Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

Хайрын хүчээр айхын аюулыг давах нь

Хайрын хүчээр айхын аюулыг давах нь

«ЭЗЭН миний талд, би айхгүй» (ДУУ. 118:6).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ a

1. Айдас төрөм зарим тохиолдлыг хэлнэ үү.

 ЗАРИМ Еховагийн Гэрчүүдэд тохиолдсон явдлыг бодож үзье. Нестор эхнэр Мариатайгаа хамт хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийг хүсжээ. b Гэвч амьдралаа өөрчлөх шаардлагатай байв. Гэхдээ бага мөнгөөр жаргалтай амьдарч чадах болов уу гэж бодохоор л айдас төрж байлаа. Биниам манай байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцдэг улсад амьдардаг ч Еховагийн Гэрч болсон. Тэрбээр Бурхны ард түмэн хавчигдана гэдгийг мэдээд айжээ. Гэхдээ гэр бүлийнхэн нь шинэ шашных нь тухай сонсоод яах бол гэж бодоод бүр ч их эмээсэн байна. Валери хурдан явцтай хорт хавдар туссан. Библид үндэслэсэн итгэл үнэмшлийг нь ойлгож, цус сэлбүүлэхгүйгээр хагалгаа хийж өгөх мэс засалчийг хайгаад олж чадахгүй байлаа. Тэрбээр үхнэ гэж бодохоор аймаар санагдаж байсан нь ойлгомжтой.

2. Айдастаа баригдахгүйн тулд хичээх хэрэгтэйн учир юу вэ?

2 Та ч айж байсан уу? Тийм ээ, айж байсан хүн бидний дунд олон бий. Гэхдээ бүр айдастаа баригдвал Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах шийдвэр гаргаж ч мэднэ. Сатан үүнийг л хүсдэг. Бас бидний айдас хүйдсийг ашиглан Еховагийн хуулиудыг, тухайлбал сайн мэдээг дэлгэрүүлэх тушаалыг ч зөрчүүлэх гэж оролддог (Илч. 12:17). Сатан хорон муу санаатай, харгис хэрцгий, бас хүчтэй нэгэн юм. Гэхдээ та өөрийгөө хамгаалж чадна. Яаж?

3. Бид юунд итгэдэг бол айдаст автахгүй вэ?

3 Ехова биднийг хайрладаг, бидний талд байгаа гэдэгт итгэдэг хүнийг Сатан айлгаж чадахгүй (Дуу. 118:6). Жишээлбэл 118-р дууллыг бичигч олон янзын зовлон үзжээ. Дайсагнадаг хүн олон, зарим нь бүр дээгүүр албаны хүмүүс байжээ (9, 10-р зүйл). Дарамтлагдах ч үе байв (13-р зүйл). Ехова түүнийг сахилгажуулж хатуу арга хэмжээ авч байсан (18-р зүйл). Дуулалч ингэж их зовсон ч «Би айхгүй» гэсэн. Яагаад ийнхүү хэлж чадсан юм бол? Тэнгэрийн Эцэг Ехова сахилгажуулсан ч өөрт нь маш их хайртай гэдгийг мэддэг. Бас ямар ч хүнд хэцүү бэрхшээл тулгарсан хайр халамжтай Эцэг Ехова тусалж дэмжихэд хэзээд бэлэн гэдэгт итгэлтэй байв (Дуу. 118:29).

4. Бурхан биднийг хайрладаг гэдэгт итгэдэг бол юу юунаас айхаа болих вэ?

4 Ехова хүн бүрийг хайрладагт итгэх хэрэгтэй. Ийм итгэлтэй бол дараах гурван төрлийн айдаст баригдахгүй. 1) Гэр бүлээ тэжээж чадахгүй байх вий гэсэн айдас, 2) хүнээс айх айдас, 3) үхлээс айх айдас. 1-р догол мөрд дурдсан итгэл нэгтнүүд маань Бурхан өөрсдийг нь хайрладаг гэдэгт бат итгэдэг байсан учраас айхаа больсон байна.

ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭСЭН АЙДАС

Гэрч эрэгтэй гэр бүлээ тэжээхийн тулд загас барьж байна. Хүү нь хажууд нь байна (5-р догол мөрийг үзээрэй)

5. Өрхийн тэргүүн юунаас болоод санаа зовж магадгүй вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

5 Өрхийн тэргүүн Гэрч гэр бүлээ тэжээх үүргээ чухалд үздэг (1 Тим. 5:8). Хэрэв та өрхийн тэргүүн бол энэ цар тахлын үеэр ажилгүй болсон байж болох юм. Эсвэл гэр бүлээ тэжээх, байрны зээлээ төлөх нь улам бүр хэцүү боллоо гэж сэтгэл зовсон байж магадгүй. Бас ажилгүй болчихвол өөр ажил олдохгүй байх гээд эмээх сэтгэл төрсөн байх. Түүнчлэн ажлын цагаа багасгачихвал бага мөнгөөр амьдрах боломжгүй гэж тээнэгэлзсэн Нестор Мариа хоёр шиг хүмүүс ч байгаа. Сатан ийнхүү тээнэгэлзэж айдаст автсан олон хүнийг Еховагаас холдуулж чадсан.

6. Сатан бидэнд юу гэж итгүүлэхийг оролддог вэ?

6 Ехова үйлчлэгчдээ хайрладаггүй, гэр бүлээ тэжээхэд нь тусалдаггүй гэж бидэнд итгүүлэхийг Сатан оролддог. Тиймээс одоогийн ажлаа алдчихгүйн тулд Библийн зарчмыг зөрчсөн ч хамаагүй чадах бүхнээ хийх ёстой гэж бодоход хүрч болох юм.

7. Есүс бидэнд юуг батлан хэлсэн бэ?

7 Еховаг хэнээс ч илүү сайн мэддэг Есүс: «Гуйхаас [маань] өмнө [бидэнд] юу хэрэгтэйг мэддэг» гэж батлан хэлсэн (Мат. 6:8). Тэрбээр, Ехова бидний хэрэгцээг хангахад хэзээд бэлэн байдгийг мэддэг. Христийн дагалдагчид бид Бурхны гэр бүлийнхэн юм. Манай гэр бүлийн тэргүүн Ехова 1 Тимот 5:8-д бичүүлсэн зарчмаа баримтлах нь дамжиггүй.

Ехова санаа тавьж хэрэгтэй зүйлээр маань заавал хангана. Бидэнд итгэл нэгтнүүдээр маань туслуулж болох юм(8-р догол мөрийг үзээрэй) d

8. а) Юунд итгэлтэй байдаг бол гэр бүлээ тэжээж чадахгүй байх вий гэж айхаа болих вэ? (Матай 6:31–33). б) Итгэл нэгтэндээ хоол хүнс авчирч байгаа зураг дээрх Гэрч хосыг хэрхэн дуурайх вэ?

8 Ехова биднийг болон гэр бүлийнхнийг маань хайрладаг гэдэгт итгэдэг бол хэрэгцээтэй зүйлээр хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй (Матай 6:31–33-ыг уншина). Биднийг юугаар ч дутаадаггүй Ехова бол хайр халамжтай, өгөөмөр Тэжээгч юм! Дэлхийг бүтээхдээ амьд байхад маань хэрэгтэй үндсэн зүйлийг л өгөөд болчихоогүй. Харин хайраа илэрхийлж сэтгэл баясгах төрөл бүрийн юмыг бүтээж дэлхийг дүүргэсэн (Эх. 2:9). Гэвч заримдаа бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйлээс өөр илүү юм алга даа гэж бодогдож болох юм. Тэгвэл Ехова өгсөн учраас зайлшгүй хэрэгтэй тэр зүйл байгааг санаарай (Мат. 6:11). Өнөөдөр бидний золиосолж байгаа зүйлийг хайр халамжтай Бурхны маань одоо өгч байгаа, ирээдүйд өгөх юмтай харьцуулбал юу ч биш гэдгийг санаж явах хэрэгтэй. Үүний үнэнийг Нестор Мариа хоёр биеэрээ үзжээ (Ис. 65:21, 22).

9. Нестор Мариа хоёрын жишээ ямар сургамжтай вэ?

9 Колумбид амьдардаг Нестор Мариа хоёр тохилог гоё байшинтай, өндөр цалинтай ажилтай байлаа. «Бид амьдралаа энгийн болгож, үйлчлэлээ өргөжүүлэх тухай бодсон юм. Гэхдээ бага мөнгөөр сэтгэл хангалуун амьдарч чадах болов уу гэж айж байсан» гэж ярьжээ. Гэвч тэд яасан бэ? Яагаад айхаа больсон бэ? Ехова тэдэнд янз бүрийн аргаар хайраа илэрхийлж байсныг эргэцүүлэн бодсон. Тэгээд Ехова үргэлж санаа тавьж байгаа гэдэгт бат итгэн өндөр цалинтай ажлаасаа гарцгаажээ. Байшингаа зараад Колумбийнхаа дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүж очив. Ийм шийдвэр гаргаад ямар үр дүнд хүрсэн бэ? Нестор: «Бид Матай 6:33-т бичсэн үгийн үнэнийг мэдэрсэн. Бид ямар ч эд зүйлээр хэзээ ч дутагдаж байгаагүй. Одоо бүр ч илүү сэтгэл хангалуун амьдарч байна» гэжээ.

