СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34
«Үнэний замаар явж байгаарай»
«Үнэний замаар явж байгаарай» (3 ЁОХ. 4).
ДУУ 28 Шинэ дуу
ТОЙМ a
1. «Үнэнийг» хэрхэн мэдсэнээ ярилцах нь ямар ач тустай вэ?
«ҮНЭНИЙГ яаж мэдсэн бэ?» Та энэ асуултад олон удаа хариулж байсан байх. Итгэл нэгтнүүдтэйгээ анх танилцахдаа асуудаг асуултуудын нэг нь энэ юм. Еховаг хэрхэн мэдэж, хайрладаг болсныг ах дүүсээсээ сонсох, өөрсдөө ч яагаад Еховагийн Гэрч болсондоо баяртай байдгаа ярих сайхан (Ром 1:11). Ингэж ярилцахаар үнэний үнэ цэнийг улам бүр үнэлдэг. Бас «үнэний замаар яв[саар] байх» шийдвэр маань улам батаждаг. Нэг ёсондоо Еховагийн ивээл, сайшаалыг хүртэж амьдрах шийдвэр төгс байна гэсэн үг (3 Ёох. 4).
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Энэ өгүүллээр, үнэнийг эрхэмлэдэг болоход маань нөлөөлсөн зарим шалтгаан болон цаашид ч үнэнийг хэрхэн эрхэмлэж явахыг ярилцана. Ингэснээр биднийг үнэн рүү татахын тулд Еховагийн хийсэн бүхэнд нь талархах сэтгэл лавширна (Ёох. 6:44). Бас хүмүүстэй үнэнийг хуваалцах хүсэл маань улам бадарна.
БИД «ҮНЭНИЙГ» ЯАГААД ЭРХЭМЛЭДЭГ ВЭ?
3. Үнэнийг эрхэмлэдгийн маань гол шалтгаан юу вэ?
3 Үнэнийг эрхэмлэх шалтгаан олон. Хамгийн гол нь, бид үнэний Эх булаг болсон Ехова Бурхнаа хайрладаг. Тэнгэр газрыг Бүтээгч, хүчит Нэгэн гэдгийг нь төдийгүй хайр халамжтай тэнгэрийн Эцэг гэдгийг Үг нь болох Библиэс мэдэж авсан (1 Петр 5:7). Тэрбээр мөн «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ» (Ег. 34:6). Бас шударга ёсыг хайрладаг (Ис. 61:8). Зовж байгаа биднийг хараад шаналдаг бөгөөд зовлон зүдүүрийг товлосон цагтаа эцэс болгоход бэлэн байгаа төдийгүй хүсэн тэмүүлдэг (Иер. 29:11). Ямар гайхалтай юм бэ! Бид Еховаг маш их хайрладгийн нэг шалтгаан нь яах аргагүй мөн!
4, 5. Элч Паул найдварыг яагаад зангуутай зүйрлэсэн бэ?
4 Өөр нэг шалтгаан нь юу вэ? Үнэнийг мэдэх нь маш их ач тустай. Нэг жишээг ярилцъя. Библид үндэслэсэн үнэн гэдэгт ирээдүйн найдвар маань багтдаг. Энэ найдвар хэчнээн үнэ цэнтэйг онцлохын тулд элч Паул: «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. [Энэхүү найдвар] бат үндэстэй, баараггүй биелнэ» гэж бичжээ (Евр. 6:19). Тэгэхээр Библид үндэслэсэн найдвар маань зангуутай адил тул сорилт тулгарах цагт биднийг тогтвортой байлгадаг.
5 Хам сэдвийг үзвэл Паул тослогдсон Христийн дагалдагчдын эрхэмлэдэг тэнгэрийн найдварын тухай хэлсэн. Гэхдээ энэ үг диваажин дэлхий дээр мөнх амьдрах хүмүүст ч хамаатай (Ёох. 3:16). Мөнх амьдрах найдвартайгаа мэдэж авсан болохоор амьдрал маань утга учиртай болсон.
