Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 53

Хөвгүүд ээ, Христийн төлөвшсөн дагалдагч болоорой

Хөвгүүд ээ, Христийн төлөвшсөн дагалдагч болоорой

«Хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул» (Х.ДЭЭД 2:2).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ a

1. Христийн дагалдагч эрэгтэй яавал амжилтад хүрэх вэ?

 ДАВИД хаан Соломонд «Хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул» гэж хэлжээ (Х.дээд 2:1–3). Христийн дагалдагч эрчүүд өнөөдөр энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх нь чухал. Тэд Бурхны хууль тушаалыг дагаж, Библийн зарчмыг амьдралынхаа бүх хүрээнд хэрэгжүүлдэг бол амжилтад хүрнэ (Лук 2:52). Хөвгүүд Христийн төлөвшсөн дагалдагч болох нь яагаад чухал вэ?

2, 3. Хөвгүүд төлөвшсөн дагалдагч болох нь яагаад чухал вэ?

2 Христийн дагалдагч эрчүүд гэр бүлдээ болон хуралдаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүд та нар ирээдүйд ямар үүрэг хүлээж болохыг бодож байсан нь гарцаагүй. Бүрэн цагийн үйлчлэгч, туслах үйлчлэгч, хожим нь ахлагч болох зорилготой байж болох юм. Бас гэрлэж, хүүхэдтэй болохыг боддог ч байж магадгүй (Эф. 6:4; 1 Тим. 3:1). Эдгээр зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд төлөвших хэрэгтэй. b

3 Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд яах вэ? Хөгжүүлэх хэрэгтэй олон чухал ур чадвар бий. Тиймээс одооноос бэлтгэлээ хэрхэн базааж, ирээдүйд хүлээх үүргээ амжилттай биелүүлэх вэ?

ХРИСТИЙН ТӨЛӨВШСӨН ДАГАЛДАГЧ БОЛОХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

Гайхалтай зан чанар илэрхийлдэг Есүсийг дуурайх нь төлөвшихөд тустай (4-р догол мөрийг үзээрэй)

4. Үлгэр жишээч хүмүүсийг хаанаас олох вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Үлгэр жишээч хүмүүсийг дуурайх. Хүүхэд залууст сайн үлгэр жишээ болох хүмүүс Библид олон гардаг. Эрт үед амьдарч байсан энэ эрчүүд Бурхныг хайрлаж, ард түмэнд нь санаа тавин янз бүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Мөн танай гэр бүл, хуралд үлгэр жишээч төлөвшсөн эрчүүд байдаг нь дамжиггүй (Евр. 13:7). Түүнчлэн төгс жишээ үлдээсэн нэгэн бол Есүс Христ юм (1 Петр 2:21). Тэдний тухай нарийвчлан үзэхдээ ямар гайхалтай зан чанар илэрхийлснийг анхаараарай (Евр. 12:1, 2). Тэгээд хэрхэн дуурайхаа бодоорой.

5. Хэрхэн хэрсүү ухаантай болох вэ? Энэ нь яагаад чухал вэ? (Дуулал 119:9).

5 «Хэрсүү ухааныг» хөгжүүлж, «сахих» (Сур. 3:21). Хэрсүү ухаантай хүн үйлдэл хийхээс өмнө няхуур боддог. Та нар ийм чадвартай болохын тулд хичээгээрэй. Яагаад? Энэ ертөнцийн хүүхэд залуусын ихэнх нь үзэл бодолдоо хөтлөгдөх юм уу эсвэл сэтгэл хөдлөлөөрөө аливаа юмыг шийддэг (Сур. 7:7; 29:11). Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ тэдэнд хүчтэй нөлөөлдөг байж болох юм. Тэгвэл хэрхэн хэрсүү ухаантай хүн болох вэ? Юуны түрүүнд Библийн зарчмуудыг судалж, тэдгээр нь яагаад ач тустайг эргэцүүлэн бодоорой. Дараа нь Еховад таалагдах шийдвэр гаргахын тулд зарчмуудыг хэрэгжүүлээрэй (Дуулал 119:9-ийг уншина). Хэрэв ийм чадварыг хөгжүүлж чадвал Христийн төлөвшсөн дагалдагч болох чухал алхам хийлээ гэсэн үг (Сур. 2:11, 12; Евр. 5:14). Хэрсүү ухаантай байх нь 1) Гэрч эмэгтэйчүүдтэй харьцахад, 2) гадаад байдалдаа анхаарахад ямар ач тустайг бодъё.

6. Хэрсүү ухаантай Гэрч залуу итгэл нэгт эмэгтэйг хүндэлдгээ хэрхэн харуулах вэ?

