Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

Бэлгэдлийн сүмд Еховаг шүтэх завшаанаа эрхэмлэе

Бэлгэдлийн сүмд Еховаг шүтэх завшаанаа эрхэмлэе

«Тэнгэр, газ[рыг] ... бүтээсэн Нэгнийг шүтэцгээ» (ИЛЧ. 14:7).

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

ТОЙМ a

1. Тэнгэрийн элч юу гэж хэлж байгаа вэ? Энэ нь бидэнд ямар хамаатай вэ?

 ХЭРЭВ тэнгэрийн элч тантай яривал юу хэлэхийг нь анхааран сонсох уу? Өнөөдөр нэг тэнгэрийн элч «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд» хандан ийнхүү хэлж байна. «Бурхнаас эмээж, түүнийг алдаршуулагтун. ... тэнгэр, газ[рыг] ... бүтээсэн Нэгнийг шүтэцгээ» (Илч. 14:6, 7). Ехова бол бүх хүний шүтэх зохистой цорын ганц жинхэнэ Бурхан юм. Бэлгэдлийн агуу сүмд нь өөрийг нь шүтэх гайхалтай боломж олгосон Еховад бид ямар их талархдаг гээч!

2. Еховагийн бэлгэдлийн сүм гэж юу вэ? ( «Бэлгэдлийн сүм нь юу биш вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

2 Бэлгэдлийн сүм гэж юу вэ? Хаанаас нарийн ширийн зүйлийг нь мэдэх вэ? Энэ нь хүний нүдэнд харагддаг барилга байгууламж биш. Харин Есүсийн золих тахилд үндэслэсэн, Еховаг зөв зохистой шүтэх арга хэмжээ юм. Элч Паул энэ талаар Иудей дэх Христийн І зууны дагалдагчдад бичсэн захидалдаа тайлбарлажээ. b

3, 4. Паул иудей дагалдагчдад яагаад санаа зовсон бэ? Тэдэнд хэрхэн тусалсан бэ?

3 Паул яагаад Иудей дэх Христийн еврей дагалдагчдад захидал бичсэн бэ? Хоёр шалтгаантай байж болох юм. Нэгдүгээрт, урамшуулан зоригжуулахын тулд. Тэдний ихэнх нь хар багаасаа иудейн шашинтан байсан. Тиймээс Христийн дагалдагч болсон тэднийг шашны удирдагчид шоолдог байсан байх. Яагаад? Учир нь тэдэнд Бурхнаа шүтэх сүрлэг сайхан сүм гэж байгаагүй, тахилын ширээ ч, тахилчид ч байгаагүй. Түүнээс болж Христийн зарим шавь урам зориггүй болж итгэл нь суларсан байж болох юм (Евр. 2:1; 3:12, 14). Бүр зарим нь эргээд иудейн шашинтан болъё ч гэж бодсон байж магадгүй.

4 Хоёрдугаарт, Христийн еврей дагалдагчид гүн утгатай сургаал буюу Бурхны Үгэн дэх «бор хоолыг» хүртэхийн тулд хичээхгүй байгааг Паул анхааруулсан (Евр. 5:11–14). Тэдний зарим нь Мосегийн хуулийг сахисан хэвээрээ байв. Мосегийн хуулийн дагуу тахил өргөсөн ч нүглээс бүрэн ангижрахгүйг Паул тэдэнд тайлбарласан. Ийм шалтгаанаар хууль «хүчингүй» болжээ. Тэгээд Паул гүн утгатай үнэнийг зааж, Есүсийн золиосонд үндэслэн «Бурхантай дотносох» гэсэн «илүү сайн найдвар» байгааг Христийн дагалдагчдад сануулсан (Евр. 7:18, 19).

5. Библийн «Еврей» номоос юу ойлгох хэрэгтэй вэ? Яагаад?

