Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1

Бурхны үг үнэн гэдэгт итгэлтэй байгаарай

Бурхны үг үнэн гэдэгт итгэлтэй байгаарай

2023 ОНЫ УРИА: Таны үг үнэн (ДУУ. 119:160).

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

ТОЙМ a

1. Өнөөдөр яагаад Библид итгэдэггүй хүн олон байдаг вэ?

 ОЛОН хүн өнөөдөр юунд итгэхээ ч мэддэггүй. Тэдний хүндэлдэг улс төрчид, эрдэмтэд, бизнесменүүд өөрсдийнх нь сайн сайхны төлөө ажилладагт эргэлздэг. Бас тэд Христийн шашны удирдагчдыг ч хүндлээд байдаггүй. Тиймээс ч шашны удирдагчдын дагаж мөрддөг гэж ярьдаг Библид нь итгэдэггүй нь ойлгомжтой.

2. Дуулал 119:160-ыг үзвэл бид юунд итгэх ёстой вэ?

2 Еховагийн үйлчлэгчид бид Ехова бол үнэний Бурхан бөгөөд бидэнд үргэлж сайн сайхныг хүсдэг гэдэгт итгэдэг (Дуу. 31:5; Ис. 48:17). Бид Библид бичсэн зүйл буюу Бурхны үг үнэн гэдэгт итгэдэг (Дуулал 119:160-ыг уншина). Нэг Библи судлаачийн үгтэй ч санал нэгтэй байдаг. Тэрбээр: «Бурхны үгэнд худал хуурмаг гэж үгүй. Бурхны үг бүтэлгүйтнэ гэж байхгүй. Ард түмэн нь Бурхандаа итгэдэг учраас хэлсэн үгэнд нь ч итгэдэг» гэж хэлсэн.

3. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Бурхны Үгэнд бидэн шиг итгэдэг болоход нь хүмүүст хэрхэн туслах вэ? Библийн утга санаа алдагдаагүй, зөгнөл нь биелсээр ирсэн, хүнийг өөрчлөх чадалтай гэсэн гурван нотолгоог ярилцвал тэд ч Библид итгэж болох юм.

БИБЛИЙН УТГА САНАА АЛДАГДААГҮЙ

4. Зарим хүн яагаад Библийн утга санаа алдагдсан гэж боддог вэ?

4 Ехова Бурхан 40 орчим үнэнч эрчүүдээр Библийг бүрдүүлдэг номуудыг бичүүлсэн. Гэхдээ өнөөдөр эдгээрийн эх бичиг нэг ширхэг ч байхгүй. Одоо бидэнд байгаа нь хуулбараас хуулбарласан нь юм. Үүний улмаас зарим хүн өнөөдөр Библид бичсэн зүйл эх бичигтэйгээ яг таг тохирдогт эргэлздэг. Гэхдээ яг тохирдог гэдэгт яагаад итгэж болохыг та бодож үзсэн үү?

Еврей Судрыг мэргэшсэн хуулан бичигчид Бурхны Үгийг яг таг хуулахын тулд онцгой их хүчин зүтгэл гаргасан (5-р догол мөрийг үзээрэй).

5. Еврей Судрыг хэрхэн хуулбарладаг байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

5 Ехова агуу хүчээрээ удирдан бичүүлсэн үгээ хадгалахын тулд хуулан бичиж байхыг захисан. Тэрбээр Израйлын хаадад хуулийг хуулан бичиж өөрийн гэсэн хувьтай байхыг, мөн левичүүдэд хуулийг ард түмэнд заахыг тушаасан (Д.хууль 17:18; 31:24–26; Нех. 8:7). Иудейчүүд Вавилоны цөллөгөөс чөлөөлөгдсөний дараа мэргэшсэн бүлэг хуулан бичигч Еврей Судрыг олон тоогоор хуулбарлаж эхэлсэн (Езр. 7:6). Тэд их нямбай хүмүүс байв. Хуулан бичигчид зөв буулгасан гэдэгтээ итгэлтэй байхын тулд яваандаа бүр зөвхөн үг биш үсгийг нь ч тоолдог болсон. Гэсэн хэдий ч төгс бус учраас зарим нэгэн алдаа гаргадаг байсан. Гэхдээ нэг бичвэрийн хуулбар олон байдаг учраас алдааг олох боломжтой байв. Яаж?

