Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39

Таны нэр «амийн номд» байгаа юу?

Таны нэр «амийн номд» байгаа юу?

«ЭЗЭНээс эмээдэг ... хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» (МАЛ. 3:16).

ДУУ 17 Гэрчүүд ээ, урагшаа!

ТОЙМ *

Ехова аль эртнээс хүмүүсийн нэрийг «амийн номд» бичиж ирсэн. (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1. Малахи 3:16-г үзвэл Ехова ямар номыг бичиж байгаа вэ? Тэнд юу байдаг вэ?

 ЕХОВА олон мянган жилийн турш нэг тусгай номыг бичиж байгаа. Энэ номд анхны Гэрч Абелаас эхлээд олон хүний нэр бий (Лук 11:50, 51). * Зуу зуун жил өнгөрөхийн хэрээр бичигдсэн нэр нэмэгдсээр одоо хэдэн саяар тоологдох болжээ. Энэхүү номыг Библид «дурсгалын ном», «амийн ном» гэсэн байгаа. Бид энэ өгүүлэлд үүнийг «амийн ном» гэж нэрлэсэн (Малахи 3:16-г уншина; Илч. 3:5; 17:8).

2. Амийн номд хэний нэр байгаа вэ? Бид яавал нэр маань бичигдэх вэ?

2 Энэ номд Еховагаас эмээдэг буюу Еховаг гүнээ хүндэтгэн шүтдэг, нэрийг нь эрхэмлэдэг хүмүүсийн нэр байгаа бөгөөд тэд мөнх амьдрах боломжтой. Бид Есүс Христийн золиосонд үндэслэн Еховатай дотно харилцаатай болбол нэр маань энэхүү номд бичигдэнэ (Ёох. 3:16, 36). Тэнгэрт ч, дэлхий дээр ч хаана ч амьдрах найдвартай бай, бид бүгд нэрээ энэ номд байлгаад л байхыг хүсдэг.

3, 4. а) Амийн номд нэрс нь бичигдсэн байгаа хүмүүс мөнх амьдарна гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Энэ болон дараагийн өгүүллээс ямар ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Гэхдээ нэр нь амийн номд бичигдсэн л бол мөнх амийг гарцаагүй авах уу? Хариу нь Египетээс гарсан нь 32:33-т бий. Тэнд Ехова Мосед «Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана» гэжээ. Тэгэхээр номд байгаа нэрийг арилгах боломжтой буюу түр зуурынх юм. Үүнийг жишээгээр тайлбарлавал харандаагаар бичсэнийг баллуурдаж болдогтой адил (Илч. 3:5). Ирээдүйд тэдний нэр бэхээр бичсэн юм шиг арилахгүй болно. Тэр болтол хичээх хэрэгтэй.

4 Тэгэхээр дараах асуултууд гарч ирнэ. Жишээлбэл нэр нь бичигдсэн болон бичигдээгүй хүмүүсийн талаар Библид юу гэж байдаг вэ? Нэрээ арилгуулаагүй хүмүүс хэзээ мөнх амьтай болох вэ? Еховаг мэдэх боломжгүй байсаар байгаад нас барсан хүмүүсийн талаар юу хэлэх вэ? Нэрээ номд бичүүлэх боломжийг тэдэнд олгох болов уу? Эдгээр асуултын хариуг энэ болон дараагийн өгүүллээс мэдэж авна.

ЯМАР ХҮМҮҮСИЙН НЭР АМИЙН НОМД БАЙГАА ВЭ?

5, 6. а) Филиппой 4:3-ыг үзвэл амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүсийн дунд ямар хүмүүс байгаа вэ? б) Тэдний нэр хэзээ бэхээр бичсэнтэй адил болж үүрд мөнхөд үлдэх вэ?

5 Ямар хүмүүсийн нэр амийн номд бичигдсэн байгаа вэ? Одоо таван бүлэг хүний тухай ярилцаж энэ асуултын хариуг мэдэж авъя. Тэдний заримынх нь нэр бичигдсэн, заримынх нь бичигдээгүй байгаа.

