СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50
Шударга сайн хүн итгэж, итгэлийнхээ дагуу үйлддэг
«[Абрахам] шиг итгэдэг, итгэлийнхээ дагуу үйлддэг» (РОМ 4:12).
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
ТОЙМ a
1. Бат итгэлтэй Абрахамын тухай бодвол ямар асуулт гарах вэ?
ОЛОН хүн Абрахамын нэрийг сонссон ч түүний талаар бараг юм мэддэггүй. Харин та сайн мэддэг. Жишээ нь Абрахамыг «итгэдэг ... бүх хүний эцэг» гэдгийг мэднэ (Ром 4:11). Гэхдээ «Би бас Абрахам шиг итгэж, итгэлийнхээ дагуу үйлдэж чадах болов уу?» гэж бодож болох юм. Тийм ээ, та чадна.
2. Абрахамын жишээг судлах нь яагаад чухал вэ? (Яаков 2:22, 23).
2 Абрахам шиг итгэлтэй болъё гэвэл жишээг нь судлах хэрэгтэй. Тэрбээр Бурхны тушааснаар хол газар луу нүүж, олон арван жил майханд амьдарч, хайрт хүү Исаакаа ч золиослоход бэлэн байв. Ийнхүү бат итгэлтэйгээ харуулсан. Абрахам итгэж, итгэлийнхээ дагуу үйлддэг байсан учраас Бурханд сайшаагдаж, анд нөхөр нь болох ивээл хүртсэн (Яаков 2:22, 23-ыг уншина). Ехова биднийг, таныг ч ийм ивээл хүртээсэй гэж хүсдэг. Тийм ч учраас Абрахамын жишээг Паул Яаков хоёроор бичүүлж үлдээсэн. Ром 4-р болон Яаков 2-р бүлэгт байдаг түүний жишээг одоо судалъя. Аль аль нь «Эхлэл» номоос Абрахамын итгэлийн талаар нэг чухал зүйлийг эш татжээ.
3. Паул Яаков хоёрын аль аль нь ямар үгийг эш татсан бэ?
3 Паул Яаков хоёр хоёулаа Эхлэл 15:6-д бичсэн «[Абрахам] Ехова Бурханд итгэсэнд Бурхан түүнийг үнэнч шударга [шударга сайн] гэж тооцов» гэснийг эш татсан. Шударга сайн хүн гэдгээр Бурхны сайшаалыг хүртсэн, бүр гэм зэмгүй гэж үзсэн хүнийг хэлдэг. Төгс бус хүнийг гэм зэмгүй гэж үзнэ гэхээр гайхалтай биш гэж үү? Бид ч Бурханд ийнхүү тооцогдохыг хүсдэг. Энэ нь ч боломжтой. Яаж? Үүний хариуг мэдэхийн тулд Бурхан Абрахамыг яагаад шударга сайнд тооцсоныг одоо ярилцъя.
ШУДАРГА САЙНД ТООЦОГДОХОД ИТГЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
4. Хүн шударга сайнд тооцогдох амаргүйн учир юу вэ?
4 Паул Ром дахь Христийн дагалдагчдад илгээсэн захидалдаа бүх хүн нүгэлтэй гэж бичжээ (Ром 3:23). Хэрэв тийм бол хүн хэрхэн Бурханд гэм зэмгүй буюу шударга сайнд тооцогдон сайшаалыг нь хүртэх вэ? Үүнийг чин сэтгэлтэй дагалдагчдад ойлгуулахын тулд Паул Абрахамын жишээг ярьсан.
5. Ехова яагаад Абрахамыг шударга сайнд тооцсон бэ? (Ром 4:2–4).
5 Канаан нутагт амьдарч байхад нь Бурхан Абрахамыг шударга сайн хүн гэж үзжээ. Яагаад? Мосегийн хуулийг ягштал сахидаг байсан учраас уу? Үгүй ээ (Ром 4:13). Энэ явдлаас хойш 400 жилийн дараа л Ехова израйлчуудад хууль өгсөн. Тэгвэл яагаад шударга сайн хүн гэсэн юм бол? Абрахам өөрт нь бат итгэсэн учраас энэрэнгүй сэтгэлтэй Ехова түүнийг шударга сайнд тооцсон (Ром 4:2–4-ийг уншина).