ХҮНЭЭС АЙХ АЙДАС

10. Хүн хүнээс айх нь гайхах зүйл биш гэхийн учир юу вэ?

10 Адам Ева хоёр Еховад тэрсэлсэн цагаас хойш хүмүүс нэг нэгэндээ хор хөнөөл учруулсаар байна (Ном. 8:9). Жишээлбэл зарим нь эрх мэдлээ урвуулан ашиглана, гэмт хэрэгтнүүд хүчирхийлэл үйлдэнэ, сургуулийн атаманууд бусдыгаа дарамталж айлгана. Зарим хүн бүр гэрийнхэндээ ч харгис ширүүн хандана. Тиймээс хүн хүнээсээ айх нь гайхах зүйл биш ажээ! Харин Сатан энэ айдсыг хэрхэн ашигладаг вэ?

11, 12. Сатан хүнээс айх айдсыг хэрхэн ашигладаг вэ?

11 Сатан хүнээс айх айдсыг маань ашиглан дэлгэрүүлэхийг болиулах юм уу Еховагийн хэлснийг зөрчүүлэхийг оролддог. Нөлөөнд нь автсан засгийн газрууд үйл ажиллагааг маань хориглож биднийг хавчдаг (Лук 21:12; Илч. 2:10). Сатаны энэ ертөнц дэх олон хүн Еховагийн Гэрчүүдийн талаар ташаа мэдээлэл, хорон санаа агуулсан худал үгийг тараадаг. Ийм үгэнд хууртаж итгэсэн хүмүүс биднийг шоолж доромжилдог, тэр бүү хэл бидэн рүү дайрч давшдаг (Мат. 10:36). Сатан ийм аргууд хэрэглэдэгт бид гайхдаг уу? Үгүй. Тэрбээр бүр I зуунд ч ингэдэг байсан! (Үйлс 5:27, 28, 40).

Гэрийнхэн маань эсэргүүцсэн ч Ехова хайрладагт итгэдэг (12–14-р догол мөрийг үзээрэй) e

12 Засгийн газар биднийг эсэргүүцэж айлгадаг нь Сатаны хэрэглэдэг цорын ганц зэвсэг биш юм. Зарим нь хавчигдаж зодуулах вий гэж санаа зовдог ч Еховагийн Гэрч болчихвол гэрийнхэн минь яах бол гэж бодоод бүр их айх нь бий. Тэд гэрийнхэндээ хайртай бөгөөд Еховатай танилцаад хайрладаг болоосой гэж хүсдэг. Жинхэнэ Бурхан болон шүтэгчдэд нь хүндэтгэлгүй хандаж, муугаар ярихыг сонсох нь тэдэнд хэцүү санагддаг. Гэхдээ гэрийнхэн нь эхэндээ эсэргүүцдэг байсан ч яваандаа үнэнийг хүлээж авсан тохиолдол байдаг. Шинэ итгэл үнэмшлээс минь болоод гэрийнхэн маань холбоогоо тасалсан гэж бодъё. Тэгвэл бид яах вэ?

13. Гэрийнхэн маань холбоогоо тасалбал Бурхны хайранд бат итгэдэг байх нь тустай гэхийн учир юу вэ? (Дуулал 27:10).

13 Дуулал 27:10 бичсэн үг биднийг тайвшруулна (уншина). Ехова биднийг ямар их хайрладгийг санадаг бол хавчлага эсэргүүцэлтэй тулгарсан ч айхгүй. Тэгээд ч тэвчээртэй биднийг Ехова шагнана шүү дээ. Ехова бидний бие махбод, сэтгэл санааны хэрэгцээг хэнээс ч илүү хангадаг, өөртэй нь дотно байхад шаардлагатай бүхнийг хэнээс ч илүү өгдөг. Дээр дурдсан Биниам үүнийг амьдрал дээрээ мэдэрчээ.

14. Биниамын жишээ ямар сургамжтай вэ?

