Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

Найдвар талаар болохгүй

Найдвар талаар болохгүй

«Тэр найдвар талаар болохгүй» (РОМ 5:5).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ a

1. Абрахам хоосон юманд найдаагүй гэж бид яагаад хэлж болох вэ?

 ЕХОВА Абрахамд үр хүүхдийнх нь ачаар дэлхийн бүх үндэстэн ивээл хүртэнэ гэдгийг амласан (Эх. 15:5; 22:18). Абрахам Еховад бат итгэдэг байсан учраас энэ амлалт биелнэ гэдэгт ч итгэсэн. Тэрбээр 100, эхнэр нь 90 настай болсон ч тэд хүүхэдгүй л байв (Эх. 21:1–7). Харин Библид «Абрахам ... найдсан бөгөөд ... олон үндэстний эцэг болно гэдэгт итгэсэн» гэж бичжээ (Ром 4:18). Абрахамын найдвар биелж, Исаак гэдэг хүүтэй болсныг бид мэддэг. Еховагийн амлалт биелнэ гэдэгт тэрбээр яагаад итгэлтэй байсан бэ?

2. Абрахам Еховагийн амлалт биелнэ гэдэгт яагаад итгэсэн бэ?

2 Абрахам Еховаг маш сайн мэддэг, түүнтэй дотно байсан учраас «амлалтаа биелүүлж чадна гэдэгт [нь] бүрэн итгэсэн» (Ром 4:21). Бат итгэлтэй түүнийг Ехова сайшааж, шударга сайнд тооцсон (Яак. 2:23). Ром 4:18-д бичсэнээр Абрахамын итгэл нь найдвартай нягт холбоотой байв. Одоо, Ром 5-р бүлэгт элч Паул найдварын талаар юу бичсэнийг ярилцъя.

3. Паул найдварын талаар юу тайлбарласан бэ?

3 Бидний «найдвар талаар болохгүй» гэдэгт яагаад итгэлтэй байж болохыг Паул тайлбарласан (Ром 5:5). Бас найдвар маань хэрхэн улам бат болдгийг ойлгуулсан. Одоо Ром 5:1–5-ыг судлахдаа та найдвараа хэрхэн бат болсоор ирснийг бодоорой. Цаашид ч хэрхэн улам бат болохыг энэ өгүүллийг судлах явцдаа мэдэж авна. Гэхдээ эхлээд талаар болохгүй гэж Паулын хэлсэн гайхалтай найдварын тухай ярилцъя.

ГАЙХАЛТАЙ НАЙДВАР

4. Ром 5:1, 2-т юуны тухай бичсэн бэ?

4 Ром 5:1, 2-ыг уншина. Паул энэ үгийг Ром дахь хурлынханд бичжээ. Тэндхийн ах дүүс Ехова Есүс хоёрын тухай мэдэж, итгэж, Христийн дагалдагч болсон. Бурхан тэднийг «итгэдэг учраас шударга сайнд тооцож» агуу хүчээр тосолсон. Тийм ээ, ийнхүү тэд баттай, гайхалтай найдвар өвөрлөсөн.

5. Тослогдогсод ямар найдвартай вэ?

5 Хожим нь Паул Эфэс дэх тослогдсон дагалдагчдад бичихдээ Бурхан тэдэнд «ямар найдвар өгснийг, ямар агуу ивээлийг ... өв болгон хүртээхээр бэлдсэнийг» хэлжээ (Эф. 1:18). Мөн Колосайн ах дүүстээ найдвар нь хаана биелэх талаар ийнхүү хэлсэн. Тэд «тэнгэрт гарч шагнал авна» (Кол. 1:4, 5). Тэгэхээр тослогдогсдын найдвар нь тэнгэрт амилан мөнх амьтай болж Христтэй хамт захирах юм (1 Тес. 4:13–17; Илч. 20:6).

Найдвар нь биелнэ гэдэгт Христийн тослогдсон дагалдагчид хэр итгэлтэй байдгийг Ф. В. Фрэнц хэлсэн (6-р догол мөрийг үзээрэй)

6. Тослогдсон нэг Гэрч найдварынхаа талаар юу гэж ярьсан бэ?