6. Библийг хуулбарлах явцад гаргасан алдааг хэрхэн олох вэ?

6 Хуулбарлах явцад гаргасан алдааг илрүүлэх нэг найдвартай арга орчин үеийн Библи судлаачдад байдаг. Энэ аргыг дараах жишээгээр тайлбарлая. Нэг хуудсыг 100 хүн гараар хуулбарлан бичиж байна гэж бодъё. Нэг нь алдаа гаргажээ. Алдааг нь олохын тулд хуулбарласан хуудсыг нь бусдынхтай харьцуулдаг. Үүнтэй адилаар Библийн олон гар бичмэлийг хооронд нь харьцуулснаар юуг буруу бичсэн, юуг алгасаж орхисныг судлаачид мэдэж авдаг.

7. Библийг хуулан бичигчид хэр нямбай ажилласан бэ?

7 Библийг хуулан бичигчид яг таг буулгахыг хичээдэг байсан. Үүнийг батлах нэг жишээг үзье. Еврей Судрын одоо байгаа хамгийн эртний бүтэн гар бичмэл нь МЭ 1008–1009 оных бөгөөд үүнийг Ленинградын кодекс гэдэг. Гэхдээ үүнээс 1000-аад жилийн өмнө бичигдсэн Библийн олон гар бичмэл болон хэсгүүд сүүлд олдсон. Тэдгээр гар бичмэлийг 1000 жилийн туршид хуулж, хуулснаас нь дахин хуулсаар ирсэн. Тэгэхээр Ленинградын кодекс эртний гар бичмэлээс арай өөр болсон байх гэж зарим хүн бодож болох юм. Гэхдээ тийм биш ээ. Эрдэмтэд эртний гар бичмэлүүдийг арай хожуу үеийнхтэй харьцуулж үзээд зарим нэг үг нь өөр байсан ч утга санаа нь алдагдаагүйг олж тогтоожээ.

8. Грек судрын хуулбарууд эрт үеийн өөр номуудаас юугаараа ялгаатай вэ?

8 Христийн эртний дагалдагчид ч Судрыг хуулдаг байжээ. Тэд Грек Судрын 27 номыг нямбай хуулж, цуглаан болон дэлгэрүүлэх ажилдаа ашигладаг байв. Хадгалагдаж үлдсэн Грек Судрын гар бичмэлүүдийг тухайн үеийн өөр номуудтай харьцуулж үзсэн нэгэн судлаач: «Ерөнхийдөө [Грек Судрын хуулбар нь] илүү олон байгаа ... бөгөөд бүр ч илүү бүрэн бүтэн юм» хэмээн дүгнэжээ. Шинэ Гэрээний тухай нэгэн номд «[Грек Судрын] орчин үеийн найдвартай орчуулга нь анх бичсэнтэй нь адилхан гэдэгт итгэж болно» гэж тэмдэглэжээ.

9. Исаиа 40:8-ыг үзвэл Библийн талаар юу үнэн бэ?

9 Олон хуулан бичигч Библийг хэдэн зууны туршид нямбай хуулж ирсэн. Тиймээс өнөөгийн бидний уншдаг, судалдаг Библи эртнийхтэй адилхан. b Тийм ээ, Ехова л үгнийхээ утга санааг алдагдуулахгүйгээр хадгалахын тулд санаа тавьсан (Исаиа 40:8-ыг уншина). Гэхдээ өнөөг хүртэл утга санаа нь алдагдаагүй нь Бурхан Библийг бичүүлсэн гэдгийн баталгаа болохгүй гэж зарим хүн маргаж магадгүй. Тиймээс Библийг Бурхан удирдан бичүүлсэн гэж үзэх нотолгоог одоо ярилцъя.

