Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37

Ах дүүстээ үргэлж итгээрэй

Ах дүүстээ үргэлж итгээрэй

«Хайрладаг хүн ... бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг» (1 КОР. 13:7).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

ТОЙМ *

1. Хүмүүс нэг нэгэндээ итгэдэггүй болсон нь яагаад гайхах зүйл биш вэ?

 САТАНЫ ертөнцийнхөн хэнд итгэхээ ч мэддэггүй. Арилжаа наймаа, улс төр, шашны удирдагчдын үйл ажиллагаа хүмүүсийн урмыг үргэлж хугалж байдаг. Бас найзууд, хөршүүд, бүр гэр бүлийнхэндээ ч итгэхээ больсон хүн олон. Энэ нь гайхах зүйл биш. Библид «Эцсийн өдрүүдэд ... хүмүүс ... үнэнч бус, ... гүжирдэгч, ... урвагч» болно гэж зөгнөсөн. Өөрөөр хэлбэл хүмүүс итгэл даадаггүй, энэ ертөнцийн бурхан Сатантай адил болох ажээ (2 Тим. 3:1–4; 2 Кор. 4:4).

2. а) Бид хэнд бүрэн дүүрэн итгэдэг вэ? б) Зарим хүн юу гэж асууж магадгүй вэ?

2 Харин Христийн дагалдагчид бид Еховад бүрэн дүүрэн найддаг (Иер. 17:7, 8). Тэрбээр анд найзууд биднийгээ хайрладаг, бас хэзээ ч орхихгүй гэдэгт бат итгэдэг (Дуу. 9:10). Есүс Христ бидний төлөө амиа өгсөн учраас бид түүнд бас итгэдэг (1 Петр 3:18). Мөн Библид найдвартай удирдлага заавар байдгийг туршлагаасаа мэдэж авсан (2 Тим. 3:16, 17). Тийм ээ, бид Ехова, Есүс, Библид бат итгэдэг. Гэхдээ ах дүүстээ дандаа итгэх боломжтой гэж үү гэсэн асуулт зарим хүнд төрж болох юм. Яагаад?

БИДЭНД АХ ДҮҮС ХЭРЭГТЭЙ

Еховаг хайрладаг, итгэл даасан ах дүүс маань дэлхийн өнцөг булан бүрд бий (3-р догол мөрийг үзээрэй)

3. Бид ямар гайхалтай завшаантай вэ? (Марк 10:29, 30).

3 Ехова биднийг өөр лүүгээ татаж олон үндэстнээс бүрдсэн, өөрийг нь шүтдэг гэр бүлийнхээ гишүүн болгосон. Ямар их завшаан вэ! Үүний ач тусыг тоочоод баршгүй (Марк 10:29, 30-ийг уншина). Еховаг хайрлаж, хэм хэмжээг нь амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээдэг ах дүүс маань дэлхийн өнцөг булан бүрд бий. Бид хоорондоо хэл яриа, ахуй соёл, хувцаслалтаараа ялгаатай ч бүр анх удаа уулзахдаа ч дотно байдаг. Ялангуяа тэдэнтэйгээ хамт хайр халамжтай тэнгэрийн Эцгээ шүтэж, магтан алдаршуулдагтаа баяр хөөр болдог (Дуулал 133:1).

4. Бидэнд ах дүүс хэрэгтэй гэхийн учир юу вэ?

4 Ах дүүстэйгээ эв нэгдэлтэй байх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Заримдаа тэд ачаанаас маань үүрэлцдэг (Ром 15:1; Галат 6:2). Бас Еховад үргэлж идэвхтэй үйлчилж, түүнтэй дотносон нөхөрлөхөд маань тусалдаг (1 Тес. 5:11; Евр. 10:23–25). Итгэл нэгтнүүд байгаагүйсэн бол Сатан Диавол болон бузар муу ертөнцийг нь эсэргүүцэж бат зогсоход ямар хэцүү байхыг бодоод үз дээ. Удахгүй Сатан болон түүний гар хөл бологчид Бурхны үйлчлэгчид рүү дайрна. Тэр үед биднийг дэмжих ах дүүс байгаа гэж бодохлоор сэтгэл уужирдаг.

5. Зарим хүн юунаас болоод ах дүүстээ итгэж чадахаа больдог вэ?

