Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

«Биднийг Христийн хайр албаддаг»

«Биднийг Христийн хайр албаддаг»

«Биднийг Христийн хайр албаддаг ... нь амьд хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө [бүү] ... амьдраасай гэснийх юм» (2 КОР. 5:14, 15)

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ a

1, 2. а) Есүсийн амьдрал, үйлчлэлийг бодохлоор яадаг вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

 ХАЙРТАЙ хүнээ нас барахад бид маш их санадаг! Эхэндээ нас барахынх нь өмнөх өдрүүдэд ямар байсныг нь бодоод их шаналдаг. Ялангуяа туйлын их зовж шаналж байгаад нас барсан бол бүр ч хэцүү. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юу гэж сургаж зааж байсныг нь юм уу бидэнд хэрхэн урам зориг өгч, инээлгэх гэж юу хийж, юу ярьдаг байсныг нь бодохоор сайхан санагддаг.

2 Үүнтэй адилаар Есүс хэрхэн шаналж үхсэнийг уншихаар сэтгэл үнэхээр өвддөг. Тэгээд Дурсах цуглааны улиралд бид зориуд цаг гаргаад амиа золиосолсны учрыг эргэцүүлэн боддог (1 Кор. 11:24, 25). Гэхдээ Есүс дэлхий дээр байхдаа юу хийж, хэлж байсныг нь бодохлоор их сайхан санагддаг. Бас яг одоо юу хийж байгааг, ирээдүйд бидний төлөө юу хийхийг нь бодохлоор урам зориг ордог. Эдгээрийн тухай болон хайрыг нь эргэцүүлэн бодохлоор талархах сэтгэл төрдөг. Хэрхэн талархахыг энэ өгүүллээр ярилцана.

ТАЛАРХДАГ ХҮН ЕСҮСИЙГ ДАГАДАГ

3. Бид яагаад золиос өгсөнд нь талархдаг вэ?

3 Есүсийн амьдрал, үхлийн тухай эргэцүүлэн бодохлоор талархах сэтгэл төрдөг. Есүс дэлхий дээр үйлчилж байх бүхий л хугацаандаа Бурхны Хаант төр хүмүүсийг хэрхэн ивээхийг заадаг байсан. Хаант төрийн тухай энэхүү үнэнийг бид маш их эрхэмлэдэг. Золиосны ачаар Ехова Есүс хоёртой анд нөхөр болох боломжтой болсон. Есүст итгэдэг хүн мөнх амьдрах болон нас барсан дотнын хүмүүстэйгээ уулзах найдвар өвөрлөдөг (Ёох. 5:28, 29; Ром 6:23). Үнэндээ бид ийм олон янзын ивээл хүртэх гавьяагүй хүмүүс билээ. Мөн бидний төлөө Ехова болон Христийн хийсэн бүхнийх нь ачийг бид хэзээ ч хариулж чадахгүй (Ром 5:8, 20, 21). Гэхдээ бид чин сэтгэлээсээ талархдагаа илэрхийлж чадна. Яаж?

Магдалын Мариа юу хийснийг эргэцүүлэн бодвол яагаад талархлаа илэрхийлэх хүсэлтэй болох вэ? (4, 5-р догол мөрийг үзээрэй)

4. Чөтгөрүүдээс ангижруулсан Есүст Мариа хэрхэн талархсан бэ? (Зургийг үзээрэй).