БИБЛИД БИЧСЭН ЗӨГНӨЛҮҮД НАЙДВАРТАЙ

Left: C. Sappa/DeAgostini/Getty Images; right: Image © Homo Cosmicos/Shutterstock

Библийн зөгнөлүүд биелж ирсэн, одоо ч биелж байгаа (10, 11-р догол мөрийг үзээрэй) d

10. 2 Петр 1:21-д бичсэн үгний үнэнийг батлах жишээ хэлнэ үү (Зургийг үзээрэй).

10 Библийн олон зөгнөл биелсэн. Зарим нь бичигдсэнээсээ хойш олон зуун жилийн дараа ч биелж, энэ нь түүхээр батлагдсан. Үүнд бид гайхдаггүй. Яагаад гэвэл Библийн зөгнөлийг Ехова бичүүлсэн шүү дээ (2 Петр 1:21-ийг уншина). Жишээлбэл эртний хот Вавилоны уналтын талаарх зөгнөлийг бодоод үзье. МЭӨ 8-р зуунд зөнч Исаиа Бурхны агуу хүчээр удирдуулан тухайн үеийн хүчирхэг хот Вавилон дайсандаа эзлэгдэнэ гэж зөгнөсөн. Тэр байтугай Кир гэдэг хүн хотыг эзэлж авахыг, чухам яаж гэдгийг нарийвчлан хэлсэн (Ис. 44:27—45:2). Мөн Исаиа Вавилон устгагдаж бүрмөсөн эзгүйрнэ гэж зөгнөсөн (Ис. 13:19, 20). Энэ зөгнөл яг таг биелсэн. Меде, Перс МЭӨ 539 онд Вавилоныг эзэлсэн бөгөөд нэгэн цагт агуу хот байсан Вавилон балгас болон хувирчээ («Үүрд жаргалтай амьдраарай!» номын цахим хувилбарын 3-р хичээлийн 5-р дэд гарчиг доор буй «Библид Вавилоны сүйрлийг зөгнөсөн нь» видеог үзээрэй).

11. Даниел 2:41–43-т байдаг зөгнөл одоо хэрхэн биелж байгааг тайлбарлана уу.

11 Библийн зөгнөлүүд өнгөрсөн хугацаанд биелээд зогсохгүй өнөөдөр ч биелж байгаа билээ. Жишээ нь дэлхийн эзэнт гүрэн Англи-Америкийн талаарх Даниелын зөгнөл хэрхэн биелж байгааг ярилцъя (Даниел 2:41–43-ыг уншина). Хоёр улсаас бүрдсэн энэ эзэнт гүрний «зарим хэсэг нь [төмөр мэт] хүчтэй» байх атал «нөгөө хэсэг нь [шавар мэт] хэврэг» байхыг зөгнөлд бичжээ. Энэ зөгнөл бидний нүдэн дээр биелж байна. Британи Америк хоёр дэлхийн I, II дайнд ялахад гол үүрэг гүйцэтгэснээрээ, хойшид ч цэргийн хүч нь асар их гэдгээрээ төмөр мэт хүчтэйгээ баталж байна. Гэхдээ Англи-Америкийн эзэнт гүрний ард иргэд нь үйлдвэрчний эвлэлд эвсэлдэн нэгдэж, иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж хүчийг нь сулруулдаг. Улс төрийн нэгэн шинжээч саяхан «Орчин үеийн ардчилсан улс орнуудын дунд АНУ шиг улс төр нь хагаралтай, үйл ажиллагаа нь доголдолтой орон байхгүй» гэжээ. Бас эзэнт гүрний нөгөө хэсэг Британийн хувьд Европын Холбоонд нэгдсэн улс орнуудтай ямар харьцаатай байх талаар ард түмэн нь санал зөрөлдөөнтэй учраас хагаралдан хуваагдаж байна. Үүнээс болж Англи-Америкийн эзэн гүрэн эрс шийдвэртэйгээр үйл ажлаа санаснаараа явуулах бараг боломжгүй болжээ.

12. Библийн зөгнөл юунд итгэх итгэлийг маань батжуулдаг вэ?

