Skip to content

Гарчиг руу орох

1923—Зуун жилийн өмнө

1923—Зуун жилийн өмнө

«ХАРУУЛЫН ЦАМХАГ» сэтгүүлийн 1923 оны 1-р сарын 1-ний дугаарт «1923 он үнэхээр гайхалтай жил болно. ... Зовж зүдэрч буй энэ ертөнцийн хүмүүст ... сайхан цаг ойрхон байгааг гэрчлэх нь үнэхээр агуу завшаан юм» гэж тэмдэглэсэн. Тухайн жилд Библи Судлаачдын цуглаан, чуулган, дэлгэрүүлэх ажил зохион байгуулах аргад том өөрчлөлт гарч, үүний дүнд тэд улам бүр нэгдмэл болсон нь дээрх үгний үнэнийг баталсан.

ЦУГЛААНЫ АЧААР НЭГДМЭЛ БОЛСОН НЬ

Библийн зүйл болон магтуу дууны дугаар бичсэн хуанли

1923 онд байгууллага зарим өөрчлөлт хийсний үр дүнд Библи Судлаачид хамтдаа Еховаг шүтэж улам бүр нэгдмэл болсон. 7 хоног бүрийн «Залбирал, магтаалын цуглаан» дээр ярилцах Библид үндэслэсэн тайлбарыг «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлдэг болсон. Түүнээс гадна Библи Судлаачид хуанли гаргасан. Түүндээ 7 хоног бүр ярилцах Библийн зүйл болон бие даан судлах, гэр бүлийн хичээлээрээ дуулах магтуу дуунуудыг багтаажээ.

Библи Судлаачид цуглааны үеэр дэлгэрүүлэх ажлынхаа сонин сайхныг болон Еховад яагаад талархсанаа ярьж, дуу дуулж, тэр бүр хэл залбирдаг байв. 1923 онд 15 настайдаа баптисм хүртсэн Эва Барни: «Сэтгэгдлээ хэлэхийг хүссэн хүн босоод “Миний төлөө хийсэн сайн сайхан бүхэнд би Эзэнд талархмаар байна” гэх маягаар үг хэлдэг байв» хэмээн дурсжээ. Зарим эрэгтэй ийнхүү үг хэлэх их дуртай байсан. Барни цааш нь «Гадвин гэдэг өндөр настай ахад Эзэнд талархах зүйл мундахгүй их байдаг байв. Заримдаа түүнийг цуглаан дээр ийнхүү ярихад хөтлөгч яах аа мэдэхээ байн тулгамдаж байгааг анзаарсан эхнэр нь нөхрийнхөө хүрэмний хормойноос чангааж суулгадаг байв» гэжээ.

Хурал бүр сард нэг удаа «Залбирал, магтаалын цуглаанаар» тусгай хөтөлбөр явуулдаг байсан. Энэ талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1923 оны 4-р сарын 1-ний дугаарт «Цуглааны хагас хэсэгт хэрхэн дэлгэрүүлснээ ярьж, бусдадаа урам зориг өгөх ёстой болсон. ... Ийм цуглааны ачаар найзууд улам дотносно гэдэгт бид итгэлтэй байна» гэжээ.

Канадын Ванкуверт амьдардаг Чарлз Мартин гэдэг 19 настай дэлгэрүүлэгч эдгээр цуглааны хөтөлбөрөөс их ач тус хүртжээ. Тэрбээр хожим нь «Айлаар хэрхэн дэлгэрүүлэхээ би тэр цуглаанаас анх мэдэж авсан. Олон хүн айлаар хэрхэн дэлгэрүүлсэн тухайгаа ярьж байв. Тэдний яриаг сонсоод дэлгэрүүлэхдээ юу гэж ярихаа, бас эсэргүүцсэн хүнд хэрхэн хариулахаа мэдэж авсан» гэжээ.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН АЧААР НЭГДМЭЛ БОЛСОН НЬ

1923 оны 5-р сарын 1-ний «Буллетин»

Ах дүүс улам нэгдмэл болоход «Дэлгэрүүлэх ажлын өдөр» бас тустай байсан. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1923 оны 4-р сарын 1-ний дугаарт «Бид улам нэгдмэл болохын тулд ... 1923 оны 5-р сарын 1-ний мягмар гаргийг нийтээрээ дэлгэрүүлэх өдөр болгон сонгосон. Үүнээс хойш сар болгоны эхний мягмар гарагт ... хурлын гишүүн бүр тодорхой хэмжээгээр дэлгэрүүлэх ёстой» гэж зарласан.

