Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

Та «дуулгавартай» юу?

Та «дуулгавартай» юу?

«Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... дуулгавартай» (ЯАК. 3:17).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ a

1. Дуулгавартай байх амаргүй байдгийн учир юу вэ?

 ДУУЛГАВАРТАЙ байх хэцүү санагдах үе танд байсан уу? Давид хаанд тийм үе байжээ. Тэрбээр Бурханд «Үгийг тань дагахад бэлэн байх үргэлжийн хүслийг надад өгөөч» гэж залбирсан (Дуу. 51:12, МБН, 2015). Давид Еховад хайртай хэдий ч дуулгавартай байх заримдаа түүнд амаргүй байсан. Бидэнд ч мөн ялгаагүй. Яагаад? Нэгдүгээрт, бид дуулгаваргүй байх төрөлхийн хандлагатай. Хоёрдугаарт, Сатан биднийг өөр шигээ дуулгаваргүй болгох гэж байнга хичээдэг (2 Кор. 11:3). Гуравдугаарт, «дуулгаваргүй хүмүүст нөлөөлдөг агаар шиг тархмал хандлага» бидний эргэн тойронд байдаг (Эф. 2:2). Бид нүгэл үйлдэх гэсэн төрөлхийн хандлагатайгаа тэмцэхээс гадна дуулгаваргүй болгох гэсэн Диавол болон энэ ертөнцийнхний нөлөөг эсэргүүцэх ёстой. Еховад болон түүнээс эрх мэдэл авсан хүмүүст дуулгавартай байхад хүчин чармайлт гаргах шаардлагатай.

2. «Дуулгавартай» байна гэж яахыг хэлэх вэ? (Яаков 3:17).

2 Яаков 3:17-г уншина. Мэргэн ухаантай хүн «дуулгавартай» гэж Яаков агуу хүчээр удирдуулан бичсэн. «Дуулгавартай» байна гэж яахыг хэлэх вэ? Еховагаас эрх мэдэл авсан хүмүүст дуртайяа захирагдахыг хэлнэ. Мэдээж өөрийнх нь тушаалыг зөрчихийг шаардсан хүнд дуулгавартай байхыг Ехова биднээс хүсдэггүй (Үйлс 4:18–20).

3. Эрх мэдэлтэй хүмүүст дуулгавартай байхыг Ехова яагаад чухалд үздэг вэ?

3 Еховад дуулгавартай байх нь хүнд дуулгавартай байхаас илүү амар байж болох юм. Учир нь Еховагийн удирдамж төгс (Дуу. 19:7). Харин эрх мэдэлтэй хүмүүсийнх тийм биш. Гэсэн хэдий ч тэнгэрийн Эцэг маань эцэг эхчүүд, засгийн газрууд, ахлагчдад тодорхой хэмжээний эрх мэдэл өгсөн (Сур. 6:20; 1 Тес. 5:12; 1 Петр 2:13, 14). Тэдэнд дуулгавартай байвал Еховад дуулгавартай байна гэсэн үг. Еховагийн эрх мэдэл өгсөн хүмүүсийн зааврыг хүлээн зөвшөөрөх юм уу дагахад амаргүй үед ч хэрхэн дуулгавартай байхыг ярилцъя.

ЭЦЭГ ЭХДЭЭ ДУУЛГАВАРТАЙ БАЙХ НЬ

4. Яагаад олон хүүхэд эцэг эхдээ дуулгаваргүй байдаг вэ?

4 Хүүхэд залуусын маань эргэн тойронд «эцэг эхдээ захирагддаггүй» үеийнхэн нь олон байдаг (2 Тим. 3:1, 2). Тэд яагаад дуулгаваргүй байдаг вэ? Зарим эцэг эх нь өөрсдөө хийдэггүй юмаа хийхийг хүүхдээсээ шаарддаг. Тиймээс хүүхэд нь үгийг нь сонсох албагүй гэдэг. Зарим хүүхэд эцэг эхийнх нь зөвлөгөө хоцрогдсон, ямар ч хэрэггүй эсвэл хэтэрхий хатуу гэж боддог. Чамд бас тэгж санагдаж байсан уу? Олон хүүхдэд дараах Еховагийн тушаалыг дагах амаргүй санагддаг. «Бурхны хүсэл таалалд нийцүүлж эцэг эхдээ дуулгавартай бай. Дуулгавартай байхыг Бурхан зөв гэж үздэг» (Эф. 6:1). Үүнийг дагахад чамд юу тус болох вэ?