6. Ехова нүгэлтэй хүнийг хэрхэн шударга сайнд тооцох вэ?
6 Паул цааш нь бичихдээ, өөрт нь итгэдэг хүнийг Бурхан «итгэлээр нь шударга сайнд тооцдог» гэжээ (Ром 4:5). Тэгээд ийнхүү бичсэн. «Хуулийг чанд сахиагүй ч шударга сайн гэж тооцогддог хүн жаргалтай байдаг талаар Давид: “Хууль бус явдал нь уучлагдсан, нүгэл нь далдлагдсан хүн жаргалтай. Ехова хэний нүглийг бүрмөсөн мартана, тэр хүн жаргалтай” хэмээн бичсэн» (Ром 4:6–8; Дуу. 32:1, 2). Ехова итгэлтэй хүний нүглийг далдлах буюу уучилж бүрмөсөн мартана. Тиймээс итгэлд нь үндэслэн гэм зэмгүй буюу шударга сайн гэж үздэг.
7. Бурхан үнэнч үйлчлэгчдээ гэм зэмгүй гэж үзсэн нь ямар учиртай вэ?
7 Абрахам, Давид болон бусад үнэнч үйлчлэгч Бурханд шударга сайн гэж тооцогдсон ч төгс бус, нүгэлтэй хэвээрээ байсан. Гэхдээ итгэсэн учраас Ехова тэднийг итгэлгүй хүмүүстэй харьцуулан гэм зэмгүй гэж үзсэн (Эф. 2:12). Паул захидалдаа Бурхантай дотносоход итгэл зайлшгүй хэрэгтэйг онцолжээ. Абрахам Давид хоёр итгэлийнхээ ачаар Бурхантай дотноссоны адилаар бид ч ийнхүү дотносно.
ИТГЭЛ, ҮЙЛС ХООРОНДОО ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?
8, 9. Зарим хүн Паул Яаков хоёрын бичсэнийг хэрхэн буруу ойлгодог вэ? Яагаад?
8 Христ шашныхан олон зууны турш итгэл, үйлс хоорондоо ямар холбоотойн талаар ширүүн маргалдаж ирсэн. Зарим санваартан Эзэн Есүс Христэд л итгэвэл аврагдана гэж заадаг. «Есүст итгэ, тэгвэл аврагдана» гэдэг үгийг та ч сонссон байх. Тэд Паулын «үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон» гэж хэлснийг үндэс болгодог байж болох юм (Ром 4:6, АББН, 2004). Өөр зарим нь өөрсдийнх нь ариун гэдэг газарт очих юм уу сайн гэж тооцдог үйлсийг хийвэл аврагдана гэж үздэг. Тэд Яаков 2:24-т байдаг «Хүн дан ганц итгэлээр бус, үйлсээр шударга сайнд тооцогддог» гэсэн үгийг баримталдаг байж магадгүй.
9 Тиймээс Библийн зарим судлаач итгэл, үйлсийн талаар Паул Яаков хоёрын бичсэн зүйл хоорондоо зөрчилддөг гэж дүгнэжээ. Зарим санваартны үздэгээр Паул Бурханд сайшаагдахын тулд дан ганц итгэл хэрэгтэй гэж итгэдэг бол, харин Яаков сайн үйл чухал үүрэгтэй гэж итгэдэг. Энэ талаар нэг шашин судлаач: «Хүн үйлсээр биш, зөвхөн итгэлээр [шударга сайнд тооцогдоно] гэж Паулын хэлснийг Яаков ойлгоогүй» гэжээ. Гэхдээ Ехова Паулыг ч, Яаковыг ч агуу хүчээрээ удирдсан (2 Тим. 3:16). Тэгэхээр тэдний хэлсэн үг хоорондоо зөрчилдөх ёсгүй. Хам сэдвийг нь судалбал зөрчилддөггүй гэдгийг нь амархан тайлбарлах боломжтой.
