Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33

Ехова ард түмнээ харж ханддаг

Ехова ард түмнээ харж ханддаг

«ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг ... хардаг» (ДУУ. 33:18).

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

ТОЙМ a

1. Есүс яагаад Еховагаас дагалдагчдыг хамгаалаач гэж гуйсан бэ?

 ЕСҮС өөрийнхөө дагалдагчдыг хамгаалахыг нас барахынхаа урьд шөнө тэнгэрийн Эцгээсээ онцлон гуйжээ (Ёох. 17:15, 20). Мэдээж Ехова ард түмнээ үргэлж харж ханддаг буюу халамжилж, хамгаалдаг. Гэхдээ Сатан дагалдагчид руу нь урьд хожид байгаагүйгээр довтолно гэдгийг Есүс мэдэж байсан. Мөн хорон санаат Диаволын энэ дайралтыг эсэргүүцэхэд Еховагийн тусламж хэрэгтэйг ч ойлгож байсан.

2. Дуулал 33:18–20-д бичсэнээр, бид бэрхшээл тулгарсан ч яагаад айх хэрэггүй вэ?

2 Сатаны тогтолцоо Христийн жинхэнэ дагалдагчдад янз бүрийн бэрхшээл учруулж дарамталдаг. Үүнээс болоод бид сэтгэлээр унадаг, бүр Еховад үнэнч байх эсэх маань соригддог. Гэхдээ бид юунаас ч айх хэрэггүй гэдгийг энэ өгүүллээр үзнэ. Ехова биднийг харж ханддаг буюу ямар бэрхшээл тулгарч байгааг хараад туслахад бэлэн байдаг. Ехова «Өөрөөс нь эмээгчдийг ... хардаг» гэдгийг батлах Библид гардаг хоёр жишээг одоо судалъя (Дуулал 33:18–20-ийг уншина).

ГАНЦААРДАХАД

3. Бид яагаад ганцаарддаг вэ?

3 Бид Еховаг шүтдэг олон ах дүүстэй ч заримдаа ганцаардаж болох юм. Жишээлбэл, охид хөвгүүдэд ангийнхандаа итгэл үнэмшлээ тайлбарлах юм уу өөр хурал руу шилжихэд ганцаардах сэтгэл төрдөг. Зарим маань сөрөг бодлоосоо болоод сэтгэлээр унаад энэ асуудлаа ганцаараа шийдэх ёстой гэж боддог. Хүмүүст ярьсан ч ойлгохгүй гэж бодоод хэнд ч ярьдаггүй. Бүр хэн ч намайг тоодоггүй гэж бодох нь бий. Ямар ч шалтгаантай байсан ганцаардахаар хий дэмий санаа зовж, тамир тэнхээгүй болдог. Ехова биднийг ийм болоосой гэж хэзээ ч хүсдэггүй. Яагаад тэгж хэлж болох вэ?

4. Зөнч Елиа: «Одоо ганцхан би л үлдээд байна» гэж яагаад хэлсэн бэ?

4 Үнэнч Елиагийн жишээг бодоорой. Иезебел өөрийг нь ална гэж ам тангараг өгснийг сонсоод тэрбээр амиа аврах гэж 40 хоног зугтжээ (Х.дээд 19:1–9). Эцэст нь агуйд ирээд маш их ганцаардсандаа Еховад хандан «Одоо [зөнчдөөс] ганцхан би л үлдээд байна» гэж хашхирдаг (Х.дээд 19:10). Харин тэр нутагт өөр зөнчид бас байсан. Жишээ нь Обадиа 100 зөнчийг хорон муу Иезебелийн гараас аварсан байв (Х.дээд 18:7, 13). Тэгвэл Елиа яагаад ингэж их ганцаардсан юм бол? Обадиагийн аварсан зөнч одоо бүгдээрээ үхсэн гэж бодсон юм болов уу? Баалыг хуурамч гэдгийг Кармел уулан дээр баталсны дараа ч хүмүүс Еховад үйлчлэхгүй байсан болохоор ингэж санагдсан юм болов уу? Өөрт нь ямар их аюул учирч байгааг хэн ч мэдэхгүй, эсвэл хэн ч өөрийг нь тоохгүй байна гэж бодсон юм болов уу? Библид энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Гэхдээ Елиа яагаад ганцаардсаныг, түүнд ямар тусламж үзүүлэх хэрэгтэйг Ехова мэдэж байсан нь гарцаагүй.