5. Лук 2:46–52-ыг уншаад Есүс эцэг эхдээ дуулгавартай байсны юу нь танд сайхан санагдсан бэ?

5 Дуулгавартай байхын хамгийн сайн жишээ үзүүлсэн Есүсийг дуурайгаарай (1 Петр 2:21–24). Есүс төгс байсан ч эцэг эх нь төгс бус байв. Тэднийгээ алдаа гаргах юм уу өөрийг нь буруу ойлгох үед ч хүндэлдэг байсан (Ег. 20:12). Түүнийг 12 настай байхад юу болсныг ярилцъя (Лук 2:46–52-ыг уншина). Иосеф Мариа хоёр Есүсийг Иерусалимд орхиод явчихсан байсан. Баярын дараа гэр лүүгээ буцахдаа бүх хүүхдээ байгаа эсэхийг шалгах нь тэдний үүрэг байв. Гэтэл Есүсийг олсныхоо дараа Мариа түүнийг зэмлэдэг! Өөрсдийнх нь буруу гэдгийг Есүс хэлж болох байсан ч тэдэнтэй хүндэтгэлтэйгээр ярьсан. «Гэвч тэд ... хэлснийх нь учрыг ойлгосонгүй». Гэсэн ч Есүс «дуулгавартай байсаар байв».

6, 7. Хүүхэд залуус эцэг эхдээ дуулгавартай байхын тулд яах вэ?

6 Хүүхэд залуус аа, аав ээж чинь алдаа гаргах юм уу чамайг буруу ойлгох үед тэдэнд дуулгавартай байх хэцүү санагддаг уу? Тийм бол яах вэ? Нэгдүгээрт, Еховад ямар санагдахыг бодоорой. Эцэг эхдээ дуулгавартай байх нь «Эзэнд таалагддаг» гэж Библид бичжээ (Кол. 3:20). Аав ээж чинь заримдаа чамайг сайн ойлгодоггүйг, тэдний заавар нь төгс бус гэдгийг Ехова мэддэг. Гэхдээ тийм үед ч дуулгавартай байвал чи Еховаг баярлуулна.

7 Хоёрдугаарт, аав ээжид чинь ямар санагдахыг бодоорой. Дуулгавартай байвал тэднийгээ баярлуулж, итгэлийг нь хүлээнэ (Сур. 23:22–25). Мөн улам дотносно. Бельгийн Александр гэдэг Гэрч залуу: «Аав ээжийнхээ үгэнд ордог болсон чинь бидний харилцаа улам сайжирсан. Бид илүү дотносож жаргалтай болсон» гэж ярьжээ. b Гуравдугаарт, одоо дуулгавартай байх нь ирээдүйд чинь ямар ач тустайг бодоорой. Бразилд амьдардаг Пауло: «Аав ээждээ дуулгавартай байж сурсан минь Еховад болон эрх мэдэлтэй хүнд дуулгавартай байхад тус болсон» гэжээ. Эцэг эхдээ дуулгавартай байх ёстойн учрыг Бурхны Үгэнд ийнхүү бичжээ. «Үүнийг биелүүлбэл сайн сайхан амьдарч, дэлхий дээр урт насална» (Эф. 6:2, 3).

8. Олон хүүхэд яагаад эцэг эхдээ дуулгавартай байдаг вэ?

8 Эцэг эхдээ дуулгавартай байх нь ач тустайг олон хүүхэд мэдэрчээ. Бразилд амьдардаг Луиза аав ээж нь яагаад гар утас авч өгдөггүйг эхэндээ ойлгоогүй. Үеийнх нь ихэнх хүүхэд гар утастай байжээ. Гэхдээ аав ээж нь өөрийг нь хамгаалах гэсэндээ тэгснийг дараа ойлгосон. Тэрбээр: «Миний эрх чөлөөг хязгаарлаж байгаа юм биш, харин суудлын бүс шиг амийг минь хамгаалж байгааг мэддэг болсон» гэжээ. АНУ-д амьдардаг Елизабет гэдэг Гэрч охинд аав ээждээ дуулгавартай байх хэцүү үе одоо ч байдаг. Тэрбээр: «Аав ээж яагаад дүрэм гаргасныг ойлгохгүй үедээ өмнө нь гаргасан дүрмийг дагаад ямар ач тустай байсныг эргээд санадаг» гэжээ. Арменид амьдардаг Моника аав ээждээ дуулгаваргүй байхаас дуулгавартай байх нь дандаа сайн үр дүнтэй байдгийг хэлжээ.

