Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40

«Олныг зөв шударга байдалд авчрах» нь

«Олныг зөв шударга байдалд авчрах» нь

«Олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно» (ДАН. 12:3).

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

ТОЙМ *

1. Мянган жилийн засаглалын үед ямар гайхалтай үйл явдлууд болох вэ?

 ХРИСТИЙН Мянган жилийн засаглалын үеэр дэлхий дээр хүмүүсийг амилуулж эхлэх тэр өдөр хүмүүсийн сэтгэл ямар их хөдлөх бол оо! Дотнын хүнээ алдсан хүн бүр тэднийгээ дахин харахыг хүсдэг. Ехова ч мөн адил (Иов 14:15). Нас барсан хүнтэйгээ уулзах нь үгээр илэрхийлэх аргагүй аз жаргалтай мөч! Өмнөх өгүүлэлд үзсэнээр бол амийн номд нэр нь бичигдсэн байгаа «шударга хүмүүс» мөнх амьдрах найдвар өвөрлөн амилна (Үйлс 24:15; Ёох. 5:29). Хармагедоны дараахан дэлхий дээр амилах хүмүүсийн дунд бидний дотнын хүмүүс ч байна. * Мөн түүнчлэн «шударга» бус хүмүүс буюу нас барахаасаа өмнө Еховаг таньж мэдэх, түүнд үйлчлэх боломж муутай байсан хүмүүс ч шүүгдэхийн тулд амилна.

2, 3. а) Исаиа 11:9, 10-т бичсэнээр хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй ямар хөтөлбөр хэрэгжих вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

2 Амилсан бүх хүн сургалтад хамрагдах ёстой (Ис. 26:9; 61:11). Тийм учраас хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй боловсролын хөтөлбөр хэрэгжинэ (Исаиа 11:9, 10-ыг уншина). Яагаад? Юуны түрүүнд, амилсан шударга бус хүмүүс Есүс Христ, Хаант төрийн зохион байгуулалт, золиос, Еховагийн нэр болон хэмжээгүй эрх мэдэлтэй нь холбоотой маргаантай асуудлын талаар заалгах хэрэгтэй. Шударга хүмүүс ч хүртэл Ехова дэлхийн талаарх санаа зорилгоо хэрхэн аажмаар илчилж ирснийг заалгах шаардлагатай. Энэ үнэнч хүмүүсийн зарим нь Еховагийн үг Библи бичигдэж дуусахаас өмнө нас барсан. Тийм учраас шударга, шударга бус хүмүүсийн аль алинд нь сурах юм их бий.

3 Энэ өгүүллээр дараах асуултуудыг ярилцана. Боловсролын өргөн цар хүрээтэй энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ? Хүмүүсийн нэр амийн номд арилшгүйгээр бичигдэх эсэхэд энэ хөтөлбөр ямар хамаатай вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авах нь өнөөгийн бидэнд чухал. «Даниел» болон «Илчлэл» номд гардаг сэтгэл хөдөлгөм зөгнөлийг авч үзвэл нас барагсад амилахад ямар үйл явдал болохыг илүү зөв ойлгоно. Эхлээд Даниел 12:1, 2-т бичсэн зөгнөлийг авч үзье.

«ГАЗРЫН ШОРООНД БУЛАГДСАН НОЙРСОГЧИД ... СЭРНЭ»

4, 5. Даниел 12:1-д бичсэнээр төгсгөлийн цаг үед юу болох вэ?

4 Даниел 12:1-ийг уншина. «Даниел» ном төгсгөлийн цагт болох үйл явдлууд ямар дэс дараагаар болохыг илчилдэг. Жишээлбэл Даниел 12:1-д Михаел буюу Есүс Христ «[Бурхны] ард түмний хөвгүүдийг хамгаалдаг» гэж бичсэн байдаг. Энэ зөгнөл Есүсийг 1914 онд Бурхны тэнгэрийн Хаант төрийн Хаанаар томилогдоход биелсэн.

5 Гэхдээ «үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болоход» Есүс «босно» гэснийг бас Даниел сонссон. «Хүнд цаг» гэдгээр Матай 24:21-д дурдсан «агуу их гамшгийг» хэлж байна. Есүс тэр хүнд цагийн төгсгөл буюу Хармагедоноор Бурхны ард түмнийг хамгаалахын тулд босно. Есүсээр хамгаалуулах хүмүүсийг «Илчлэл» номд «агуу их гамшгийг туулж ирсэн» «үй олон хүн» гэж бичсэн (Илч. 7:9, 14).