6, 7. Ивон ирээдүйн тухай үнэнийг мэдэж аваад ямар ач тус хүртсэн бэ?
6 Ивон гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодоорой. Гэрч гэр бүлд өсөөгүй тэрбээр багадаа үхэхээс айдаг байв. «Нэг л өдөр байхгүй болно» гэдгийг уншсан нь зүрх сэтгэлд нь хоногшжээ. Тэрбээр: «Тэр үгнээс болоод би бөх унтаж чадахаа больж ирээдүйн тухай боддог болсон. “Ингээд л дуусах гэж үү? Яах гэж амьдарч байгаа юм бол?” гэж бодсон. Би үхмээргүй байсан!» хэмээн ярьжээ.
7 Ивон хожим нь өсвөр насандаа Еховагийн Гэрчүүдтэй танилцсан байна. Тэрбээр: «Би дэлхий дээр мөнх амьдрах боломжтой гэдэгт итгэж эхэлсэн» гэж ярьсан. Үнэнийг заалгаад ямар ач тус хүртсэн бэ? Тэрбээр цааш нь «Одоо би ирээдүйдээ санаа зовохоо больж, үхлийн тухай бодохгүйгээр тайван унтдаг болсон» гэжээ. Ивон үнэнийг маш их эрхэмлэж ирээдүйн найдвараа хүмүүстэй хуваалцаад хэчнээн их баярлаж байгааг та төсөөлж байгаа байх (1 Тим. 4:16).
8, 9. а) Есүсийн ярьсан нэгэн сургаалт зүйрлэлд гардаг нэг эрэгтэй олсон эрдэнэсээ хэр их үнэлсэн бэ? б) Та үнэнийг хэр зэрэг үнэлдэг вэ?
8 Библид бичсэн үнэн гэдэгт Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ бас ордог. Есүс Хаант төрийн тухай үнэнийг нуугдмал эрдэнэстэй зүйрлэсэн. Матай 13:44-т Есүс: «Бурхны Хаант төрийг газар нуусан эрдэнэстэй зүйрлэж болно. Тэр эрдэнэсийг нэг хүн олоод буцаагаад нуужээ. Тэгээд баярласандаа явж хамаг юмаа зараад тэр газрыг худалдан авчээ» гэдэг. Эхэндээ тэр хүн эрдэнэс хайгаагүйг анхаараарай. Гэхдээ олсныхоо дараа тэр эрдэнэсийг өөрийн болгохын тулд маш их юмаа золиосолж өөрт байгаа бүхнээ зардаг. Яагаад? Тэр эрдэнэс хэчнээн үнэ цэнтэй болохыг мэдэж байсан. Үнэндээ гаргуунд гаргасан бүх юмнаас нь хавьгүй их үнэтэй!
9 Та ч үнэнийг ингэж эрхэмлэдэг үү? Мэдээж тийм байх. Хаант төрийн удирдлага дор ирээдүйд мөнх амьдрах найдвар өвөрлөн Еховад үйлчлэн баяр баясгалантай байхыг энэ ертөнцийн юутай ч зүйрлэшгүйг бид мэддэг. Еховатай дотно байх завшаан эдлэх нь бидний золиослох юунаас ч үнэ цэнтэй. Бид «Еховад улам их таалагдвал» баярлахын дээдээр баярлана (Кол. 1:10).
10, 11. Майкл ямар учраас амьдралаа өөрчилсөн бэ?
10 Еховад таалагдахын тулд их юмаа гаргуунд нь гаргасан хүн бидний дунд олон бий. Зарим нь энэ ертөнцийн цалин сайтай ажлаасаа гарсан. Нөгөө зарим нь эд хөрөнгийн хойноос хөөцөлдөхөө больсон. Бас Еховагийн тухай мэдэж аваад амьдралаа орвонгоор нь өөрчилсөн хүмүүс ч бий. Майкл яг ингэсэн. Тэрбээр Еховагийн Гэрч айлд өсөөгүй. Залуу байхдаа тулааны урлагаар хичээллэдэг байжээ. Тэрбээр: «Би булчин шөрмөс нь зангирсан биеэрээ их бахархдаг байсан. Бүр хэнд ч дийлдэшгүй мэт санагдсан удаатай» гэжээ. Гэхдээ Библи заалгаж эхлээд хүчирхийллийн талаарх Еховагийн үзэл бодлыг ойлгосон (Дуу. 11:5). Өөрт нь хичээл зааж байсан Гэрч хосын талаар Майкл: «Тэд тулааны урлагаа орхих ёстой гэж надад хэзээ ч хэлж байгаагүй. Библийн үнэнийг л заадаг байсан» гэж ярьжээ.