6 Хэрсүү ухаантай хүн эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг. Гэрч эрэгтэй итгэл нэгт эмэгтэйгээ сонирхох нь байх л зүйл. Үүнд буруу юм байхгүй. Гэхдээ түүнтэй гэрлэх бодолгүй бол хайрын өнгө аястай юм хэлэх, бичих, үүнийгээ илэрхийлсэн үйлдэл хийх ёсгүй (1 Тим. 5:1, 2). Хэрэв үерхэж байгаа бол бараа болох хүнгүйгээр хоёулхнаа байн, эмэгтэйн нэр хүндийг унагаах ёсгүй (1 Кор. 6:18).

7. Залуус хэрсүү ухаантай бол гадаад байдалдаа анхаарч, зохистой хувцасладаг гэхийн учир юу вэ?

7 Мөн хэрсүү ухаантай залуус гадаад байдалдаа анхаарч, зохистой хувцасладаг. Хувцасны загварын чиг хандлагыг гол төлөв Еховаг хүндэлдэггүй, ёс журамгүй амьдралтай хүмүүс тодорхойлж, сурталчилдаг. Тиймээс залуус хэт бариу юм уу эрэгтэй хүнийг эмэгтэй шиг харагдуулах хувцас өмсдөг болсон. Харин Христийн төлөвшсөн дагалдагч болохыг зорьж буй залуус юу өмсөхөө сонгохдоо Библийн зарчмыг баримталж, хурлынхаа үлгэр жишээч хүмүүсийг дуурайдаг. Та нар өөрөөсөө «Хүмүүс юу өмсөж зүүснийг минь хараад бусдыг хүндэтгэдэг, ухаалаг хүн гэж дүгнэх үү? Хэрхэн хувцасласнаас минь Бурханд өөрийгөө зориулсан хүн гэдэг нь илэрхий байдаг уу?» гэж асуугаарай (1 Кор. 10:31–33; Тит 2:6). Хэрсүү ухаантай залуус ах дүүсийнхээ төдийгүй тэнгэрийн Эцгийнхээ хүндэтгэлийг хүлээнэ.

8. Залуус хэрхэн итгэл даасан хүн болох вэ?

8 Итгэл даасан хүн байх. Итгэл даасан залуус үүрэг даалгавраа чамбай биелүүлдэг (Лук 16:10). Төгс жишээ үзүүлсэн Есүсийг бодъё. Тэрбээр хэзээ ч хайхрамжгүй, хариуцлагагүй байгаагүй. Еховагийн өгсөн бүх даалгаврыг, бүр хүнд хэцүүг нь ч биелүүлсэн. Хүмүүсийг, ялангуяа шавь нараа хайрладаг байсан учир тэдний төлөө дуртайяа амиа өгсөн (Ёох. 13:1). Та нар ямар ч даалгавар аваад биелүүлэхдээ Есүсийг дуурайн хичээл зүтгэлтэй байгаарай. Яаж биелүүлэхээ сайн мэдэхгүй бол даруу байж, төлөвшсөн эрчүүдээс тусламж гуйгаарай. Биеэ бүү нөөгөөрэй (Ром 12:11). «Хүний төлөө биш, Еховагийн төлөө» гэж бодоод даалгавраа биелүүлээрэй (Кол. 3:23). Та нар бусдын адил төгс бус учир даруу байж, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаарай (Сур. 11:2).

АМЬДРАЛД ТУСТАЙ УР ЧАДВАР ЭЗЭМШИХ

9. Хүүхэд залуус яагаад амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмших хэрэгтэй вэ?

9 Төлөвшсөн дагалдагч болохын тулд амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмших шаардлагатай. Ингэвэл хуралд үүрэг даалгавар биелүүлж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах ажилтай болж, бусадтай сайхан харилцаатай байна. Энэ талаар зарим зүйлийг ярилцъя.

Сайн уншиж, бичиж сурвал өөрт болон хуралд ач тустай (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10, 11. Сайн уншиж, бичиж сурвал өөрт болон хуралд ямар ач тустай вэ? (Дуулал 1:1–3). (Бас зургийг үзээрэй).

10 Сайн уншиж, бичиж сураарай. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргадаг хүн аз жаргалаар бялхаж, амжилттай явдгийг Библид бичсэн байдаг (Дуулал 1:1–3-ыг уншина). Библийг өдөр бүр уншдаг бол Еховагийн үзэл бодлыг мэдэж авна. Ингэснээр саруул ухаанаар сэтгэж, Судраас мэдэж авснаа хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоно (Сур. 1:3, 4). Ийм эрчүүд хуралд хэрэгтэй. Яагаад?

