Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

Дурсах цуглаанд суухыг хичээдэг хүнийг Ехова ивээдэг

Дурсах цуглаанд суухыг хичээдэг хүнийг Ехова ивээдэг

«Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» (ЛУК 22:19).

ДУУ 8 Эзний оройн зоог

ТОЙМ a

1, 2. Бид яагаад жил бүр Дурсах цуглаанд суудаг вэ?

 ЕСҮС бараг 2000 жилийн өмнө бидний төлөө амиа өгч, мөнх амьдрах үүдийг нээсэн. Нас барахынхаа өмнөх шөнө тэрбээр жирийн нэг ёслол үйлдэж нас барсныг нь дурсаж байхыг дагалдагчдадаа тушаасан (1 Кор. 11:23–26).

2 Бид Есүст маш их хайртай учраас тушаалыг нь дагадаг билээ (Ёох. 14:15). Жил бүр Дурсах цуглааны улирал болоход хүн төрөлхтний төлөө Есүс ямар учраас амиа өгснийг залбирч байгаад эргэцүүлэн бодож, талархлаа илэрхийлдэг. Бас энэ онцгой цуглаанд аль болох олон хүнийг урихын тулд дэлгэрүүлэх ажилд илүү олон цагаар дуртайяа оролцдог. Мөн бид өөрсдөө ч ямар ч саадыг эс тоон энэ цуглаанд суухаар бат шийддэг.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Энэ өгүүллээр Еховагийн ард түмэн Есүсийн үхлийг дурсахын тулд хэрхэн хичээдгийг ярилцана. 1) Дурсах цуглааныг тэмдэглэхдээ Есүсийн үлгэр жишээг дуурайдаг; 2) хүмүүсийг урьдаг; 3) ямар ч хүнд бэрхийг үл тоон Дурсах цуглаанд суудаг.

ЕСҮСИЙН ҮЛДЭЭСЭН ҮЛГЭР ЖИШЭЭГ ДУУРАЙДАГ

4. Жил бүрийн Дурсах цуглаанаар ямар ямар үнэнийг онцлон тайлбарладаг бөгөөд бид яагаад тэдгээрийг эрхэмлэдэг вэ? (Лук 22:19, 20).

4 Жил бүрийн Дурсах цуглаанаар Библид үндэслэсэн илтгэл сонсож хэд хэдэн асуултад тодорхой хариу авдаг. Хүн төрөлхтөнд яагаад золиос хэрэгтэй болсныг болон нэг хүний үхэл яаж олон хүний нүглийг цайруулдгийг мэдэж авна. Бас талх, дарс юуны бэлгэдэл болохыг болон хэн хүртэх ёстойг эргэн санах боломж гардаг (Лук 22:19, 20-ийг уншина). Түүнчлэн дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс ирээдүйд хүртэх ивээлийнхээ тухай эргэцүүлэн боддог (Ис. 35:5, 6; 65:17, 21–23). Бид эдгээр үнэнийг эрхэмлэх учиртай. Олон тэрбум хүн энэ бүхнийг ойлгодоггүй бөгөөд Есүсийн золиос хэчнээн үнэ цэнтэйг мэддэггүй. Тэд Дурсах цуглааныг Есүсийн тушаасны дагуу хийдэггүй. Яагаад тэгдэг юм бол?

5. Есүсийн ихэнх элч нас барсны дараа Есүсийн үхлийг хүмүүс хэрхэн дурсдаг болсон бэ?

5 Есүсийн ихэнх элчийг нас барсны дараа хуралд хуурамч дагалдагчид шургалан орсон (Мат. 13:24–27, 37–39). Тэд «шавь нарыг өөрсдийнхөө араас дагуулах гэж гажууд зүйлс заадаг» байв (Үйлс 20:29, 30). Библид «Христ олны нүглийг үүрэхийн тулд өөрийгөө нэг л удаа өргөсөн» гэж байдаг. Гэтэл хуурамч дагалдагчид энэхүү золиосыг дахин дахин өргөх ёстой гэх зэрэг «гажууд зүйлсийг» зааж эхэлсэн (Евр. 9:27, 28). Чин сэтгэлтэй өнөөгийн олон хүн энэ худал сургаалд итгэдэг. Тэд тогтмол, заримдаа бүр өдөр бүр сүмд очиж «массын тахил» гэдэг ёслол үйлддэг. b Зарим шашны байгууллагууд Есүсийн үхлийг ховорхон дурсдаг бөгөөд ихэнх гишүүд нь Есүсийн золиосны талаар тодорхой ойлголтгүй байдаг. «Есүсийн золиосны ачаар миний нүгэл үнэхээр уучлагдана гэж үү?» гэж зарим хүн эргэлздэг. Тэд яагаад ингэж боддог вэ? Зарим нь Есүсийн золиосны үндсэн дээр нүгэл уучлагдахгүй хэмээн боддог хүмүүсийн нөлөөнд автжээ. Тэгвэл Есүсийн жинхэнэ дагалдагчид яадаг вэ?