Ехова ганцаардсан Елиад тусалсан явдлаас бид юу мэдэж авах вэ? (5, 6-р догол мөрийг үзээрэй)

5. Ехова Елиад ганцаархнаа биш гэдгийг яаж ойлгуулсан бэ?

5 Ехова Елиад янз янзаар тусалсан. Елиаг яриулах гэж хоёр ч удаа «Чи энд юу хийж байгаа юм бэ?» гэж асуудаг (Х.дээд 19:9, 13). Тэгээд сэтгэлээ уудлан ярих болгонд нь анхааралтай сонсож хажууд нь байгаагаа, ямар их хүчтэйгээ харуулсан. Бас өөрт нь үйлчилж байгаа үнэнч хүн олон байгааг батлан хэлсэн (Х.дээд 19:11, 12, 18). Елиа сэтгэлээ уудалж, Еховагийн хариуг сонсоод санаа нь уужирсан нь лавтай. Ехова Елиад хэдэн чухал даалгавар өгдөг. Хазаелыг Арамын хаанаар, Иехүг Израйлын хаанаар, Елишаг зөнчөөр томилоорой гэсэн (Х.дээд 19:15, 16). Ийнхүү даалгавар өгч өөдрөг зүйлд анхаарал хандуулахад нь тусалсан. Бас Елишатай дотнын анд болгосон. Харин та ганцаардвал Еховагийн тусламжийг яаж авах вэ?

6. Ганцаардсан үедээ юу гэж залбирах вэ? (Дуулал 62:8).

6 Өөрт нь залбираарай гэж Ехова танд хэлдэг. Тэрбээр танд ямар бэрхшээл учирсныг хардаг бөгөөд залбирлыг тань сонсоход хэзээд бэлэн байдгаа батлан хэлдэг (1 Тес. 5:17). Үйлчлэгчдийнхээ залбирлыг сонсох дуртай (Сур. 15:8). Та ганцаардсан үедээ юуны тухай залбирч болох вэ? Елиаг дуурайж Еховад зүрхээ нээгээрэй (Дуулал 62:8-ыг уншина). Юунд санаа зовж, ямар санагдаж байгаагаа хэлээрэй. «Яахаа мэдэхгүй байна. Туслаач» гэж гуйгаарай. Жишээлбэл, ангийнхан чинь чамаас итгэл үнэмшлийн тухай асуухад айж сандарч байгаа бол Еховагаас эр зориг гуйгаарай. Эвтэйхэн тайлбарлахын тулд мэргэн ухаан гуйж болно (Лук 21:14, 15). Хэрэв сөрөг юм бодоод сэтгэлээр унасан бол төлөвшсөн итгэл нэгтэнтэйгээ ярилцахад туслаач гэж залбираарай. Найдаж байгаа итгэл нэгтэн минь намайг ойлгоосой гэж залбирч болно. Еховад сэтгэлээ уудлан залбирч, хэрхэн хариулж байгааг анхаарч, бусдын тусламжийг хүлээн аваарай. Тэгвэл та ганцаардахгүй.

Та дэлгэрүүлэх ажилд илүү түлхүү оролцъё, итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлье гэж бодож байна уу? (7-р догол мөрийг үзээрэй)

7. Маурисиогийн жишээнээс та юу мэдэж авсан бэ?

