СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 52
Охид бүсгүйчүүд ээ, Христийн төлөвшсөн дагалдагч болоорой
«Эмэгтэйчүүд ... биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч байх ёстой» (1 ТИМ. 3:11).
ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй
ТОЙМ a
1. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд бид яах ёстой вэ?
ХҮҮХДҮҮД их хурдан том болдгийг хараад бид үнэхээр гайхдаг. Үнэндээ тэд хар аяндаа л том болчихдог. Харин Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй (1 Кор. 13:11; Евр. 6:1). b Өөрөөр хэлбэл Еховатай маш дотно харьцаатай байх учиртай. Бурханд таалагдах хүн болж, ур чадвар эзэмшиж, ирээдүйн үүргээ сайн биелүүлэх бэлтгэлээ базаахад агуу хүчний тусламж бас хэрэгтэй (Сур. 1:5).
2. Эхлэл 1:27-гоос юу мэдэж авах вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Ехова хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн (Эхлэл 1:27-г уншина). Эрэгтэй, эмэгтэй хүн бие бялдрын хувьд ч ялгаатай, өөр бусад талаараа ч ялгаатай. Жишээлбэл Ехова аль алинд нь тодорхой үүрэг оноосон тул түүнийгээ гүйцэтгэхэд тустай зан чанар хөгжүүлж, ур чадвар эзэмших шаардлагатай (Эх. 2:18). Энэ өгүүллээр Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд охид яах хэрэгтэйг, дараагийн өгүүллээр хөвгүүд яах хэрэгтэйг тус тус ярилцана.
БУРХАНД ТААЛАГДАХ ЗАН ЧАНАР ХӨГЖҮҮЛЭХ
3, 4. Дуурайвал зохих эмэгтэйчүүдийн тухай хаанаас мэдэж болох вэ? (Бас зургийг үзээрэй).
3 Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд үйлчилж байсан гайхалтай эмэгтэйчүүдийн тухай Библид бичсэн байдаг («Библид гардаг эмэгтэйчүүдээс юу сурах вэ?» гэсэн өгүүллийг jw.org сайтаас үзээрэй). Дээр дурдсан Библийн гол зүйлд бичсэнээр тэд «биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч» хүмүүс юм. Дуурайвал зохих төлөвшсөн эмэгтэйчүүд өнөөгийн хурал дотор ч бас бий.
4 Охид оо, танай хуралд сайн жишээг нь дуураймаар санагдсан төлөвшсөн Гэрч эмэгтэй цөөнгүй байдаг биз ээ. Тэд ямар сайхан зан чанар илэрхийлдгийг ажиглаж, дараа нь хэрхэн дуурайхаа бодож үзээрэй. Дараах догол мөрүүдээс төлөвшсөн эмэгтэй болохын тулд ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэйг ярилцъя.
5. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд даруу байх нь яагаад чухал вэ?
5 Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд даруу байх нь чухал. Даруу эмэгтэй Бурхантай дотно, бусадтай сайн харьцаатай байдаг (Яак. 4:6). Жишээлбэл тэнгэрийн Эцэг Еховагаа хайрладаг эмэгтэй тэргүүллийн зарчмыг нь дуртайяа дагадаг бөгөөд хуралдаа ч, гэр бүлдээ ч хэрэгжүүлдэг (1 Кор. 11:3). c
6. Охид даруу байх талаар Ребекагаас юу мэдэж авах вэ?
6 Ребекагийн жишээг бодъё. Тэрбээр хэзээ, яахаа мэддэг, эрс шийдэмгий, ухаалаг эмэгтэй байв (Эх. 24:58; 27:5–17). Тэгээд бас дуулгавартай, бусдыг хүндэтгэдэг байсан (Эх. 24:17, 18, 65). Хэрэв та нар Ребекаг дуурайн даруу байж, Еховагийн томилсон хүмүүсийг дэмждэг бол гэр бүлдээ болон хуралдаа сайн үлгэр дуурайл болж чадна.
7. Охид Естерийг дуурайн хэрхэн даруу байх вэ?
7 Христийн төлөвшсөн дагалдагчид даруу байж хэр хэмжээгээ мэддэг байх учиртай. Библид «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж байдаг (Сур. 11:2). Естер Бурхны үнэнч, даруу үйлчлэгч байв. Тийм учраас хатан болсон хойноо ч их зан гаргаж байгаагүй. Үеэл ах Мордехаин зөвлөгөөг сонсоод дагасан (Ест. 2:10, 20, 22). Та нар ч сайн зөвлөгөө хайж, амьдралдаа хэрэгжүүлснээр даруу байж чадна (Тит 2:3–5).