6. 1872 он гэхэд Библи Судлаачид ямар үнэнийг ойлгосон бэ?

6 19-р зууны сүүлчээр Чарлз Тейз Рассел тэргүүтэй хэсэг Библи Судлаачид судрыг маш шаргуу, нямбай судалж эхлэв. Тэд Есүсийн золиос ямар учиртай болохыг болон үхлийг нь хэрхэн дурсах ёстой зэрэг асуудлаар үнэнийг мэдэхийг хүссэн. Хүн төрөлхтний төлөө өөрийнхөө биеийг золиос болгон өргөснийг нь 1872 онд Библид үндэслэн ойлгосон байна. Олж мэдсэнээ ном, сонин, сэтгүүлүүдэд бичиж олонд хүргэсэн. Тэгээд тэр цагаас эхлэн Дурсах цуглааныг 1-р зууны Христийн дагалдагчдыг дуурайн жилд нэг удаа тэмдэглэдэг болжээ.

7. Библи Судлаачдын ажил өнөөгийн бидэнд тустай гэхийн учир юу вэ?

7 Чин сэтгэлтэй эдгээр дагалдагчийн олон жилийн өмнө судалсан бүхэн нь өнөөгийн бидэнд ч ач тустай. Яагаад? Еховагийн тусламжтайгаар Есүсийн золиос ямар утга учиртайг болон бидэнд байтугай бүх хүнд ямар ач тустайг мэдэж авсан (1 Ёох. 2:1, 2). Бурхны сайшаалыг хүртэх хүмүүсийн зарим нь үхэшгүй мөнхийн амьтай болж тэнгэрт, харин сая сая хүн мөнх амьтай болж дэлхий дээрээ амьдрах хоёр өөр найдвар өвөрлөхийг Библиэс мэдэж авсан. Ехова биднийг хэчнээн их хайрладгийг, золиос яг надад ямар ач тустайг эргэцүүлэн боддог бол Еховатай дотносно (1 Петр 3:18; 1 Ёох. 4:9). Тиймээс бид эртний ах дүүсийнхээ адилаар Есүсийн үлдээсэн үлгэр жишээний дагуу Дурсах цуглааныг тэмдэглэхдээ хүмүүсийг урьдаг.

ДУРСАХ ЦУГЛААНД УРИХ НЬ

Та Дурсах цуглаанд хүмүүсийг урих аянд өөрийгөө бүрэн дүүрэн зориулахын тулд юу хийж болох вэ? (8–10-р догол мөрийг үзээрэй) e

8. Еховагийн ард түмэн Дурсах цуглаанд хүмүүсийг урихын тулд ямар хүчин зүтгэл гаргасан бэ? (Зургийг үзээрэй).

8 Еховагийн ард түмэн хүмүүсийг Дурсах цуглаанд урьдаг болсноос хойш олон жил өнгөрчээ. Бүр 1881 онд АНУ-д амьдардаг ах дүүсийг маань Пеннсилваний Аллегейни дахь нэг айлын гэрт очиж тэрхүү тусгай цуглаанд суухыг урьсан байна. Хожим нь хурал бүр Дурсах цуглаанаа тус тусдаа хийдэг болсон. Дурсах цуглаанд ирэх сонирхолтой хүнийг урьж болохыг дэлгэрүүлэгчдэд 1940 оны 3-р сард мэдэгдсэн. Тэгээд 1960 онд анх удаа урилга хэвлэж хурлуудад тараасан. Тэр цагаас хойш Еховагийн Гэрчүүд олон тэрбум урилга тараасан. Бид хүмүүсийг урих ажилд яагаад ийм их цаг хүч зориулдаг вэ?

9, 10. Хүмүүсийг Дурсах цуглаанд урихын тулд хичээл зүтгэл гаргасны ач тусыг хэн хүртэх вэ? (Ёохан 3:16).

9 Хүмүүсийг Дурсах цуглаанд урьдаг бас нэг шалтгаан нь анх ирсэн хүмүүст Ехова Есүс хоёр бидний төлөө хэчнээн их юм хийснийг нь мэдүүлэхийн тулд юм (Ёохан 3:16-г уншина). Цуглаанд суугаад үзэж харсан болон сонссон зүйл нь сэтгэлийг нь хөдөлгөж, улмаар илүү ихийг мэдэж Бурхны үйлчлэгч болоосой гэж бид хүсдэг. Дурсах цуглаанд ирсэн өөр хүмүүст ч ач тустай.

