СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32
Хүүхэд залуус аа, баптисм хүртсэнийхээ дараа ч ахиц гаргаарай
«Хайрандаа хөтлөгдөн ... бүх талаараа төлөвшихийг хичээцгээе» (ЭФ. 4:15).
ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя
ТОЙМ a
1. Олон хүүхэд залуус яасан бэ?
ЖИЛ бүр мянга мянган охид хөвгүүд баптисм хүртдэг. Чи ч бас баптисм хүртсэн үү? Тэгвэл чамайг хараад хурлын ах дүүс болон Ехова их баярлаж байгаа! (Сур. 27:11). Чи ямар их ажил амжуулснаа түр бодоод үз дээ. Хэдэн жилийн турш Библийг хичээнгүйлэн судалсан. Тэгээд Библи бол Бурхны Үг гэдэгт итгэсэн. Түүнчлэн Библийн Зохиогчтой танилцаж, хайрладаг болсон. Еховаг гэсэн хайр чинь гүнзгийрч, түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртэж үйлчлэгч нь болсон. Үнэхээр гайхалтай!
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Чи баптисм хүртэхээсээ өмнө нэг биш удаа итгэлийн сорилттой тулгарсан нь мэдээжийн хэрэг. Харин өсөж томрохын хэрээр өөр сорилт ч тулгарах нь гарцаагүй. Сатан Еховаг гэсэн хайрыг чинь хөргөж, түүнд үйлчлэхийг болиулах гэж оролдоно (Эф. 4:14). Сатаныг эсэргүүцээрэй. Еховад үнэнч байж, түүнд үйлчилнэ гэсэн тангаргаасаа няцахгүй байхын тулд яах хэрэгтэй вэ? Цаашид ч ахиц гаргасаар байх буюу төлөвшихийн тулд «зүтгэлтэй байх» шаардлагатай (Евр. 6:1). Чухам яаж?
ХЭРХЭН АХИЦ ГАРГАХ ВЭ?
3. Христийн бүх дагалдагч баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ?
3 Бид бүгд баптисм хүртсэнийхээ дараа Эфэс дэх итгэл нэгтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг дагах учиртай. Тэрбээр «насанд хүрсэн хүн» болохыг уриалсан (Эф. 4:13). Өөрөөр хэлбэл «Цаашид ч ахиц гаргаарай» гэсэн үг юм. Паул Христийн дагалдагчийн ахиц гаргахыг хүүхдийн өсөлттэй зүйрлэсэн. Хүүхэд төрөхөд эцэг эх нь бөөн баяр болдог. Гэхдээ хүүхэд нь нялхаараа байгаад байдаггүй, өсөж торнисоор «хүүхэд зангаа гээдэг» (1 Кор. 13:11). Христийн дагалдагчийг ч үүнтэй адилтгаж болдог. Баптисм хүртсэнийхээ дараа ч ахиц гаргасаар байх ёстой. Ингэхэд тус болох зарим зөвлөгөөг ярилцъя.
4. Ахиц гаргахад ямар чанар чухал вэ? Тайлбарлана уу (Филиппой 1:9).
4 Еховаг улам их хайрлаарай. Чи Еховад маш их хайртай. Гэхдээ улам их хайрлах боломжтой. Яаж? Паул Филиппой 1:9-д юу гэж бичсэнийг анхааръя (уншина). Тэрбээр Филиппой дахь итгэл нэгтнүүд нь Еховаг «улам их хайрладаг болоосой» гэж залбирсан. Тэгэхээр бид Еховаг улам их хайрлах боломжтой. Ингэхийн тулд «үнэн зөв мэдлэгтэй, бүрэн дүүрэн ойлголттой» болох хэрэгтэй. Еховагийн тухай илүү ихийг мэдэх тусам Еховаг улам их хайрлаж, сайхан зан чанарт нь улам бүр татагдаж, үргэлж зөв юм хийдэгт нь итгэнэ. Бас Еховаг баярлуулах хүсэл бадарч, сэтгэлийг нь гонсойлгох юу ч хийхгүйг хичээнэ. Түүнчлэн хүсэл таалал нь юу вэ, яаж биелүүлэх вэ гэдгийг ойлгохын тулд хичээл зүтгэл гаргана.