8. 1 Тимот 2:9, 10-т бичсэнээр хувцас хунар, гадаад байдлаа анхаарахад даруу зан тустай гэж яагаад хэлэх вэ?
8 Естерийн даруу гэдгийг бас нэг зүйлээс мэдэж болно. Тэрбээр «бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй» мөртлөө бусдын анхаарлыг татахыг хүсдэггүй байсан (Ест. 2:7, 15). Түүний жишээ Христийн дагалдагч эмэгтэйчүүдэд ямар ач тустай вэ? Нэг ач тусыг нь 1 Тимот 2:9, 10-т бичжээ (уншина). Элч Паул Христийн дагалдагч эмэгтэйчүүдэд даруу, ухаалаг байн, зохистой хувцаслаж байхыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл тэд хувцас хунараа сонгохдоо бусдын үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг нь бодолцон хүндэтгэх учиртай. Даруу хувцасладаг төлөвшсөн эгч дүүсээрээ бид бахархдаг!
9. Абигаилын жишээнээс юу мэдэж авах вэ?
9 Христийн төлөвшсөн дагалдагч эмэгтэйчүүд бас ухаалаг байх хэрэгтэй. Ухаалаг байна гэдэг нь яахыг хэлэх вэ? Зөв бурууг ялгаж салгах, зөв шийдвэр гаргах чадвартай байхыг хэлнэ. Абигаилын жишээг бодъё. Нөхөр нь буруу шийдвэр гаргаснаас болж гэр бүлийнхнийх нь амь нас аюулд ороход Абигаил шууд арга хэмжээ авдаг. Тэрбээр ухаалаг байн тэднийгээ үхлээс аварсан (1 Сам. 25:14–23, 32–35). Мөн ухаалаг хүн хэзээ ярих, хэзээ дуугүй байхаа мэддэг. Түүнчлэн бусдад санаа тавихдаа хувийн хэрэгт нь хэтэрхий оролцдоггүй (1 Тес. 4:11).
АМЬДРАЛД ТУСТАЙ УР ЧАДВАР ЭЗЭМШИХ
10, 11. Сайн уншиж, бичдэг болбол өөрт болон бусдад ямар ач тустай вэ? (Бас зургийг үзээрэй).
10 Христийн дагалдагч эмэгтэй амьдралд тустай ур чадвар эзэмших хэрэгтэй. Охид бүсгүйчүүдийн багадаа сурсан зүйл буюу эзэмшсэн зарим чадвар амьдралынх нь турш хэрэг болно. Юу сурч болохыг ярилцъя.
11 Сайн уншиж, бичиж сураарай. Зарим улс оронд эмэгтэй хүн уншиж, бичиж сурахыг чухал биш гэж үздэг. Гэхдээ Христийн дагалдагч бүр энэ чадварыг эзэмших нь зайлшгүй чухал (1 Тим. 4:13). d Тиймээс охид та нар хэцүү санагдсан ч сайн уншиж, бичиж сураарай. Тэгвэл олон талын ач тустай. Жишээлбэл ажилд орж чадна, ажлаа ч алдахгүй. Бас Бурхны Үгийг сайн мэдэж авахаас гадна бусдад сайн зааж чадна. Хамгийн гол нь Библийг уншиж, эргэцүүлэн бодсоноороо Еховатай улам дотносно (Иош. 1:8; 1 Тим. 4:15).
12. Сургаалт үгс 31:26 бусадтай сайн харьцаатай байхад хэрхэн тус болох вэ?
12 Харьцаагаа сайжруулаарай. Христийн дагалдагчид бусадтай сайн харьцаатай байх нь чухал. Шавь Яаков энэ талаар тустай зөвлөгөө өгсөн. «Хүн бүр сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яак. 1:19). Бусдын яриаг анхааралтай сонсвол «бие биеэ гэсэн сэтгэлтэйгээ» харуулна (1 Петр 3:8). Хэрэв тухайн хүний хэлсэн үг юм уу сэтгэл санаа нь ямар байгааг сайн ойлгохгүй бол тохиромжтой асуулт асууж болно. Тэгээд юм хэлэхээсээ өмнө сайн бодоорой (Сур. 15:28). Өөрөөсөө «Миний ярих гэж байгаа юм үнэн зөв үү? Урам зориг өгөх үү? Хүндэтгэлтэй, эелдэг санагдах уу?» гэж асуугаарай. Төлөвшсөн эмэгтэйчүүд бусадтай хэрхэн харьцаж буйгаас суралцаарай (Сургаалт үгс 31:26-г уншина). Тэдний юу, хэрхэн ярьж байгааг ажиглаарай. Та нар энэ чадвараа сайжруулах тусам бусадтай илүү сайн харьцаатай болно.