5 Элч Паул еврей ах дүү нартаа Еховаг шүтэх шинэ арга нь иудейчүүдийнхээс хавьгүй давуу гэдгийг тайлбарласан. Мосегийн хуулийн дагуу шүтдэг байсан арга нь «ирэх юмсын сүүдэр» бөгөөд харин «бодит юм нь Христ юм» (Кол. 2:17). Сүүдэр нь ямар нэг зүйлийн гадаргуу дээр туссан ерөнхий хэлбэр дүрс билээ. Үүнтэй адил эртний иудейчүүдийн шүтэх арга нь ирэх бодит юмны сүүдэр төдий байсан. Ехова нүглийг маань уучилж, өөрийг нь зөв зохистой шүтэх боломж олгохын тулд ямар арга хэмжээ авсныг бид ойлгох ёстой. Одоо «сүүдэр» буюу эртний иудейчүүдийн шүтэх аргыг «бодит юм» буюу Христийн дагалдагчдын шүтэх аргатай «Еврей» номд тайлбарласнаар харьцуулж үзэцгээе. Ингэснээр бэлгэдлийн сүмийн талаар илүү сайн ойлгож, мөн бидэнд ямар хамаатайг мэдэж авна.

ШҮТЛЭГИЙН АСАР

6. Шүтлэгийн асар ямар газар байсан бэ?

6 Сүүдэр. Паул Мосегийн МЭӨ 1512 онд барьсан шүтлэгийн асарт үндэслэн бэлгэдлийн сүмийн тухай тайлбарласан («Сүүдэр—Бодит юм» гэсэн зургийг үзээрэй). Асар нь майхан шиг бүтэцтэй бөгөөд израйлчууд нүүдэллэхдээ зөөж явдаг байв. Тэд асрыг Иерусалимын сүм баригдах хүртэл ойролцоогоор 500 жилийн турш хэрэглэжээ (Ег. 25:8, 9; Тоол. 9:22). Үүнийг бас «цугларалтын асар» гэдэг бөгөөд энэ нь Бурхнаа шүтэж, тахилаа өргөх гол газар байсан (Ег. 29:43–46). Гэхдээ энэ асар бас Христийн дагалдагчдын хувьд ирэх илүү сайн юмсын бэлгэдэл байв.

7. Бэлгэдлийн сүм хэзээ бий болсон бэ?

7 Бодит юм. Шүтлэгийн асар нь «тэнгэр дэх юмны сүүдэр» буюу Еховагийн бэлгэдлийн агуу сүмийн дүр зураг байв. Паул: «Энэхүү асар нь одоо болж буй юмсын үлгэр загвар» гэжээ (Евр. 8:5; 9:9). Тийм учраас «Еврей» номыг Паул бичиж байх үед бэлгэдлийн сүм нь аль хэдийн оршиж байсан гэсэн үг. МЭ 29 онд энэхүү сүм бий болсон. Тус онд Есүс баптисм хүртэж, агуу хүчээр тослогдон, бэлгэдлийн сүмд Еховагийн «агуу тэргүүн тахилчаар» үйлчилж эхэлсэн (Евр. 4:14; Үйлс 10:37, 38). c

ТЭРГҮҮН ТАХИЛЧ

8, 9. Еврей 7:23–27-д бичсэнээр агуу тэргүүн тахилч Есүс Христ Израйлын тэргүүн тахилчдаас ямар эрс ялгаатай вэ?

8 Сүүдэр. Тэргүүн тахилч Бурхны өмнө ард түмнийг төлөөлдөг байв. Шүтлэгийн асрыг зориулах ёслолын үеэр Ехова Аароныг Израйлын анхны тэргүүн тахилчаар томилсон. Харин «үхлийн улмаас тахилчаар тасралтгүй үйлчлэх аргагүй байсан тул олон хүн удмаа дагаж тахилч болох шаардлага гарсан» гэж Паул тайлбарлажээ (Еврей 7:23–27-г уншина). d Бас эдгээр тэргүүн тахилч төгс бус учраас өөрсдийн нүглийн төлөө тахил өргөх шаардлагатай байсан. Тэгэхээр Израйлын тэргүүн тахилчид агуу тэргүүн тахилч Есүс Христээс үнэхээр их ялгаатай байгаа биз?