6. Үй олон хүн агуу их гамшгийг давж гарсны дараа юу болох вэ? Тайлбарлана уу. (Дэлхий дээр хүмүүс амилах тухай бичсэн мэдээллийг энэ дугаарын «Уншигчдын асуулт»-аас бас үзээрэй).

6 Даниел 12:2-ыг уншина. Үй олон хүн энэ хүнд цагийг давж гарсны дараа юу болох вэ? Урьд нь бид энэ зөгнөлийг эцсийн өдрүүдэд хүмүүс бэлгэдлийн утгаар амилах буюу Бурхны ард түмэн дахин идэвхтэй үйлчлэхийг хэлдэг гэж ойлгодог байсан. Харин үнэндээ бол нас барагсад шинэ ертөнцөд амилахыг хэлсэн зөгнөл юм. * Ингэж дүгнэхийн учир юу вэ? Энд бичсэн «шороо» гэдэг үг Иов 17:16-д бас байдаг бөгөөд булш гэсэн утга санааг илэрхийлдэг. Тэгэхээр Даниел 12:2-т бичсэн үг нь эцсийн өдрүүдийн төгсгөлд болох Хармагедон гэдэг дайны дараа хүмүүс амилахыг хэлж байна.

7. а) Зарим нь «мөнх амь уруу ... явна» гэснийг юу гэж ойлгох вэ? б) «Давуу аргаар амилна» гэсэн нь ямар учиртай вэ?

7 Тэгвэл Даниел 12:2-т нэг хэсэг нь «мөнх амь уруу ... явна» гэснийг юу гэж ойлгох вэ? Энэ нь амилсан хүмүүс Ехова болон Есүсийг таньж мэдээд, цаашид ч мэдлэгээ тэлж, 1000 жилийн хугацаанд дуулгавартай байвал эцэст нь мөнх амьтай болно гэсэн үг юм (Ёох. 17:3). Урьд өмнө нь амилуулагдаж байсан хүмүүстэй харьцуулбал энэ хүмүүс «давуу аргаар амилна» гэж хэлж болно (Евр. 11:35). Яагаад? Учир нь төгс бус тэд амилсан ч дахиад үхсэн.

8. Зарим нь «мөнхийн жигшил уруу явна» гэснийг хэрхэн ойлгох вэ?

8 Гэхдээ амилсан хүн бүхэн Еховагаар заалгахыг хүсэхгүй. Даниелын зөгнөлд зарим нь «ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна» гэж бичсэн байдаг. Тэд тэрслүү учраас нэр нь амийн номд бичигдэх ч үгүй, мөнх амьдрах ч үгүй. Харин ч «мөнхийн жигшил уруу явах» буюу устгагдана. Тиймээс Даниел 12:2-т бичигдсэн үг бол хүмүүсийг амилсных нь дараах үйл хэрэгт үндэслэн гаргасан эцсийн дүгнэлт юм (Илч. 20:12). * Зарим нь мөнх амьдарна, зарим нь устгагдана.

«ОЛНЫГ ЗӨВ ШУДАРГА БАЙДАЛД АВЧРАХ» НЬ

9, 10. Агуу их гамшгийн дараа өөр ямар үйл явдал болох вэ? Хэн «тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарах» вэ?

9 Даниел 12:3-ыг уншина. «Хүнд цагийн» дараа өөр юу болох вэ? Даниел 12:3-т байдаг үг нь 2-т бичсэнтэй адилаар агуу их гамшгийн дараа юу болохыг хэлдэг.

10 Хэн «тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарах» вэ? Үүнийг ойлгоход Матай 13:43-т бичсэн Есүсийн үг тустай. «Тэр цагт шударга сайн хүмүүс Эцгийнхээ Хаант төрд нар мэт гийнэ» гэж байдаг. Хам сэдвийг үзвэл энд Есүс тэнгэрийн Хаант төрд өөртэй нь хамт захирах «Хаант төрийн хөвгүүд» буюу тослогдсон ах дүүсийнхээ тухай хэлжээ (Мат. 13:38). Тиймээс Даниел 12:3-т байдаг үг нь тослогдсон хүмүүстэй болон Мянган жилийн засаглалын үед хийх ажилтай нь холбоотой.