11 Ах дүүст маань Библид үндэслэсэн заавар, зөвлөгөө өгдөг чадварлаг эрчүүд хэрэгтэй (Тит 1:9). Хэрэв та нар сайн уншиж, бичдэг бол цуглаан дээр итгэл батжуулам хариулт өгч, илтгэл бэлдэж чадна. Бас бие даан судлахдаа болон цуглаан, чуулгануудад тавьсан илтгэлийг сонсоод гол санааг нь тэмдэглэж чадна. Ийм тэмдэглэлийн ачаар та нарын итгэл батжиж, бусдыгаа ч урамшуулна.

12. Харьцаагаа сайжруулахын тулд яах вэ?

12 Харьцаагаа сайжруулаарай. Христийн дагалдагч эрэгтэй бусадтай сайн харьцахыг сурах ёстой. Харьцаа сайтай хүн бусдыг сайн сонсож, бас үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг нь ойлгодог (Сур. 20:5). Хүний дууны өнгө, нүүрний хувирал, дохио зангааг мэдэрдэг. Та нар хүмүүстэй уулзаж, харьцдаггүй бол эдгээрийг сурч чадахгүй. Хэрвээ э-мэйл, мессеж бичих зэргээр дандаа ухаалаг төхөөрөмж ашигладаг бол харьцах чадвар сайжрахгүй. Тиймээс хүмүүстэй биечлэн уулзаж, харьцаж байгаарай (2 Ёох. 12).

Ажилд ороход хэрэгтэй ур чадвар эзэмших нь сайн (13-р догол мөрийг үзээрэй)

13. Хөвгүүд өөр юу сурах хэрэгтэй вэ? (1 Тимот 5:8). (Бас зургийг үзээрэй).

13 Хэрэгцээгээ хангаж сураарай. Төлөвшсөн эрчүүд өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангаж чаддаг байх ёстой (1 Тимот 5:8-ыг уншина). Зарим улс оронд хөвгүүд ааваараа юм уу хамаатнаараа заалгаад ямар нэг ажлын ур чадвартай болдог. Өөр зарим улсад хөвгүүд ахлах сургуульд байхдаа ямар нэгэн мэргэжлийн ур чадвар эзэмшээд төгсдөг. Аль нь ч бай энэ нь ажилд ороход хэрэгтэй (Үйлс 18:2, 3; 20:34; Эф. 4:28). Хөдөлмөрч байж, эхэлсэн ажлаа дуусгадаг бол хүмүүс анзаарч та нарыг өндөр үнэлнэ. Ийм хүн ажилд ороод зогсохгүй ажлаа алдахгүй. Энэ өгүүллээр үзсэн зан чанар, ур чадвар нь Христийн дагалдагч залуус ирээдүйд хүлээх үүрэгтээ бэлдэхэд бас тустай. Зарим үүргийн талаар одоо ярилцъя.

ИРЭЭДҮЙДЭЭ БЭЛДЭХ

14. Хүүхэд залуус бүрэн цагийн үйлчлэгч болоход хэрхэн бэлдэх вэ?

14 Бүрэн цагаар үйлчлэх. Төлөвшсөн олон эрэгтэй бага залуугаасаа бүрэн цагаар үйлчилж эхэлсэн. Залуус эхлэгчээр үйлчлэхээр янз бүрийн хүмүүстэй хамтарч ажиллахыг сурдаг. Бас олсон мөнгөө зөв зарцуулж сурна (Флп. 4:11–13). Бүрэн цагаар үйлчлэхийн тулд эхлээд туслах эхлэгчээр үйлчлэх нь сайн. Олон хүн хэсэг хугацаанд туслах эхлэгчээр үйлчилж байгаад байнгын эхлэгч болдог. Ийнхүү эхлэгчээр үйлчилбэл байгууллагын барилгын ажилд оролцох, бетелчин болох зэрэг бүрэн цагаар үйлчлэх үүд хаалга нээгддэг.

15, 16. Хүүхэд залуус туслах үйлчлэгч юм уу ахлагч болохын тулд яах вэ?

15 Туслах үйлчлэгч юм уу ахлагч болох. Христийн дагалдагч эрчүүд ахлагч болж хурлынхаа ах дүүстээ үйлчлэх зорилго тавих нь зүйтэй. Ийм эрчүүд «сайн ажлыг хүсдэг» гэж Библид бичжээ (1 Тим. 3:1). Ахлагч болохоос өмнө Гэрч эрэгтэй шаардлага хангаж туслах үйлчлэгч болох ёстой. Ахлагчдыг хурлынхандаа санаа тавихад туслах үйлчлэгчид дэмжиж ажилладаг. Ахлагч, туслах үйлчлэгчийн аль аль нь даруу байн итгэл нэгтнүүддээ үйлчилж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Залуус шаардлага хангавал, бүр 17–19 настайдаа ч туслах үйлчлэгч болох боломжтой. Сайн үйлчилдэг туслах үйлчлэгчийг 20 настай байсан ч ахлагчаар томилж болох юм.