5, 6. Еховаг улам хайрладаг болохын тулд яах вэ? Тайлбарлана уу.
5 Еховаг төгс дуурайсан Есүсийн тухай илүү сайн мэдэх тусам бид Еховаг улам бүр хайрлана (Евр. 1:3). Есүсийн тухай мэдэх хамгийн сайн арга бол Сайн мэдээний дөрвөн номыг судлах явдал юм. Чи Библийг өдөр бүр уншиж хэвшээгүй бол одооноос эхлэн уншиж болохгүй нь юу билээ? Есүсийн тухай уншихдаа зан чанарыг нь анхаараарай. Хүмүүс түүнтэй хамт байж, ярьж хөөрөх дуртай байсан. Мөн хүүхдэд хайртай нь нэг удаа тэвэрч байснаас нь харагддаг (Марк 10:13–16). Бас энэрэнгүй, найрсаг түүнд шавь нар нь бодсон санаснаа хэлэхээс эмээдэггүй байжээ (Мат. 16:22). Есүс Эцгээ яг таг дуурайсныг бодвол Ехова ч харьцахад амар Нэгэн гэдэг нь ойлгомжтой. Бид түүнд залбирч, сэтгэлээ уудлах боломжтой. Тэрбээр биднийг буруутгахгүй, харин ч хайрладаг, санаа тавьдаг гэдэгт бид итгэлтэй байдаг (1 Петр 5:7).
6 Есүс өрөвч сэтгэлтэй билээ. Элч Матай: «Тэрээр олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа» гэж бичжээ (Мат. 9:36). Харин Еховад ямар санагдсан бэ? Есүс энэ тухай «Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэг нь ч бүү үрэгдээсэй гэж тэнгэр дэх миний Эцэг хүсдэг» гэжээ (Мат. 18:14). Ямар сэтгэл хөдөлгөм үг вэ! Тэгэхээр Есүсийг мэдэх тусам Еховаг гэсэн хайр маань улам лавширна.
7. Төлөвшсөн ах эгч нартай дотносох нь ямар ач тустай вэ?
7 Бас хурлынхаа төлөвшсөн ах эгч нартай илүү дотно болбол Еховаг гэсэн хайраа хэрхэн илэрхийлж, ахиц гаргахыг сурна. Тэд Еховад үйлчлэх шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсдаггүй бөгөөд баяр хөөртэй явдгийг анхаараарай. Еховад хэрхэн үйлчилж ирснийг нь асууж сонирхоорой. Хэрэв чи чухал шийдвэр гаргах гэж байгаа бол зөвлөгөө өгөхийг гуйгаарай. «Олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ» гэж бичсэн байдаг шүү дээ (Сур. 11:14).
8. Библийн сургаал эргэлзээтэй юм шиг санагдвал яах вэ?
8 Эргэлзэхээ болиорой. 2-р догол мөрд дурдсанаар бол Сатан чамайг Еховатай дотносож, бат итгэлтэй болоход саад хийхийг оролддог. Нэг арга нь чамд эргэлзээ төрүүлж Библийн зарим сургаалд итгэхэд амаргүй болгох явдал юм. Жишээ нь эрт орой нэгэн цагт Бурхныг гутаасан эволюцийн онолыг үзнэ. Чи бага байхдаа энэ талаар нэг их бодож үзээгүй байх. Харин одоо дунд ангид ороод эволюцийн онолыг заалгаж байж магадгүй. Багш нарын зааж байгаа нь логиктой, үнэмшилтэй санагдаж болох юм. Гэхдээ тэд Бүтээгч байдгийн нотолгоог хэзээ ч нухацтай бодож үзээгүй байх. Сургаалт үгс 18:17-д байгаа зарчмыг санаарай. Тэнд «Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг» гэж бий. Сургууль дээр сонссоноо үнэн гэж бодоод сохроор дагахын оронд Бурхны Үг Библид байгаа үнэнийг сайтар бодож үзээрэй. Байгууллагын ном хэвлэлийг судлаарай. Урьд нь эволюцийн онолд итгэдэг байсан ах эгч нартай ярилцаарай. Биднийг хайрладаг Бүтээгч байдагт яагаад итгэдэг болсныг нь асуугаарай. Ингэвэл Бүтээгч байдгийн нотолгоог олж авна.