4 Магдалын Мариа гэдэг иудей эмэгтэйн жишээг бодъё. Тэрбээр долоон чөтгөрт эзэмдүүлэн шаналж байсны зэрэгцээ өөрт нь хэн ч тусалж чадахгүй гэж бодсон байх. Гэтэл Есүс чөтгөрүүдээс ангижруулах нь тэр. Хэчнээн их баярласан бол оо! Мариа маш их талархсандаа шавь нь болж цаг хүч, эд хөрөнгөөрөө Есүст тусалж дэлгэрүүлэх ажлыг нь дэмжсэн (Лук 8:1–3). Хэдийгээр Мариа өөрийнх нь төлөө Есүсийн юу хийснийг их эрхэмлэдэг байсан ч ирээдүйд хийх юм нь бүр илүү гэдгийг мэдээгүй байх. Есүс өөрт нь «итгэдэг хүн бүрийг» мөнх амьдраасай гэсэндээ хүн төрөлхтний төлөө амиа өгөх байв (Ёох. 3:16). Үүнийг мэдээгүй ч Есүст үнэнч байн талархдагаа харуулсан. Есүсийг тарчлаах шонд хадуулаад зовж байхад Мариа хажууд нь зогсож Есүс болон бусдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн (Ёох. 19:25). Есүсийг нас барсны дараа ч Мариа хоёр өөр эмэгтэйн хамт анхилуун үнэртэн авч булш руу нь очдог (Марк 16:1, 2). Мариаг үнэнч байсных нь төлөө шагнасан. Жишээ нь Есүс амилсныхаа дараа түүнтэй ярилцдаг. Хэдхэн шавь нар нь л ийм завшаан эдэлсэн билээ (Ёох. 20:11–18).

5. Ехова Есүс хоёрын бидний төлөө хийсэн бүхэнд нь хэрхэн талархах вэ?

5 Бид ч цаг хүч, мөнгө төгрөгөө Хаант төрийн үйл хэрэгт зориулж Ехова Есүс хоёрын хийсэн бүхэнд нь талархлаа илэрхийлэх боломжтой. Жишээлбэл цэвэр шүтлэгт зориулсан барилга байгууламжийг засаж засварлах, шинээр барих ажилд гар бие оролцож болох юм.

ЕХОВА ЕСҮС ХОЁРЫГ ХАЙРЛАДАГ ХҮН БУСДЫГ Ч ХАЙРЛАДАГ

6. Золиосыг яг надад өгсөн бэлэг гэж яагаад хэлж болох вэ?

6 Ехова Есүс хоёр биднийг хэчнээн их хайрладгийг эргэцүүлэн бодохоор тэднийгээ хайрлах хүсэлтэй болдог (1 Ёох. 4:10, 19). Есүс миний төлөө амиа өгсөн гэж бодохоор бүр их хайрлах сэтгэл төрдөг. Элч Паул ч ийнхүү бодож, талархаж галатчуудад «[Бурхны хүү] намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн» гэж бичжээ (Гал. 2:20). Ехова таныг найзаа болгохын тулд золиос өгч өөр лүүгээ татсан (Ёох. 6:44). Ехова таны сайхан зан чанарыг харж, найзаа болгохын тулд хамгийн өндөр үнэ төлсөн гэж бодохоор сэтгэл хөдөлнө биз дээ! Ехова Есүс хоёрыг хайрлах хайр тань лавшрахгүй гэж үү? Бид өөрсдөөсөө «Энэ хайр намайг албадаж юу хийлгэх вэ?» гэж асуух нь зүйтэй.

Ехова Христ хоёрыг гэсэн хайр маань хэнийг ч ялгаварлалгүй бүх хүнд Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах хүсэл төрүүлдэг (7-р догол мөрийг үзээрэй)

7. Зурагт харуулснаар Ехова Есүс хоёрыг хайрладаг хүн яадаг вэ? (2 Коринт 5:14, 15; 6:1, 2).

7 Бурхан Христ хоёрыг хайрладаг хүн бусдыг ч хайрладаг (2 Коринт 5:14, 15; 6:1, 2-ыг уншина). Хайраа илэрхийлэх нэг арга нь дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох явдал юм. Бид тааралдсан бүх хүндээ дэлгэрүүлдэг. Арьс өнгө, угсаа гарлыг нь харгалздаггүй. Бас баян ядуу, боловсролтой боловсролгүйгээр нь ялгаварладаггүй. Ийнхүү бид «ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой» гэсэн Бурхны санаа зорилгод нийцүүлэн ажилладаг (1 Тим. 2:4).