9 Бодит юм. Тэргүүн тахилч Есүс Христ маань «хүний бариагүй, Еховагийн барьсан жинхэнэ асрын ... үйлчлэгч билээ» (Евр. 8:1, 2). Есүс «үүрд амьд байдаг учир түүнд залгамжлагч хэрэггүй» гэж Паул тайлбарласан. Тэгээд цааш нь Есүсийг «ариун, нүгэлтнүүдтэй адилгүй» бөгөөд Израйлын тэргүүн тахилч нараас ялгаатай нь өөрийнхөө нүглийн төлөө «өдөр бүр тахил өргөх шаардлагагүй» гэжээ. Одоо, эрт үеийн болон Христийн дагалдагчдын үеийн тахилын ширээ ба тахил нь ямар ялгаатай байсныг ярилцъя.

ТАХИЛЫН ШИРЭЭ БА ТАХИЛ

10. Зэс тахилын ширээнд өргөдөг байсан тахилууд юуг бэлгэдэж байсан бэ?

10 Сүүдэр. Асрын үүдний гаднах талбайд Еховад амьтдаар тахил өргөх зориулалттай зэс тахилын ширээ байсан (Ег. 27:1, 2; 40:29). Гэхдээ ийм тахилууд нь хүмүүсийн нүглийг бүрэн үгүй хийх боломжгүй байлаа (Евр. 10:1–4). Асарт амьтдаар тасралтгүй өргөдөг байсан тахил нь хүн төрөлхтнийг нүглээс бүрэн чөлөөлөх цор ганц тахилыг бэлгэдэж байв.

11. Есүс амиа золиосолсон тахилын ширээ юуг бэлгэддэг вэ? (Еврей 10:5–7, 10).

11 Бодит юм. Ехова хүн төрөлхтний төлөө өөрийнх нь амийг золиослохын тулд дэлхий рүү илгээснийг Есүс мэдэж байв (Мат. 20:28). Тиймээс Еховагийн хүслийг биелүүлэхийн тулд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн (Ёох. 6:38; Гал. 1:4). Есүсийн амиа золиосолсон тахилын ширээ нь хүний гараар бүтээгүй бөгөөд Бурхны хүсэл буюу «тааллыг» бэлгэддэг. Есүс өөрт нь итгэх хүн бүрийг нүглээс бүрмөсөн чөлөөлөхийн тулд төгс хүмүүн амиа «нэг удаа» өргөсөн (Еврей 10:5–7, 10-ыг уншина). Харин одоо асар доторх зарим зүйлс юу бэлгэддэгийг үзье.

АРИУН ГАЗАР БА АРИУНААС АРИУН ГАЗАР

12. Асрын хоёр тасалгаанд хэн орох эрхтэй байсан бэ?

12 Сүүдэр. Иерусалимд хожим нь баригдсан сүмүүдийн доторх зохион байгуулалт асрынхтай их төстэй. Дотроо «Ариун газар» болон «Ариунаас ариун газар» гэсэн хоёр тасалгаатай бөгөөд хоорондоо хээтэй хөшгөөр тусгаарлагдсан (Евр. 9:2–5; Ег. 26:31–33). Ариун газарт дэнлүүний алтан суурь, утлагын ширээ, бас талх тавьдаг ширээ байв. Зөвхөн «тослогдсон тахилч нар» л ариун үйлчлэлээ гүйцэтгэхийн тулд Ариун газарт орж болдог байсан (Тоол. 3:3, 7, 10). Ариунаас ариун газарт Еховагийн оршихуйг төлөөлдөг гэрчлэлийн алтан авдар байв (Ег. 25:21, 22). Зөвхөн тэргүүн тахилч хөшигний цаана буй Ариунаас ариун газарт жилд нэг удаа Эвлэрүүллийн өдөр ордог (Лев. 16:2, 17). Тэрбээр жил бүр өөрийнхөө болон ард түмний нүглийг цайруулахын тулд амьтны цус авч ордог байв. Хожим нь Ехова асрын эдгээр зүйлс ямар утга учиртайг агуу хүчээрээ мэдүүлсэн (Евр. 9:6–8). e

13. Асрын Ариун болон Ариунаас ариун газар юуг бэлгэддэг вэ?