10. Паул ямар «үйлсийн» талаар хэлсэн бэ? (Ром 3:21, 28). (Бас зургийг үзээрэй).
10 Ром 3, 4-р бүлэгт Паул ямар «үйлсийн» тухай хэлсэн бэ? Израйлчуудад өгсөн Мосегийн «хуульд заасныг сахих» тухай хэлсэн (Ром 3:21, 28-ыг уншина). Хууль сахих шаардлагагүй болсныг хүлээн зөвшөөрөх нь тэр үеийн иудей зарим дагалдагчид хэцүү байсан. Тиймээс Паул «хуульд заасныг сахиснаар» бус, итгэлээр Бурханд шударга сайн гэж тооцогдох боломжтойг Абрахамын жишээг татан тайлбарласан. Энэ нь бидэнд их урам өгдөг. Яагаад гэвэл бид ч Бурхан болон Христэд итгэснээрээ Бурхны сайшаалыг хүртэнэ.
11. Яаков ямар «үйлсийн» тухай хэлсэн бэ?
11 Харин Яаков 2-р бүлэгт гардаг «үйлс» нь Паулын хэлсэн «хуульд заасныг сахихыг» хэлээгүй. Тэнд Христийн дагалдагч хүний өдөр тутмын үйл хэргийг хэлжээ. Үүнээс Бурханд жинхэнэ ёсоор итгэдэг эсэх нь харагдана. Энэ талаар Яаковын татсан 2 жишээг ярилцъя.
12. Итгэл, үйлс хоорондоо холбоотойг Яаков хэрхэн тайлбарласан бэ? (Бас зургийг үзээрэй).
12 Яаков эхний жишээгээрээ Христийн дагалдагч хүн хэнийг ч алаг үзэх ёсгүйг ойлгуулсан. Тэрбээр баян хүнд тал засаж, ядуу хүнийг дорд үздэг нэгэн хүний тухай ярьсан. Тэр хүн өөрийгөө итгэлтэй гэж хэлэх ч хэлснийг нь батлах үйлс байхгүй (Яак. 2:1–5, 9). Хоёр дахь жишээндээ «өмсөх хувцасгүй, өлөн зэлмэн» байгаа ах дүүстээ бодит тусламж үзүүлээгүй хүнийг дурдсан. Тэрбээр өөрийгөө итгэлтэй гэх ч итгэлийг нь батлах үйлсгүй. Яаковын хэлснээр «итгэлээ үйлсээр баталдаггүй хүний итгэл үхмэл юм» (Яак. 2:14–17).
13. Итгэлээ үйлсээрээ батлахын чухлыг Яаков хэний жишээгээр тайлбарласан бэ? (Яаков 2:25, 26).
13 Яаков Рахабыг итгэлээ үйлсээрээ баталсан хүний жишээ болгон дурдсан (Яаков 2:25, 26-г уншина). Рахаб Еховагийн тухай сонсож, өөрийн ард түмэн болох израйлчууддаа тусалдаг гэдэгт нь итгэжээ (Иош. 2:9–11). Тэгээд амь нас нь аюулд орсон 2 израйл туршуулыг аварч итгэлээ үйлсээрээ харуулсан. Ийнхүү төгс бус, харь эмэгтэй Абрахамын адилаар шударга сайнд тооцогдсон. Энэ жишээ итгэлээ үйлсээрээ батлахын чухлыг харуулдаг.
14. Паул Яаков хоёрын хэлсэн үг хоорондоо зөрчилддөггүй гэхийн учир юу вэ?
14 Паул Яаков хоёр итгэл, үйлсийг өөр өөр талаас нь тайлбарласан. Паул иудей дагалдагчдад Мосегийн хуулийг л сахиснаар Бурхны сайшаалыг хүртэхгүй гэдгийг ойлгуулж, Яаков Христийн бүх дагалдагч бусдад сайныг үйлдэж итгэлээ үйлсээр батлахын чухлыг тайлбарласан.