5 Гэхдээ зарим маань нэг нэгэндээ итгэж чадахаа больсон байдаг. Учир нь нууцыг нь задлах юм уу амлалтаа биелүүлээгүй эсвэл бусдыгаа үг хэл, үйл хэргээрээ гомдоох нь ч бий. Ийм үед ах дүүстээ итгэхэд үнэхээр хэцүү. Тэгвэл ах дүүстээ хэрхэн итгэдэг болох вэ?

ИТГЭЛИЙН ҮНДЭС БОЛ ХАЙР

6. Хайрладаг хүн итгэдэг гэж яагаад хэлж болох вэ? (1 Коринт 13:4–8).

6 Нэгдүгээр Коринт номын 13-р бүлэгт ах дүүстээ итгэх итгэлээ батжуулахад болон тэдэндээ дахиад итгэдэг болоход тус болох хайрын олон талыг дурдсан (1 Коринт 13:4–8-ыг уншина). Жишээлбэл 4-р зүйлд «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй» гэжээ. Ехова биднийг нүгэл үйлдсэн байхад ч тэвчээртэй байдаг. Тиймээс ах дүүс маань биднийг үг хэл, үйл хэргээрээ гомдоож бухимдуулбал бид ч тэвчих учиртай. 5-р зүйлд бичсэнээр «[Хайрладаг хүн] амархан уурладаггүй, гомдож явдаггүй». Тийм ээ, бид «гомдож явдаггүй» буюу хэн хэн намайг гомдоосон хэмээн хар данс хөтөлдөггүй. Бид Номлогчийн үгс 7:9-д бичсэнээр «Уурлах сэтгэлийг ... урьтал болгох» ёсгүй. Харин Эфэс 4:26-д бичсэн «Нар жаргахаас өмнө уурлахаа боль» гэсэн зөвлөгөөг дагадаг.

7. Матай 7:1–5-д бичсэн зарчим ах дүүстээ итгэдэг байхад тустай гэхийн учир юу вэ?

7 Ах дүүстээ итгэх итгэлээ батжуулахад тустай нэг зүйл нь тэднийгээ Ехова шиг харж сурах явдал юм. Ехова тэдэнд маань хайртай бөгөөд хар данс хөтөлж тооцоо боддоггүй. Бид ч ийм байх ёстой (Дуу. 130:3). Муу талыг нь харахын оронд сайхан зан чанарууд, сайн үйл хийх чадварт нь анхаарлаа хандуулах учиртай (Матай 7:1–5-ыг уншина). Итгэл нэгтнүүд маань сайныг үйлдэхийг хичээдэгт бид итгэдэг. Учир нь хайрладаг хүн «бүх юманд итгэдэг» (1 Кор. 13:7). Гэхдээ Ехова биднийг бүх хүнд ямар ч шалтгаангүйгээр итгээсэй гэж бус, итгэл хүлээсэн нэгэндээ итгэхийг хүсдэг. *

8. Та ах дүүстээ хэрхэн итгэдэг болох вэ?

8 Хэн нэгнийг хүндэлдэг болоход цаг хугацаа хэрэгтэй байдаг шиг итгэдэг болоход ч мөн адил. Та ах дүүстээ итгэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Сайн танилцаарай. Цуглаан болохоос өмнө эсвэл дараа нь ярилцаж байгаарай. Хамт дэлгэрүүлээрэй. Итгэл даах хүн гэдгээ харуулах боломж олгохын тулд тэвчээртэй байгаарай. Дөнгөж танилцаж эхлэнгүүтээ юу бодож байгаагаа тоочоод байхгүй л болов уу. Сайн танилцахын хэрээр санал бодлоо хуваалцдаг болох байх (Лук 16:10). Гэтэл ах дүү тань итгэл эвдвэл яах вэ? Найзлахаа больё гэж яаран дүгнэхийн оронд цаг хугацаа өгөөрэй. Цөөн хэдэн хүнээс болж ах дүүстээ итгэхээ больж болохгүй шүү. Ийм асуудлаар үлгэр дуурайл болдог Еховагийн зарим үнэнч үйлчлэгчдийн жишээг ярилцъя. Тэд хэн нэгнээс болж урам хугарсан ч ах дүүстээ итгэх итгэл нь алдраагүй.

