их хэмжээний мөнгийг Еховагийн ивээлтэй минь харьцуулахын аргагүй билээ» гэж ярьсан. Тийм ээ, мөнгийг бус, Еховад үйлчлэхийг чухалчилдаг бол заавал ач тус хүртэнэ.

АЖИЛ АЛБАНЫ ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

8. Соломон ажил албаны талаар зөв үзэлтэй байсныг бид хэрхэн мэдэх вэ? (Номлогчийн үгс 5:18, 19)

8 Нөр их хөдөлмөр хүнийг сэтгэл хангалуун болгодог. Соломон үүнийг «Бурханы бэлэг» гэжээ (Номлогчийн үгс 5:18, 19-ийг уншина). Бас «Хөдөлмөр бүхэн ашиг авчирна» гэж бичсэн (Сур. 14:23). Тэрбээр өөрөө маш их хөдөлмөрч хүн байсан учраас энэ үгний үнэнийг мэддэг байв. Соломон байшин барилга, усан үзмийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн болон усан сан олныг барьжээ. Бас хотуудыг ч барьж байгуулсан (Х.дээд 9:19; Ном. 2:4–6). Нөр их хөдөлмөр шаардсан эдгээр ажлын дараа тодорхой хэмжээгээр баярласан нь лавтай. Гэхдээ жинхэнэ утгаар аз жаргалтай байхын тулд өөр юм хийх хэрэгтэйгээ ойлгож байсан. Тэгээд Еховагийн төлөө ихийг хийсэн. Жишээ нь, Еховаг шүтэх сүр жавхлантай сүм барих ажлыг долоон жил удирдаж бариулсан (Х.дээд 6:38; 9:1). Бурхны болон бусад олон ажил хийгээд Бурхны ажил бүхнээс хамгийн чухал болохыг ойлгожээ. Тиймээс «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун» гэж бичжээ (Ном. 12:13).

9. Есүс мужааныхаа ажилд хэрхэн дүн нуруутай хандсан бэ?

9 Есүс ажилсаг хүн байсан. Залуудаа мужаан байв (Марк 6:3). Эцэг эх нь өнөр гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд маш их хөдөлмөрлөдөг хичээл зүтгэлтэй хүмүүс. Тиймээс Есүсийн оруулсан хувь нэмрийг их үнэлдэг байсан нь эргэлзээгүй. Төгс Есүс ажлаа төгс хийдэг учир хийсэн зүйлийг нь авах хүсэлтэй хүн олон байсан байх. Есүс ажилдаа их дуртай байсан бололтой. Тэгсэн ч мужааныхаа ажлыг хичээнгүйлэн хийхийн зэрэгцээ Еховад үйлчлэх цагийг заавал гаргадаг байв (Ёох. 7:15). Хожим нь бүрэн цагийн дэлгэрүүлэгч болоод сонсогчдодоо «Мууддаг хоолны төлөө биш, мөнх амьтай болгох хоолны төлөө ажилла» гэж зөвлөжээ (Ёох. 6:27). Бас «Уулан дээр айлдсан сургаал»-даа «Тэнгэрт эд хөрөнгө хураа» гэж хэлсэн (Мат. 6:20).

Бурхны болон бусад ажлын талаар хэрхэн дүн нуруутай байх вэ? (10, 11-р догол мөрийг үзээрэй) d

10. Ажилдаа сайн хүмүүс ямар бэрхшээлтэй тулгарч магадгүй вэ?

10 Хэрэв бид Бурхны мэргэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл ажилдаа дүн нуруутай хандана. Христийн дагалдагчид бид «шударга хөдөлмөрлөж, ажилч хичээнгүй байхад» суралцдаг (Эф. 4:28). Ажил олгогчид бидний үнэнч, хичээнгүй ажилладгийг анзаараад их үнэлж байгаагаа хэлдэг. Бид ч тэдэнд Еховагийн Гэрчүүдийн талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх гээд илүү олон цагаар ажиллаад байдаг талтай. Гэхдээ яваандаа гэр бүлийнхэндээ зориулах эсвэл Еховад үйлчлэх цагаас хороогоод байгаагаа ойлгож болох юм. Тэгвэл илүү чухал зүйлдээ илүү цаг зориулахын тулд өөрчлөлт хийх хэрэгтэй.

