Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

Бурхны Үгийг нямбайлан гүнзгий судалъя

Бурхны Үгийг нямбайлан гүнзгий судалъя

«Хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг ... гүйцэд ойлго» (ЭФ. 3:18).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

ТОЙМ a

1, 2. Библийг бүрэн ойлгоё гэвэл яаж уншиж, судлах хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

 ТА БАЙШИН худалдаж авахаар боллоо гэж бодъё. Худалдаж авахаасаа өмнө яах вэ? Нүүрэн талаас нь авсан зургийг хараад л болчих уу? Мэдээж үгүй. Тухайн байшин дээр очоод гаднаас нь тойрч хараад, улмаар дотогшоо орж өрөөнүүдийг нь үзээд, бүх юмыг нь нарийвчлан шалгана. Тэр байтугай зураг төслөөс нь хэрхэн баригдсаныг нь мэдэж авах байх. Та амьдрах байшингийнхаа талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь ойлгомжтой.

2 Библийг бас ийнхүү уншиж, судалж болно. Нэг судлаач Библид бичсэнийг «маш өндөр, гүн суурьтай асар том барилгатай» зүйрлэсэн. Тэгвэл Библийг хэрхэн сайн мэдэж авах вэ? Гүйлгэн уншвал «Бурхны ариун үгийн үндсэн зарчим» буюу анхан шатны юмыг л мэдэж авна (Евр. 5:12). Харин байшинг сайтар шинжихийн тулд дотор нь орж шалгадагтай адил Библийг бүрэн ойлгоё гэвэл нямбай судлах хэрэгтэй. Нэг арга нь Библид бичсэн бүхэн хоорондоо хэрхэн холбогдож байгааг мэдэж авах юм. Бас ямар үнэн байдгийг мэдээд зогсохгүй, яагаад итгэж болохыг судлах учиртай.

3. Элч Паул Христийн дагалдагч итгэл нэгтнүүддээ яахыг уриалсан бэ? Яагаад? (Эфэс 3:14–19).

3 Бурхны Үгийг бүрэн ойлгохын тулд гүн утгатай үнэнийг судлах хэрэгтэй. Элч Паул Христийн дагалдагч ах дүүстээ «үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг ... гүйцэд ойлгохын» тулд Бурхны Үгийг хичээнгүй судлахыг уриалсан. Ингэснээрээ тэдний итгэл «бат», «үндэс сайтай» болох байв (Эфэс 3:14–19-ийг уншина). Бид ч тэгэх ёстой. Бурхны Үгэн дэх гүн утгатай үнэнийг бүрэн гүйцэд ойлгохын тулд хэрхэн нямбайлан судлахыг үзэцгээе.

ГҮН УТГАТАЙ ҮНЭНИЙГ НЯМБАЙ СУДЛААРАЙ

4. Еховатай дотносохын тулд яах вэ? Жишээ хэлнэ үү.

4 Христийн дагалдагч бид Библийн анхан шатны мэдлэгтэй болоод сэтгэл ханадаггүй ээ. Харин Бурхны агуу хүчний тусламжтайгаар «Бурхны гүн юмыг» сурч мэдэхийг хүсдэг (1 Кор. 2:9, 10). Еховатай улам дотносох зорилгоор нэг сэдэв сонгоод бие дааж судалбал ямар вэ? Жишээлбэл эрт үед Ехова үйлчлэгчдээ хайрладгаа хэрхэн илэрхийлж байсныг, энэ нь танд ч хайртайг хэрхэн баталдгийг судалж болно. Мөн өөрийг нь шүтэхэд израйлчуудаас Ехова юу шаарддаг байсныг судлаад өнөөдөр юу шаарддагтай нь харьцуулж болохгүй нь юу билээ? Түүнчлэн Есүсийн талаарх зөгнөлүүд хэрхэн биелснийг дэлгэрэнгүй судлах боломжтой.

5. Та ямар сэдвээр бие дааж судалмаар байна вэ?

5 Библийг нямбай судалдаг зарим хүнээс Бурхны Үгэн дэх ямар гүн юмсыг судалмаар байгааг нь асуужээ. Зарим хариултыг нь  «Бие дааж судлах сэдвүүд» гэсэн хавсралтад оруулсан. Та тэдгээрийг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» эсвэл «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ыг ашиглан судалбал маш их баяр хөөр эдлэх биз ээ. Библийг гүнзгий судалснаар итгэл тань батжиж, «Бурхны мэдлэгийг олж авна» (Сур. 2:4, 5). Одоо, гүн утгатай зарим үнэний тухай ярилцъя.