1000 жилийн хугацаанд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 144 000 хүн Есүс Христтэй нягт хамтран ажиллана (11-р догол мөрийг үзээрэй)

11, 12. 1000 жилийн хугацаанд 144 000 хүн ямар ажил хийх вэ?

11 Тослогдогсод хэрхэн «олныг зөв шударга байдалд авчрах» вэ? Тэд 1000 жилийн хугацаанд дэлхий дээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Есүс Христтэй нягт хамтран ажиллана. 144 000 хүн хаанаар төдийгүй тахилчаар үйлчилнэ (Илч. 1:6; 5:10; 20:6). Тиймээс тэд «үндэстнүүдийг эдгээх» буюу бүх хүнийг аажмаар төгс болгоход тусална (Илч. 22:1, 2; Езе. 47:12). Тэд ийм сайхан ажил хийхээрээ хэчнээн их баяртай байх бол оо!

12 Зөв шударга болох «олны» тоонд ямар хүмүүс орох вэ? Хармагедоныг эсэн мэнд давж гарсан болон амилсан хүмүүс, бас шинэ ертөнцөд төрөх хүүхдүүд орно. 1000 жил дуусахад дэлхий дээрх бүх хүн төгс болно. Тэгвэл хэзээ тэдний нэр харандаагаар биш, бэхээр бичигдсэн мэт болох вэ?

ЭЦСИЙН СОРИЛТ

13, 14. Төгс болсон дэлхий дээрх хүмүүс мөнх амьтай болохын тулд яах ёстой вэ?

13 Төгс болно гэдэг нь мөнх амьтай болно гэсэн үг биш гэдгийг бид санах учиртай. Адам Ева хоёрын тухай бодоорой. Тэд төгс байсан. Гэхдээ Ехова Бурханд дуулгавартай байгаагаа баталж байж л мөнх амьтай болох байв. Харамсалтай нь тэд дуулгаваргүй загнасан (Ром 5:12).

14 1000 жилийн төгсгөлд дэлхий дээрх хүмүүс ямар болох вэ? Бүгд төгс болно. Тэгээд бүгдээрээ Еховаг бүрэн дүүрэн дэмжсээр байх уу? Эсвэл зарим нь төгс болсон ч Адам Ева шиг үнэнч бус болох болов уу? Үүний хариултыг мэдэх нь чухал. Яаж?

15, 16. а) Еховад үнэнчээ харуулах боломж хүн төрөлхтөнд хэзээ олдох вэ? б) Энэ сорилтын эцсийн үр дүн юу вэ?

15 Сатан 1000 жил хоригдоно. Энэ хугацаанд тэрбээр хэнийг ч мэхэлж чадахгүй. Гэхдээ 1000 жил дуусахад Сатан суллагдаж, төгс болсон хүн төрөлхтнийг мэхлэхийг оролдоно. Тэр үед бүх хүнд Бурхны нэр болон хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар хэний талд байгаагаа харуулах боломж олдоно (Илч. 20:7–10). Үйл хэргээс нь хамаарч тэдний нэр амийн номд үүрд бичигдэх эсэх нь шийдэгдэнэ.

16 Тоо нь тодорхойгүй зарим хүн Еховагийн удирдлагыг эсэргүүцэж, Адам Ева хоёртой адил гэдгээ батлан харуулна. Тэднийг яах вэ? Илчлэл 20:15-д «амийн номонд нэр нь бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна» гэжээ. Тийм ээ, эдгээр тэрслүү хүн бүрмөсөн устгагдана. Гэхдээ төгс хүмүүсийн ихэнх нь энэ сорилтыг амжилттай давна. Тэдний нэр амийн номд үүрд бичигдэнэ.

«ЦАГ ХУГАЦААНЫ ТӨГСГӨЛИЙН» ҮЕД

17. Тэнгэрийн элч өнөөгийн цаг үед болох үйл явдлын талаар Даниелд юу гэж хэлсэн бэ? (Даниел 12:4, 8–10).