6 Христийн тослогдсон дагалдагчдад энэ найдвар маш их эрхэм юм. Тэдний нэг Фрэдэрик Фрэнц 1991 онд «Найдвар маань баараггүй биелнэ. Өчүүхэн сүрэгт багтах бидний хүн нэг бүр Бурхны амласан шагналыг хүлээн авна. Тэр нь юутай ч зүйрлэшгүй гайхалтай байх юм» гэж чин сэтгэлээсээ ярьсан. Бурханд хэдэн арван жил үнэнч үйлчилсэн тэрбээр цааш нь «Бид одоо ч найдвараа өндөр үнэлдэг. ... Удаан хүлээх тусам бүр ч их эрхэмлэдэг. Сая жил хүлээх хэрэгтэй байсан ч хүлээнэ. Би одоо найдвараа хэзээ хэзээнээс ч илүү их эрхэмлэдэг» гэжээ.

7, 8. Ихэнх хүн ямар найдвартай вэ? (Ром 8:20, 21).

7 Өнөөдөр Еховад үйлчилдэг ихэнх хүн өөр найдвартай. Тэр нь Бурхны Хаант төрийн захиргаан дор байх дэлхий дээр мөнх амьдрах юм. Абрахам ч ийм найдвартай байсан (Евр. 11:8–10, 13). Энэхүү найдварыг өвөрлөсөн хүмүүс ямар гайхалтай ивээл хүртэхийг Паул бичсэн (Ром 8:20, 21-ийг уншина). Анх Библид байдаг найдварын талаар мэдэж аваад таны сэтгэл юунд хамгийн их хөдөлсөн бэ? Нүгэлгүй, төгс болно гэдэгт үү? Эсвэл нас барсан дотнын хүн тань диваажин дэлхийд амилна гэдэгт үү? Бурхан «найдвар өгсөн» учраас та ирээдүйд болох олон сайхан юмыг тэсэн ядан хүлээдэг нь лавтай.

8 Бид тэнгэр, дэлхийн алинд нь ч мөнх амьдрах бай гайхалтай найдвартайдаа баярлах учиртай. Бас найдвар маань улам бат болдог. Хэрхэн бат болдгийг Паул цааш нь тайлбарласан. Одоо энэ талаар ярилцъя.

НАЙДВАР ХЭРХЭН УЛАМ БАТ БОЛДОГ ВЭ?

Христийн дагалдагч бүр зовлон эдэлнэ (9, 10-р догол мөрийг үзээрэй)

9, 10. Паулын хэлснээр Христийн дагалдагчид юу амсах вэ? (Ром 5:3). (Бас зургийг үзээрэй).

9 Ром 5:3-ыг уншина. Зовлон амсахлаар найдвар улам бат болж болох юм. Энэ үг сонин сонсогдож магадгүй. Христийн дагалдагч бүр зовлон үзэх нь тодорхой. Паулын жишээг бодъё. Тэрбээр Тесалоник дахь ах дүүстээ «Бид бүгдээрээ зовно гэдгийг хамт байхдаа ярьдаг байсан. Тэгэхээр та нарын мэддэг юм болсон хэрэг» гэж хэлсэн (1 Тес. 3:4). Бас Коринт дахь хурлынханд «Ах дүү нар аа, ... бид ямар их зовсноо та нарт хэлье. ... амьд үлдэх эсэхээ ч мэдэхгүй байлаа» гэж бичжээ (2 Кор. 1:8; 11:23–27).

10 Өнөөдөр ч Христийн дагалдагчид янз бүрээр зовдог (2 Тим. 3:12). Та ч Есүст итгэж, дагалдагч нь болсноос болж зовж байна уу? Найз нөхөд, гэр бүлийнхэн болон хамаатан садан тань таныг дооглон доромжилж, бүр харгис ширүүн хандсан байж ч магадгүй. Үнэнч шударга байсныхаа төлөө ажлынхандаа хавчигдаж байсан уу? (Евр. 13:18). Найдварынхаа талаар дэлгэрүүлээд засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарч байсан уу? Бид ямар ч зовлон амссан Паулын хэлснээр баярлах учиртай. Яагаад?

11. Ямар ч сорилт тулгарсан тэвчээртэй байхаар бат шийдэх ёстойн учир юу вэ?