9. Мелиссад тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?
9 Мелисса гэдэг Гэрч охин бүтээлийн талаар судалж үзээд эргэлзэхээ больжээ. b Тэрбээр: «Сургууль дээр эволюцийн онолыг заахад маш үнэмшилтэй санагдсан. Тэгээд эхэндээ би эволюцийн онол зөв гэсэн хариу гарвал яана гэж айгаад судалмааргүй байсан. Гэхдээ өөрийг нь сохроор дагаж үйлчлэхийг Ехова хүсэхгүй шүү дээ гэж бас бодсон. Ингээд судалж эхэллээ. “Танд санаа тавьдаг Бүтээгч байдаг уу?” ном, “Тохиолдлоор бий болсон уу?”, “Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт” товхимлыг уншсан. Эдгээр нь яг надад зориулсан хэвлэл байсан. Эртхэн шиг судалдаг байж дээ» гэжээ.
10, 11. Ёс суртахууны хувьд цэвэр байхын тулд яах вэ? (1 Тесалоник 4:3, 4).
10 Буруу юм бүү хийгээрэй. Шилжилтийн насанд бэлгийн дур хүсэл хүчтэй оргилдог, бас садар самуунд орооцолдуулах гэсэн дарамттай тулгардаг. Сатан чамайг энэ хүслээ биелүүлээсэй гэж хүсдэг. Ёс суртахууны хувьд цэвэр байхад юу тустай вэ? (1 Тесалоник 4:3, 4-ийг уншина). Еховад залбирч ямар байгаагаа хэлээрэй. Мөн хүч тэнхээ гуйгаарай (Мат. 6:13). Ехова чамайг шийтгэхийг бус, чамд тус дэм болохыг хүсдэгийг санаарай (Дуу. 103:13, 14). Түүнчлэн Бурхны Үгийг уншдаг байх нь тустай. Дээр дурдсан Мелисса муу юм бодохгүйн тулд хамаг чадлаараа хичээдэг байсан. Тэрбээр: «Библийг өдөр бүр уншдаг байсныхаа ачаар би бууж өгөөгүй. Бас би Еховагийнх гэдгээ, түүнд л үйлчлэхийг хүсдэгээ санадаг байв» гэж ярьжээ (Дуу. 119:9).
11 Тулгамдсан асуудлаа ганцаараа шийдэх гэж бүү зүтгээрэй. Аав ээжтэйгээ ярилцаарай. Ингэх нь амаргүй ч чухал шүү. Мелисса: «Би зориг гуйж залбираад аавтайгаа энэ асуудлаар ярилцсан. Тэгээд сэтгэл маань их уужирсан. Ехова надаар бахархаж байгааг мэдэрсэн» гэжээ.
12. Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
12 Библийн зарчмаар удирдуулаарай. Том болохын хэрээр шийдвэрээ чи өөрөө гаргах болно. Гэхдээ чамд мэдэхгүй юм их байгааг анхаараарай. Алдаа гаргаж Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахаас хэрхэн зайлсхийх вэ? (Сур. 22:3). Кари гэдэг Гэрч эмэгтэй юуны ачаар зөв шийдвэр гаргаснаа ярьсан. Тэрбээр төлөвшсөн Христийн дагалдагчид асуудал болгоныг шийдэх хууль тушаал байх шаардлагагүйг ойлгожээ. Кари: «Би хууль тушаал гэхээсээ илүү Библийн зарчмуудыг ойлгох хэрэгтэй байсан юм» гэжээ. Библи уншихдаа өөрөөсөө «Эндээс Еховагийн үзэл бодлын талаар юу ойлгож авах вэ? Зөвийг үйлдэхэд тустай зарчим байна уу? Энэ зарчмыг хэрэгжүүлбэл ямар ач тус хүртэх вэ?» гэж асуугаарай (Дуу. 19:7; Ис. 48:17, 18). Библи уншаад зарчмыг нь эргэцүүлэн боддог бол Еховад таалагдах шийдвэр гаргахад амар байна. Чи ахиц гаргахын хэрээр дараах зүйлийг ойлгоно. Еховагийн үзэл бодлыг мэддэг бол асуудал болгоныг шийдвэрлэх тодорхой тушаал хэрэггүй.
13. Сайн найзууд яаж нөлөөлдөг вэ? (Сургаалт үгс 13:20).
13 Еховаг хайрладаг найзуудтай болоорой. Төлөвшсөн найзуудтай байвал чамд сайн гэдгийг дээр ярилцлаа (Сургаалт үгс 13:20-ийг уншина). Баяр хөөргүй болж байсан Сара гэдэг Гэрч эмэгтэйд юу тохиолдсоныг үзье. Тэрбээр: «Би яг хэрэгтэй үед сайн найзуудтай болсон. Долоо хоног бүр нэг Гэрч охинтой хамт «Харуулын цамхаг»-ийг судалдаг болов. Бас нэг найз маань цуглаан дээр хариулдаг болоход тусалсан. Найзуудынхаа ачаар Библийг илүү нямбай судалдаг, нухацтай залбирдаг болсон. Еховатай дотносож, урьдынх шигээ баяр хөөртэй болж байгаагаа мэдэрсэн» гэж ярьжээ.
14. Жульен яаж сайн найзуудтай болсон бэ?
14 Яаж сайн найзтай болох вэ? Ахлагчаар үйлчилдэг Жульен: «Би залуу байхдаа дэлгэрүүлэх ажилд оролцоод сайн найзуудтай болсон. Найзууд минь зүтгэлтэй хүмүүс. Тэдний ачаар дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрч билээ. Тиймээс бүрэн цагаар үйлчлэх зорилго тавьсан юм. Би зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ найзлах гээд олон сайн найзтай болох боломжийг алдсанаа ойлгосон. Хожим нь Бетелд очсон хойноо ч олон сайн найзтай болсон. Тэднийг дуурайж чөлөөт цагаа зөв өнгөрөөж сурсан маань Еховатай улам дотносоход тус болсон» гэж ярьжээ.
15. Паул Тимотыг юунаас сэрэмжлүүлсэн бэ? (2 Тимот 2:20–22).
15 Хэрэв хурлын хэн нэгэнтэй найзалж байтал Еховатай тогтоосон харьцаанд муугаар нөлөөлж байгааг анзаарвал яах ёстой вэ? Паул, хурлын зарим хүн Христийн дагалдагч хүнд байх ёсгүй хандлага илэрхийлдэг, үйлддэгийг мэдэж байсан учраас Тимотод тэднээс хол байхыг сэрэмжлүүлсэн (2 Тимот 2:20–22-ыг уншина). Еховатай найзлах нь үнэлж баршгүй ач тустай. Бид их л хичээсний хүчинд тэнгэрийн Эцэгтэйгээ дотносож, нөхөрлөсөн. Тиймээс муу нөхрөөс болж ийм гайхалтай Найзаа алдаж болохгүй (Дуу. 26:4).
АХИЦ ГАРГАХЫН ТУЛД ЗОРИЛГО ТАВИАРАЙ
16. Ямар зорилго тавих вэ?
