Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25

Уучилдаг хүнийг Ехова ивээдэг

Уучилдаг хүнийг Ехова ивээдэг

«Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» (КОЛ. 3:13).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

ТОЙМ a

1. Ехова гэмшсэн нүгэлтэнд юу гэж батлан хэлсэн бэ?

 ЕХОВА Бүтээгч, Хууль тогтоогч, Шүүгч ч гэсэн, бас биднийг хайрлан халамжилдаг Эцэг билээ (Дуу. 100:3; Ис. 33:22). Хэрэв бид Бурхны эсрэг нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ гэмшвэл тэрбээр биднийг уучлах эрхтэй бөгөөд хүсэлтэй (Дуу. 86:5). Ехова хайрандаа хөтлөгдөж зөнч Исаиагаар дамжуулан «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно» гэж батлан хэлжээ (Ис. 1:18).

2. Нэг нэгэнтэйгээ эвтэй байхын тулд бид яах ёстой вэ?

2 Бид төгс бусаасаа болоод нэг нэгнээ үгээрээ, үйлдлээрээ заримдаа гомдоочихдог (Яак. 3:2). Гэхдээ өөр хоорондоо дотно байх боломжгүй гэсэн үг биш. Нэг нэгнээ уучилж сурвал бид дотно найзууд хэвээрээ байна (Сур. 17:9; 19:11; Мат. 18:21, 22). Жижиг сажиг зүйлээс болж гомдсон бол уучилж байгаарай гэж Ехова заадаг (Кол. 3:13). Ехова биднийг «өгөөмрөөр уучилдаг» учраас бид ч бусдыгаа уучлах учиртай биз дээ? (Ис. 55:7).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Энэ өгүүллээр төгс бус хүмүүс Еховаг хэрхэн дуурайж нэг нэгнээ уучлахыг үзнэ. Тэгээд дараах асуултуудын хариуг авна. Ямар нүглийг ахлагчдад мэдэгдэх ёстой вэ? Ехова нэг нэгнээ уучлахыг биднээс яагаад хүсдэг вэ? Бусдын үйлдсэн нүглээс болж маш их хохирсон итгэл нэгтнүүдээсээ юу сурч болох вэ?

ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ НОЦТОЙ НҮГЭЛ ҮЙЛДВЭЛ

4. а) Еховагийн үйлчлэгч ноцтой нүгэл үйлдсэн бол яах ёстой вэ? б) Ахлагчид ямар үүрэгтэй вэ?

4 Хэн нэгэн нь ноцтой нүгэл үйлдсэнийг мэдсэн бол ахлагчдад мэдэгдэх ёстой. 1 Коринт 6:9, 10-т ноцтой нүглийн заримыг дурджээ. Ноцтой нүгэл үйлдсэн хүн Бурхны хуулийг уландаа гишгэдэг. Хэрэв Христийн дагалдагч хүн ийм нүгэл үйлдсэн бол Еховагаас уучлал гуйн залбирч, ахлагчдад хэргээ илчлэх ёстой (Дуу. 32:5; Яак. 5:14). Ехова л золиосонд үндэслэн нүглийг маань бүрэн уучлах эрхтэй. Тэгвэл ахлагчид ямар үүрэгтэй вэ? Нүгэл үйлдсэн хүнийг хуралд үлдээх эсэхийг Библид үндэслэн шийдэх үүргийг Ехова ахлагчдад оноосон (1 Кор. 5:12). Энэ үүргээ биелүүлэхийн тулд дараах асуултуудын хариултыг тодорхой болгох нь тэдний хийдэг ажлын нэг хэсэг юм. Нүгэлтэн урьдаас төлөвлөж байгаад нүгэл үйлдсэн үү? Үйлдсэн нүглээ нуухыг оролдсон уу? Урьд нь ийм нүгэл үйлдэж байсан уу? Хамгийн чухал нь, үнэн голоосоо гэмшиж байгаагийн нотолгоо байна уу? Ехова нүгэлтнийг уучилсан гэх баталгаа байна уу? (Үйлс 3:19).