6 Эхний бүлэгт Есүстэй хамт тэнгэрт захирахаар сонгогдсон хүмүүс ордог. Тэдний нэр амийн номд одоо байгаа юу? Тийм ээ. Филиппой дахь итгэл нэгтнүүддээ бичсэн Паулын үгийг харвал Есүстэй хамт захирах тослогдсон хүмүүсийн нэр амийн номд бичигдсэн байгаа (Филиппой 4:3-ыг уншина). Гэхдээ тэд энэ номд байгаа нэрээ арилгуулахгүйн тулд үргэлж үнэнч байх ёстой. Тэгвэл үхэхээсээ өмнө эсвэл агуу их гамшиг болохын өмнө эцсийн удаа тамгалахад нэрс нь бэхээр бичсэнтэй адил болж үүрд мөнхөд үлдэнэ (Илч. 7:3).

7. Илчлэл 7:16, 17-д бичсэнийг үзвэл өөр хоньдын тоонд багтдаг үй олон хүний нэрс хэзээ амийн номд үүрд мөнх бичигдэх вэ?

7 Хоёр дахь бүлэгт өөр хоньдын тоонд багтдаг үй олон хүн орно. Тэдний нэр амийн номд байгаа юу? Тийм ээ. Хармагедоныг даван гарсны дараа ч нэрс нь байх болов уу? Тийм ээ (Илч. 7:14). Хоньтой зүйрлэм энэ хүмүүс Есүсийн хэлснээр «мөнх амьдарна» (Мат. 25:46). Гэхдээ Хармагедоныг эсэн мэнд давж гарангуутаа мөнх амьтай болохгүй. Тэдний нэр түр зуур бичигдсэн хэвээрээ байгаа. Мянган жилийн засаглалын үед Есүс «тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд руу зална». Есүсийг дуулгавартай дагаж удирдлага зааврыг биелүүлж Еховад үнэнч гэдгээ мянган жилийн эцэст шүүгдэхдээ баталсан хүмүүсийн нэрийг амийн номд үүрд мөнх бичиж үлдээнэ (Илчлэл 7:16, 17-г уншина).

8. Амийн номд ямар хүмүүсийн нэр бичигдээгүй вэ? Тэднийг яах вэ?

8 Гуравдугаар бүлэгт Хармагедоноор устгагдах ямаатай зүйрлэм хүмүүс орно. Тэдний нэр амийн номд байхгүй. Есүс тэднийг «бүрмөсөн устгагдана» гэсэн (Мат. 25:46). Паул агуу хүчээр удирдуулан «Эзэн тэднийг шүүгээд бүрмөсөн устгаж шийтгэнэ» гэж бичжээ (2 Тес. 1:9; 2 Петр 2:9). Бас агуу хүчний эсрэг санаатайгаар нүгэл үйлдсэн аль ч цаг үеийн хүмүүс ямаатай зүйрлэм хүмүүсийн адилаар мөнх амьдрах нь бүү хэл, бүрмөсөн устгагдах нь ойлгомжтой. Тэд амилахгүй (Мат. 12:32; Марк 3:28, 29; Евр. 6:4–6). Одоо, дэлхий дээр амилах хоёр бүлэг хүний тухай нарийвчлан үзэцгээе.

АМИЛАХ ХҮМҮҮС

9. Үйлс 24:15-ыг үзвэл ямар хоёр бүлэг хүн дэлхий дээрээ амилах вэ? Энэ хоёр бүлэг хүн юугаараа ялгаатай вэ?

9 Библид бичсэнээр «шударга», «шударга бус» гэсэн хоёр бүлэг хүн мөнх амьдрах найдвартайгаар дэлхий дээрээ амилна (Үйлс 24:15-ыг уншина). «Шударга» гэдгээр нас барахаасаа өмнө Еховад үнэнч үйлчилж байсан хүмүүсийг хэлнэ. Харин «шударга бус» гэдгээр Еховад үйлчилж байгаагүй хүмүүсийг хэлнэ. Үнэндээ тэдний ихэнх нь Бурханд таалагддаггүй муу юм хийдэг байсан. Ийм хоёр бүлэг хүн амилуулагдана гэхээр тэдний нэр амийн номд байгаа гэсэн үг үү? Энэ асуултад хариулахын тулд хоёр бүлэг хүнийг тус тусад нь ярилцъя.