БУРХНЫ САНАА ЗОРИЛГЫГ ЭРГЭЦҮҮЛЭН БОДООРОЙ

6. а) Төлөвлөгөө зорилго хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? б) Хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Еховагийн санаа зорилго «мөнхийнх» гэж яагаад хэлэх вэ? (Эфэс 3:11).

6 Жишээлбэл Библид Бурхны санаа зорилгын тухай юу гэж байдгийг бодож үзье. Төлөвлөгөө зорилго хоёр хоорондоо их ялгаатай. Төлөвлөгөөг зорьсон газарт хүрэхийн тулд сонгосон замтай зүйрлэж болно. Хэрэв тэр замд саад тулгарвал тухайн газартаа очиж чадахгүй. Харин зорилгыг зорьсон газартай зүйрлэж болно. Яг хаана очих нь тодорхой ч хүрэх зам нь олон байж болно. Шаардлага гарвал өөр замыг сонгох боломжтой. Еховагийн санаа зорилго үргэлж биелдэг. Учир нь Библид бичсэнээр бүтээсэн бүхэн нь зорилгынх нь төлөө байдаг (Сур. 16:4, ШЕ). Бас Еховагийн зорилго «мөнхийнх» гэж бий (Эф. 3:11). Яагаад «мөнхийнх» гэж хэлэх вэ? Юуны түрүүнд зорилго нь бүрэн гүйцэд биелэх хүртэл урт хугацаа шаардагдахыг Ехова хүлээн зөвшөөрсөн. Мөн зорилго нь биелсний дараах ач тус нь ч үүрдийнх. Тэгвэл Ехова ямар санаа зорилготой вэ? Зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн уян хатан байсан бэ?

7. Анхны хүмүүс тэрслэхэд Ехова санаа зорилгоо биелүүлэх аргаа хэрхэн өөрчилсөн бэ? (Матай 25:34).

7 Бурхан анхны хүмүүст тэдний талаар ямар санаа зорилготойгоо хэлсэн. Тэрбээр: «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш. ... бүх амьтныг захир» гэжээ (Эх. 1:28, ШЕ). Адам Ева хоёрын тэрс явдлаас болж хүн төрөлхтөн нүгэлтэй болсон ч Еховагийн санаа зорилго биелэхэд саад болоогүй. Харин Ехова тэр даруй аргаа өөрчилсөн. Хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэхийн тулд тэнгэрт Хаант төр байгуулахаар болжээ (Матай 25:34-ийг уншина). Товлосон цаг нь болоход Ехова ууган хүүгээ дэлхий рүү илгээсэн. Хүү нь Хаант төрийн тухай хүмүүст зааж, тэднийг нүгэл болон үхлээс чөлөөлөхийн тулд амиа золиосолсон. Тэгээд Ехова Есүсийг тэнгэрт амилуулж, хожим нь Хаант төрийнхөө хаанаар томилсон. Гэхдээ бас Бурхны санаа зорилгын талаар эргэцүүлэн бодох ёстой өөр зүйл бий.

Тэнгэр болон газар дээрх оюун ухаант бүх бүтээл Еховаг үнэнчээр шүтэн эв нэгдэлтэй байгаагаар төсөөлөөрэй! (8-р догол мөрийг үзээрэй)

8. а) Библийн гол сэдэв юу вэ? б) Эфэс 1:8–11-д бичсэнээр, Еховагийн туйлын зорилго юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

8 Христ тэргүүнтэй Хаант төрөөр Ехова дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлж, нэрээ ариусгах нь Библийн гол сэдэв юм. Еховагийн санаа зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэрбээр хэлсэн бүхнээ заавал биелүүлэхээ амласан (Ис. 46:10, 11; Евр. 6:17, 18). Дэлхий диваажин болох үед Адам Евагийн зөв шударга үр удам нь төгс болж, үүрд жаргалтай амьдарна (Дуу. 22:26). Гэхдээ Еховагийн санаа зорилго илүү өргөн хүрээтэй. Туйлын зорилго нь тэнгэр газар дээрх оюун ухаант бүх бүтээлийг нэгтгэх явдал юм. Тэд бүгд хэмжээгүй эрхт Эзэн Еховад үнэнчээр захирагдана (Эфэс 1:8–11-ийг уншина). Ехова санаа зорилгоо ийн биелүүлэхийг мэдээд танд бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байгаа биз ээ!

ИРЭЭДҮЙНХЭЭ ТУХАЙ ТУНГААН БОДООРОЙ

9. Библи уншвал ирээдүйн талаар хэр их зүйлийг мэдэх вэ?