8. Ах дүүсээ хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ?

8 Бурхан Христ хоёрыг хайрладаг хүн мөн ах дүүсээ ч хайрладаг (1 Ёох. 4:21). Бид тэдэндээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг бөгөөд сорилт тулгарсан үед нь дэмжиж тусалдаг. Хайртай хүнээ үхэлд алдахад нь тайвшруулж, өвчтэй байхад нь эргэж тойрч, сэтгэлээр унахад нь урам зориг хайрладаг (2 Кор. 1:3–7; 1 Тес. 5:11, 14). Бас «шударга сайн хүний шаргуу гуйлт их үр нөлөөтэй» гэдгийг санан тэднийхээ төлөө үргэлж залбирдаг (Яак. 5:16).

9. Ах дүүсээ хайрладгаа илэрхийлэх өөр ямар арга байдаг вэ?

9 Ах дүүсээ хайрладаг хүн тэдэнтэйгээ эвтэй байхын тулд их чармайдаг. Еховаг дуурайн ууч сэтгэлтэй байхыг хичээдэг. Ехова бидний нүглийг уучлахын тулд хүүгийнхээ амийг золиослоход бэлэн байсан бол бид ч нүгэл үйлдсэн ах дүүсээ уучлахад бэлэн байх ёстой биз дээ! Бид Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг хорон муу боолтой адил болохыг хүсэхгүй. Эзэн нь маш их өрийг нь цайруулсан байхад тэрбээр өөрт нь харьцангуй бага өртэй найз боолыг уучлаагүй (Мат. 18:23–35). Хэрэв та хурлынхаа хэн нэгтэй үл ойлголцсон бол Дурсах цуглаанд суухаасаа өмнө эвлэрэх санаачилга гаргавал ямар вэ? (Мат. 5:23, 24). Ингэвэл Ехова Есүс хоёрт чин сэтгэлээсээ хайртайгаа батална.

10, 11. Ахлагчид Ехова Есүс хоёрт хайртайгаа хэрхэн илэрхийлэх вэ? (1 Петр 5:1, 2).

10 Ахлагчид Ехова Есүс хоёрыг хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ? Нэг сайн арга нь Есүсийн хоньдод санаа тавих явдал юм (1 Петр 5:1, 2-ыг уншина). Үүний чухлыг Есүс Петрт онцлон хэлсэн. Петр Есүсийг 3 удаа үгүйсгэснийхээ дараа түүнд хайртайгаа батлахыг маш их хүсэж байсан байх. Есүс амилсныхаа дараа Петрээс «Ёоханы хүү Симон оо, чи намайг хайрладаг уу?» гэж асуусан. Петр эзэндээ хайртайгаа батлахын тулд юуг ч хийхэд бэлэн байсан нь лавтай. Есүс түүнд «Хургануудыг минь хариул» гэж хэлсэн (Ёох. 21:15–17). Үүнээс хойш Петр үхэн үхтэлээ эзнийхээ хоньдод санаа тавьж Есүст хайртайгаа баталсан.

11 Ахлагчид аа, та нар Петрт хэлсэн Есүсийн үгийг чухалд үздэгээ Дурсах цуглааны улирлын үеэр хэрхэн батлах вэ? Ах дүүсээ урамшуулан зоригжуулахыг байнга хичээж, идэвхгүй болсон нэгнээ Ехова руу буцаж ирэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийж Ехова Есүс хоёрт маш их хайртайгаа батлах боломжтой (Езе. 34:11, 12). Мөн дурсах цуглаанд ирсэн Библийн суралцагч болон сонирхсон хүмүүст санаа тавиарай. Тэднийг Есүсийн ирээдүйн дагалдагч гэж үзээд нөхөрсөг хандаарай.