10. «Шударга» хүмүүс яагаад амилах вэ? Зарим нь ямар завшаан эдлэх вэ? (Бас энэ сэтгүүлийн «Уншигчдын асуулт»-аас дэлхий дээр амилах хүмүүсийн талаар үзнэ үү).

10 «Шударга» хүмүүс дөрөв дэх бүлгийг бүрдүүлдэг. Тэдний нэрийг нас барахаас нь өмнө амийн номд бичсэн байсан. Харин нас барахаар нь нэрийг нь арилгасан уу? Үгүй. Яагаад гэвэл тэд Еховагийн ой санамжид «амьд» хэвээрээ байгаа. Ехова бол «үхсэн хүний биш, амьд хүний Бурхан» (Лук 20:38). Өөрөөр хэлбэл тэдний нэр амилах үед нь ч бичигдсэн хэвээрээ байна. Харин харандаагаар бичсэнтэй адил байх юм (Лук 14:14). Амилсан шударга хүмүүсийн зарим нь «бүх дэлхийд хаадаар» үйлчлэх завшаан эдэлнэ (Дуу. 45:16).

11. «Шударга бус» хүмүүс нэрээ амийн номд бичүүлэхийн тулд юуг заалгах хэрэгтэй вэ?

11 Эцэст нь, тав дахь бүлэг буюу «шударга бус» хүмүүсийн талаар ярилцъя. Тэд Еховагийн хууль тушаалыг мэддэггүйгээсээ болоод ч тэр үү, ямар ч байсан нас барахаасаа өмнө шударга хэм хэмжээнийх нь дагуу амьдарч байгаагүй. Тиймээс нэрс нь амийн номд бичигдээгүй. Гэхдээ Ехова тэдэнд амийн номд нэрээ бичүүлэх боломжийг олгохын тулд амилуулна. «Шударга бус» энэ хүмүүст чамгүй их тусламж хэрэгтэй. Тэдний зарим нь нас барахаасаа өмнө аймшигтай, бузар хэрэг үйлдэж байсан учраас Еховагийн шударга хэм хэмжээний дагуу хэрхэн амьдрахыг зайлшгүй заалгах шаардлагатай. Иймд хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй боловсролын хөтөлбөрийг Бурхны Хаант төр хэрэгжүүлнэ.

12. а) Шударга бус хүмүүст хэн заах вэ? б) Мэдэж авснаа хэрэгжүүлдэггүй хүмүүсийг яах вэ?

12 Шударга бус хүмүүст хэн заах вэ? Үй олон хүн болон амилсан шударга хүмүүс. Шударга бус хүмүүс амийн номд нэрээ бичүүлье гэвэл Еховатай дотно харьцаатай болж, түүнд өөрийгөө зориулах ёстой. Есүс Христ болон тослогдогсод тэднийг ажиглаж хэрхэн ахиц гаргаж байгааг нь анхаарна (Илч. 20:4). Сэтгэл харамгүй ийм тусламжаас татгалзсан хэнийг ч, бүр 100 насалсан байлаа ч устгана (Ис. 65:20). Хүний зүрхийг нэвт шувт хардаг Ехова Есүс хоёр шинэ ертөнцөд хор учруулах зүйл хийхийг хэнд ч зөвшөөрөхгүй (Ис. 11:9; 60:18; 65:25; Ёох. 2:25).

МӨНХ АМЬДРАХ НАЙДВАР ӨВӨРЛӨН АМИЛАХ БА ШҮҮГДЭХЭЭР АМИЛАХ

13, 14. а) Ёохан 5:29-д байдаг Есүсийн үгийг бид өмнө нь хэрхэн ойлгож байсан бэ? б) Есүсийн хэлсэн үгний чухам юуг нь анхаарч үзэх хэрэгтэй вэ?