9 Еден цэцэрлэгт хэлсэн Еховагийн зөгнөлийн тухай бодъё. Энэ зөгнөл Эхлэл 3:15-д бий. b Ехова санаа зорилгоо хэрхэн биелүүлэхээ хэлжээ. Тэрхүү зөгнөл хэдэн мянган жилийн дараа биелэх байв. Жишээ нь Бурхан Абрахамд үр удмаас нь Христ гарна гэдгийг хэлсэн (Эх. 22:15–18). Тэгээд МЭ 33 онд зөгнөлийн дагуу Есүс өсгийгөө няцлуулсан (Үйлс 3:13–15). Мөн одооноос 1 000 гаруй жилийн дараа, Сатаны толгойг бяцална гэсэн зөгнөл биелэх юм (Илч. 20:7–10). Түүнээс гадна Сатаны тогтолцоо болон Еховагийн байгууллагын хоорондох дайсагнал оргилдоо хүрэхэд юу болох тухай Библи илүү ихийг илчилдэг.

10. а) Ойрын ирээдүйд юу болох вэ? б) Бид оюун ухаан, зүрх сэтгэлээ хэрхэн бэлдэх вэ? (Зүүлтийг үзнэ үү).

10 Дэлхий дахиныг донсолгох үйл явдлыг Библид зөгнөжээ. Хүмүүс «Амар тайван, аюулгүй байна!» гэж тунхаглана (1 Тес. 5:2, 3). Тийнхүү «ярьж байх үед» нь үндэстнүүд хуурамч шашин руу довтолсноор агуу их гамшиг эхэлнэ (Илч. 17:16). Дараа нь ер бусын явдал болох буюу хүний Хүү «сүр хүч, агуу их цог жавхлантайгаар тэнгэрийн үүлэн дунд ирнэ» (Мат. 24:30). Хонь ямааг ялгадаг шиг Есүс хүн төрөлхтнийг ялгаж шүүнэ (Мат. 25:31–33, 46). Гэхдээ Сатан гараа хумхин суухгүй. Уур хилэндээ автсан тэрбээр Библид бичсэнээр Магогийн Гог буюу эвсэн нэгдсэн үндэстнүүдийг турхирч, Бурхны ард түмэн рүү довтлуулна (Езе. 38:2, 10, 11). Үүний дараа дэлхий дээр үлдсэн тослогдогсдыг тэнгэрт цуглуулна. Тэд Христ болон тэнгэрийн армитай нэгдэж, агуу их гамшгийн оргил болох Хармагедон дайнд оролцоно (Мат. 24:31; Илч. 16:14, 16). c Тэгээд дараа нь Христийн Мянган жилийн засаглал эхэлнэ (Илч. 20:6).

Та тэрбум жил Еховагийн талаар сурч мэдээд түүнтэй хэр ойр дотно болох бол оо? (11-р догол мөрийг үзээрэй)

11. Мөнх амьдрал таны хувьд ямар утга учиртай вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Одоо алс ирээдүйн тухай бодож үзье. Бүтээгч бидний «зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан» гэж Библид байдаг (Ном. 3:11). Энэ нь танд болон Еховатай тогтоосон харьцаанд тань ямар хамаатай вэ? «Бурханд ойртогтун» номд их сонирхолтой зүйл бичжээ. «Та зуу, мянга, сая, бүр тэрбум жил амьдраад Ехова Бурхны тухай одооноос хамаагүй ихийг мэддэг болно. Тэгсэн ч Еховагийн тухай сурч мэдэх гайхалтай зүйлс хэзээ ч дуусахгүй. ... Мөнх амьдрал нь бидний төсөөлж байгаагүй, олон сайхан сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Энэ бүхнээс юутай ч зүйрлэмгүй нь Еховатай улам дотносох юм». Тэр болтол өөр юуг Бурхны Үгнээс гүнзгийрүүлэн судалж болох вэ?

ТЭНГЭР ДЭХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ

12. Тэнгэр дэх зүйлсийг бид хэрхэн мэдэж болох вэ? Жишээ хэлнэ үү.

12 Бурхны Үгэнд «өндөрт оршиж» буй Еховагийн тухай зах зухаас нь тайлбарладаг (Ис. 33:5). Бас Ехова болон түүний байгууллагын тэнгэр дэх хэсгийн талаар гайхалтай зүйлүүдийг илчилдэг (Ис. 6:1–4; Дан. 7:9, 10; Илч. 4:1–6). Жишээлбэл «тэнгэр нээгдэж» Езекиел «Бурхны үзэгдлүүдийг үзсэн» тухай сүрдэн биширмээр зүйлсийг бичсэн байдаг (Езе. 1:1).