ЕСҮСТ ХАЙРТАЙ ХҮН ЗОРИГТОЙ БАЙДАГ

12. Нас барахынхаа урд шөнө хэлсэн Есүсийн үгийг эргэцүүлбэл бид яагаад эр зоригтой болох вэ? (Ёохан 16:32, 33).

12 Нас барахынхаа өмнөх шөнө Есүс шавь нартаа «Энэ ертөнцөд та нар зовно. Гэхдээ зоригтой байцгаа! Би ертөнцийг ялсан» гэж хэлсэн (Ёохан 16:32, 33-ыг уншина). Дайснууд айлган сүрдүүлсэн ч Есүс зоригтой байж үхэн үхтэлээ үнэнч байсны учир юу бэ? Тэрбээр Еховад найдсан. Шавь нарт нь бас сорилт тулгарна гэдгийг мэдэж байсан учраас тэднийг харж хандахыг Еховагаас гуйсан (Ёох. 17:11). Үүнийг бодохлоор бид эр зоригтой болдог. Учир нь Ехова ямар ч дайснаас илүү хүчтэй (1 Ёох. 4:4). Бас бүгдийг харж байгаа. Бид Еховад найдвал айдас хүйдсээ ялж, зоригтой байж чадна гэдэгт итгэдэг.

13. Ариматын Иосеф хэрхэн эр зориг гаргасан бэ?

13 Ариматын Иосеф яасныг ярилцъя. Тэрбээр иудейчүүдийн дунд нэр хүндтэй, бас Иудейн дээд шүүхийн гишүүн байсан. Гэхдээ Есүсийг дэлхий дээр үйлчилж байх үед Иосеф зориг муутай хүн байв. Ёохан түүний тухай «иудейчүүдээс айгаад Есүсийн шавь гэдгээ нуудаг байлаа» гэж бичжээ (Ёох. 19:38). Хэдийгээр Иосеф Хаант төрийн тухай сайн мэдээнд итгэж Есүсийн шавь болсон ч үүнийгээ ил тод хэлж чаддаггүй байв. Нэр хүндтэй байр сууриа алдах вий гэж айсан байх. Ямар ч байсан Библид бичсэнээр эцэст нь, Есүсийг нас барсны дараа Иосеф зориг гарган «Пилатад бараалхаж, Есүсийн шарилыг гуйжээ» (Марк 15:42, 43). Ийнхүү Иосеф Христийн шавь гэдгээ нуухаа больсон.

14. Та хүнээс айх айдастайгаа тэмцэж байгаа бол яах нь зүйтэй вэ?

14 Та Иосефын адилаар хүнээс айж байсан уу? Сургуулийнхан юм уу ажлынхандаа Еховагийн Гэрч гэдгээ хэлэхээс ичиж байв уу? Хүмүүс юу гэх бол гэж санаа зовоод дэлгэрүүлэгч болохоо эсвэл баптисм хүртэхээ хойшлуулж байгаа юу? Хүнээс айснаас болоод зөв юм хийхээс хойш сууж болохгүй шүү. Еховад шаргуу залбираарай. Хүслийг нь биелүүлэх эр зориг гуйгаарай. Ехова залбиралд тань хариулахыг анзаарвал улам хүчтэй, зоригтой болно (Ис. 41:10, 13).

БАЯР БАЯСГАЛАНТАЙ ХҮН ЕХОВАД ТАСРАЛТГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ

15. Есүсийг үзэгдсэний дараа баяр хөөртэй болсон шавь нар нь яасан бэ? (Лук 24:52, 53).