7 Ехова бид бүгдэд чухал ажил даалгасан. Цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцохын тулд чадах бүхнээ хийж байгаа таныг Ехова анзаардаг, үнэлж эрхэмлэдэг гэдэгт итгээрэй (Дуу. 110:3). Ийнхүү чадах бүхнээ хийх нь ганцаардаж байгаа хүнд ямар ач тустай вэ? Маурисио гэдэг Гэрч залуугийн тухай ярилцъя. b Түүнийг баптисм хүртээд удаагүй байхад дотнын нэг найз нь аажмаар үнэний замаас холдож эхэлсэн. Маурисио: «Еховагаас холдож буй найзыгаа хараад би Бурханд амласныхаа дагуу амьдарч чадах уу, Еховагийн гэр бүлийн гишүүн байж чадах уу гэж өөрөөсөө асуусан, өөртөө итгэлтэй байж чадаагүй. Тэгээд ганцаардаж, хэн ч намайг ойлгохгүй байх даа гэж бодсон» гэжээ. Маурисиод юу тус болсон бэ? Тэрбээр цааш нь «Би дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцдог болсноор өөрийнхөө тухай л бодоод байдгаа больж, сөрөг юм ч бодохоо больсон. Итгэл нэгтнүүдтэйгээ дэлгэрүүлж байхдаа ганцаардаж байгаагаа мартаж, баяр хөөртэй болдог байсан» гэж ярьсан. Бид итгэл нэгтнүүдтэйгээ биечлэн уулзаад дэлгэрүүлж чадахгүй үедээ ч тэдэнтэйгээ хамт захиагаар эсвэл утсаар дэлгэрүүлээд урам зориг ордог. Өөр юу тус болсон бэ? Маурисио: «Бас цуглааны даалгавраа бэлдэж, биелүүлэхэд илүү их цаг зарцуулсан. Даалгавар өгдөг нь Ехова ч, хурлынхан маань ч намайг үнэлдгийн баталгаа гэдгийг ойлгосон» гэжээ.

ХҮНД БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХАД

8. Хүнд бэрхшээл учрахад бид яадаг вэ?

8 Эцсийн энэ өдрүүдэд янз янзын бэрхшээл тулгарна гэдгийг бид мэддэг (2 Тим. 3:1). Гэхдээ заримдаа гэнэт, санаанд оромгүй бэрхшээл тулгарч балмагддаг. Жишээ нь, гэнэт мөнгө төгрөгөөр гачигдах, хүнд өвчин тусах, хайртай хүнээ үхэлд алдах зэрэг бэрхшээл учирч болох юм. Ийм үед болон ялангуяа ар араасаа дараалсан юм уу нэгэн зэрэг олон бэрхшээл тулгарахад бид сэтгэлээр унаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагддаг. Гэхдээ Ехова биднийг харж ханддагийг, түүний тусламжаар ямар ч бэрхшээлийг давж чаддагийг битгий мартаарай.

9. Иовд ямар ямар бэрхшээл учирсан бэ?

9 Ехова үнэнч Иовд хэрхэн тусалсныг бодоорой. Тэрбээр ахархан хугацаанд ар араасаа хөвөрсөн хүнд бэрхийг үзсэн. Мал сүрэг нь үрэгдэж, зарц нар нь алагдаж, бүр хайртай хүүхдүүдээ ч үхэлд алддаг. Ийм аймшигтай явдал ганцхан өдрийн дотор болдог (Иов 1:13–19). Ингээд цөхрөнгөө барж байтал удалгүй өөрөө ч нүд халтирам өвчин тусаж зовлон эдэлсэн (Иов 2:7). Аргаа барсан Иов: «Амьд явахыг би жигшин үздэг боллоо. Урт удаан наслах хүсэл ч үгүй боллоо» гэжээ (Иов 7:16, МБН, 2015).

Ехова Иовыг хайрладгаа ойлгуулахын тулд амьтдыг хэрхэн халамжилдгаа хэлсэн (10-р догол мөрийг үзээрэй)

10. Ехова бэрхшээлээ тэвчихэд нь Иовд хэрхэн тусалсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