12 Библийн зөгнөлүүд аль хэдийнээс биелж байгаа учраас ирээдүйн талаарх Бурхны амлалтад итгэх итгэл маань батаждаг. Дуулалч Еховад залбиран «Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг» гэж хэлсэнтэй бид ч санал нэг байдаг (Дуу. 119:81). Ехова сайхан сэтгэлээр «ирээдүй ба найдварыг» Библиэр дамжуулан өгдөг (Иер. 29:11). Хүн яаж ч зүтгээд тэр сайхан ирээдүйг цогцлоон байгуулж чадахгүй. Харин Ехова амласан, амласнаа биелүүлнэ. Бурхны үгэнд итгэх итгэлээ батжуулахын тулд Библийн зөгнөлийг нягт нямбай судалцгаая.

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ САЯ САЯ ХҮНД ТУСТАЙ

13. Дуулал 119:66, 138-д бичсэнээр Библид итгэж болох бас нэг нотолгоо нь юу вэ?

13 Библид итгэж болох бас нэг нотолгоо бол зөвлөгөөг нь дагаад ач тусыг нь хүртсэн хүмүүс байдаг (Дуулал 119:66, 138-ыг уншина). Жишээлбэл салах гэж байсан хосууд одоо хамтдаа аз жаргалтай амьдарч, үр хүүхдээ хайрлан халамжилдаг Христийн дагалдагч эцэг эх болжээ (Эф. 5:22–29).

14. Библийн үнэний ачаар хүмүүс өөрчлөгддөгийг нотлох жишээ хэлнэ үү.

14 Аюултай гэмт хэрэгтэн ч Библийн зөвлөгөөг дагаад амьдралаа өөрчилдөг. Жак гэдэг хоригдолд Библийн зөвлөгөө хэрхэн нөлөөлснийг ярилцъя. c Тэрбээр үхэх ял авсан бусад хүмүүсээс бүр долоон дор харгис гэдгээрээ нэрд гарсан байв. Гэхдээ Жак нэг удаа Библийн хичээлд суусан. Хичээл зааж байсан Гэрч эрчүүдийн эелдэг, найрсаг зан аашинд нь татагдаад Библи заалгахаар болов. Библиэс мэдэж авснаа ажил болгосоор биеэ авч явах байдал болон зан чанар нь сайжирч эхэлсэн. Яваандаа дэлгэрүүлэгч болж, улмаар баптисм хүртжээ. Тэрбээр зарим хоригдолд Бурхны Хаант төрийн тухай идэвхтэй дэлгэрүүлдэг болсон. Тэгээд наад зах нь 4 хүн түүний ачаар үнэний зам дээр гарчээ. Ийнхүү өөрчлөгдсөөр цаазаар авхуулах өдөр болоход Жак шал өөр хүн болсон байв. Нэг өмгөөлөгч: «Жак одоо 20 жилийн өмнөх Жак биш болсон. Еховагийн Гэрчүүдийн хичээлийн ачаар өөрчлөгдсөн» гэжээ. Хэдийгээр Жак цаазлагдсан ч Бурхны үгэнд найдаж болохыг, бас хүнийг өөрчлөх чадалтай гэдгийг түүний жишээ харуулдаг (Ис. 11:6–9).

Янз янзын гарал үүсэлтэй олон хүн Библийн зөвлөгөөг дагаад өөрчлөгдсөн (15-р догол мөрийг үзээрэй) e

15. Еховагийн ард түмэн өнөөдөр Библийн зөвлөгөөг дагаад бусдаас юугаараа ялгаатай байдаг вэ? (Зургийг үзээрэй).