13 Дэлхий дээр амилах хүмүүсийн тухай Есүс бас хэлсэн байдаг. Жишээ нь, «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсоод гарч ирэх цаг болох гэж байна. Сайныг үйлддэг нь мөнх амьдарна. Хорон мууг үйлддэг нь яллагдана» гэжээ (Ёох. 5:28, 29). Үүнийг юу гэж ойлгох вэ?

14 Есүсийн хэлсэн сайн, муу үйлийг амилсныхаа дараа хийх үйлдэл гэж бид ойлгож байсан. Өөрөөр хэлбэл амилснаасаа хойш зарим нь хорон мууг, зарим нь сайныг үйлдэнэ гэж үзэж байсан. Гэхдээ дурсамжийн булшнаас гарч ирснийхээ дараа сайныг үйлдэнэ, эсвэл хорон мууг үйлдэнэ гэж Есүс хэлээгүй. Харин нас барахаасаа өмнө юу үйлддэг байсныг ярьжээ. Энэ нь зөв байгаа биз? Яагаад гэвэл Ехова Есүс хоёр хорон муу юм хийхийг шинэ ертөнцөд амьдрах хэнд ч зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм ээ, шударга бус хүмүүсийн хорон муу үйл нь нас барахаасаа өмнө үйлдэж байсан үйл хэрэг юм. Тэгвэл амилсан хүмүүс «мөнх амьдарна», «яллагдана» гэсэн Есүсийн үгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ?

15. Ямар хүмүүс мөнх амьдрах найдвар өвөрлөн амилах вэ? Яагаад?

15 Нас барахаасаа өмнө сайныг үйлддэг байсан шударга хүмүүс мөнх амьдрах боломжтой. Яагаад гэвэл тэдний нэр амийн номд аль хэдийн бичигдсэн байх юм. Тэгэхээр Ёохан 5:29-д бичсэн «сайныг үйлддэг» байсан хүмүүс бол Үйлс 24:15-д гардаг «шударга» хүмүүс юм. Энэ нь Ром 6:7-д «үхсэн хүн нүглээсээ чөлөөлөгддөг» гэсэнтэй тохирдог. Ехова шударга хүмүүсийг нас барахаар нь нүглийг нь хүчингүйд тооцно, сайн үйл хэргийг нь санасаар байна (Евр. 6:10). Гэхдээ тэд амийн номд бичигдсэн нэрээ үүрд үлдээхийн тулд үргэлж үнэнч байх ёстой.

16. Шүүгдэхээр амилна гэдгийг юу гэж ойлгох вэ?

16 Нас барахаасаа өмнө муу юм хийдэг байсан хүмүүсийг яах вэ? Ехова тэднийг үхэхээр нүглийг нь хүчингүйд тооцдог. Гэхдээ тэд амьд байхдаа Еховад үйлчилж байгаагүй учраас нэр нь амийн номд бичигдээгүй. Тэгэхээр «хорон мууг үйлддэг» байсан хүмүүс гэдэг нь Үйлс 24:15-д бичсэн «шударга бус» хүмүүс юм. Тэд «яллагдах» * буюу шүүгдэнэ. Шударга бус хүмүүсийг шүүнэ гэдэг нь Есүс тэднийг ажиглаж шалгана гэсэн утгатай юм (Лук 22:30). Нэрийг нь амийн номд бичих эсэхийг шалгахад хугацаа хэрэгтэй. Муу юм хийхээ бүрмөсөн больж Еховад өөрийгөө зориулсан цагт л тэдний нэр амийн номд бичигдэнэ.

17, 18. Дэлхий дээр амилах хүмүүс бүгдээрээ яах ёстой вэ? Илчлэл 20:12, 13-т гардаг «үйл хэрэг» нь хэзээнийх вэ?