«ДЭЭД ЭРХ МЭДЛҮҮДЭД» ДУУЛГАВАРТАЙ БАЙХ НЬ

9. Олон хүн хууль дагах талаар ямар бодолтой вэ?

9 Библид засгийн газруудыг «дээд эрх мэдлүүд» гэсэн (Ром 13:1). Олон хүн засгийн газар хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зарим хуулийг дуртайяа дагадаг. Гэхдээ заримыг нь шударга бус эсвэл хэтэрхий ихийг шаарддаг гээд дагахаас хойш суудаг. Жишээ болгон татвар төлөх тухай бодъё. Европын нэгэн улсад судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөрөвний нэг нь «шударга бус гэж санагдсан татварыг төлөх хэрэггүй» гэж хариулжээ. Тиймээс тухайн улсын иргэд төлөх ёстой татварынхаа гуравны хоёрыг л төлдөг нь гайхах зүйл биш юм.

Иосеф Мариа хоёроос дуулгавартай байх талаар юу сурах вэ? (10–12-р догол мөрийг үзээрэй) c

10. Зарим хууль таалагдахгүй байсан ч бид яагаад дагадаг вэ?

10 Хүний засгийн газрууд зовлон тарьдаг, Сатаны мэдэлд байдаг, бас удахгүй устгагдах тухай Библид тэмдэглэсэн (Дуу. 110:5, 6; Ном. 8:9; Лук 4:5, 6). Бас «Эрх мэдлийг эсэргүүцдэг хүн Бурхны тогтоосныг эсэргүүцэж байгаа хэрэг» гэжээ. Ехова нийгмийг эмх журамтай байлгахын тулд засгийн газруудад түр хугацаанд захирах эрх олгосон бөгөөд тэдэнд захирагдахыг тушаадаг. Тиймээс бид «бүгдэд өгөх ёстойгоо өгөх» учиртай. Үүнд татвар төлөх, хүндэтгэх, дуулгавартай байх ордог (Ром 13:1–7). Зарим хууль тохиромжгүй, шударга бус, дагахад хэцүү санагдаж болох юм. Гэсэн ч бид засгийн газарт дуулгавартай захирагддаг. Учир нь Ехова өөрийнх нь тушаалтай зөрчилддөггүй хууль дүрэмд захирагдахыг тушаадаг (Үйлс 5:29).

11, 12. Лук 2:1–6-д бичсэнээр биелүүлэхэд амаргүй зарлиг гарахад Иосеф Мариа хоёр яасан бэ? Ямар үр дүнтэй байсан бэ? (Бас зургийг үзээрэй).

11 Дээд эрх мэдлүүдэд захирагдах амаргүй үед ч дуулгавартай байсан Иосеф Мариа хоёроос сурах юм бий (Лук 2:1–6-г уншина). Мариаг 9 сартай жирэмсэн байхад тэр хоёрын дуулгавартай байх эсэх нь соригдов. Ромын захирагч Август хүн амын тооллого явуулах болж, Иосеф Мариа хоёр уулархаг газраар 150 километр зам туулж Бетлехемд очих ёстой болов. Энэ нь ялангуяа Мариад амаргүй байлаа. Мариа болон хэвлий дэх хүүхдийнхээ аюулгүй байдалд тэд санаа зовсон байх. Замдаа хүүхэд нь төрөх болбол яах вэ? Мариа ирээдүйн Мессиаг хэвлийдээ тээж байсан. Энэ бүхэн нь засгийн газарт захирагдахгүй байх шалтаг болсон уу?

12 Санаа зовох юм их байсан ч Иосеф Мариа хоёр зарлигийг дагасан. Дуулгавартай байсан тэднийг Ехова ивээжээ. Тэд Бетлехемд аюулгүй хүрч Мариа хүүхдээ эрүүл саруул төрүүлсэн. Ийнхүү Библийн зөгнөл ч биелсэн! (Мика 5:2).

13. Дуулгавартай байвал ах дүүст маань ямар ач тустай вэ?