15 Еховагийн Гэрчүүд Библийн зөвлөгөөг дагадаг учраас нэгдмэл байдаг (Ёох. 13:35; 1 Кор. 1:10). Энэ ертөнцийнхөн улс төрийн үзэл бодол, яс үндэс, нийгэмд эзэлдэг байр суурийн хувьд хуваагдмал байдаг тул бидний дунд ноёлдог амар тайван, эв нэгдэл үнэхээр онцгой. Энэ нь Жиен гэдэг залууд хүчтэй нөлөөлсөн. Тэрбээр Африкийн нэг улсад өсөж хүмүүжсэн. Иргэний дайн болоход цэрэгт явж, харин дараа нь хөрш улс руу зугтжээ. Тэнд Еховагийн Гэрчүүдтэй тааралдсан байна. Жиен: «Жинхэнэ шашныхан улс төрийн хэрэгт оролцдоггүй бөгөөд дотроо хуваагддаггүйг би мэдэж авсан. Харин ч нэг нэгнээ хайрладаг юм билээ. Би эх орноо хамгаалах үйлсэд өөрийгөө зориулсан ч Библийн үнэнийг мэдээд Еховад амь амьдралаа зориулахаар шийдсэн» гэжээ. Тэрбээр өөрчлөгдөж шинэ хүн болсон. Өөрөөс нь гарал үүслээр ялгаатай хүмүүстэй тэмцэлдэхийн оронд эв нэгдэлтэй болгодог Библийн үнэнийг ярьдаг болжээ. Библийн зөвлөгөө ямар ч гарал үүсэлтэй бүх хүнд тустай байдаг нь Бурхны Үгэнд итгэж болох баттай нотолгоо юм.

БУРХНЫ ҮГ ҮНЭН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

16. Бурхны Үгэнд итгэх итгэлээ батжуулах нь яагаад чухал вэ?

16 Энэ ертөнц улам бүр уруудан доройтож байгаа учраас үнэнд итгэдэг эсэх маань соригдох нь дамжиггүй. Библид үнэнийг бичсэн гэдэгт болон Ехова биднийг удирдан чиглүүлэхийн тулд итгэмжит ухаалаг боолыг томилсон гэдэгт эргэлзээ төрүүлэхийг оролддог хүмүүс байж болох юм. Еховагийн Үг үнэн гэдэгт бат итгэдэг бол ийм дайралтыг сөрөн зогсож чадна. Бид «[Еховагийн] зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ мөнхөд, эцэс хүртэл зориулна» (Дуу. 119:112). Бид бусдад үнэнийг ярьж, үнэний дагуу амьдрахыг уриалахдаа «ичихгүй» (Дуу. 119:46). Бид хүнд бэрхшээлийг, түүнчлэн хавчлагыг «баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэнэ» (Кол. 1:11; Дуу. 119:143, 157).

17. Энэ жилийн уриа бидэнд юуг сануулдаг вэ?

17 Үнэнийг мэдүүлсэнд Еховад бид хэчнээн их талархдаг гээч! Үнэний ачаар бид тайван, итгэлтэй болдог, эмх замбараагүй энэ ертөнцөд хэрхэн амьдрахаа мэдэж авдаг. Бас Бурхны Хаант төрийн удирдлага дор сайхан амьдрах найдвар бэлэглэдэг. Бурхны бүх Үг үнэн гэдэгт бат итгэлтэй байхад 2023 оны уриа ач тус хүртээх болтугай (Дуу. 119:160).

ДУУ 143 Харанхуй ертөнц дэх гэрэл

a «Таны үг үнэн» гэсэн итгэл батжуулам зүйлийг 2023 оны уриа болгон сонгосон (Дуу. 119:160). Бурхны үг үнэн гэдэгт та итгэдэг нь дамжиггүй. Гэхдээ Библид бичигдсэн бүхэн үнэн бөгөөд найдвартай удирдамж гэдэгт итгэдэггүй хүн олон. Библи болон зөвлөгөөнд нь итгэхэд чин сэтгэлтэй хүмүүст туслахдаа үзүүлэх гурван нотолгоог энэ өгүүллээр авч үзье.

b Библи хадгалагдаж ирсэн талаар илүү ихийг мэдье гэвэл jw.org сайтын хайлтын хэсэгт «Түүх ба Библи» гэж бичээд хайгаарай.

c Зарим нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхны зөгнөл биелж сүр жавхлантай эртний хот Вавилон хожим нь балгас болсон.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зохиомж зураг. Байлдаж сурахын оронд хэрхэн эв найртай амьдрахыг Библиэс мэдэж аваад, сурснаа зааж байгаа залуу.