Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
«Үзэл бодлоо өөрчилнө» гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ром 12:2).
Хэдхэн юмыг л сайжруулна гэсэн үг биш. Харин дотроо чухам ямар хүн бэ гэдгээ сайтар бодож, Еховагийн хэм хэмжээнд аль болох нийцүүлэхийн тулд өөрчлөх шаардлагатайгаа засаж залруулахыг хэлнэ.—хц23.01, х. 8–9.
Дэлхий даяар болж буй үйл явдлыг ажиглахдаа хэрхэн ухаалаг байх вэ?
Бид Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг сонирхон, дэлхий даяар болж буй үйл явдлуудыг ажигладаг. Ингэхдээ таамаг дэвшүүлж хурлынхнаа хагалан хуваагдахад хүргэхээс зайлсхийж, байгууллагын хэвлэлд үндэслэн ярьж байх учиртай (1 Кор. 1:10).—хц23.02, х. 16.
Есүсийн хүртсэн баптисм шавь нарынхаас нь ямар ялгаатай вэ?
Биднээс ялгаатай нь Есүс Бурханд өөрийгөө зориулах шаардлагагүй байсан. Учир нь тэрбээр израйл хүн бөгөөд израйлчууд Бурханд өөрсдийгөө зориулсан ард түмэн юм. Мөн тэрбээр нүгэлгүй, төгс учраас гэмших шаардлагагүй.—хц23.03, х. 5.
Цуглаан дээр бусдад хариулах боломж өгөхийн тулд яах вэ?
Товч хариулдаг бол бусад хүнд оролцох боломж олгоно. Бас олон утга санаа агуулсан юм ярихаас зайлсхийгээрэй. Тэгвэл бусдад хариулах юм үлдэнэ.—хц23.04, х. 23.
Исаиа 35:8-д буй «Ариун Их Зам» гэж юу вэ?
Үүгээр иудейчүүдийн Вавилоноос эх нутаг руугаа буцах замыг анх бэлгэдлийн утгаар хэлсэн. Энэхүү зам нь өнөө үеийн бидэнд ямар хамаатай вэ? 1919 он хүртэлх олон зууны турш зам бэлдэх буюу Библи орчуулж, хэвлэх зэрэг ажил явагдсан. Бурхны ард түмэн одоо бэлгэдлийн диваажинд хүргэх «Ариун Их Замаар» явж байна. Энэ замын эцэст Хаант төрийн захиргаан дор ивээл хүртэнэ.—хц23.05, х. 15–19.
Сургаалт үгс 9-р бүлэгт ямар 2 бэлгэдлийн эмэгтэйн жишээг ашиглан зөвлөгөө өгсөн бэ?
«Мунхаг эмэгтэйн» урилгаар явбал «Үхэгсдийн оронд» хүрнэ. Харин жинхэнэ «мэргэн ухааныг» бэлгэддэг эмэгтэйн урилгаар явбал «оюун ухааны зам» болон аминд хүрнэ (Сур. 9:1, 6, 13, 18).—хц23.06, х. 22–24.
Бурхан даруу, уян хатан гэдэг нь Лоттой харьцсанаас хэрхэн харагдсан бэ?
Содомоос гарч, уулархаг нутаг руу зугт гэж Ехова Лотод зааварласан. Харин Лот тийшээ биш, Зоар луу явахыг гуйхад тэрбээр зөвшөөрчээ.—хц23.07, х. 21.
Нөхөр нь порно үздэг бол эхнэр хүн яах вэ?
Өөрийгөө буруутгах ёсгүйгээ санаж, Еховатай тогтоосон харилцаагаа анхаарах учиртай. Зовсон үедээ Еховад найдаад тайвширсан эмэгтэйчүүдийн түүхийг Библиэс уншаад эргэцүүлэн бодох нь бас тустай. Порно үзэхэд хүргэх нөхцөлөөс зайлсхийхэд нь та ханьдаа тусалж чадна.—хц23.08, х. 14–17.
Итгэл үнэмшлийг маань шүүмжлэхэд хэрсүү хүн дөлгөөн байж чадна гэхийн учир юу вэ?
Хэн нэгэн хүн асуулт асуух юм уу эсвэл шүүмжилбэл үзэл бодлыг нь болон юунд санаа зовж буйг нь мэдэх боломж гэж үзээрэй. Тэгвэл хариулахдаа дөлгөөн байж чадна.—хц23.09, х. 17.
Хүчтэй болох талаар Мариагаас юу мэдэж авах вэ?
Мессиагийн ээж болно гэдгээ мэдсэн Мариа бусдын тусламжийг авч хүчтэй болсон. Габриел Елизабет нар Сударт үндэслэн түүнийг зоригжуулсан. Бид ч итгэл нэгтнүүдийнхээ тус дэмээр хүчтэй болж чадна.—хц23.10, х. 15.
Биднийг залбирахад Ехова яах вэ?
Тэрбээр залбирлыг маань сонсохоо амладаг, бас санаа зорилготойгоо нийцэж байгаа эсэхийг боддог (Иер. 29:12). Мөн ижил гуйлтад өөрөөр хариулж болох ч үргэлж бидэнд тусална.—хц23.11, х. 21–22.
Ром 5:2-т найдварын тухай гардаг ч 4-р зүйлд яагаад дахин дурдсан бэ?
Сайн мэдээг анх сонссон хүн диваажин дэлхийд сайхан амьдрах найдвар байдгийг мэдэж авдаг. Гэхдээ зовлон амсаж, тэвчиж, Бурхны таалалд нийцсэнээ мэдэхээрээ найдвар нь улам бат, бодитой болдог.—хц23.12, х. 12–13.