13 Дээд эрх мэдлүүдэд дуулгавартай захирагдах нь өөрсдөд ч, өрөөл бусдад ч тустай. Ямар ач тустай вэ? Юуны түрүүнд хуульд захирагддаг хүн шийтгэл хүлээхгүй (Ром 13:4). Мөн та дуулгавартай байвал эрх мэдэлтнүүд Еховагийн Гэрчүүдийг сайн иргэд гэдгийг ойлгоно. Жишээ нь хэдэн арван жилийн өмнө Нигерид цуглааны үеэр цэргүүд танхимд орж иржээ. Тэд татвар төлөхийг эсэргүүцдэг хүмүүсийг хайж байв. Харин ахлах офицер нь Гэрчүүдийн цуглаанд орж ирснээ ойлгоод «Еховагийн Гэрчүүд татвараа үргэлж төлдөг» гэж хэлэн цэргүүдээ гаргасан. Таныг хуульд захирагдах бүрд Еховагийн ард түмний нэр хүндэд сайнаар нөлөөлдөг. Энэ нь хэзээ нэгэн цагт итгэл нэгтнийг тань хамгаалж болох юм (Мат. 5:16).

14. Нэг Гэрч эмэгтэй дээд эрх мэдлүүдэд «дуулгавартай» байхын тулд яасан бэ?

14 Гэхдээ дээд эрх мэдлүүдэд захирагдахад хэцүү санагдах үе байж болох юм. АНУ-ын Жоанна гэдэг Гэрч эмэгтэй: «Засгийн газрын шударга бус байдлаас болж манай гэр бүл их зовсон учраас дуулгавартай байх нь үнэхээр хэцүү байсан» гэжээ. Гэхдээ Жоанна бодлоо өөрчлөхийг хичээсэн. Нэгдүгээрт, эрх баригчдын талаар интернэтэд тавигдсан сөрөг мэдээллийг уншихаа больсон (Сур. 20:3). Хоёрдугаарт, засгийн газар өөрчлөгдөхөд бус, өөрт нь найддаг болоход туслахыг Еховагаас гуйсан (Дуу. 9:9, 10). Гуравдугаарт, байгууллагын ном хэвлэлээс төвийг сахих талаар уншсан (Ёох. 17:16). Жоанна засгийн газрыг хүндэтгэдэг, бас захирагддаг болоод үгээр хэлэхийн аргагүй амар тайвныг мэдэрдгээ ярьжээ.

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗААВРЫГ ДАГАЖ ДУУЛГАВАРТАЙ БАЙХ НЬ

15. Еховагийн байгууллагаас гаргасан зааврыг дагах яагаад амаргүй байж болох вэ?

15 «Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай байхыг» Ехова биднээс хүсдэг (Евр. 13:17). Бидний удирдагч Есүс төгс ч түүний томилсон, удирдах үүрэг хүлээдэг хүмүүс төгс биш. Ялангуяа хүсэхгүй байгаа юмыг маань хийгээрэй гэвэл дуулгавартай дагах хэцүү санагдаж мэднэ. Элч Петрт нэг удаа ийм юм тохиолджээ. Тэнгэрийн элч түүнд Мосегийн хуулиар хориглосон амьтныг идэхийг тушаахад тэрбээр нэг биш, бүр гурван удаа татгалзсан! (Үйлс 10:9–16). Яагаад? Учир нь Петр багаасаа л Мосегийн хуулийг дагаж ирсэн. Төгс тэнгэрийн элчийн зааврыг дагах Петрт хэцүү байсан бол төгс бус хүний зааврыг дагах нь бидэнд бүр ч амаргүй санагдах нь ойлгомжтой!

16. Паулд заавар утгагүй гэж санагдсан байж болох ч яасан бэ? (Үйлс 21:23, 24, 26).

16 Элч Паул утгагүй гэж санагдсан зааврыг ч дагаж «дуулгавартай» байсан. Иудей дагалдагчид Паулыг «Мосегийн хуультай зөрчилдсөн» сургаал номлож байна гэсэн цуу яриа сонсжээ (Үйлс 21:21). Тэгэхэд Иерусалим дахь ахлагчид Паулд сүм рүү 4 хүн дагуулж очоод цэвэрших ёсыг сахиж Мосегийн хуулийг дагадгаа харуулахыг зөвлөсөн. Гэхдээ Христийн дагалдагчид Мосегийн хуулийг дагах шаардлагагүй болсныг Паул мэдэж байв. Бас цуу яриа ямар ч үндэслэлгүй байсан. Гэсэн хэдий ч зааврыг шууд дагасан. «Маргааш нь Паул тэднийг дагуулж яваад цэвэрших ёсыг сахижээ» (Үйлс 21:23, 24, 26-г уншина). Тэрбээр дуулгавартай байснаар эв нэгдлийг хадгалсан (Ром 14:19, 21).