11 Майкл Еховагийн тухай мэдэх тусам түүнийг улам бүр хайрладаг болж байв. Ялангуяа үйлчлэгчдээ гэсэн Еховагийн өрөвч зан нь түүний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Яваандаа амьдралаа орвонгоор нь өөрчлөх шийдвэр гаргах хэрэгтэйгээ ойлгов. Тэрбээр: «Миний хувьд каратэгээр хичээллэхээ болино гэдэг нь хамгийн хэцүү зүйл байв. Гэхдээ ингэвэл Еховад таалагдана гэдгийг болон түүнд үйлчлэх нь ямар ч золиосноос илүү гэдгийг мэдэж байсан» гэжээ. Майкл мэдэж авсан үнэнийхээ үнэ цэнийг ойлгосон учраас амьдралаа өөрчилжээ (Яак. 1:25).
12, 13. Маили Библийн үнэнийг мэдээд ямар ач тус хүртсэн бэ?
12 Библид үнэний үнэ цэнийг онцлохдоо харанхуйд гэрэлтдэг гэрэлтэй зүйрлэжээ (Дуу. 119:105; Эф. 5:8). Бурхны Үгнээс мэдэж авсан зүйл нь хэчнээн их үнэ цэнтэйг Азербайжанд амьдардаг Маили ойлгосон. Тэрбээр шашны хувьд хуваагдмал гэр бүлд өссөн. Аав нь лалын, ээж нь иудейн шашинтан ажээ. Тэрбээр: «Уг нь би Бурхан байдаг гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй ч олон асуулт сэтгэлийг минь зовоож байлаа. Би: “Бурхан яагаад хүнийг бүтээсэн юм бэ? Бас яагаад бүхий л амьдралынхаа турш зовж зовчихоод дараа нь тамд мөнхөд тарчлан зовох ёстой юм бэ?” гэж боддог байв. Түүнчлэн эргэн тойрон дахь бүхнийг Бурхны хүслийн дагуу болж байгаа гэж хүмүүс ярьдаг байсан учраас “Бурхан хүний зовлонгоор бах таваа хангах дуртай гэж үү? Яг л утсан хүүхэлдэй тоглуулдаг хүнтэй адил” гэж санагдсан» хэмээн ярьжээ.
13 Маили асуултуудынхаа хариуг хайсаар байв. Хожим нь Библийн хичээл заалгаж, үнэнийг мэдэж авсан байна. Тэрбээр: «Би Библиэс үнэмшилтэй, логиктой хариулт аваад амьдралыг өөдрөгөөр хардаг болсон. Бас сэтгэл ч уужирсан» гэж ярьжээ. Маилитай адилаар, «харанхуйгаас гаргаж гайхамшигт гэрэл рүүгээ авчирсан тэр Нэгэн» Еховаг бид бүгд магтан алдаршуулдаг (1 Петр 2:9).
14. Үнэнийг улам их эрхэмлэхийн тулд яах вэ? (Бас «Үнэнийг өөр юутай зүйрлэж болох вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).
14 Үнэний үнэ цэнийг онцолсон цөөн хэдэн жишээг үзлээ. Та өөр олон жишээ бодож олох байх. Библийн үнэнийг эрхэмлэх ёстой өөр ямар шалтгаан байдгийг эргэцүүлээд бие даан судалж болохгүй нь юу билээ? Үнэнийг хэдийчинээ эрхэмлэнэ, төдийчинээ эрхэмлэдгээ харуулна.