10 Иовд юу тохиолдож байгааг Ехова харж байсан. Тэрбээр Иовд хайртай учраас зовлонгоо тэвчихэд нь тусалсан. Ехова Иовд хандан хязгааргүй мэргэн ухаантайгаа болон бүтээлүүдээ хайрлан халамжилдгаа сануулдаг. Олон гайхалтай амьтны тухай ярьсан (Иов 38:1, 2; 39:9, 13, 19, 27; 40:15; 41:1, 2). Бас үнэнч Елихугээр итгэлийг нь батжуулж, тайвшруулсан. Ехова зовлонг тэвчсэн үйлчлэгчдээ заавал шагнадгийг Елиху батлан хэлсэн. Бас Ехова хайрандаа хөтлөгдөн Елихугээр зөвлөгөө өгүүлдэг. Елиху орчлонт ертөнцийн Бүтээгч Еховагийн дэргэд хүн бол өчүүхэн гэдгийг сануулж, өөрийнхөө талаар хэтэрхий их юм бодохоос сэрэмжлүүлсэн (Иов 37:14). Ехова бас нүгэл үйлдсэн гурван найзынхаа төлөө залбираарай гэж Иовд хэлсэн (Иов 42:8–10). Тэгвэл хүнд бэрхшээл учирсан өнөөгийн бидэнд Ехова хэрхэн тусалдаг вэ?

11. Бэрхшээл тулгарахад Библи тустай гэхийн учир юу вэ?

11 Ехова Иовтой ярьсан шиг бидэнтэй шууд ярихгүй ч өөрийн Үг Библиэр дамжуулан ярьдаг (Ром 15:4). Ирээдүйн найдвар өгч, биднийг тайвшруулдаг. Бэрхшээл тулгарах үед тайвшруулдаг Библийн хэдхэн зүйлийг одоо үзье. Юу ч, хүнд бэрхшээл ч «Бурхан биднийг ... хайрлахад саад хийж чадахгүй» гэдгийг Ехова батлан хэлж Ариун Судартаа бичүүлсэн (Ром 8:38, 39). «Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд [буюу өөрт нь залбирдаг бүгдэд] ойр байдаг» гэж бас хэлсэн (Дуу. 145:18). Өөрт нь найддаг хүн ямар ч зовлонг тэвчихээр үл барам баяр баясгаланг мэдэрнэ гэж амласан (1 Кор. 10:13; Яак. 1:2, 12). Түүнчлэн Еховагийн өгөх ирээдүйн мөнхийн шагналтай харьцуулахад өнөөгийн бэрхшээл түр зуурынх гэдгийг сануулдаг (2 Кор. 4:16–18). Бас бүх зовлон бэрхшээлийн үндэс болсон Сатан Диаволыг болон бузар мууг нь даган дуурайгчдыг устгана гэсэн баттай найдвар өгдөг (Дуу. 37:10). Ирээдүйд учрах бэрхшээлийг тэвчээртэйгээр даван туулахад тустай Библийн зарим зүйлийг та цээжээр мэдэх үү?

12. Ехова биднээс юу хүсдэг вэ?

12 Ехова биднээс Библиэ тогтмол судалж, уншсанаа эргэцүүлэн бодох цаг гаргаж байхыг хүсдэг. Бид мэдэж авснаа ажил хэрэг болгодог бол итгэл батжиж, тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносно. Тэгээд сорилтыг тэвчих хүчтэй болдог. Ехова Үгэнд нь итгэж найддаг хүмүүсийг агуу хүчээрээ дэмждэг. Үүний ачаар ямар ч сорилтыг тэвчих «хэрээс хэтэрсэн хүчтэй» болдог (2 Кор. 4:7–10).

13. «Итгэмжит, ухаалаг боолын» гаргадаг хэвлэл, видеонууд сорилтыг тэвчихэд хэрхэн тус болдог вэ?

13 «Итгэмжит, ухаалаг боол» Еховагийн тусламжтайгаар маш олон өгүүлэл, видео гаргаж, хөгжим зохиодог. Үүний ачаар бид бат итгэлтэй, Бурхантай дотно байдаг (Мат. 24:45). Цаг үеэ олсон эдгээр хэвлэл, видеог бид сайн ашиглах хэрэгтэй. Саяхан АНУ-ын нэг Гэрч эмэгтэй энэ бүхэнд талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр: «Еховад үйлчилж буй 40 жилийн хугацаанд үнэнч байх эсэх минь олон удаа соригдсон» гэжээ. Өвөө нь согтуу жолоочоос болж амиа алдсан, аав ээж нь аюултай өвчин тусаад нас барсан, өөрөө ч хоёр удаа хорт хавдар туссан ажээ. Энэ бүхнийг тэвчихэд юу тус болсон бэ? Тэрбээр: «Ехова үргэлж надад санаа тавьж байсан. Итгэмжит, ухаалаг боолын гаргадаг хэвлэл, видеонууд тэвчихэд минь тусалдаг байсан. Ийм учраас би Иов шиг “Үхэн үхтэлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй” гэж хэлж чадна» хэмээн ярьжээ (Иов 27:5).