10 Бид бас Еховад үйлчлэхээ больсон хүмүүсийг урьдаг. Ингэснээр Бурхан өөрийг нь хайрладаг хэвээрээ гэдгийг нь сануулдаг. Идэвхгүй болсон олон хүн урилга авч цуглаанд ирж суудаг. Бид ч тэднийгээ ирэхээр маш их баярладаг. Мөн тэд цуглаанд ирэхлээрээ Еховад үйлчлээд баяртай байсан тэр үеэ дурсдаг. Моникагийн жишээг бодоорой. c КОВИД-19 цар тахлын үед дэлгэрүүлэгч байх эрхийг нь сэргээсэн. 2021 оны Дурсах цуглаанд суусныхаа дараа тэрбээр: «Энэ удаагийн цуглаан миний хувьд маш онцгой байсан. 20 жилийн дараа би дахин дэлгэрүүлж, хүмүүсийг Дурсах цуглаанд урьсан. Ехова Есүс хоёр миний төлөө юу хийсэнд нь чин сэтгэлээсээ талархаж, чадах бүхнээ хийсэн» гэжээ (Дуу. 103:1–4). Хүмүүс урилгыг маань авах эсэхээс үл шалтгаалан Ехова хичээл зүтгэлийг маань өндрөөр үнэлдэг учраас энэ ажилдаа хамаг сайныгаа зориулдаг.

11. Хичээл зүтгэлийг маань Ехова хэрхэн ивээдэг вэ? (Хаггаи 2:7).

11 2021 оны Дурсах цуглаанд хүмүүсийг урихын тулд гаргасан хичээл зүтгэлийг маань Ехова маш их ивээсэн. КОВИД-19 цар тахлын үед хязгаарлалт тогтоосон байсан ч хамгийн олон хүн буюу 21 367 603 хүн цуглаанд ирсэн. Энэ нь дэлхий даяарх Еховагийн Гэрчүүдийн тооноос бараг 2,5 дахин их тоо юм. Гэхдээ Ехова зөвхөн тоог л чухалчилдаггүй нь ойлгомжтой. Харин хүмүүс л хамгаас чухал (Лук 15:7; 1 Тим. 2:3, 4). Бид хүмүүсийг урьдаг ч чин сэтгэлтэй хүмүүсийг олоход Ехова л тусалдаг (Хаггаи 2:7-г уншина).

ЯМАР Ч СААДЫГ ЭС ТООН ДУРСАХ ЦУГЛААНД СУУХ НЬ

Дурсах цуглаанд суух гэсэн хичээл зүтгэлийг маань Ехова ивээдэг (12-р догол мөрийг үзээрэй) f

12. Дурсах цуглаан тэмдэглэхэд юу юу саад болж болзошгүй вэ? (Зургийг үзээрэй).

12 Есүс эцсийн өдрүүдэд гэр бүлийнхний эсэргүүцэл, хавчлага, дайн, өвчин тахал зэрэг олон янзын бэрхшээл бидэнд учирна гэж зөгнөсөн (Мат. 10:36; Марк 13:9; Лук 21:10, 11). Эдгээр нь Есүсийн үхлийг дурсахад саад болж болох юм. Гэхдээ цуглаан хийхийн тулд ах дүүс маань яасан бэ? Ехова тэдэнд хэрхэн тусалсан бэ?

13. Шоронд хоригдож байсан Артёмын эр зориг болон Дурсах цуглаан хийх гэсэн шийдвэрийг нь Ехова хэрхэн ивээсэн бэ?

13 Шоронд хоригдох. Итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож буй ах дүүс маань Есүсийн үхлийг дурсан санахын тулд чадах бүхнээ хийдэг. Артёмын жишээг ярилцъя. Тэрбээр 2020 оны Дурсах цуглааны улирлын үеэр 17 метр квадрат талбайтай өрөөнд хоригдож байжээ. Түүнтэй хамт дээд тал нь 4 хүн байв. Артём бэлгэдлийн идээ болгон ашиглах зарим зүйлийг цуглуулаад илтгэл тавихаар төлөвлөжээ. Камерт хамт хоригдож байсан хүмүүс нь тамхи их татдаг, хараал хэлдэг байв. Артём яасан бэ? Ганцхан цаг харааж зүхэхгүй, тамхи татахгүй байхыг тэднээс гуйсан. Тэд ч зөвшөөрсөн, Артём ч их гайхсан. Тэрбээр: «Би тэдэнд Дурсах цуглааны тухай ярьж өгье гэж хэлсэн» гэжээ. Гэтэл тэд энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ Дурсах цуглааны үеэр Артёмын илтгэлийг сонсож, юу хийж байгааг нь хараад сонирхож маш олон юм асуусан байна.

14. КОВИД-19 цар тахал дэгдсэн үед ч Дурсах цуглаан хийхийн тулд Еховагийн ард түмэн хэрхэн зүтгэл гаргасан бэ?