5. Ахлагчдын ажил хурлынханд ямар ач тустай вэ?

5 Ахлагчид нүгэлтэнтэй уулзахдаа Еховагийн аль хэдийн гаргачихсан шийдвэртэй адил шийдвэр гаргахыг зорьдог (Мат. 18:18). Энэ арга хэмжээ хурлынханд ямар ач тустай вэ? Гэмшээгүй нүгэлтнийг хурлаас хасаж, Еховагийн хайрладаг хоньдод хохирол учруулахаас хамгаалдаг (1 Кор. 5:6, 7, 11–13; Тит 3:10, 11). Бас хасагдсан нүгэлтэн гэмшиж, Еховагаар уучлуулж болох юм (Лук 5:32). Харин ахлагчид гэмшсэн нүгэлтний өмнөөс залбирч Еховатай эргээд сайхан харьцаатай болоход нь туслаач гэж гуйдаг (Яак. 5:15).

6. Хурлаас хасагдсан хүнийг Ехова уучлах уу? Тайлбарлана уу.

6 Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй уулзахад тэрбээр гэмшээгүй байна гэж бодъё. Тэгвэл ахлагчид түүнийг хурлаас хасна. Тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн бол хаацайлж хамгаалахгүй. Ехова гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч шүүж шийтгэхийг эрх мэдэл бүхий хүмүүст зөвшөөрдөг. Хэрэгтэн гэмшсэн ч, гэмшээгүй ч ялгаагүй (Ром 13:4). Гэхдээ хожим нь тухайн хүн буруу хэрэг хийснээ ухаарч, үнэн голоосоо гэмшиж өөрчлөгдсөн бол Ехова дуртайяа уучилна (Лук 15:17–24). Үйлдсэн нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч уучилна (Ш.дэд 33:9, 12, 13; 1 Тим. 1:15).

7. Бидний эсрэг нүгэл үйлдсэн хүнийг уучилна гэдгийг юу гэж ойлгох вэ?

7 Ехова нүгэлтнийг уучлах уу, үгүй юү гэдэг нь бидний хэрэг биш гэж бодохоор хэчнээн сэтгэл амармаар вэ! Гэхдээ бидний шийдэх зүйл бий. Тэр нь юу вэ? Заримдаа хэн нэгэн бидний эсрэг нүгэл, бүр ноцтой нүгэл үйлдэж, дараа нь буруугаа хүлээж уучлалт гуйж болох юм. Уучлалт гуйхгүй ч байж магадгүй. Аль нь ч бай, тэр хүнд уурлаж гомдохоо больж, уучилж болох юм. Харин, ялангуяа бид их хохирсон бол уучлахад үнэндээ амар байдаггүй. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1994 оны 9-р сарын 15-ны дугаарт «Та нүгэлтнийг уучилсан бол үйлдсэн нүглийг нь зөвтгөж байгаа хэрэг биш юм. Христийн дагалдагч хүн уучилсан гэдэг нь уг хэргийг Еховад даатгасан гэсэн үг. Ехова бол орчлонт ертөнцийн шударга Шүүгч бөгөөд цагт нь зөв шударгыг тогтооно» гэжээ. Ехова бусдыг уучилж, тус хэргийг шударгаар шүүнэ гэж өөрт нь найдахыг бидэнд яагаад уриалдаг вэ?

ЕХОВА ЯАГААД УУЧЛАХЫГ УРИАЛДАГ ВЭ?

8. Биднийг уучилж өршөөдөг Еховад талархдаг хүн яадаг вэ?