11. Ажилдаа дүн нуруутай хандах талаар нэг Гэрч залуу юу ойлгож авсан бэ?

11 Виллиам гэдэг Гэрч залуу ажилд дүн нуруутай хандах нь ямар сайн талтайг нүдээрээ үзжээ. Урьд нь түүний ажил олгогч нь нэг ахлагч байсан юм. Виллиам түүний тухай «[Тэр ах] ажилдаа их дүн нуруутай ханддаг хүн л дээ. Ажлаа сайн хийдэг болохоор үйлчлүүлэгчидтэйгээ дотно байдаг. Гэхдээ орой тараад ажлаа ардаа орхиж гэр бүлдээ, бас Бурхныг шүтэхэд цаг гаргадаг. Дарга маань миний мэдэх хамгийн жаргалтай хүн!» гэж ярьжээ. b

ӨӨРСДИЙНХӨӨ ТАЛААР ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

12. Соломон өөрийнхөө талаар зөв үзэлтэй байсан нь юунаас харагддаг вэ? Харин дараа нь яасан бэ?

12 Соломон Еховад үнэнчээр үйлчилж байх үедээ өөрийнхөө талаар зөв үзэлтэй байв. Залуудаа хэр чадлаа мэддэг даруу хүн байсан учраас Еховагаас удирдлага заавар гуйж байжээ (Х.дээд 3:7–9). Хаан болоод удаагүй байхдаа ч бардам байхын аюулыг ойлгодог байв. Тиймээс «Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг» гэж бичжээ (Сур. 16:18). Харамсалтай нь энэ үгээ хожим нь хэрэгжүүлэхээ болин бардам болж, Бурхны шаардлагыг үл тоомсорлосон. Жишээ нь хуулийн заалтад бичсэнээр, еврей хаан «өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй» (Д.хууль 17:17). Харин Соломон энэ заалтыг үл ойшоож 700 эхнэр, 300 татвар эм авсан бөгөөд тэдний дунд харийн Бурхан шүтдэг хүн олон байжээ! (Х.дээд 11:1–3). Соломон: «Би бүгдийг нь мэдэж байгаа болохоор зүгээр ээ» гэж бодсон байж магадгүй. Яваандаа Еховад дуулгаваргүй байсныхаа горыг амссан (Х.дээд 11:9–13).

13. Есүсийн даруу байсныг эргэцүүлэн бодвол бид юу мэдэж авах вэ?

13 Есүс өөрийнхөө талаар зөв үзэлтэй, даруу хүн байжээ. Дэлхийд ирэхээсээ өмнө Еховад үйлчилж, гайхалтай олон юм хийсэн юм. Бурхан «тэнгэр, газар дээрх ... бүх юмыг бүтээхдээ Хүүгээ оролцуулсан» (Кол. 1:16). Баптисм хүртэхдээ Эцэгтэйгээ байхдаа хийсэн бүхнээ санасан нь лавтай (Мат. 3:16; Ёох. 17:5). Тэглээ гээд тэрбээр бардам болоогүй. Харин ч хэзээ ч өөрийгөө бусдаас дээгүүр тавьж байгаагүй. Шавь нартаа өөрийнхөө тухай ярихдаа «Үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» гэжээ (Мат. 20:28). Мөн «Дур зоргоороо юу ч хийдэггүй» гэж хэлсэн (Ёох. 5:19). Есүс үнэхээр даруу байсан байгаа биз? Тэрбээр бидэнд гайхалтай үлгэр жишээ үлдээжээ.

14. Есүсийн хэлсэн үгнээс өөрийнхөө талаар зөв үзэлтэй байхад тустай юуг мэдэж авах вэ?

14 Есүс дагалдагчдадаа өөрсдийнхөө талаар зөв үзэлтэй байхыг заасан. Нэг удаа Есүс: «[Бурхан] та нарын толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг» гэж хэлжээ (Мат. 10:30). Энэ үг биднийг, ялангуяа өөрийнхөө талаар муугаар боддог хүмүүсийг маш их тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн Эцэг маань бидэнд маш их санаа тавьдаг, их өндөр үнэлдэг гэсэн үг юм. Ехова өөрийг нь шүтэх, шинэ ертөнцөд амьдрах эрхтэй гэж үзэж байхад бид өөрсдийгөө зохисгүй гэж бодох ёсгүй.