16 Хэрхэн туслах үйлчлэгч, дараа нь ахлагч болох вэ? Библид хангах ёстой шаардлагуудыг бичсэн бөгөөд тэдгээр нь Еховаг, гэр бүлээ, хурлынхныгаа хайрлах хайранд үндэслэсэн байдаг (1 Тим. 3:1–13; Тит 1:6–9; 1 Петр 5:2, 3). Шаардлагуудыг нэг бүрчлэн ойлгохыг хичээгээрэй. Мөн тэдгээрийг хангахын тулд Еховагаас тусламж гуйгаарай. c

Ехова нөхөр хүнээс эхнэр хүүхдээ хайрлаж, бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээг нь хангаж, юуны түрүүнд өөртэй нь дотно байхад туслахыг хүсдэг (17-р догол мөрийг үзээрэй)

17. Нөхөр, өрхийн тэргүүн болоход хэрхэн бэлдэх вэ? (Бас зургийг үзээрэй).

17 Нөхөр, өрхийн тэргүүн болох. Төлөвшсөн зарим эрэгтэй ганц бие байхаар шийддэгийг Есүс хэлсэн (Мат. 19:12). Гэхдээ гэрлэхээр шийдвэл нөхөр, өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ (1 Кор. 11:3). Ехова нөхөр хүнээс эхнэрээ хайрлаж, өөртэй нь дотно байхад тусалж, бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээг нь хангахыг хүсдэг (Эф. 5:28, 29). Хэрсүү ухаантай байх, эмэгтэйчүүдийг хүндлэх, итгэл даах зэрэг дээр дурдсан зан чанар болон ур чадвар нь сайн хань байхад та нарт тусална. Тийнхүү нөхөр, өрхийн тэргүүний үүргийг сайн биелүүлэх бэлтгэл хангана.

18. Аав болоход хэрхэн бэлдэх вэ?

18 Аав болох. Гэрлэсний дараа аав болж болох юм. Сайн аав болох талаар Еховагаас юу сурах вэ? Олон юм бий (Эф. 6:4). Ехова хүү Есүсээ хайрладаг, сайшаадгаа чөлөөтэй хэлдэг байсан (Мат. 3:17). Хэрэв чи аав болбол хайрладаг гэдгээ хүүхдүүддээ тогтмол хэлж байхаа бүү мартаарай. Сайн үйлсийг нь дуртайяа магтаж байгаарай. Еховаг дуурайдаг аавууд охид, хөвгүүдээ Христийн төлөвшсөн дагалдагч болоход нь тусалдаг. Хөвгүүд та нар одооноос гэр бүлийнхэн болон хурлынхандаа хайрын сэтгэлээр санаа тавьж, бас тэдэндээ хайртайгаа, талархдагаа хэлж сураарай (Ёох. 15:9). Тэгвэл ирээдүйд нөхөр, аавын үүргийг сайн биелүүлж чадна. Ийнхүү та нар Ехова, гэр бүл, хурлынхандаа их эрхэм хүмүүс нь болно.

ОДООНООС ЮУ ХИЙХ ВЭ?

Судраас заалгаж, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлсэн олон хөвгүүд Христийн төлөвшсөн дагалдагч болсон (19, 20-р догол мөрийг үзээрэй)

19, 20. Яавал Христийн төлөвшсөн эрчүүд болох вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

19 Хөвгүүд ээ, та нар Христийн төлөвшсөн дагалдагч хар аяндаа болчихгүй. Дуурайх сайн жишээг олж, хэрсүү ухааныг хөгжүүлж, итгэл даасан хүн болж, амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмшиж, ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй.

20 Ирээдүйд юу хийх ёстойгоо бодвол заримдаа дааж давшгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ та нар чадна. Ехова туслахыг маш их хүсдэгийг санаарай (Ис. 41:10, 13). Бас хурлын ах дүүс туслах нь мэдээж. Еховагийн хүслийн дагуух хүн болбол аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна. Залуус аа, бид та нарт хайртай! Христийн төлөвшсөн дагалдагч болохыг хичээж байгаа та нарыг Ехова арвин ихээр ивээх болтугай! (Сур. 22:4).

ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!

a Хурлуудад төлөвшсөн эрчүүд их хэрэгтэй. Хөвгүүд та нар хэрхэн Христийн төлөвшсөн дагалдагч болохыг энэ өгүүллээр ярилцъя.

b Өмнөх өгүүлэлд буй «Үгний тайлбар»-ыг үзнэ үү.

c «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 5, 6-р бүлгийг үзээрэй.