Уншигчдын асуулт
Цөлд израйлчуудад манна, бөднө шувуунаас өөр идэх юм байсан уу?
Цөлд байсан 40 жилийн хугацаанд израйлчуудын гол хүнс нь манна байв (Ег. 16:35). Бас Ехова 2 удаа тэднийг бөднө шувуугаар хооллосон (Ег. 16:12, 13; Тоол. 11:31). Гэхдээ тодорхой хэмжээний өөр идэх юм бас байсан.
Ехова заримдаа ард түмнээ уух устай, үр жимстэй «амрах газар» луу удирддаг байв (Тоол. 10:33). Тийм газруудын нэг нь Елим гэдэг баян бүрд юм. Тэнд «усны 12 булаг, 70 дал мод [Финикийн дал мод бололтой] байсан» (Ег. 15:27, ШЕ). «Библид гардаг ургамлууд» гэдэг номд энэ дал мод «маш олон газар ургадаг, ... жимс нь цөл дэх хүмүүсийн хамгийн гол хүнс болдог. Олон сая хүн үр жимсийг нь идэж, тос гаргаж, мөн саравч хийх зэрэгт ашигладаг» гэж бичжээ.
Израйлчууд Вади Фэйран гэдэг хөндий дэх томоохон баян бүрдэд бас буудаллаж байсан бололтой. Тэр баян бүрдийг өнөөдөр Фэйран гэж нэрлэдэг. Нэгэн номд дээрх хөндийг «Синаи дахь хамгийн урт, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн алдартай нь бөгөөд 130 километр үргэлжилдэг» гэжээ. Тэгээд цааш нь «Тэр хөндийн эхээс 45 километрийн зайд үзэсгэлэнт Фэйран баян бүрд оршдог. Фэйран нь 4,8 километр үргэлжлэх бөгөөд тэнд дал мод дүүрэн ургадаг. Далайн түвшнээс дээш 610 метр өндөрт байдаг энэ газрыг Синаин Еден гэдэг. Дал модонд нь татагдсан хүмүүс эрт үеэс тэнд суурьшдаг байжээ» гэж тэмдэглэсэн.
Израйлчууд Египетээс гарахдаа зуурсан гурилаа савтай нь, бас магадгүй зарим үр тариа, тос авч явсан. Гэхдээ эдгээр нь удалгүй дууссан нь мэдээж. Ард түмэн бас «хонь, ямаа, үхэр гээд асар олон тооны мал сүрэгтэй» явсан (Ег. 12:34–39, ШЕ). Харин цөлийн хатуу ширүүн уур амьсгалаас болж мал сүргийн тоо хоргодсон байж болзошгүй. Түүнээс гадна заримыг нь хоол хүнсэндээ хэрэглэж, заримаар нь Еховад, бүр хуурамч бурхдад тахил өргөсөн байх (Үйлс 7:39–43). a Гэхдээ тодорхой хэмжээний мал сүрэг өсөж үржсэн нь ойлгомжтой. Үүнийг дуулгаваргүй ард түмэндээ «Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно» гэж хэлсэн Еховагийн үгнээс мэдэж болно (Тоол. 14:33). Тиймээс тэд хүнсэндээ малынхаа сүү, махыг хэрэглэж байсан байх. Гэлээ ч 40 жилийн турш 3 сая орчим хүнийг тэжээхэд хангалтгүй байсан нь лавтай. b
Мал сүргээ хэрхэн идээшлүүлж, ундаалуулж байсан бэ? c Тэр үед хур тунадас арай их ордог, цөлд өвс ургамал одоогийнхтой харьцуулбал илүү сайн ургадаг байсан бололтой. «Судрыг ойлгох нь» (англи) нэвтэрхий толийн 1-р ботид, 3 500 жилийн өмнө «Арабад устай газар одоогийнхоос илүү олон байсан. Их хур тунадас орж гол горхи урсдаг байсныг одоогийн олон хуурай хөндий газар баталдаг» гэж бичжээ. Гэсэн ч цөл үржил шимгүй, аюултай газар байсан (Д.хууль 8:14–16). Ехова гайхамшгаар ус гаргаж өгөөгүй бол израйлчууд ч, мал сүрэг нь ч амьд үлдэхгүй байв (Ег. 15:22–25; 17:1–6; Тоол. 20:2, 11).
Ехова израйлчуудыг маннагаар хооллосон нь «хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг ... ойлгуулахын тулд» гэж Мосе хэлжээ (Д.хууль 8:3).
a Израйлчууд цөлд байхдаа Еховад амьтдаар тахил өргөсөн 2 тохиолдлыг Библид бичсэн байдаг. Эхнийх нь тахилчдыг томилоход, хоёр дахь нь Дээгүүр өнгөрөх баяраар ажээ. Аль аль нь израйлчуудыг Египетээс гарсны 2 дахь жилд буюу МЭӨ 1512 онд болсон (Лев. 8:14—9:24; Тоол. 9:1–5).
b Цөлд байх 40 жилийн сүүлээр израйлчууд олон зуун мянган мал амьтдыг дайснаасаа олзлон авсан (Тоол. 31:32–34). Гэсэн ч Амласан газар орох хүртлээ тэд манна идсээр байсан (Иош. 5:10–12).
c Мал сүрэгт нь манна зориулагдаагүй гэж дүгнэж болно. Учир нь Ехова маннаг хүн бүр идэх хэмжээгээрээ цуглуул гэж хэлэхдээ амьтдын тухай огт дурдаагүй (Ег. 16:15, 16).