11 Зовлон учирсан ч баярлах шалтгаан бий. Энэ талаар Ром 5:3-т «Зовохоороо тэсвэр хатуужилтай болдог» гэжээ. Христийн дагалдагч бүрд сорилт, бэрхшээл тулгарна. Тиймээс юу ч тохиолдсон тэвчээртэй байхаар бат шийдэх хэрэгтэй. Тэгсэн цагт л найдвар биелэхийг харна. Бид Есүсийн ярьсан тариачны ёгт үлгэрт гардаг чулуурхаг хөрстэй зүйрлэм хүн байхыг хүсэхгүй. Тийм хүн эхэндээ сайн мэдээг баяртай хүлээж авдаг ч «зовлон, хавчлага тулгарахад» итгэхээ больдог (Мат. 13:5, 6, 20, 21). Мэдээж эсэргүүцэл хавчлага нь хүсээд байх зүйл биш ч тэвчээртэйгээр Еховад үйлчилсээр байвал их ач тус хүртэнэ. Ямар?

12. Сорилт, бэрхшээлийг тэвчих нь ямар ач тустай вэ?

12 Шавь Яаков сорилт, бэрхшээлийг тэвчихийн ач тусыг онцлон «Тэсвэр хатуужлын үр дүн нь төгс байг. Тэгвэл та нар бүх талаар бүрэн гүйцэд, өөгүй, юугаар ч дутагдахгүй байх юм» гэжээ (Яак. 1:2–4). Энд тэсвэр хатуужилтай байх нь тодорхой үр дүнтэйг Яаков хэлсэн. Ямар? Илүү их тэвчээртэй, итгэлтэй, Бурханд улам бүр найддаг болно. Бас өөр чухал ач тустай.

13, 14. Тэсвэр хатуужилтай байвал яах вэ? Энэ нь найдвартай ямар холбоотой вэ? (Ром 5:4).

13 Ром 5:4-ийг уншина. Тэсвэр хатуужилтай байвал «Бурхны таалалд нийцдэг» гэж Паул хэлсэн. Энэ нь зовж байгааг тань Ехова таалдаг гэсэн үг биш. Харин тэвчээртэй, үнэнч байгаа таныг хараад баярладаг гэсэн үг. Тэвчсэнээрээ Еховаг баярлуулна гэж бодохоор сайхан биш гэж үү? (Дуу. 5:12).

14 Абрахам олон сорилт, бэрхшээлийг тэвчсэнээрээ Бурхны таалалд нийцсэнийг санаарай. Ехова түүнийг анд найзаа гэж үзсэн, шударга сайнд тооцсон (Эх. 15:6; Ром 4:13, 22). Биднийг ч ялгаагүй. Ехова хэр их ажил хийдэг эсвэл хэр чухал үүрэг гүйцэтгэдгийг бус, үнэнчээр тэвчдэгийг маань анхаарч сайшаадаг. Нас сүүдэр, нөхцөл байдал, авьяас чадвараасаа үл хамааран бид бүгд тэвчээртэй байж чадна. Та яг одоо сорилт, бэрхшээлийг үнэнчээр тэвчиж байна уу? Хэрвээ тийм бол Еховаг баярлуулж байгаа гэдгээ бодоод сэтгэл тайван байгаарай. Бурхны таалалд нийцэж байгаа гэдгийг ойлговол найдвар маань улам бат болно.

БАТ НАЙДВАР

15. Паул цааш нь юу гэж хэлсэн бэ? Энэ нь зарим хүнд яагаад ойлгомжгүй санагдаж болох вэ?

15 Паулын тайлбарласнаар сорилт, бэрхшээлийг тэвчээд үнэнч байвал Еховагийн таалалд нийцнэ. Тэрбээр цааш нь юу гэж бичсэнийг анхаараарай. «Бурхны таалалд нийцдэг хүн найдвар өвөрлөдөг. Тэр найдвар талаар болохгүй гэдэгт итгэлтэй байж болно» (Ром 5:4, 5). Энэ үг зарим хүнд ойлгомжгүй санагдаж болох юм. Учир нь дээр ярилцсан Ром 5:2-т бичсэнээр, Ром дахь Христийн дагалдагчид «Бурхан [өөрсдийг нь] алдаршуулна гэдэгт найддаг» буюу найдвараа аль хэдийн өвөрлөсөн байсан. Тиймээс зарим нь: «Тэд найдвараа өвөрлөсөн байтал Паул яагаад дахин найдварын талаар хэлсэн бэ?» гэж бодож магадгүй.