14 КОВИД-19 цар тахал. Үүний улмаас Еховагийн ард түмэн Дурсах цуглаандаа явж очих боломжгүй болсон. Гэхдээ энэ нь Дурсах цуглааныг тэмдэглэхгүй байх шалтаг болоогүй. d Тэд цахимаар холбогдон цуглаанаа амжилттай хийжээ. Гэхдээ интернэтгүй газар амьдардаг сая сая хүн яасан бол? Зарим улс оронд Дурсах цуглааны илтгэлийг телевизээр юм уу радиогоор нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн салбарууд цуглааны илтгэлийг 500 гаруй хэлээр бичиж ах дүүс маань алслагдсан дүүрэгт амьдардаг итгэл нэгтнүүддээ сонсгох ажлыг зохион байгуулжээ.

15. Библийн хичээл заалгадаг Сьюгээс та юу мэдэж авсан бэ?

15 Гэр бүлийн эсэргүүцэл. Заримд маань гэрийнхнийх нь эсэргүүцэл Дурсах цуглаанд суухад хамгийн том бэрхшээл болдог. Сью гэдэг Библийн суралцагчийн тухай ярилцъя. 2021 онд, гэрийнхнийхээ эсэргүүцлээс болж Дурсах цуглаанд сууж чадахгүйгээ өмнөх өдөр нь Библийн хичээл заадаг Гэрч эмэгтэйд хэлжээ. Тэгэхэд Гэрч эмэгтэй түүнд Лук 22:44-ийг уншиж өгөв. Тэгээд бэрхшээл тохиолдоход Есүсийг дуурайн Еховад залбираад түүнд бүрэн дүүрэн найдах ёстойг тайлбарласан. Дараагийн өдөр нь Сью бэлгэдлийн идээ бэлдэж, jw.org сайт дахь Дурсах цуглааны өдрийн Библийн зүйлийг тайлбарласан өглөөний хөтөлбөрийг үзжээ. Тэр үдэш өрөөндөө ганцаархнаа байхдаа утсаар холбогдож цуглаанд суув. Дараа нь Сью Гэрч эмэгтэйд «Өчигдөр та намайг үнэхээр зоригжуулсан. Тэгээд би Дурсах цуглаанд суухын тулд чадах бүхнээ хийсэн. Харин үлдсэнийг нь үнэхээр Ехова хийсэн шүү. Би үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байна, жаргалтай байна!» гэж бичжээ. Танд бас ийм бэрхшээл тохиолдвол Ехова тусална гэдэгт итгэж байна уу?

16. Дурсах цуглаанд суухын тулд хичээдэг биднийг Ехова ивээнэ гэдэгт бид яагаад итгэлтэй байх вэ? (Ром 8:31, 32).

16 Есүсийн үхлийг дурсах гэсэн хичээл зүтгэлийг маань Ехова өндөр үнэлдэг. Бидний төлөө Хүүгээ золиос болгон өгсөнд нь талархлаа илэрхийлбэл Ехова ивээнэ гэдэгт бид бат итгэдэг (Ром 8:31, 32-ыг уншина). Тиймээс энэ жилийн Дурсах цуглаанд суухаар бат шийдэцгээе. Мөн Дурсах цуглааны улиралд дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцоцгооё.

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

a Дэлхийн өнцөг булан бүрд байдаг сая сая хүн 2023 оны 4-р сарын 4-ний мягмар гарагт цуглаж Христийн үхлийг дурсана. Анх удаагаа ирэх хүн олон бий. Мөн Еховад үйлчлэхээ болиод олон жил Дурсах цуглаанд суугаагүй хүмүүс ч ирнэ. Зарим хүн бэрхшээл тохиолдсон ч энэ цуглаанд сууна. Нөхцөл байдал ямар ч байсан Дурсах цуглаанд суухын тулд хичээл зүтгэл гаргадаг хүнийг Ехова хараад баярладаг.

b Энэ ёс заншлын үед талх нь Христийн бие, дарс нь Христийн цус болж хувирдаг гэж шүтэгчид нь итгэдэг ажээ. Мөн зан үйлд оролцож талх, дарснаас хүртэх болгондоо Есүсийн бие болон цусаар тахил өргөж байгаа гэж боддог.

c Зарим нэрийг өөрчлөв.

d Бас jw.org сайтаас «Дурсах цуглаан, 2021» («2021 Memorial Commemoration») гэсэн өгүүллийг үзээрэй (англи).

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: 1960 оноос хойш Дурсах цуглааны урилгын чанарыг сайжруулсаар одоо цахим болон хэвлэмэл урилга гаргаж байна.

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зохиомж зураг—Ах дүүс маань үймээн самууны үеэр Дурсах цуглаанаа тэмдэглэж байна.