ҮНЭНИЙГ ЭРХЭМЛЭДГЭЭ ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?
15. Үнэнийг эрхэмлэдгээ харуулах нэг арга юу вэ?
15 Бид Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг тогтмол судалснаар үнэнийг эрхэмлэдгээ харуулна. Үнэнийг мэдээд олон жил өнгөрсөн ч сурах юм дуусахгүй. «Харуулын цамхаг» сэтгүүлийн хамгийн анхны дугаарт ийнхүү бичжээ. «Амьдралыг тал газартай, худал хуурмагийг халгайтай зүйрлэвэл үнэн гэдэг нь тал дахь битүү халгай дунд ургасан ганц нэгхэн цэцэг гэлтэй. Түүнийг олъё гэвэл ажигч гярхай байж, сайтар хайх хэрэгтэй. ... Олсон бол тонгойж байгаад тасалж авбал цэцэгтэй болно. Үнэнийг бэлгэддэг цэцгийн нэгийг олсон бол сэтгэл бүү ханаарай. ... Хайгаад л байгаарай. Цуглуулаад л байгаарай». Ер нь сурах гэдэг нь амаргүй даваа. Гэхдээ талаар болохгүй.
16. Библи судлах ямар арга танд үр дүнтэй вэ? (Сургаалт үгс 2:4–6).
16 Дандаа л уншиж судлах дуртай хүн ховор байх л даа. Гэхдээ үнэнийг илүү сайн ойлгохын тулд үргэлж «эрж», «хайж» байхыг Ехова уриалдаг (Сургаалт үгс 2:4–6-г уншина). Ийнхүү чармайж хичээх болгондоо бид ач тус хүртдэг. Библи уншихдаа нэг удаад нэг л зүйлийг анхаардаг гэж Кори ярьж байна. Тэрбээр: «Зүүлт болгоныг болон холбогдох Библийн зүйлүүдийг уншиж, бас судалдаг. ... Ийм аргаар Библи уншаад маш их юм ойлгож авдаг!» гэжээ. Библи уншихдаа та энэ юм уу өөр ямар ч арга хэрэглэсэн цаг хүчээ зориулж судалдаг бол үнэнийг эрхэмлэдгээ харуулж байгаа хэрэг юм (Дуу. 1:1–3).
17. Үнэний дагуу амьдрахыг юу гэж ойлгох вэ? (Яаков 1:25).
17 Гэхдээ судалсан л бол бүх юу дууслаа гэсэн үг биш. Бүрэн дүүрэн ач тус хүртье гэвэл үнэний дагуу амьдрах буюу мэдэж авснаа ажил болгох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд л үнэний ач тусыг хүртэж жинхэнээсээ жаргалтай болно (Яаков 1:25-ыг уншина). Үнэний дагуу амьдарч байгаагаа хэрхэн батлах вэ? Өөрийгөө шалгаад юу нь сайн, юугаа засах хэрэгтэйгээ мэдэж аваарай гэж нэг Гэрч эрэгтэй хэлсэн. Элч Паул ч: «Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя» гэж бичжээ (Флп. 3:16).
18. «Үнэний замаар явж байхын» тулд бид яагаад чадах бүхнээ хийх ёстой вэ?
18 «Үнэний замаар явж байхын» тулд чадах бүхнээ хийдэг бол ямар ач тустайг та бодоод үз дээ. Бид өөрсдөө сайн сайхан амьдраад зогсохгүй Еховаг, итгэл нэгтнүүдээ баярлуулна (Сур. 27:11; 3 Ёох. 4). Иймээс ч бид үнэнийг эрхэмлэдэг, үнэний дагуу амьдардаг.
ДУУ 24 Шагналаа харж явъя!
a Бид итгэл үнэмшил, амьдралын хэв маягаа «үнэн» гэдэг үгээр тодорхойлдог. Үнэний зам дээр гараад удсан ч бай, удаагүй ч бай, яагаад үнэнийг хайрладгаа эргэцүүлэн бодохын ач тус их. Ингэвэл Еховагийн сайшаалыг хүртэх шийдвэр маань улам батажна.