Та найдвар биелнэ гэдэгт улам бат итгэж, мөн үүнийгээ бүр их эрхэмлэдэг болсон (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. Найдвар маань хэрхэн улам бат болдог вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Найдвар улам бат болдог гэдгийг бодвол Паулын хэлснийг ойлгоно. Жишээгээр бодъё. Та анх Бурхны Үгэнд байдаг гайхалтай найдварын тухай сонссоноо санаж байна уу? Диваажин дэлхий дээрээ үүрд мөнх амьдарна гэдэг нь тэр үед мөрөөдөл шиг санагдсан байх. Гэхдээ Еховагийн тухай, Библид байдаг амлалтуудын талаар мэдэж авах тусам энэ найдвар нь бодитой гэдэгт улам бүр итгэдэг болсон.

17. Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэний дараа ч найдвар тань хэрхэн улам бат болж байна вэ?

17 Өөрийгөө зориулж, баптисм хүртсэний дараа ч та Еховаг улам сайн мэдэж, түүнийг хайрладаг болж, найдвар тань улам бат болсоор ирсэн (Евр. 5:13—6:1). Ром 5:2–4-т бичсэн үгний үнэнийг та өөрийн биеэр мэдэрсэн нь дамжиггүй. Янз янзын зовлонг тэвчиж Бурхны таалалд нийцсэнээ ойлгосон байх. Ийнхүү Еховад таалагддагаа мэдэхлээр амлалт нь биелэхийг харна гэдэгт бат итгэнэ. Найдвар тань анх мэдэж авсан үеийнхээс улам бат, бодитой болсон. Тиймээс гэр бүлийнхэндээ хэрхэн хандах, ямар шийдвэр гаргах, цагаа юунд зориулах зэрэг амьдралын тань бүхий л хүрээнд нөлөөлж байгаа.

18. Ехова ямар баталгаа өгсөн бэ?

18 Бурхны таалалд нийцдэг хүний найдварын талаар Паул нэг чухал юмыг хэлсэн. Найдвар нь баттай биелнэ гэжээ. Үүнд та яагаад итгэж болох вэ? Ехова Паулыг агуу хүчээр удирдан дараах баталгааг өгсөн. «Тэр найдвар талаар болохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь Бурхан бидэнд өгдөг агуу хүчээрээ хайртайгаа мэдрүүлдэг» (Ром 5:5). Тийм ээ, таны найдвар баттай.

19. Юунд итгэлтэй байж болох вэ?

19 Ехова Абрахамд ямар амлалт өгснийг, мөн түүнийг хэрхэн сайшааж, анд нөхрөө гэж үзсэнийг санаарай. Абрахам хий хоосон юманд найдаагүй. Библид «Абрахам тэвчээртэй байсан учир Бурхан ийн амласан» гэжээ (Евр. 6:15; 11:9, 18; Ром 4:20–22). Түүний найдвар ч талаар болоогүй. Хэрэв та ч гэсэн үнэнч байвал найдвар биелэхийг харна гэдэгтээ итгэлтэй байж болно. Найдвар тань талаар болохгүй, баараггүй биелнэ гэдэг нь баярлах шалтгаан биш гэж үү? (Ром 12:12). Паул: «Найдвар хайрладаг Бурхан өөрт нь найддаг та нарыг баяр хөөр, амар тайвнаар бялхаах болтугай. Тэгвэл агуу хүчнийх нь дэмээр та нар найдвараар бялхана» гэжээ (Ром 15:13).

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Христийн дагалдагч хүн ямар найдвартайг, тэр нь биелнэ гэдэгт яагаад итгэлтэй байж болохыг энэ өгүүллээр ярилцана. Бас анх үнэнийг мэдсэн үеэс найдвар маань хэрхэн улам бат болж буйг Ром 5-р бүлгээс мэдэж авна.