16 Ач тустай зорилго тавиарай. Итгэлээ бэхжүүлж, төлөвшсөн Христийн дагалдагч болоход тустай зорилго тавиарай (Эф. 3:16). Жишээ нь, Библиэ аль болохоор тогтмол уншиж, бие даан судлахаар шийдэж болох юм (Дуу. 1:2, 3). Эсвэл залбирлынхаа тоо чанарт анхаарал хандуулах хэрэгтэй байж магадгүй. Юуг сонгож чөлөөт цагаа өнгөрүүлдгээ нягтлах шаардлагатай байж болох юм (Эф. 5:15, 16). Ахиц гаргах гэж хичээж байгааг чинь Ехова хараад баярлана.
17. Хүнд тусалдаг бол ямар ач тус хүртэх вэ?
17 Хүнд тусалдаг бол төлөвшсөн Христийн дагалдагч болно. Есүс: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэсэн (Үйлс 20:35). Залуу насны эрч хүч, цаг заваа бусдын төлөө зориулах нь чамд их тустай. Жишээ нь чи хурлынхаа өндөр настан болон бие муутай хүмүүст туслах зорилго тавьж болохгүй нь юу билээ? Дэлгүүрээс хэрэгтэй юмыг нь авчирч өгөх юм уу цахим хэрэгсэл ашиглахад нь тусалж болно шүү дээ. Чи Гэрч залуу бол ах дүүстээ үйлчлэхийн тулд туслах үйлчлэгч болох зорилго тавиарай (Флп. 2:4). Бас Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлж өөр олон хүнд хайраа илэрхийлээрэй (Мат. 9:36, 37). Боломжтой бол Еховад бүрэн цагаар үйлчлэхийг зориорой.
18. Бүрэн цагаар үйлчилбэл Бурхантай улам дотносно гэхийн учир юу вэ?
18 Бүрэн цагаар үйлчлэх нь Еховатай улам дотносох олон сайхан боломжийн үндсийг тавьдаг. Жишээ нь эхлэгчээр үйлчилдэг бол Сайн мэдээ тунхаглагчийн сургуулийн хаалга нээгдэнэ. Бас Бетелд үйлчлэх юм уу байгууллагын барилга дээр ажиллах боломж гарна. Эхлэгчээр үйлчилдэг Кэйтлин гэдэг Гэрч бүсгүй: «Баптисм хүртсэнийхээ дараа туршлагатай ах дүүстэйгээ дэлгэрүүлж Еховатай улам дотноссон. Тэдний үлгэр жишээ Библийн мэдлэгээ гүнзгийрүүлж, заах чадвараа сайжруулах хүслийг минь бадраасан» гэж ярьжээ.
19. Ахиц гаргаснаар ямар ивээл хүртэх вэ?
19 Чи ахиц гаргах тусам арвин их ивээл хүртэнэ. Залуу насаа дэмий үрэхгүй (1 Ёох. 2:17). Буруу шийдвэр гаргаснаас болоод зовж шаналахгүй. Харин жинхэнэ амжилт гэж юу болохыг ойлгож, аз жаргалаар бялхана (Сур. 16:3). Чиний сайн жишээ хөгшин залуу гэлтгүй бүх итгэл нэгтнийг урамшуулан зоригжуулна (1 Тим. 4:12). Хамгийн гол нь, Еховаг баярлуулж, түүнтэй улам дотноссоноор амар тайвныг мэдэрч, сэтгэл хангалуун явна (Сур. 23:15, 16).
ДУУ 11 Еховаг баярлуулъя
a Хүүхэд залуус баптисм хүртэхэд Еховад үйлчилдэг бүх хүн маш их баярладаг. Шинэхэн шавь нар баптисм хүртсэнийхээ дараа ч ахиц гаргасаар байх учиртай. Баптисм хүртээд удаагүй хүүхэд залуус яавал төлөвшсөн дагалдагч болохыг энэ өгүүллээр үзнэ. Ингэх нь хурлын бүх хүнд ач тустай.
b Зарим нэрийг өөрчлөв.