8 Бусдыг уучлах нь Еховад талархдагийн илрэл. Есүс Еховаг нэг эзэнтэй зүйрлэжээ. Энэ эзэн төлж чадахааргүй маш их өртэй боолоо өрнөөс нь хэлтрүүлсэн. Гэтэл тэр боол өөрт нь өртэй ч, өөрийнх нь өрнөөс хамаагүй бага өртэй өөр нэг боолд өршөөнгүй хандаагүй (Мат. 18:23–35). Есүс бидэнд юуг ойлгуулах гэсэн бэ? Ехова биднийг уучилж өршөөдөгт үнэхээр талархдаг бол бид бусдыг уучлах хүсэлтэй болно (Дуу. 103:9). Энэ тухай «Харуулын цамхаг» сэтгүүлд олон жилийн өмнө ийнхүү бичжээ. «Бид итгэл нэгтнүүдээ хэчнээн олон удаа уучилж байсан ч энэ нь Христийн золиосонд үндэслэн Ехова биднийг уучилж өршөөдөгтэй харьцуулахын аргагүй».

9. Ехова ямар хүнийг өршөөдөг вэ? (Мат. 6:14, 15).

9 Уучилдаг хүнийг Ехова уучилна. Өршөөнгүй хүнийг Ехова өршөөдөг (Мат. 5:7; Яак. 2:13). Энэ тухай Есүс хэрхэн залбирахыг шавь нартаа заахдаа тодорхой хэлсэн (Матай 6:14, 15-ыг уншина). Бас үүнийг Ехова Иовд юу гэж хэлснээс нь мэдэж авна. Елифаз Билдад Зофар гурав үнэнч Иовыг хайр найргүй зэмлэж сэтгэлийг нь өвтгөсөн. Тэгсэн ч гэсэн Ехова тэр гурвын төлөө залбир гэж Иовд хэлдэг. Залбирсных нь дараа Ехова Иовыг ивээжээ (Иов 42:8–10).

10. Уурлаад явах нь яагаад өөрт нь хортой вэ? (Эфэс 4:31, 32).

10 Уурлаад явбал өөрийгөө хохирооно. Хүнд ачаа мэт уур хилэнг хөсөр хаяж, уужуу тайван болоосой гэж Ехова биднээс хүсдэг (Эфэс 4:31, 32-ыг уншина). Тиймээс Библид «Уурлахаа больж, хилэнгээ март» гэж уриалдаг (Дуу. 37:8). Энэ зөвлөгөөг дагах нь бидэнд ач тустай. Гомдоосон хүнд уурлаад явбал бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч өөрөө л зовно (Сур. 14:30). Хор идвэл хорддогтой адил уурлаад явбал өөрт л хортой. Тиймээс уучлах нь өөрөө өөртөө бэлэг өгч байгаа хэрэг юм (Сур. 11:17). Ийнхүү амар тайван байвал цаашдаа ч Еховадаа үйлчлээд л байна.

11. Өшөө авах талаар Библид юу гэж байдаг вэ? (Ром 12:19–21).

11 Өшөө авах нь Еховагийнх. Ехова бидэнд өшөө авах эрх олгоогүй. Тиймээс хэн нэгэн бидний эсрэг нүгэл үйлдсэн ч өшөө авах ёсгүй (Ром 12:19–21-ийг уншина). Бид төгс бус, болсон явдлын талаар бүхнийг мэдэх боломжгүй учраас хэзээ ч Ехова шиг зөв шүүж чадахгүй (Евр. 4:13). Бас заримдаа сэтгэл хөдлөлдөө автаад зөв шийдвэр гаргадаггүй. Яаков Бурхны агуу хүчээр удирдуулан «Уурласан хүн Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй» гэж бичжээ (Яак. 1:20). Ехова зөвийг үйлдэж, шударга ёсыг төгс тогтооно гэдэгт бид итгэлтэй байж болно.

Уурлан хорсохоо болиорой. Бүхнийг Еховад даатгаарай. Тэрбээр нүглийн бүх хор хохирлыг арилгана (12-р догол мөрийг үзээрэй)

12. Ехова төгс шударга гэдэгт итгэдэг хүн яадаг вэ?

