Уншигчдын асуулт
Дэлхий дээр ямар хүмүүс амилах вэ? Мөнх амьдрах найдвар өвөрлөн амилах болон шүүгдэхийн тулд амилах гэдгийг юу гэж ойлгох вэ?
Хариултыг нь Библиэс мэдэж авъя.
Үйлс 24:15-д бичсэнээр «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна». Шударга хүн гэдэг нь нас барахаасаа өмнө Бурханд дуулгавартай байсан хүн юм. Тиймээс нэр нь амийн номд бичигдсэн (Мал. 3:16). Харин нас барахаасаа өмнө Еховагийн тухай мэдэх боломж муутай байсан хүн шударга бус хүний тоонд багтана. Тэдний нэр амийн номд бичигдээгүй.
Ёохан 5:28, 29-д гардаг хоёр бүлэг хүн бол Үйлс 24:15-д бичигдсэн хүмүүс юм. Есүс: «Сайныг үйлддэг [байсан] нь мөнх амьдарна. Хорон мууг үйлддэг [байсан] нь яллагдана» гэж хэлсэн. Шударга хүмүүс нас барахаасаа өмнө сайныг үйлддэг байсан. Нэр нь амийн номд байгаа учраас тэд мөнх амьдрах найдвар өвөрлөн амилна. Харин шударга бус хүмүүс нас барахаасаа өмнө хорон мууг үйлддэг байсан. Тэдний нэр амийн номд бичигдээгүй учраас тэд амилсны дараа яллагдах буюу шүүгдэнэ. Тэднийг тэнсэн ял авсан хүнтэй зүйрлэж болох юм. Тэнсэнгийнхээ хугацаанд тэд Еховаг таньж мэдэн амийн номд нэрээ бичүүлэх боломжтой.
Илчлэл 20:12, 13-т тайлбарласнаар амилсан бүх хүн хуйлмал номуудад бичсэнийг дагах ёстой. Энэ нь шинэ ертөнц бий болох тэр цагт өгөх Бурхны шинэ хууль юм. Харин үүнийг сахиагүй нь устгагдана (Ис. 65:20).
Даниел 12:2-т байгаа зөгнөлд бичсэнээр бол амилсан хүмүүсийн «нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна». Энэ зүйлд эцэст нь юу болохыг бичсэн. Амилсан хүн «мөнх амь» авна эсвэл «мөнхийн жигшил» хүртэнэ. Тэгэхээр 1000 жилийн эцэст мөнх амьтай болно эсвэл бүрмөсөн устгагдана гэсэн үг юм (Илч. 20:15; 21:3, 4).
Жишээ татъя. Амилах хоёр бүлэг хүнийг өөр улсад амьдрах хүсэлтэй хүмүүстэй зүйрлэж болно. Шударга хүмүүс нь ажлын юм уу оршин суух виз авсан хүмүүстэй адил юм. Тэд тодорхой хэмжээний эрх чөлөө эдэлж оршин суух боломжтой. Харин шударга бус хүмүүс нь жуулчны юм уу түр виз авсан гадаад иргэдтэй адил. Тэд тухайн улсын оршин суугч болохын тулд ямар хүн гэдгээ амьдрал дээр харуулах хэрэгтэй. Үүнтэй адил, амилсан шударга бус хүмүүс диваажинд үүрд амьдрахын тулд Еховагийн хууль тушаалыг дагаж, зөв шударга хүн болж өөрчлөгдсөнөө батлах учиртай. Анх ямар визээр тус улсад орж ирснээс үл хамааран заримд нь иргэншил олгож, заримыг нь албадан гаргадаг. Эцсийн энэ шийдвэр нь тус улсад биеэ хэрхэн авч явсан ба ямар зан араншинтайгаас нь шалтгаална. Үүнтэй адил, амилсан хүмүүс эцсийн эцэст ямар шийдвэр сонсох нь шинэ ертөнцөд биеэ хэрхэн авч явсан ба Бурханд үнэнч байгаа эсэхээс нь хамаарна.
Ехова хэдийгээр өрөвч сэтгэлтэй ч шударга ёсыг эрхэмлэдэг Бурхан юм (Д.хууль 32:4; Дуу. 33:5). Тэрбээр шударга, шударга бус хүний хэн хэнийг нь амилуулж хайраа илэрхийлнэ. Гэхдээ бас зөв буруугийн талаарх өндөр хэм хэмжээгээ баримтлуулна. Тэгээд өөрийг нь хайрладаг, хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг хүмүүсийг л шинэ ертөнцдөө үүрд мөнх амьдруулна.