13. Гэр орны ажил сурахад хэн туслах вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Гэр орны ажил сураарай. Ихэнх улс оронд голдуу эмэгтэйчүүд ар гэрийн ажлыг авч явдаг. Гэр орны ажлыг сайн хийж сурахад танай ээж юм уу хурлын ажилсаг эмэгтэйчүүд тусалж болох юм. Синди гэдэг Гэрч бүсгүй: «Ажилч хичээнгүй байвал сэтгэл хангалуун болдгийг ээж минь заасан нь миний хувьд их эрхэм зүйл юм. Хоол хийж, гэр цэвэрлэж, юм оёж, дэлгүүр явахдаа мөнгөө зөв зарцуулж сурсан минь бие дааж амьдрах болон Еховад илүү их үйлчлэхэд тус болсон. Мөн ээж минь зочломтгой байхыг заасны ачаар олон сайхан ах эгч нартай танилцаж, тэдний туршлагаас суралцсан» гэжээ (Сур. 31:15, 21, 22). Ажилсаг, зочломтгой эмэгтэйчүүд гэр бүлдээ төдийгүй хуралдаа ч их тус нэмэр болдог (Сур. 31:13, 17, 27; Үйлс 16:15).
14. Кристалын жишээнээс юу мэдэж авсан бэ? Юуг голлон анхаарах учиртай вэ?
14 Бие дааж сураарай. Үүнийг зорилгоо болгох нь Христийн бүх дагалдагчдын хувьд маш чухал (Флп. 4:11). Кристал гэдэг Гэрч эмэгтэй: «Намайг ахлах сургуульд байхад аав ээж минь амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмших хичээл сонгоход тусалсан. Нягтлан бодох бүртгэл заадаг хичээл сонгохыг аав минь зөвлөсөн нь надад их хэрэг болсон» гэжээ. Ажилд орж мөнгө олохоос гадна олсон мөнгөө зөв зарцуулж сурах нь бас нэг чадвар юм (Сур. 31:16, 18). Шаардлагагүй өр тавихаас зайлсхийн энгийн амьдарч, Еховад үйлчлэхийг голлон анхаараарай (1 Тим. 6:8).
ИРЭЭДҮЙДЭЭ БЭЛДЭХ
15, 16. Ганц бие Гэрч эмэгтэйчүүд их эрхэм гэхийн учир юу вэ? (Марк 10:29, 30).
15 Та нар Бурханд таалагдах зан чанар хөгжүүлж, хэрэгтэй ур чадвар эзэмшвэл ирээдүйдээ бэлтгэлтэй болно. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ярилцъя.
16 Нэг хэсэгтээ ганц бие байх. Зарим зан заншилд ганц бие байхыг дорд үздэг ч Есүсийн хэлсний дагуу гэрлэхгүй байхаар шийддэг эмэгтэйчүүд бий (Мат. 19:10–12). Мөн нөхцөл байдлаасаа болоод гэрлэх боломжгүй эмэгтэйчүүд ч байдаг. Харин Ехова, Есүс ганц бие үйлчлэгчдээ хэзээ ч дорд үздэггүй гэдэгт итгээрэй. Дэлхий дахинд ганц бие Гэрч эмэгтэйчүүд хурлынхандаа сайн үлгэр жишээ болдог. Тэд ах дүүдээ хайртай, чин сэтгэлээсээ санаа тавьдаг тул олон хүний эгч дүү, ээж нь болдог (Марк 10:29, 30-ийг уншина; 1 Тим. 5:2).
17. Охид бүрэн цагаар үйлчлэхийн тулд одооноос хэрхэн бэлдэх вэ?
17 Бүрэн цагаар үйлчлэх. Христийн дагалдагч эмэгтэйчүүд дэлхий дахин дахь дэлгэрүүлэх ажлын дийлэнхийг нугалдаг (Дуу. 68:11). Чи одооноос бүрэн цагаар үйлчлэх төлөвлөгөө гаргавал ямар вэ? Эхлэгч, сайн дурын барилгачин, бетелчин болох боломжтой шүү дээ. Зорилгынхоо талаар Еховад залбираарай. Ийм зорилго тавиад биелүүлсэн хүмүүстэй ярилцаж, юу хийх шаардлагатайг мэдэж аваарай. Тэгээд биелүүлж чадах төлөвлөгөө гаргаарай. Зорилгоо биелүүлснээр Еховад үйлчлэх олон сайхан боломж нээгдэнэ.
18. Гэрч бүсгүйчүүд ханиа сонгохдоо яагаад нухацтай хандах учиртай вэ? (Бас зургийг үзээрэй).