12 Уучлах нь Ехова төгс шударга гэдэгт итгэдгийн баталгаа. Нүглийн улмаас учирдаг бүх хохирлыг Ехова арилгана гэж итгэж найддаг хүн хэрэг явдлыг түүнд даатгадаг. Еховагийн амласан шинэ ертөнцөд сэтгэлийн шарх «санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Ис. 65:17). Харин хэн нэгнээс болж маш их зовсон бол уур хилэнгээ мартаж чадах болов уу? Чадна. Зарим хүний жишээг одоо ярилцъя.

УУЧИЛБАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

13, 14. Тони болон Хосед тохиолдсон явдлаас уучлах талаар та юу мэдэж авсан бэ?

13 Бусдын буруу үйлдлээс болоод маш их хохирсон ч уучилж өршөөсөн итгэл нэгтэн бидний дунд олон бий. Тэд ямар ивээл хүртсэн бэ?

14 Филиппинд амьдардаг Тони b Библийн үнэнийг мэдэхээсээ бүр өмнө Хосе гэдэг хүн нэг ахыг нь алсныг мэдэв. Тэр үед Тони харгис хэрцгий хүн байсан учир өшөө авна гэж боджээ. Ахыг нь хөнөөсөн Хосе шоронд орсон. Хожим нь Хосег шоронгоос суллагдахад Тони түүнийг хайж олоод ална гэж тангараглажээ. Тэгээд бүр гар буу худалдаж авсан байна. Харин тэр үед Тони Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн. Тэрбээр: «Библи судалж байхдаа өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгосон. Уур хилэнгээ ч мартах хэрэгтэй байв» гэжээ. Яваандаа Тони баптисм хүртэж, дараа нь ахлагчаар томилогдсон. Тэрбээр өнөөх Хосег баптисм хүртсэнийг мэдээд хэчнээн их гайхсаныг төсөөл дөө! Тэр хоёр уулзаад тэврэлджээ. Тони ч Хосег уучилснаа хэлэв. Тэгээд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрсэн гэж ярьжээ. Тийм ээ, дуртайяа уучилсан Тониг Ехова ивээсэн.

Питер Сью хоёрын жишээнээс уурлаж хорсохгүй байх боломжтойг мэдэж авна (15, 16-р догол мөрийг үзээрэй)

15, 16. Питер Сью хоёрт тохиолдсон явдлаас уучлах талаар та юу мэдэж авсан бэ?

15 1985 онд Питер Сью хоёрыг цуглааны танхимд сууж байтал гэнэт хүчтэй дэлбэрэлт болов. Хэн нэгэн цуглааны танхимд тэсрэх бөмбөг тавьжээ! Сьюгийн нүд, чих нь хүнд гэмтэж, үнэрлэх чадваргүй болжээ. Питер Сью хоёр «Ямар хүн ийм аймаар юм хийдэг байна?» гэж өөрийн эрхгүй боддог байв. Олон жилийн дараа гэмт хэрэгтнийг баривчилсан. Тэрбээр Еховагийн Гэрч биш байсан бөгөөд насаараа хоригдох ял авчээ. Питер Сью хоёроос түүнийг уучилсан эсэхийг нь асуухад «Уурлаад явах нь бие махбод, сэтгэл санааны хувьд хор хөнөөлтэй гэж Ехова заадаг. Тиймээс уур хилэнгээ мартаж, амар амгалан амьдрахад туслаач гэж Еховагаас аль эртнээс гуйдаг байсан» гэж хариулжээ.