14 Гэрч болбол харгис хатуу хавчлагатай тулгарна гэдгийг мэдэж байсан ч Биниам Еховагийн Гэрч болсон. Ехова өөрт нь маш их хайртай гэдгийг мэдэх нь Биниамыг хүнээс айхаа болиход нь хэрхэн тусалсныг анхаараарай. Тэрбээр: «Хавчлага төсөөлснөөс илүү аймшигтай байв. Гэхдээ би засгийн газрын хавчлагаас илүү гэрийнхнийхээ эсэргүүцлээс их айсан. Еховагийн Гэрч болно гэж шийдсэнээс болж аав маань гонсойж, гэрийнхэн маань намайг бүтэлгүй амьтан гэх байх гэж айж эмээсэн» гэжээ. Гэхдээ Биниам Ехова хайрладаг хүмүүстээ дандаа санаа тавьдаг гэдэгт огт эргэлзээгүй. Тэрбээр цааш нь «Мөнгө төгрөгийн гачигдалтай, гадуурхагдсан болон хүмүүсийн дайралтад өртөж зодуулсан үйлчлэгчдээ Ехова хэрхэн тусалж байсныг би сайн эргэцүүлж бодсон. Еховад л үнэнч байвал намайг ивээнэ гэдэгт бат итгэдэг байсан. Олон удаа баригдаж, бүр тамлагдаж байхдаа өөрт нь үнэнч хүмүүст Ехова хэрхэн тусалдгийг би өөрийн биеэр мэдэрсэн» гэжээ. Биниам Еховаг жинхэнэ аав, ард түмнийг нь жинхэнэ гэр бүлээ гэж боддог болсон.

ҮХЛЭЭС АЙХ АЙДАС

15. Бид яагаад үхлээс тодорхой хэмжээгээр айдаг вэ?

15 Үхэл бол дайсан гэж Библид бичжээ (1 Кор. 15:25, 26). Үхлийн тухай бодохоор, ялангуяа бид юм уу дотнын хүмүүс маань хүнд өвчин туссан үед сэтгэл их түгшдэг. Бид яагаад үхлээс айдаг вэ? Учир нь Ехова биднийг амьдралын сайхныг мэдэрч, үүрд мөнх амьдрахаар бүтээсэн билээ (Ном. 3:11). Гэхдээ үхлээс тодорхой хэмжээгээр айдаг хүн амийнхаа төлөө санаа тавьдаг. Жишээлбэл ийм хүн эрүүл хоол идэж, тогтмол дасгал хийж, шаардлагатай үед эмчид очиж, уу гэсэн эмийг нь ууж, аминд аюултай зүйлээс зайлсхийдэг.

16. Сатан үхлээс айх төрөлхийн айдсыг маань хэрхэн ашигладаг вэ?

16 Бид амиа эрхэмд үздэг. Сатан ч үүнийг маань мэддэг. Гэхдээ амийнхаа төлөө бүхнээ, бүр Еховатай тогтоосон харьцаагаа ч золиослоход бэлэн байдаг гэж хэлдэг (Иов 2:4, 5). Сатан худалч байгаа биз! «Үхэл тарьсан» тэрбээр үхлээс айх төрөлхийн айдсыг маань ашиглаж Еховагаас холдуулах зорилго өвөрлөж явдаг (Евр. 2:14, 15). Жишээлбэл Сатаны нөлөөнд автсан хүмүүс итгэл үнэмшлээсээ няцахгүй бол ална гэж биднийг айлгадаг. Эсвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай болсныг Сатан хараад буулт хийлгэх гэж оролддог. Эмч нар юм уу итгэгч бус гэрийнхэн маань дарамталж, Бурхны хуулийг зөрчүүлж цус сэлбүүлэхийг шаарддаг. Бас зарим нь Библийн зарчмыг зөрчих эмчилгээ хийлгэхийг ятгадаг.

17. Ром 8:37–39-д бичсэнээр яагаад үхлээс айх хэрэггүй вэ?

17 Бид үхэхийг огт хүсдэггүй. Гэхдээ үхлээ гэхэд Ехова биднийг хайрласаар байна гэдгийг мэддэг (Ром 8:37–39-ийг уншина). Найзууд нь үхэхэд Ехова ой тойндоо хадгалж, амьд байгаа гэж үздэг (Лук 20:37, 38). Тэднийгээ дахин амьдруулахыг хүсдэг (Иов 14:15). Тэрбээр биднийг «мөнх амьдраасай гэсэндээ» маш өндөр үнэ төлсөн (Ёох. 3:16). Биднийг маш их хайрлаж, чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Тиймээс бид хүнд өвчин тусвал, эсвэл ална гэж дарамтлагдвал Еховагаас холдох нь битгий хэл, түүнд л найддаг. Өөрт нь найддаг хүнд тайвшрал, мэргэн ухаан, хүч хайрладаг. Валери нөхөртэйгөө Еховад найддагаа ийн харуулсан (Дуу. 41:3).