Өөрсдийнхөө талаар буруу үзэлтэй бол ямар сайхан боломжийг алдах вэ? (15-р догол мөрийг үзээрэй) e

15. а) Өөрийнхөө талаар зөв үзэлтэй байхыг «Харуулын цамхаг» сэтгүүл хэрхэн уриалсан бэ? б) 24-р хуудсанд байгаа зургийг үзвэл, бид өөрсдийгөө хэтэрхий их анхаарвал ямар сайхан боломжийг алдах вэ?

15 15 орчим жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүлд өөрсдийнхөө талаар зөв үзэлтэй байхыг ийнхүү уриалжээ. «Бид өөрсдийгөө дөвийлгөж бардам болохыг хүсэхгүй. Гэхдээ хэнд ч хэрэггүй гэж бодох ч ёсгүй. Бид өөрсдийнхөө давуу болон сул талыг харгалзан үзээд зөв үзэлтэй болохыг зорих хэрэгтэй. Нэг Гэрч эмэгтэй: “Би адгийн муу хүн биш, гаргууд сайн хүн ч биш. Хүмүүстэй л адил сайн ч талтай, муу ч талтай” гэжээ». Өөрийнхөө талаар зөв үзэлтэй байх нь ямар сайн талтай болохыг та анзаарав уу?

16. Ехова яагаад бидэнд мэргэн удирдлага заавар өгдөг вэ?

16 Ехова бидэнд Үгээрээ мэргэн удирдлага заавар өгдөг. Тэрбээр биднийг хайрладаг бөгөөд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг (Ис. 48:17, 18). Еховагийн хүслийг эн тэргүүнд тавьж амьдрах нь биднийг үнэхээр жаргалтай болгодог хамгийн зөв сонголт юм. Ингэдэг бол мөнгө төгрөг, ажил алба, өөрийгөө хэтэрхий их анхаардаг хүмүүст тулгарах асуудлаас зайлсхийж чаддаг. Бүгдээрээ мэргэн байж Еховагийн зүрхийг баярлуулахаар бат шийдэцгээе! (Сур. 23:15).

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

a Соломон Есүс хоёр үнэхээр мэргэн ухаантай хүмүүс байв. Тэднийг Ехова Бурхан мэргэн ухаантай болгосон. Соломон Есүс хоёр агуу хүчний удирдлагаар мөнгө төгрөг, ажил алба, өөрсдийнхөө талаар зөв үзэлтэй байхад тустай зөвлөгөө өгсөн. Эдгээрээс бид юу сурч болохыг энэ өгүүллээр үзнэ. Библид үндэслэсэн зөвлөгөөг амьдралын гурван хүрээнд хэрэгжүүлээд ач тусыг нь хүртсэн зарим итгэл нэгтний жишээг бас ярилцана.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 4-р сарын 1-ний дугаарын «Яавал ажилдаа дуртай байх вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жон Том хоёр нэг хуралд үйлчилдэг Гэрч залуус юм. Жон машинаа арчлахад их цаг зарцуулдаг. Харин Том дэлгэрүүлэх ажил, цуглаанд явахдаа итгэл нэгтнүүдээ машиндаа суулгаад авч явдаг.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жон илүү цагаар ажиллаж байна. Тэрбээр даргынхаа итгэлийг хөсөрдүүлэхийг хүсдэггүй. Тиймээс даргыгаа гуйх болгонд оройн цагаар ажилладаг. Яг энэ үдэш, туслах үйлчлэгчээр үйлчилдэг Том хоньчны эргэлт хийж буй ахлагчтайгаа хамт явжээ. Том даргадаа долоо хоног болгоны хэдэн өдөр ажлын дараа Ехова Бурхандаа үйлчилдэг тул илүү цагаар ажиллах боломжгүйгээ урьд нь тайлбарласан ажээ.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жон өөрийгөө л анхаардаг. Том Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг тул цуглааны танхим засварлах ажилд оролцоод олон найзтай болжээ.