13 Бодит юм. Христийн тодорхой тооны дагалдагчид агуу хүчээр тослогдсон бөгөөд Бурхантай онцгой дотно харьцаатай. Тэдгээр 144 000 хүн тэнгэрт Есүстэй хамт тахилчаар үйлчилнэ (Илч. 1:6; 14:1). Дэлхий дээр байхад нь тэднийг Бурхан агуу хүчээрээ хүүхдүүдээ болгон үрчилж авсныг асрын Ариун газар бэлгэддэг (Ром 8:15–17). Ариунаас ариун газар нь Еховагийн орших тэнгэрийг бэлгэддэг. Есүс махан биетэй байхдаа тэнгэрт гарч бэлгэдлийн сүмийн агуу тэргүүн тахилч болох боломжгүй байсан. Түүний махан биеийг «хөшиг» бэлгэддэг. Есүс бүх хүн төрөлхтний төлөө амь биеэ золиосолсноор тослогдсон бүх дагалдагчдадаа тэнгэрт гарах замыг нээж өгсөн. Тэд ч тэнгэрийн шагналаа хүртэхийн тулд махан бус, тэнгэрийн биетэй болох учиртай (Евр. 10:19, 20; 1 Кор. 15:50). Есүс амилсныхаа дараа бэлгэдлийн сүмийн Ариунаас ариун газарт орсон. Эцэст нь бүх тослогдогсод тэнд түүнтэй нэгдэнэ.

14. Еврей 9:12, 24–26-д бичсэнээр Еховагийн бэлгэдлийн сүм хавьгүй давуу гэхийн учир юу вэ?

14 Тэгэхлээр Есүсийн золих тахил болон тахилчийн үйлчлэлд нь үндэслэсэн Еховагийн цэвэр шүтлэгийн арга хэмжээ хавьгүй давуу талтай. Израйлын тэргүүн тахилч хүний гараар барьсан Ариунаас ариун газарт амьтны цус авч ордог байсан бол Есүс хамгийн ариун газар буюу «тэнгэр» өөд гарч Еховагийн өмнө очин, «өөрийгөө зольж нүглийг үгүй хийхийн тулд» төгс амийнхаа үнэ цэнийг өргөн барьсан (Еврей 9:12, 24–26-г уншина). Есүсийн золиосны ачаар бид нүглээс бүрэн ангижирна. Одоо, бид тэнгэр газрын алинд нь ч амьдрах найдвартай бай бүгдээрээ Еховаг бэлгэдлийн сүмд нь шүтэх боломжтой гэдгийг ярилцъя.

ХАШАА

15. Шүтлэгийн асрын хашаанд хэн үйлчилдэг байсан бэ?

15 Сүүдэр. Асрын хашаан доторх ил талбайд тахилчид үүрэгт ажлаа гүйцэтгэдэг байв. Тэнд шатаалт тахилын том зэс ширээ болон ариун үйлчлэлийн өмнө тахилчдын гар хөлөө угаадаг усны зэс сав байсан (Ег. 30:17–20; 40:6–8). Харин хожим нь баригдсан сүмүүдийн хашааны гадна талбайд тахилч биш хүмүүс Бурхныг шүтэхээр ирдэг байв.

16. Бэлгэдлийн сүмийн хашаан дотор болон гаднах талбайд хэн үйлчилдэг вэ?