ИТГЭЛ НЬ АЛДРААГҮЙ ХҮМҮҮСЭЭС СУРАЛЦААРАЙ

Ханна Елигийн эхлээд юу хэлснийг нь тоолгүй Еховаг шүтэх арга хэмжээг дэмжсээр байсан (9-р догол мөрийг үзээрэй)

9. а) Ханна Бурхны зарим төлөөлөгчийн алдаа дутагдлыг харсан ч шүтлэгийн арга хэмжээг хэрхэн дэмжсэн бэ? б) Еховаг шүтэх арга хэмжээг дэмжих талаар Ханнагаас юу сурах вэ? (Зургийг үзээрэй).

9 Хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг Гэрч эрэгтэйн биеэ авч явах байдлаас болоод та гонсойж байсан уу? Хэрэв тийм бол Ханнагийн жишээ тустай. Тэр үед Израйлын тэргүүн тахилч байсан Ели Еховаг шүтэх ажилд гол үүрэг гүйцэтгэдэг байв. Гэвч хүүхдүүд нь үлгэр жишээч байгаагүй. Тэд тахилчаар үйлчилж байсан ч бузар булай, ичгэвтэр юмыг байнга хийж, завхай зайдан явдаг байв. Харин эцэг нь үүнийг мэддэг ч таслан зогсоохын тулд олигтой юм хийгээгүй. Ехова Елиг үүрэгт ажлаас нь тэр даруй огцруулаагүй. Нөхцөл байдал ийм байсан ч Ханна Елиг тэргүүн тахилчаар үйлчилж байгаа цагт асарт ирж мөргөхгүй гэж хэлээгүйгээр барахгүй шүтлэгтэй холбоотой Бурхны арга хэмжээг дэмжсээр байсан. Ели Ханнаг маш их шаналсандаа залбирч байхад нь согтуу байна гэж буруу дүгнэдэг. Тэгээд учрыг нь мэдэх гэж хичээхийн оронд зовж байгаа эмэгтэйг шүүмжилдэг (1 Сам. 1:12–16). Тэглээ ч Ханна хэрэв хүүтэй болбол сүмд аваачиж Елигийн мэдэлд байлган үйлчлүүлнэ гэж тангарагладаг (1 Сам. 1:11). Харин Елигийн хөвгүүдийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан уу? Тийм ээ, шийдвэрлэх ёстой байсан. Ехова цаг нь болохоор арга хэмжээ авсан (1 Сам. 4:17). Гэхдээ үүнээс өмнө Бурхан Ханнаг шагнаж Самуел гэдэг хүүтэй болгосон (1 Сам. 1:17–20).

10. Зарим хүн өөрөөс нь урвасан ч Давид бусад найзууддаа итгэдэг байсныг харуулах жишээ хэлнэ үү.

10 Таны дотнын найз итгэл эвдэж байсан уу? Хэрэв тийм бол Давид Хаанд тохиолдсон явдлыг бодоорой. Түүний найзуудын нэгийг Ахитофел гэдэг байв. Харин Давидын хүү Абсалом эцгээсээ хаан ширээг булааж авахыг оролдоход найз Ахитофел нь хүүгийнх нь талд ордог. Хүү нь ч, найз нь ч урваж өөрийнх нь эсрэг босоход Давидад ямар хэцүү байсан бол оо! Ийм явдал тохиолдсон ч Давид бусад найзууддаа итгэсээр байсан. Бослого гаргахад нь түүнээс урваагүй үнэнч найзуудын нэг нь Хушаи юм. Давид түүнд итгэсэн нь талаар болоогүйг дараа нь болсон үйл явдал баталдаг. Хушаи түүнд туслахын тулд бүр амь насаа ч эрсдэлд оруулахаас буцаагүй сайн анд гэдгээ баталсан (2 Сам. 17:1–16).

11. Набалын нэг зарцын итгэл юунаас харагдсан бэ?