17. Стефанид тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

17 Стефани гэдэг Гэрч эмэгтэйд хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүдийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байжээ. Тэрбээр нөхөртэйгөө гадаад хэлний бүлэгт жаргалтай үйлчилж байсан. Гэтэл салбар тухайн бүлгийг хаах шийдвэр гаргахад тэд эх хэлнийхээ хуралд үйлчлэхээр болжээ. Стефани: «Надад их гунигтай санагдсан. Эх хэлний хэсэгт маань хэрэгцээ илүү байгаа гэдэгт эргэлзсэн» гэжээ. Гэсэн хэдий ч зааврыг дагасан. Тэрбээр: «Энэ шийдвэр нь зөв байсныг яваандаа ойлгосон. Хуралд маань гэр бүлийнхнээсээ ганцаараа Гэрч хүн олон байдаг. Тиймээс тэдэнтэйгээ нэг гэр бүл шиг болсон. Би идэвхгүй байсан нэг Гэрчид хичээл зааж байгаа. Бас бие дааж судлах цаг ч илүү их гардаг» гээд цааш нь «Дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийсэн учир сэтгэл минь тайван байна» гэж ярьжээ.

18. Дуулгавартай байх нь ямар ач тустай вэ?

18 Бид дуулгавартай байхыг сурч чадна. Есүс тайван амьдарч байхдаа бус, «зовлон туулж [байхдаа] дуулгавартай байж сурсан» (Евр. 5:8). Бид ч түүн шиг голдуу хэцүү үед дуулгавартай байхыг сурдаг. Жишээ нь КОВИД-19 цар тахал дэгдэж танхимд цуглахгүй, айлаар дэлгэрүүлэхгүй гэхэд дуулгавартай байхад танд хэцүү байсан уу? Гэхдээ та зааврыг дагаж дуулгавартай байсан учраас хамгаалагдаж, итгэл нэгтнүүдтэйгээ нэгдмэл байж, Еховагаа баярлуулсан. Одоо бид, агуу их гамшгийн үеэр ямар ч зааврыг дагах илүү сайн бэлтгэлтэй болсон. Тэр үед аврагдах эсэх маань зааврыг дагахаас шалтгаална! (Иов 36:11).

19. Та яагаад дуулгавартай байя гэж бодож байна вэ?

19 Дуулгавартай байвал их ивээл хүртдэгийг ярилцлаа. Гэхдээ гол нь, бид Еховаг хайрлаж, баярлуулахыг хүсдэг учраас дуулгавартай байдаг (1 Ёох. 5:3). Бидний төлөө хийсэн бүхнийх нь ачийг хэзээ ч бүрэн дүүрэн хариулж чадахгүй (Дуу. 116:12). Гэхдээ түүнд, бас эрх мэдэлтэй хүмүүст дуулгавартай байж чадна. Дуулгавартай байвал мэргэн ухаантай хүн гэдгээ харуулна. Тийм хүн Еховагийн зүрхийг баярлуулдаг (Сур. 27:11).

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

a Бид төгс бус учраас дуулгавартай байх заримдаа амаргүй. Бүр зааж, зааварлах эрхтэй хүмүүст ч дуулгавартай байх хэцүү санагдах үе байдаг. Энэ өгүүллээр эцэг эх, «дээд эрх мэдлүүд», хуралд удирдах үүрэг гүйцэтгэдэг хүмүүст дуулгавартай байх нь ямар ач тустайг ярилцана.

b Эцэг эхийнхээ гаргасан дүрмийг дагах хэцүү санагдвал хэрхэн тэдэнтэй ярилцах талаар jw.org сайт дахь «Аав ээжийн гаргасан дүрэм хатуудаад байвал яаж ярилцах вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иосеф Мариа хоёр Цезарийн зарлигийг дагаж бүртгүүлэхээр Бетлехем рүү явсан. Христийн өнөөгийн дагалдагчид «дээд эрх мэдлүүдэд» дуулгавартай захирагдаж, замын хөдөлгөөний дүрэм, татварын тухай хууль, эрүүл мэндийн удирдамжийг дагаж мөрддөг.