Бид хурлынхаа ах дүүст хэрхэн туслах вэ? (14-р догол мөрийг үзээрэй)

14. Бидэнд бэрхшээл учирсан үед Ехова ах дүүсээр маань хэрхэн туслуулдаг вэ? (1 Тесалоник 4:9).

14 Ехова ард түмэндээ бие биеэ хайрлаж, хүнд хэцүү үед тайвшруулж байхыг заадаг (2 Кор. 1:3, 4; 1 Тесалоник 4:9-ийг уншина). Бэрхшээл тохиолдох үед ах дүүс маань Елихуг дуурайж бидэнд тусалдаг учраас үнэнч байж чаддаг (Үйлс 14:22). Жишээлбэл Дайаны нөхөр хүнд өвчин тусахад хурлынхан нь түүнийг хэрхэн зоригжуулж, Еховатай дотно байхад тусалсныг бодъё. Тэрбээр: «Маш хэцүү байсан. Гэхдээ хайр халамжтай Еховагийн мутар хэчнээн хүчтэйг мэдэрсэн. Хурлынхан ч биднийг дэмжиж их юм хийсэн. Тэд эргэж тойрч, утсаар ярьж, тэвэрдэг байсан нь бэрхшээлийг тэвчихэд тус болсон. Машин барьдаггүй надад ах дүүс минь санаа тавьж, цуглаан, дэлгэрүүлэх ажилд авч явдаг байсан» гэжээ. Ийм сайхан, хайр халамжтай гэр бүлийн гишүүн байх нь үнэхээр ивээл юм!

ХАЙРЫН СЭТГЭЛЭЭР САНАА ТАВЬДАГ ЕХОВАД ТАЛАРХДАГ

15. Бид бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байдаг вэ?

15 Бид бүгдэд ямар нэг сорилт тулгардаг. Гэхдээ ганцаархнаа биш гэдгээ, хайр халамжтай Эцэг Ехова үргэлж харж ханддагийг ойлголоо. Тэрбээр бидэнтэй хамт байж, тусламж гуйхад маань сонсож, үргэлж дэмжье гэсэн хүсэлтэй байдаг (Ис. 43:2). Бид бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ итгэдэг. Яагаад гэвэл тэвчихэд хэрэгтэй бүхнийг Ехова өгөөмрөөр өгдөг. Залбирал, Библи, өчнөөн олон хэвлэл, видео болон хайр халамжтай ах дүүсийг маань бэлэг болгон өгдөг нь хэцүү цагт бидэнд тус болдог.

16. Еховагаар хайрлуулж, халамжлуулъя гэвэл бид яах хэрэгтэй вэ?

16 Биднийг харж ханддаг тэнгэрийн Эцэгтээ бид маш их талархдаг. «Бидний зүрх Түүнд баярладаг» (Дуу. 33:21). Зовлонг тэвчихэд тустай, Еховагийн өгдөг бүхнийг амьдралдаа хэрэгжүүлдэг бол хайр халамжид нь талархаж байгаа хэрэг юм. Еховагаар хайрлуулж, халамжлуулъя гэвэл бид зүгээр суух ёсгүй. Еховад дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийж, зөвийг үйлддэг бол тэрбээр үүрд мөнхөд биднийг харж хандана! (1 Петр 3:12).

ДУУ 51 Бид Еховад үнэнч

a Бэрхшээлийг давахад Еховагийн тусламж хэрэгтэй. Ехова ард түмнээ харж ханддаг гэдэгт итгэх итгэлээ батжуулахад энэ өгүүлэл тустай. Ехова хүн нэг бүрд ямар бэрхшээл тулгараад байгааг мэддэг, даван гарахад нь ч тусалдаг.

b Зарим нэрийг өөрчлөв.