11 Набалын нэг зарц нь яасныг одоо ярилцъя. Давид эрчүүдтэйгээ Набалын зарц нарыг сайхан сэтгэлээр хамгаалж байв. Хожим нь Давид баян Набал руу эрчүүдээ явуулж ямар нэгэн идэх юм өгөхийг гуйдаг. Харин Набал татгалздаг. Тэгэхэд нь Давид уурандаа шатаж, Набалд харьяалагддаг бүх эрчүүдийг хүйс тэмтрэхээр шийддэг. Набалын нэг зарц нь юу болсныг эхнэр Абигаилд нь хэлдэг. Тэрбээр амьд үлдэх эсэх нь Абигаилын гарт байгааг ойлгож байв. Тэгээд амиа аваад зугтахын оронд энэ асуудлыг Абигаил шийдвэрлэж чадна гэдэгт итгэж найдсан. Абигаил ухаантай гэдгээрээ олонд танигдсан эмэгтэй байв. Ийм учраас л зарц нь түүнд итгэсэн бололтой. Энэ нь ч талаар болоогүй. Абигаил зоригтой байж, Давидыг ятгаж муу юм хийхийг нь болиулсан (1 Сам. 25:2–35). Тэрбээр Давидыг зөв юм хийнэ гэдэгт итгэсэн.

12. Есүс алдаа дутагдалтай шавь нартаа итгэдэг байсан нь юунаас харагддаг вэ?

12 Шавь нар нь алдаа гаргадаг байсан ч Есүс тэдэнд итгэдэг байв (Ёох. 15:15, 16). Яаков Ёохан хоёр Хаан төрд өндөр албан тушаалтай болгож өгөхийг гуйхад Есүс Еховад үйлчлэх хандлагыг нь ч буруутгаагүй, элч байхаас нь ч болиулаагүй (Марк 10:35–40). Хожим нь Есүсийг баригдсан тэр шөнө шавь нар нь түүнийг хаяад зугтдаг (Мат. 26:56). Тэгсэн хэдий ч тэрбээр тэдэндээ итгэсээр байсан. Төгс бус шавь нар нь алдаа гаргадаг ч «амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хайрласан» (Ёох. 13:1). Амилсныхаа дараа шавь бэлдэх ажлыг удирдах болон хайртай хоньдод нь санаа тавих чухал үүргийг 11 үнэнч элчдээ оноосон (Мат. 28:19, 20; Ёох. 21:15–17). Төгс бус хүмүүст ийнхүү найддаг байсан нь талаар болоогүй. Шавь нар нь дэлхий дэх амьдралаа дуусан дуустал үнэнч байсан. Ханна, Давид, Набалын зарц, Абигаил болон Есүс төгс бус хүнд итгэж найдах гайхалтай жишээ үлдээсэн.

ИТГЭЛ НЭГТЭНДЭЭ ДАХИН ИТГЭДЭГ БОЛОХ НЬ

13. Хүмүүст итгэхэд яагаад хэцүү санагдаж болох вэ?

13 Гэрч эрэгтэйд нууцаа ярьсныхаа дараа итгэл эвдсэнийг нь мэдвэл танд ямар санагдах бол? Үнэхээр хэцүү байх нь мэдээж. Нэг удаа Гэрч эмэгтэй ахлагчид итгээд хувийн асуудлаа ярьжээ. Маргааш нь ахлагчийн эхнэр түүнийг урамшуулах гэж залгасан. Тэрбээр нөхөртэй нь юу ярьсныг мэдэж байгаа нь ойлгомжтой байв. Гэрч эмэгтэй ахлагчийг итгэл даадаггүй хүн гэж бодсон нь лавтай. Гэхдээ тэрбээр өөр ахлагчид хандаад тусламж авсан нь дахиад ахлагчдад итгэдэг болоход нь тустай байв.

14. Гэрч эрэгтэй ахлагчдад дахин итгэдэг болоход юу тус болсон бэ?

14 Гэрч эрэгтэй хоёр ахлагчид итгэхээ болиод их уджээ. Гэхдээ өөрийнх нь хүндэлж явдаг нэг Гэрчийн үгийг эргэцүүлж бодсон. Тэр нь энгийн боловч маш жинтэй үг байв. Юу гэвэл, «Ах дүүс маань бус, харин Сатан бидний дайсан юм». Гэрч эрэгтэй үүнийг залбирч байгаад нухацтай эргэцүүлэн бодож, эцэст нь хоёр ахлагчтай эвлэрсэн байна.

15. Ах дүүстээ дахин итгэдэг болоход яагаад цаг хугацаа хэрэгтэй байж болох вэ? Жишээ хэлнэ үү.