18 Гэрлэх. Энэ өгүүллээр ярилцсан зан чанар, ур чадвар нь сайн эхнэр болоход та нарт тустай. Хэрвээ гэрлэх тухай бодож байгаа бол ханиа сонгохдоо маш нухацтай хандах учиртай. Энэ нь бидний амьдралд гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Бас нэгэнт гэрлэхээр шийдвэл тэр хүн чиний тэргүүн болно гэдгийг бүү мартаарай (Ром 7:2; Эф. 5:23, 33). Тиймээс өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Тэрбээр Христийн төлөвшсөн дагалдагч уу? Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг уу? Зөв шийдвэр гаргадаг уу? Алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү? Эмэгтэйчүүдийг хүндэлдэг үү? Еховатай үргэлж дотно байхад тусалж, бие махбод болон сэтгэл санааны хэрэгцээг минь хангаж чадах уу? Үүрэг даалгавраа сайн биелүүлдэг үү? Жишээлбэл хуралд ямар үүрэг хүлээдэг, түүнийгээ хэрхэн биелүүлдэг вэ?» (Лук 16:10; 1 Тим. 5:8). Мэдээж сайн нөхөртэй болохын тулд өөрөө сайн эхнэр байх шаардлагатай.
19. «Туслагчийн» үүрэг эрхэм гэхийн учир вэ?
19 Библид сайн эхнэрийг нөхрийнхөө «туслагч» гэсэн байдаг (Эх. 2:18, ШЕ). Энэ нь эхнэр хүнийг дорд үзсэн хэрэг үү? Огтхон ч үгүй! Харин ч «туслагчийн» үүрэг маш эрхэм юм. Үнэндээ Еховаг ч Библид «туслагч» гэж нэг биш удаа дурдсан байдаг (Дуу. 54:4; Евр. 13:6). Эхнэр хүн гэр бүлийнхээ төлөө шийдвэр гаргахад нь нөхөртөө тусалж, түүнийг дэмждэг тул жинхэнэ туслагч нь юм. Бас Еховаг хайрладаг учир нөхрийнхөө нэр хүндийг унагаах юм хийдэггүй (Сур. 31:11, 12; 1 Тим. 3:11). Охид та нар Еховаг хайрлах хайраа лавшруулж, гэрийнхэндээ болон хурлынхандаа тусалдаг бол ирээдүйд эхнэрийн үүргээ сайн биелүүлж чадна.
20. Ээж хүн гэр бүлдээ хэрхэн нөлөөлөх вэ?
20 Ээж болох. Гэрлэсэн хүмүүс хүүхэдтэй болж болох юм (Дуу. 127:3). Тиймээс энэ талаар урьдчилан бодох нь ухаалаг хэрэг. Энэ өгүүллээр ярилцсан зан чанар, ур чадвар нь сайн эхнэр, ээж болоход тустай. Хайр, сайхан сэтгэл, тэвчээрийг хөгжүүлбэл гэр бүлээрээ жаргалтай байж, бас хүүхдүүд нь эх эцгийнхээ хайр халамжийг мэдэрч амар тайван байна (Сур. 24:3).
21. Бид охид бүсгүйчүүдээ хэрхэн үздэг вэ? Яагаад? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
21 Ехова болон ард түмнийх нь төлөө олон юм хийдэг охид бүсгүйчүүд та нартаа бид маш их хайртай (Евр. 6:10). Та нар Бурханд таалагдах зан чанар хөгжүүлж, өөрт болон бусдад тустай ур чадвар эзэмшиж, ирээдүйд хүлээх үүрэгтээ бэлдэхийн тулд маш их хичээж байгаа. Та нар Еховагийн байгууллагад эрдэнэ мэт үнэтэй шүү!
ДУУ 3 «Бурхан бол хайр»
a Хайрт охид бүсгүйчүүд та нар хуралд үнэт эрдэнэ мэт үнэ цэнтэй билээ. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд ямар зан чанар хөгжүүлж, ур чадвар эзэмшиж, мөн ирээдүйдээ хэрхэн бэлдэхийг мэдэж аваарай. Тэгвэл олон янзын ивээл хүртэнэ.
b ҮГНИЙ ТАЙЛБАР: Христийн төлөвшсөн дагалдагч ертөнцийн мэргэн ухаанаар бус, Бурхны агуу хүчээр удирдуулдаг. Тийм хүн Есүсийн жишээг дуурайж, Еховатай дотносохын тулд хичээж, бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг.
d Унших нь яагаад чухал болохыг jw.org сайтад буй «Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 1: Унших дуртай юу, үзэх дуртай юу?» өгүүллээс мэдэж аваарай.