Библи Судлаач хүүхэд залуус ч энэ ажилд оролцсон. Тэр үед 16-хан настай Хэйзэл Бөрфорд: «“Буллетин”-д бидний цээжлэх оршил үгний жишээг тавьдаг байв. a Би өвөөтэйгөө энэ бүх үйл хэрэгт идэвхтэй оролцсон» гэжээ. Харин түүнийг Библи Судлаач нэг ах шүүмжлэхэд маш их гайхжээ. Тэрбээр: «Намайг дэлгэрүүлэхэд настай нэг ах ихэд дургүйцсэн. Библи Судлаачид бүгд, тэр дундаа “залуус ба онгон бүсгүйчүүд” Агуу Бүтээгчээ магтах ажилд оролцох ёстой гэдгийг тэр үед зарим хүн ойлгодоггүй байсан» гэж ярьжээ (Дуу. 148:12, 13). Гэхдээ Бөрфорд дэлгэрүүлсээр байв. Хожим нь Гилеад сургуулийн 2 дахь ангийг дүүргээд Панамд миссионероор үйлчилсэн. Тэр ах нар яваандаа дэлгэрүүлэх ажилд залуусыг оролцох талаар үзэл бодлоо өөрчилсөн.

ЧУУЛГАНЫ АЧААР НЭГДМЭЛ БОЛСОН НЬ

Ах дүүсийг улам нэгдмэл болоход орон нутгийн болон бүсийн чуулганууд бас их үүрэг гүйцэтгэсэн. Олон чуулганы үеэр дэлгэрүүлэх ажлын өдрийг зохион байгуулсны нэг нь Канадын Виннипэгт болсон чуулган юм. Энэ чуулганы үеэр, тухайлбал 3-р сарын 31-нд «Виннипэг дэх тусгай бөмбөгдөлт» хэмээх дэлгэрүүлэх аянд оролцохыг бүх хүнд уриалсан. Иймэрхүү дэлгэрүүлэх ажил нь ирээдүйд өргөн далайцтай дэлгэрүүлэх үндэс суурь болсон. 8-р сарын 5-нд Виннипэгт болсон бас нэг чуулганд ойролцоогоор 7 000 хүн оролцжээ. Энэ нь тухайн үед Канадад болсон, хамгийн олон хүн оролцсон чуулган байлаа.

Еховагийн ард түмний хувьд 1923 оны хамгийн чухал чуулган бол 8-р сарын 18–26-нд Калифорнийн Лос-Анжелест болсон чуулган юм. Чуулганы өмнөх долоо хоногуудад Библи Судлаачид сонинуудад зарлал нийтэлж, 500 000 гаруй урилга тараасан. Мөн хувийн унаа болон нийтийн тээврийн хэрэгслүүдэд зарлалыг хадсан.

1923 онд Лос-Анжелест болсон Библи Судлаачдын чуулган

8-р сарын 25-ны бямба гарагт Рүтэрфорд «Хонь ба ямаа» гэсэн илтгэлээрээ «хонь» гэдгээр диваажин дэлхийд амьдрах зөв хандлагатай хүмүүсийг хэлдгийг тодорхой тайлбарласан. Мөн «Сэрэмжлүүлэг» нэртэй тогтоол уншсан. Тэрхүү тогтоолоор Христ шашны ертөнцийг шүүмжилж, чин сэтгэлтэй хүмүүсийг «Агуу Вавилоноос» гарахыг уриалжээ (Илч. 18:2, 4). Дараа нь идэвх зүтгэлтэй Библи Судлаачид энэ тогтоолын хэдэн сая хувийг дэлхий даяар мөр зэрэгцэн тараасан.

«Ийм цуглааны ачаар найзууд улам дотносно»

Чуулганы сүүлийн өдөр 30 000 гаруй хүн Рүтэрфордын тавьсан «Бүх үндэстэн Хармагедоныг чиглэн алхаж байна. Харин одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэсэн нийтийн илтгэл сонссон. Библи Судлаачид олон хүн ирнэ гээд шинээр баригдсан Лос-Анжелес дэх цэнгэлдэх хүрээлэнг түрээсэлсэн. Мөн чанга яригч иж бүрэн төхөөрөмж ашиглаж бүх хүнд сонсгосон нь тухайн үедээ шинэ технологи байв. Түүнээс гадна маш олон хүн радиогоор хөтөлбөрийг сонсжээ.

ОЛОН УЛСАД ӨРГӨЖИН ТЭЛСЭН НЬ

1923 онд Африк, Европ, Энэтхэг, Өмнөд Америкт дэлгэрүүлэх ажил өргөжин тэлсэн нь илт байв. Энэтхэгт амьдардаг А. Ж. Жосеф гэдэг эрэгтэй эхнэр, 6 хүүхдээ тэжээхийн зэрэгцээ хинди, тамил, телүгү, урду хэлээр ном хэвлэл гаргах ажилд гар бие оролцсон.