15 Есүсийг нас барахад шавь нар нь маш их гунигласан. Өөрийгөө тэдний дунд байна гээд төсөөл дөө. Хайртай хүнээ алдаад зогсохгүй бүр ямар ч найдваргүй болсон мэт санагдсан байх (Лук 24:17–21). Гэхдээ дараа нь Есүс тэдэнтэй уулзаж Библийн зөгнөл биелэхэд ямар үүрэг гүйцэтгэдгээ тайлбарлаж өгсөн. Мөн шавь нартаа чухал ажил даалгасан (Лук 24:26, 27, 45–48). 40 хоног өнгөрч Есүсийг тэнгэр өөд гарах өдөр болоход шавь нарын гуниг арилж, аль хэдийн баяр баясгалангаар солигдсон байв. Эзэн нь амьд бөгөөд даалгасан ажлыг биелүүлэхэд тусална гэдгийг мэдээд баяр хөөрөөр бялхсан. Тиймээс Еховаг тасралтгүй алдаршуулсан (Лук 24:52, 53-ыг уншина; Үйлс 5:42).

16. Есүсийн шавь нарыг хэрхэн дуурайх вэ?

16 Есүсийн шавь нарыг хэрхэн дуурайх вэ? Зөвхөн Дурсах цуглааны улирлаар төдийгүй бүтэн жилийн туршид баяр хөөртэй үйлчлэхийг хичээгээрэй. Ингэхийн тулд Бурхны Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстой. Жишээлбэл дэлгэрүүлж, цуглаандаа сууж, гэр бүлийн хичээлээ тогтмол хийхийн тулд ажлынхаа хуваарийг өөрчилдөг хүн олон бий. Зарим нь зайлшгүй чухал гэгддэг эд зүйлийг худалдаж авахгүй байхаар шийддэг. Ингэснээр тэд хурлынхандаа илүү их үйлчлэх юм уу дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэх боломжтой болдог. Еховад тасралтгүй үйлчлэхэд тэвчээр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавивал арвин ихээр ивээнэ гэж Ехова амласан (Сур. 10:22; Мат. 6:32, 33).

Ехова Есүс хоёр таны төлөө юу хийснийг Дурсах цуглааны улирлын үеэр эргэцүүлэн бодох цаг гаргаарай (17-р догол мөрийг үзээрэй)

17. Дурсах цуглааны улирлаар та яая гэж бодож байна вэ? (Зургийг үзээрэй).

17 Бид 4-р сарын 4-ний мягмар гарагт тэмдэглэх Дурсах цуглаанд суухыг хүсэн хүлээж байгаа. Гэхдээ Есүсийн амьдрал, үхлийн тухай болон Ехова Есүс хоёрын бидэнд илэрхийлсэн хайрыг эргэцүүлэн бодохоос бүү хойш суугаарай. Ингэхийн тулд Дурсах цуглааны улиралд олдох боломж бүрийг ашиглаарай. Жишээлбэл «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 54–57-р хуудсанд буй «Есүсийн дэлхий дэх амьдралын сүүлчийн 7 хоног» хүснэгтэд бичсэнийг уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Ингэхдээ талархах сэтгэл, хайрыг лавшруулж илүү их зоригтой, баяр баясгалантай болгох Библийн зүйлүүдийг олохыг хичээгээрэй. Мөн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэрхэн илэрхийлэхээ бодоорой. Дурсах цуглааны улирлаар өөрийг нь дурсан санахын тулд таны гаргасан хүчин чармайлтыг Есүс маш их үнэлнэ гэдэгт итгээрэй (Илч. 2:19).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

a Дурсах цуглааны улиралд бид Есүсийн амьдрал, үхлийн тухай, мөн Есүс болон Эцгийнх нь илэрхийлсэн хайрыг эргэцүүлэн боддог. Ингэвэл бид ямар нэг байдлаар Ехова болон Есүст талархдагаа илэрхийлэх хүсэлтэй болдог. Энэ өгүүллээр золиос өгсөнд нь талархдагаа, Ехова болон Есүсийг хайрладгаа хэрхэн илэрхийлэхийг үзнэ. Бас ах дүүсээ хайрлаж, эр зоригтой байж, баяр хөөртэй үйлчлэхийн тулд яах хэрэгтэйг ярилцана.