17 Амилагсад урьд өмнө шударга байсан ч, шударга бус байсан ч мянган жилийн засаглалын үед дэлгэгдсэн шинэ номуудад бичигдсэн хууль тушаалыг сахих учиртай. Элч Ёохан үүнийг үзэгдлээр үзээд «Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байгааг би харлаа. Хуйлмал номнууд дэлгэгдсэн байв. Бас нэг хуйлмал ном дэлгэгдэв. Энэ нь амийн ном ажээ. Тэднийг эдгээр хуйлмал номонд бичсэн зүйл болон үйл хэргийнх нь дагуу шүүв» гэж бичжээ (Илч. 20:12, 13).

18 Амилсан хүмүүсийг ямар «үйл хэрэгт» үндэслэн шүүх вэ? Нас барахаас нь өмнөх үү? Үгүй. Нас барсан хүн нүглээс чөлөөлөгддөгийг санаарай. Тэгэхээр энд байгаа «үйл хэрэг» гэдэг нь нас барахаасаа өмнө үйлдсэн хэрэг биш байж таарна. Харин шинэ ертөнцөд хэрэгжих сургалтын хөтөлбөрийг хэрхэн хүлээж авахтай холбоотой юм. Ноа Самуел Давид Даниел зэрэг үнэнч хүмүүс хүртэл Есүс Христийн тухай мэдэж аваад золиосонд нь итгэдгээ харуулах учиртай. Эдгээр хүн ч сурах шаардлагатай гэвэл шударга бус хүмүүст сурах юм бүр ч их байх нь ээ!

19. Сайхан боломж олдсон ч хүлээж аваагүй хүнийг яах вэ?

19 Энэ гайхалтай боломж олдсон ч түүнээс татгалзсан хүнийг юу хүлээж байгаа вэ? Энэ тухай Илчлэл 20:15-д «амийн номонд нэр нь бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна». Тийм ээ, тэд бүрмөсөн устгагдана. Тэгэхээр амийн номд нэрээ бичүүлж арилгуулахгүй байх нь хэчнээн чухал вэ!

Гэрч эрэгтэй Мянган жилийн засаглалын үед хэрэгжиж буй өргөн цар хүрээтэй сургалтын хөтөлбөрийн дагуу хүмүүст зааж байна (20-р догол мөрийг үзээрэй)

20. Мянган жилийн засаглалын үеэр сэтгэл хөдөлгөм ямар ажил өрнөх вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

20 Мянган жилийн засаглалын үе хэчнээн сайхан байх бол оо! Тэр үед дэлхий дээр хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бас шударга, шударга бус хүмүүсийн аль алиных нь үйл хэргийг ажиглаж байгаад дүгнэнэ (Ис. 26:9; Үйлс 17:31). Дараагийн өгүүллээр боловсролын энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхийг үзэхээр Еховад талархах сэтгэл маань улам бүр лавширна.

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

^ Ёохан 5:28, 29-д байгаа Есүсийн үгний талаарх ойлголт өөрчлөгдсөнийг энэ өгүүлэлд тайлбарлана. Тэнд «Сайныг үйлддэг нь мөнх амьдарна. Хорон мууг үйлддэг нь яллагдана» гэж байдаг. Үүнийг одоо хэрхэн ойлгодог болсныг ярилцана.

^ Энэ номыг «ертөнцийн суурь тавигдах үеэс» буюу Есүсийн золиосны ач тусыг хүртэх боломжтой хүний нийгмийн эхлэл тавигдсан тэр цагаас эхлэн бичсэн (Мат. 25:34; Илч. 17:8). Тэгэхээр нэр нь бичигдсэн хүмүүсийн хамгийн анхных нь Абел байсан нь тодорхой.

^ Энд гардаг грек үгийг бид зөвхөн сөргөөр ойлгож байсан. Гэхдээ үнэндээ энэ нь «шүүгдэх» гэсэн өргөн утга агуулдаг үг юм. Шүүгдэх гэдэг үгийг сонсохоор ер нь муугаар боддог нь үнэн. Харин бас сайтар ажиглах буюу нэгэн грек тольд тайлбарласнаар «хэн нэгний биеэ авч явах байдлыг няхуур ажиглан магадлах» гэсэн утгатай ажээ. Есүс энэ утгаар нь хэлсэн бололтой.