15 Та хэзээ нэгэн цагт хурлын ажил хийх эрхгүй болж байсан уу? Мэдээж сэтгэл тань их өвдсөн байх. 1930-аад онд нацист Герман манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон үед Грэтэ ээжтэйгээ үнэнчээр үйлчилж байсан. Грэтэ итгэл нэгтнүүддээ зориулж «Харуулын цамхаг»-ийг машинаар бичиж олшруулдаг байв. Энэ үүргээ их баяр хөөртэй гүйцэтгэдэг байсан. Гэтэл аав нь үнэнийг эсэргүүцсэнийг итгэл нэгтнүүд нь мэдээд хурлын тухай мэдээллийг дайснуудад өгөх байх гэж эмээжээ. Тэгээд Грэтэд оноосон ажлыг хийхийг болиулжээ. Гэхдээ сорилт үүгээр дууссангүй. Ах нар Дэлхийн II дайныг дуусах хүртэл Грэтэд болон ээжид нь итгэхгүй байсан бөгөөд тэр байтугай гудамжинд тааралдахдаа ч мэндэлдэггүй байв. Ямар хэцүү байсан бол оо! Маш их шаналж гомдсон Грэтэ тэр ах нарыг уучилж дахин итгэдэг болтол урт хугацаа хэрэгтэй байсан. Ехова тэднийг уучилсан учир би ч уучлах ёстой гэдгээ тодорхой хугацааны дараа ойлгосон.

«Ах дүүс маань бус, харин Сатан бидний дайсан юм»

16. Ах дүүстээ дахин итгэдэг болохын тулд маш их зүтгэл гаргах нь яагаад чухал вэ?

16 Танд бас ийм зүрх зүсэм явдал тохиолдсон бол ах дүүстээ дахин итгэдэг болохын тулд хичээгээрэй. Цаг хугацаа хэрэгтэй байж болох ч хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Жишээлбэл та хоолны хордлого авсан бол идэх юмаа анхаарах нь ойлгомжтой. Нэг удаа хордсон гээд юм идэхээ бүр болихгүй нь мэдээж. Үүнтэй адилаар нэг удаагийн явдлаас болоод бүх ах дүүстээ итгэхээ болих ёсгүй. Бид бүгд төгс бус шүү дээ. Ах дүүстээ дахин итгэдэг болсноор бид улам илүү аз жаргалтай болно. Бас нэг нэгэндээ итгэдэг байхад нь хурлынхандаа туслахын тулд бид юу хийхээ мэдэж авна.

17. Итгэл яагаад чухал вэ? Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

17 Сатаны ертөнцийнхөн нэг нэгэндээ итгэх нь ховор байдаг. Харин бид нэг нэгэндээ хайртай учраас итгэдэг. Ийм итгэл нь өнөөдөр биднийг баяр хөөртэй, эв нэгдэлтэй байлгаж, ирээдүйд хүнд бэрх сорилт тулгарах үед хамгаалалт болно. Хэрэв хэн нэгэн итгэлийг тань эвдсэн бол яах вэ? Нөхцөл байдлыг Ехова шиг харахыг хичээж, Библийн зарчмыг хэрэгжүүлж, ах дүүсээ улам бүр хайрлаж, Библийн жишээнээс суралцаарай. Та гомдлоо мартаж, ах дүүстээ дахин итгэж чадна. Ингэснээр «ах дүүгээс чинь ч дотно байж чадах» олон анд нөхөртэй болох ивээл хүртэнэ (Сур. 18:24). Гэхдээ бусдад итгээд зогсохгүй, бид өөрсдөө ч итгэл хүлээсэн хүн байх учиртай. Дараагийн өгүүллээр бид хэрхэн итгэл даасан хүн байхыг ярилцана.

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

^ Бид ах дүүстээ итгэх хэрэгтэй. Гэхдээ тэд заримдаа бидний урмыг хугалдаг учраас дандаа итгэх амаргүй. Ийм үед хэрэгжүүлж болох Библийн зарим зарчим болон эргэцүүлэн бодох хэд хэдэн жишээг энэ өгүүллээр ярилцана. Ингэх нь ах дүүстээ итгэх итгэлээ батжуулах, урам хугарсан байлаа ч тэдэндээ дахин итгэдэг болоход тустай.

^ Хурал дотор итгэл хүлээх зохисгүй хүмүүс байж болохыг Библид анхааруулдаг (Юуд. 4). «Гажууд зүйлс» зааж, заримыг маань төөрөлдүүлэхийг оролдох хуурамч ах дүүс хааяа гарч ирдэг (Үйлс 20:30). Бид тэдэнд итгэх ч үгүй, бас сонсох ч үгүй.