13. Есүс тэнгэрт ямар үүрэг гүйцэтгэж байгаад нь та талархдаг вэ? (Еврей 4:14–16).

13 Есүс тэнгэрт ямар үүрэг гүйцэтгэж байгааг бодъё. Тэрбээр Хаан бөгөөд өрөвч нигүүлсэнгүй тэргүүн тахилч юм. Бид Есүсээр дамжуулан «энэрч нигүүлсдэг Бурхны сэнтий рүү ойртож», «хэрэгтэй цагт» өршөөл, тусламж гуйн залбирч болно (Еврей 4:14–16-г уншина). Ехова болон Есүс тэнгэрээс бидний төлөө юу хийснийг, бас одоо юу хийж байгааг өдөр бүр тунгаан бодох нь зүйтэй. Биднийг гэсэн хайрыг нь бодохлоор зүрх сэтгэл маань хөдөлж тэдэнд хичээл зүтгэлтэй үйлчлэх хүсэлтэй болдог (2 Кор. 5:14, 15).

Еховагийн Гэрч, Христийн дагалдагч болоход нь тусалсан хүнтэйгээ та шинэ ертөнцөд баяр жаргалтай байгаагаар төсөөлөөрэй! (14-р догол мөрийг үзээрэй)

14. Ехова болон Есүст талархдагаа харуулах нэг чухал арга юу вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Бурхан болон Хүүд нь талархдагаа харуулах нэг чухал арга нь Еховагийн Гэрч, Есүсийн дагалдагч болоход нь хүмүүст туслах юм (Мат. 28:19, 20). Элч Паул Бурхан болон Христэд талархдагаа ийнхүү харуулжээ. Ехова «ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой» гэж хүсдэгийг тэрбээр мэдэж байсан (1 Тим. 2:3, 4). Паул аль болох олон хүнд тусалж, «чадах бүхнээ хийж байгаад заримыг нь ч гэсэн аврахын тулд» маш их хичээл зүтгэл гарган дэлгэрүүлсэн (1 Кор. 9:22, 23).

БУРХНЫ ҮГИЙГ ГҮНЗГИЙ СУДЛААД БАЯР ХӨӨР ЭДЛЭЭРЭЙ

15. Дуулал 1:2-т бичсэнээр бид яавал жаргалтай болох вэ?

15 Дуулалч «ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг» хүн жаргалтай болж, амжилттай байдаг гэж хэлсэн нь их оножээ (Дуу. 1:1–3). Библи орчуулагч Жозеф Ротерхам «Дуулал номыг судалсан нь» гэсэн номдоо Библийн энэ зүйлийн талаар «Бурхны удирдлага зааврыг авахыг хүсвэл тэдгээрийг эрж хайж, судалж, эргэцүүлэн бодох цаг гаргах хэрэгтэй» гэж бичжээ. Түүнчлэн тэрбээр: «Нэг өдөр Библи уншаагүй өнгөрсөн бол тэр өдрийг ямар ч ашиггүй өнгөрөөсөн хэрэг» гэжээ. Та Библи судлахдаа нарийн ширийн зүйлсийг нь нямбайлан судалж, тэдгээр нь өөр хоорондоо хэрхэн холбогдож буйг ойлговол баяр хөөр эдэлнэ. Бурхны Үгийг нямбайлан гүнзгий судлах нь үнэхээр жаргалтай болгодог!

16. Дараагийн өгүүллээр юуны талаар үзэх вэ?

16 Еховагийн заадаг үнэн бол бидний ойлгож чадахааргүй зүйл биш ээ. Дараагийн өгүүллээр гүн утгатай нэг үнэн буюу Бурхны бэлгэдлийн агуу сүмийн тухай авч үзнэ. Паул Христийн еврей дагалдагчдад бичсэн захидалдаа энэ тухай тайлбарлажээ. Үүнийг судлаад та баяр хөөр эдлэх нь дамжиггүй.

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

a Библи судлах нь баяр хөөртэй болгодог бөгөөд насан туршид үргэлжилнэ. Бас тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносоход тустай. Энэ өгүүллээр Бурхны Үгний «өргөн, урт, өндөр, гүнийг» хэрхэн нямбайлан судлах талаар үзнэ.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2022 оны 7-р сарын дугаарт нийтэлсэн «Танд хамаатай эртний зөгнөл» гэсэн өгүүллийг үзээрэй.

c Дэлхийг донсолгох ойрын ирээдүйд болох үйл явдлуудад өөрийгөө хэрхэн бэлдэх талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 4-р сарын 15-ний дугаарт нийтлэгдсэн «Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн аврахаа мэддэг» гэсэн өгүүллийн 16-р догол мөрөөс уншаарай.