16 Уучлах нь тэдэнд амархан байсан уу? Үгүй, амар байгаагүй. Тэд: «Заримдаа Сью гэмтлээсээ болж их зовно. Тэр үед өөрийн эрхгүй уурладаг байв. Гэхдээ энэ тухай бодохгүй байхыг хичээдэг байсан учир уур маань намддаг байв. Бөмбөг тавьсан этгээд хэзээ нэгэн цагт итгэл нэгтэн маань болбол бид баярлаж түүнийг хүлээж авна гэдгийг чин сэтгэлээсээ хэлж чадна. Бид энэ явдлаас Библийн зарчмыг хэрэгжүүлбэл чөлөөлөгдөнө гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл уур хилэнгийн хүлээснээс мултарч, төсөөлж байснаас илүү амар тайвныг мэдэрдэг. Бас Ехова удахгүй бүх хүний амсаж буй хор хохирлыг арилгана гэж бодоод тайвширдаг» гэж ярьжээ.

17. Маирад тохиолдсон явдлаас уучлах талаар та юу мэдэж авсан бэ?

17 Хоёр хүүгээ жаахан байхад нь Маира үнэнийг мэдэж авсан. Харин нөхөр нь хүлээн зөвшөөрөөгүйгээр зогсохгүй бүр завхайрч, гэр бүлийнхнээ хаясан. Маира: «Нөхөр маань хоёр хүүтэй минь намайг хаяж явахад хайртай хүн нь урвахад ямар санагддаг тэр бүхнийг би мэдэрсэн. Шоконд орж, итгэхээ больж, гашуудаж, харамсаж, өөрийгөө буруутгаж, уур хүрсэн» гэжээ. Гэрлэлтээ цуцлуулсан ч нөхөр нь урвасан гэж бодохлоор сэтгэл нь өвдсөөр байв. Цааш нь Маира: «Үүнээс болоод би олон сараар зовж шаналж, бас энэ нь Еховатай, бусадтай харьцах харьцаанд нөлөөлж байгааг анзаарсан» гэж ярьсан. Харин одоо Маира хаяж явсан нөхөртөө уурлаж хорсохоо больсон. Бүр хэзээ нэгэн цагт Еховатай дотносно гэж найдаж байгаа. Маира ирээдүйгээ анхаардаг болсон. Хоёр хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Одоо Маира хоёр хүүхэдтэйгээ болон гэр бүлийнхэнтэй нь хамт Еховадаа баяр хөөртэй үйлчилж байна.

ЕХОВА БОЛ ТӨГС ШҮҮГЧ

18. Бид юунд бат итгэдэг вэ?

18 Бид хүмүүсийг шүүх гэдэг ачаа үүрдэггүй нь хэчнээн сайхан бэ! Энэ чухал ажлыг Дээд Шүүгч Ехова хийдэг (Ром 14:10–12). Тэрбээр зөв буруугийн талаарх төгс хэм хэмжээнийхээ дагуу шүүдэг гэдэгт бид зуун хувь итгэдэг (Эх. 18:25; Х.дээд 8:32). Ехова хэзээ ч шударга бус юм хийхгүй!

19. Төгс Шүүгч Ехова юу хийх вэ?

19 Ехова төгс бус байдал, нүглийн үр дагаврыг бүгдийг нь арилгах тэр цагийг бид тэсэн ядан хүлээдэг. Тэр үед бие махбод, зүрх сэтгэлийн бүх шарх эдгэрнэ (Дуу. 72:12–14; Илч. 21:3, 4). Урьдын зовлон шаналал санаанд ч буухгүй. Харин тэр цаг болтол бид Еховаг дуурайн бусдыг уучилж, амар тайван байх боломжтойдоо Еховад талархаад баршгүй.

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

a Ехова гэмшсэн нүгэлтнийг дуртайяа уучилдаг. Хэн нэгэн биднийг гомдооход Христийн дагалдагчид бид Еховаг дуурайдаг. Энэ өгүүллээр бид ямар нүглийг дор бүрнээ уучилж болохыг, харин ямрыг нь ахлагчдад мэдэгдэх ёстойг ярилцана. Бас Ехова яагаад нэг нэгнээ уучлаасай гэж хүсдэгийг, уучилбал ямар ивээл хүртэхийг ярилцана.

b Зарим нэрийг өөрчлөв.