16 Бодит юм. Дэлхий дээр буй тослогдогсод тэнгэрт гарч Есүстэй хамт тахилчаар үйлчлэхээсээ өмнө бэлгэдлийн сүмийн хашаан дотор үнэнчээр үйлчилдэг. Усны том сав нь тэдэнд, цаашлаад Христийн бүх дагалдагчдад ёс суртахууны хувьд цэвэр ариун байж, Бурхнаа таалалд нь нийцүүлэн шүтэхийн чухлыг сануулдаг. Тэгвэл Христийн тослогдсон ах дүүсийг үнэнчээр дэмждэг «үй олон хүн» хаана Еховаг шүтдэг вэ? Элч Ёохан тэднийг «сэнтийний ... өмнө зогсож» «сүмд нь өдөр шөнөгүй [Бурханд] үйлчилж байхыг» харсан. Үй олон хүн дэлхий дээр, бэлгэдлийн сүмийн хашааны гаднах талбайд ийнхүү үйлчилдэг (Илч. 7:9, 13–15). Бэлгэдлийн агуу сүмд нь үйлчлэх гайхалтай завшаан хайрласан Еховад бид хэчнээн их талархдаг гээч!

ЕХОВАГ ШҮТЭХ ЗАВШААН

17. Бид Еховад ямар тахил өргөх завшаантай вэ?

17 Христийн бүх дагалдагч өнөөдөр Бурхны Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд цаг хүч, эд хөрөнгөө зориулж Еховад тахил өргөх завшаантай. Паулын еврей дагалдагчдад хэлсэнчлэн бид «Бурхны нэрийг олон түмэнд тунхаглах уруулын жимс буюу магтаалын тахилыг ... үргэлж өргөдөг» (Евр. 13:15). Бид хамгийн сайныгаа Еховад өргөснөөрөө түүнийг шүтэх завшааныг эрхэмлэдгээ харуулна.

18. Еврей 10:22–25-д бичсэнээр бидний зайлшгүй хийх ёстой юм юу вэ? Юуг хэзээ ч мартах ёсгүй вэ?

18 Еврей 10:22–25-ыг уншина. Энд элч Паул шүтлэгтэй холбоотой зайлшгүй хийх ёстой хэдэн зүйлийг дурдсан. Үүнд Еховад залбирах, найдварынхаа талаар олон нийтэд тунхаглах, цуглаандаа тогтмол явах, нэг нэгнээ урамшуулан зоригжуулах зэрэг ордог. Ялангуяа «[Еховагийн] өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхаарах» учиртай. «Илчлэл» номд Еховагийн тэнгэрийн элч «Бурхныг шүт!» гэж хоёр удаа хэлсэн нь хэр их чухал болохыг нь онцолсон (Илч. 19:10; 22:9). Еховагийн бэлгэдлийн сүмийн тухай гүн утгатай үнэнийг болон агуу Бурхнаа шүтэх завшаантайгаа хэзээ ч мартахгүй байя!

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Бурхны Үгэн дэх гүн утгатай сургаалуудын нэг нь Еховагийн бэлгэдлийн агуу сүмийн тухай юм. Энэ нь ямар сүм бэ? Библийн «Еврей» номд юу гэж байдгийг тус өгүүллээр нямбай судална. Ингэснээр Еховаг шүтэх завшаантайдаа улам бүр талархах сэтгэл төрнө.

b Библийн «Еврей» номын тухай jw.org сайтаас «“Еврей” номтой танилцъя» видеог үзээрэй.

c Грек Судрын зөвхөн «Еврей» номд Есүсийг тэргүүн тахилч гэсэн байдаг.

d Нэгэн судалгааны номд тэмдэглэснээр МЭ 70 онд Иерусалимын сүм устгагдах хүртэл Израйлд 84 орчим тэргүүн тахилч үйлчилж байсан бололтой.

e Тэргүүн тахилчийн Эвлэрүүллийн өдөр хийдэг ариун үйлчлэл нь бэлгэдлийн ямар утгатайг jw.org сайт дахь «Асар» гэсэн видеоноос мэдэж аваарай (англи).

f «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010 оны 7-р сарын 15-ны дугаарын 22-р хуудсанд буй «Сүнслэг сүмийн учгийг Сүнс хэрхэн тайлсан нь» гэсэн хавсралтыг үзээрэй.