15. Итгэлээ үйлсээрээ батлах ямар ямар арга байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Шударга сайнд тооцогдохын тулд Абрахамын хийснийг л хийх ёстой гэж Ехова шаарддаггүй. Итгэлээ үйлсээрээ батлах олон арга бий. Жишээлбэл хуралд шинээр ирсэн хүмүүсийг найрсгаар угтаж, хэрэгцээтэй юмаар дутагдаж буй итгэл нэгтэндээ тусалж, гэрийнхэндээ санаа тавьдаг бол Бурхны сайшаал, ивээлийг хүртэнэ (Ром 15:7; 1 Тим. 5:4, 8; 1 Ёох. 3:18). Сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэх нь итгэлээ батлах хамгийн чухал арга юм (1 Тим. 4:16). Бид бүгдээрээ Еховагийн амлалт биелнэ гэдэгт, бас аливаа юмыг хийх арга нь хамгийн сайн гэдэгт итгэдгээ үйлсээрээ харуулж чадна. Ийнхүү бид Еховад шударга сайн гэж тооцогдож, анд нөхөр нь болно гэдэгт бат итгэдэг.
НАЙДВАРАА АНХААРВАЛ ИТГЭЛ БАТАЖНА
16. Абрахамыг итгэлтэй байхад найдвар хэрхэн нөлөөлсөн бэ?
16 Абрахамаас сурч болох бас нэг чухал юмыг Ром 4-р бүлэгт бичжээ. Тэр нь найдвараа анхаарах юм. Ехова Абрахамаар дамжуулан «олон үндэстнийг» ивээнэ гэж амласан. Ямар гайхалтай найдвар вэ! (Эх. 12:3; 15:5; 17:4; Ром 4:17). Гэхдээ Абрахам 100, Сара 90 хүрсэн ч Еховагийн амласан хүү нь төрөөгүй байв. Тэд хүүхэдтэй болно гэдэг нь боломжгүй мэт санагдахаар байлаа. Ийнхүү Абрахамын итгэл соригдсон. Харин тэрбээр «найдсан бөгөөд ... олон үндэстний эцэг болно гэдэгт итгэсэн» (Ром 4:18, 19). Эцэст нь найдаж байсан зүйл нь ч биелж, хүсэн хүлээсэн хүү Исаак нь төрсөн (Ром 4:20–22).
17. Бид Бурханд шударга сайн гэж тооцогдож, анд нөхөр нь болж чадна гэдгийг хаанаас мэдэх вэ?
17 Бид Абрахамын адилаар Бурхны сайшаалыг хүртэн шударга сайнд тооцогдож, анд нөхөр нь болох боломжтой. Энэ талаар Паул ийн бичжээ. «“Түүнийг шударга сайнд тооцсон” гэж бичсэн нь зөвхөн [Абрахамын] төлөө биш, бас бидний төлөө юм. Биднийг ч шударга сайнд тооцно. Яагаад гэвэл, Эзэн Есүсийг амилуулсан тэр Нэгэнд бид итгэдэг» (Ром 4:23, 24). Бид Абрахам шиг итгэж, итгэлийнхээ дагуу үйлдэж, бас найдвараа анхаарах хэрэгтэй. Паул Ром 5-р бүлэгт найдварын тухай үргэлжлүүлэн юу бичсэнийг бид дараагийн өгүүллээр ярилцана.
ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!
a Бид Бурханд сайшаагдаж, шударга сайн хүн гэж тооцогдохыг хүсдэг. Энэ өгүүллээр Паул Яаков хоёрын бичсэнийг судлаад Бурханд шударга сайн гэж тооцогдох боломжтойг, бас түүний сайшаалыг хүртэхийн тулд итгэж, итгэлийнхээ дагуу үйлддэг байх хэрэгтэйг ярилцана.