17 Ирээдүйд болох үйл явдлыг бодохлоор үнэхээр сэтгэл хөдөлж байгаа биз? Гэхдээ тэнгэрийн элч өнөөгийн «цаг хугацааны төгсгөлийн» үед юу болохтой холбоотой чухал мэдээг Даниелд хэлж өгсөн (Даниел 12:4, 8–10-ыг уншина; 2 Тим. 3:1–5). Тэрбээр «мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэсэн. Тийм ээ, Даниелын бичсэн зөгнөлүүдийг Бурхны ард түмэн илүү сайн ойлгоно. Тэр үед «Хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй» гэж тэнгэрийн элч бас хэлжээ.

18. Хорон муу хүмүүсийг яах вэ?

18 Өнөөдөр хорон муу хүмүүс бузар юм үйлдчихээд шийтгүүлэхгүй яваад байх шиг санагддаг (Мал. 3:14, 15). Гэхдээ удахгүй Есүс, биеэ авч явах талаар ямаатай адилхан хүмүүсийг хонь шиг хүмүүсээс ялгаад шүүнэ (Мат. 25:31–33). Тэд агуу их гамшгийг давах ч үгүй, шинэ ертөнцөд амилах ч үгүй. Нэрс нь ч Малахи 3:16-д гардаг «дурсгалын номд» бичигдэхгүй.

19. Одоо яах цаг вэ? Яагаад? (Малахи 3:16–18)

19 Одоо бол хорон муу хүмүүстэй адилгүй гэдгээ батлах цаг мөн (Малахи 3:16–18-ыг уншина). Ехова «Өөрийн эзэмшил» буюу эрхэмлэдэг хүмүүсээ цуглуулж байна. Бид ийм хүмүүсийн тоонд багтахыг хүсдэг.

Шинэ ертөнцөд хувиа хүртэхээр «босох» Даниелыг болон хайртай хүмүүсээ, өөр олон хүнийг харах нь ямар гайхалтай байх бол оо! (20-р догол мөрийг үзээрэй)

20. Ехова Даниелд юу гэж амласан бэ? Тэр амлалт биелэхийг та яагаад хүсэн хүлээдэг вэ?

20 Бид одоо сайхан цаг үед амьдарч байна. Гэхдээ ирээдүйд болох юм сонирхлыг маань бүр ч илүү татдаг. Удахгүй бид бузар муухай бүхэн устгагдахыг харна. Дараа нь «чи ... цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно» гэж Даниелд хэлсэн Еховагийн амлалт биелэхийг үзнэ (Дан. 12:13). Дотнын хүмүүс тань Даниелын адилаар амилж «босох» тэр цагийг та тэсэн ядан хүлээж байна уу? Тийм бол чадах бүхнээ хийж үнэнч байгаарай. Тэгвэл Еховагийн амийн номд нэр тань үүрд мөнх үлдэх нь гарцаагүй.

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

^ Энэ өгүүллээр Даниел 12:2, 3-т гардаг өргөн цар хүрээтэй боловсролын хөтөлбөрийн талаарх ойлголт шинэчлэгдсэнийг тайлбарлана. Энэ хөтөлбөр хэзээ эхлэх ба ямар хүмүүс хамрагдах талаар авч үзнэ. Бас Христийн Мянган жилийн засаглалын төгсгөлд болох эцсийн сорилтыг давж гарахад нь энэ хөтөлбөр хүмүүст хэрхэн туслахыг үзнэ.

^ Эцсийн өдрүүдэд үнэнч үйлчилж байсан хүмүүсийг эхний ээлжид амилуулах бололтой. Дараа нь, тэдний өмнөх үеийнхнийг гэх мэтчилэн дэс дараалан амилуулна. Ингэж амилуулахаар хүн болгонд таньдаг хүнээ угтан авах боломж бүрдэнэ. Ямар ч гэсэн Библид бичсэнээр тэнгэрт гарах хүмүүс «дэс дараалан» амилна гэснийг бодож үзвэл дэлхий дээр амьдрах хүмүүс ч дэс дараалан амилах бололтой (1 Кор. 14:33; 15:23).

^ Энэ бол «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын (англи) 17-р бүлэг болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1987 оны 7-р сарын 1-ний дугаарын (англи) 21–25-р хуудсанд гарсан ойлголтын шинэчилсэн тайлбар юм.

^ Харин Үйлс 24:15-д байдаг «шударга», «шударга бус» болон Ёохан 5:29-д байдаг «сайныг үйлддэг», «хорон мууг үйлддэг» гэдэг нь нас барахаасаа өмнө үйлддэг байсан үйл хэрэгтэй хамаатай.