Виллиам Р. Браун гэр бүлийнхэнтэйгээ

Сьерра Леонд амьдарч байсан Алфред Жосеф болон Леонард Блэкмэн гэдэг Библи Судлаачид Нью-Йоркийн Брүүклиний төв рүү тусламж хүссэн захиа илгээжээ. 1923 оны 4-р сарын 14-нд тэд захианыхаа хариуг авсан. Алфред: «Хагас сайны нэгэн орой гэнэт утас дуугарав» гэжээ. Чанга дуутай хүн түүнээс «Та “Харуулын цамхаг нийгэмлэг” рүү захиа бичиж дэлгэрүүлэгч явуулахыг хүссэн хүн мөн үү?» гэж асуухад Алфред: «Тийм тийм» гэжээ. Тэгэхэд нь тэр хүн: «За тэгвэл намайг явуулсан» гэжээ. Тэр нь Виллиам Р. Браун байв. Тэрбээр эхнэр Антониа болон Луиз, Лүүси гэдэг 2 охинтойгоо Карибын тэнгисийн арлаас ирчихээд ярьсан нь энэ байжээ. Удалгүй бүгдээрээ уулзацгаав.

Алфред цааш нь «Маргааш өглөө нь Леонард бид хоёр Библиэс ярилцаж байлаа. 7 хоног бүр ингэдэг байсан юм. Гэтэл үүдэнд нэг өндөр хүн ирчихсэн байсан нь Браун байв. Үнэний төлөө идэвх зүтгэлтэй тэрбээр шууд л маргааш нь илтгэл тавья гэсэн» гэжээ. Сар ч хүрэхгүй хугацаанд Браун авчирсан бүх хэвлэлээ тараагаад дуусгачихсан. Тэрбээр 5 000 ном хүлээж авсан ч, төд удалгүй бүр ч их хэвлэл хэрэгтэй болов. Гэхдээ Браун ном тараадгаараа л олонд танигдаагүй. Гол нь олон жил Еховад идэвх зүтгэлтэй үйлчилж, илтгэлдээ Библиэс байнга эш татдаг байсан учраас түүнийг Библи Браун гэдэг болсон.

Магдэбүрг дэх Бетел, 1920-оод он

Тэр үед Германы Бармэн дахь салбарын оффист ажиллаж байсан хүмүүс бараг багтахаа больсон. Мөн хөрш Франц улс нь энэ хот руу дайрахаар зэхэж байв. Библи Судлаачид хэвлэх ажилд яг тохирсон нэг байшинг Магдэбүрг хотод олсон. Тэгээд 6-р сарын 19-нд бетелчид хэвлэлийн төхөөрөмж болон эд хогшлоо аваад шинэ Бетел рүү нүүсэн. Энэ тухай байгууллагын төвд мэдэгдсэн яг тэр өдөр сонинуудад Бармэн хотыг Франц эзэлсэн тухай мэдээ гарчээ. Хариуцлагатай эрчүүд Ехова ийнхүү тусалж, хамгаалж байгаад талархсан.

Жорж Янг, Сара Фергсон (баруун) болон түүний эгч

Олон газарт сайн мэдээг дэлгэрүүлж явсан Жорж Янг Бразилд салбар байгуулж «Харуулын цамхаг» сэтгүүлийг португал хэл дээр нийтэлж эхэлжээ. Тэрбээр хэдхэн сарын дотор 7 000 гаруй хэвлэл тараасан. Сара Фергсон гэдэг эмэгтэй түүнтэй уулзаад маш их баярласан. Тэрбээр 1899 оноос хойш «Харуулын цамхаг» сэтгүүлийг уншиж ирсэн ч өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртэх боломж гараагүй байв. Хэдхэн сарын дараа Фергсон 4 хүүхэдтэйгээ энэ чухал алхмыг хийжээ.

«БАЯР ХӨӨРТЭЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД»

Библи Судлаачид эв нэгдэлтэй, хичээл зүтгэлтэй үйлчилсэн. Энэ талаар оны эцсээр буюу «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1923 оны 12-р сарын 15-ны дугаарт ийнхүү бичжээ. «Хурлууд ... бат итгэлтэй нь илэрхий байна. ... Ирэх онд улам их ажил амжуулж, Бурхандаа үргэлж хичээл зүтгэлтэй, баяр хөөртэй үйлчлэхийн тулд бэлэн байцгаая».

Дараагийн жил нь Библи Судлаачдын хувьд түүхэнд тэмдэглүүштэй он болсон. Бетелийн эрчүүд Брүүклиний төвд ойрхон байдаг Стэйтэн Айландад олон сар ажилласан. Тэнд баригдаж буй барилга байгууламжийг 1924 оны эхээр дуусгасан бөгөөд үүний ачаар ахан дүүсийн барилдлага улам бүр батжиж, сайн мэдээг урьд өмнөхөөсөө илүү өргөн далайцтай түгээсэн.

Стэйтэн Айландын барилга дээр ажилласан бетелчид

a «Буллетин» гэдэг нь одоогийн «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»