18. Валерид тохиолдсон явдал танд ямар сургамжтай вэ?

18 Валери 35-тайдаа ховор тохиолддог хүнд хэлбэрийн хорт хавдар туссан. Тэрбээр Еховагийн хайрын ачаар үхлээс айхаа хэрхэн больсныг анхааръя. Валери ийн ярьжээ. «Ийм онош сонсоод амьдрал минь орвонгоороо эргэчихсэн юм шиг л санагдсан. Амьд үлдэхийн тулд нэлээд хүнд хагалгаа хийлгэх шаардлагатай болов. Олон ч мэс засалчтай ярилцсан. Бүгдээрээ цус сэлбэхгүйгээр хагалгаа хийхээс татгалзсан. Би айсан. Гэхдээ Бурхны хуулийг мэддэг учраас цус сэлбүүлье гэж огт бодоогүй. Өдий болтол Ехова намайг хайрласаар ирсэн. Харин Еховад хайртайгаа харуулах боломж одоо олдлоо гэж бодсон. Муу мэдээ сонсох болгондоо Ехова надаар бахархаасай, Сатан ялагдаасай гэсэн хүсэл маань бадарч шийдвэр маань батажсан. Эцэст нь би цус сэлбүүлэхгүйгээр хагалгаа хийлгэж, хагалгаа ч амжилттай болов. Би одоо ч эв эрүүл биш ээ. Гэхдээ Ехова хэрэгтэй зүйлийг маань үргэлж өгдөг. Жишээлбэл хорт хавдартай болсон гэдэг онош сонсохын яг өмнөхөн амралтын өдрийн цуглаан дээр бид “Зовлон бэрхшээлийг эр зоригтой давах нь” гэдэг өгүүллийг үзсэн юм. c Үүнийг уншаад нөхөр бид хоёр маш их тайвширсан. Бүр дахин дахин уншсан. Иймэрхүү өгүүллүүдийг унших, цуглаандаа тогтмол явах, дэлгэрүүлэх зэрэг нь тайван байж, зөв шийдвэр гаргахад маань тустай байсан».

АЙХЫН АЮУЛЫГ ДАВАХ НЬ

19. Удахгүй юу болох вэ?

19 Дэлхий даяарх Христийн дагалдагчид Еховагийн тусламжтайгаар хүнд нөхцөлийг давж Диаволыг амжилттай эсэргүүцэж байна (1 Петр 5:8, 9). Та ч бас чадна. Тун удахгүй Ехова «Диаволын үйлсийг устгахыг» Есүс болон хамтран захирагчдад нь тушаана (1 Ёох. 3:8). Үүний дараа дэлхий дээр Бурханд үйлчилдэг ард түмэн «айхгүй, ... аюул хүчирхийллээс хол байна» (Ис. 54:14; Мика 4:4). Тэр цаг болтол бид айхын аюулаас ангижрахын тулд зүтгэл гаргах хэрэгтэй.

20. Айхын аюулыг давъя гэвэл яах хэрэгтэй вэ?

20 Айхын аюулыг давъя гэвэл Ехова үйлчлэгчдээ хайрладаг, хамгаалдаг гэдэгт итгэх итгэлээ улам батжуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Ехова өмнө нь үйлчлэгчдээ хэрхэн хамгаалж байсныг эргэцүүлэн бодож, ярилцдаг байх учиртай. Бас бэрхшээл учрахад Ехова бидэнд хэрхэн тусалсныг санадаг байх нь зүйтэй. Еховагийн тусламжтайгаар бид айдсаа ялж чадна! (Дуу. 34:4).

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

a Айж явбал аминд өлзийтэй гэдэг. Гэхдээ айдастаа баригдвал хор хөнөөлтэй. Ямар? Сатан үүнийг ашиглан буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Тиймээс айхаа болихын тулд маш их хичээх хэрэгтэй нь ойлгомжтой. Юуг санаж явах нь тустай вэ? Ехова бидний талд байгаа бөгөөд биднийг хайрладаг гэдгийг ойлговол айхаа болино.

b Зарим нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хурлынх нь эхнэр нөхөр хоёр ажилч хичээнгүй эмэгтэйн гэр бүлийнхэнд идэх юм авчирч байна.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховад үйлчилдэг Гэрч залууг эцэг эх нь эсэргүүцэж байна. Гэхдээ тэрбээр Еховагийн тусламжид бат итгэдэг.