Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

Бурхны өгсөн амь гэдэг бэлгээ эрхэмлэе

Бурхны өгсөн амь гэдэг бэлгээ эрхэмлэе

«Бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» (ҮЙЛС 17:28).

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

ТОЙМ a

1. Ехова бидний амийг хэр үнэтэйд тооцдог вэ?

 ТА НАЙЗААСАА эрт үеийн, өндөр үнэтэй уран зураг бэлгэнд авчээ гэж бодъё. Зураг өнгөө алдаж, толбо сэв суусан хэдий ч хэдэн сая доллараар үнэлэгдэнэ. Та урлагийн ийм бүтээлийг эрхэмлэн нандигнаж, хамгаалах нь гарцаагүй. Үүнтэй адил Ехова бидэнд маш үнэтэй бэлэг буюу амийг хайрласан. Ехова Хүүгийнхээ амийг золиос болгон өгснөөрөө бидний амийг их үнэтэйд тооцдогоо харуулсан (Ёох. 3:16).

2. 2 Коринт 7:1-д бичсэнээр Ехова биднээс юу хүсдэг вэ?

2 Ехова бол амийн Эх булаг (Дуу. 36:9). Элч Паул энэ үнэнийг хүлээн зөвшөөрч, «Бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» гэж бичжээ (Үйлс 17:25, 28). Тиймээс бид амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэг. Бурхан амьд байхад маань хэрэгтэй бүхнийг хайрын сэтгэлээр өгдөг (Үйлс 14:15–17). Гэхдээ амь насыг маань гайхамшгаар хамгаалдаггүй. Харин чадах чинээгээрээ эрүүл мэндээ анхаарч, өөрт нь үйлчлээсэй гэж хүсдэг (2 Коринт 7:1-ийг уншина). Амь нас, эрүүл мэндээ яагаад хамгаалах ёстой вэ? Яаж хамгаалах вэ?

АМЬ ГЭДЭГ БЭЛГЭЭ ЭРХЭМЛЭЭРЭЙ

3. Эрүүл байхыг хичээдгийн маань нэг шалтгаан юу вэ?

3 Эрүүл байхыг хичээдгийн маань нэг шалтгаан нь Еховад үйлчлэхдээ хамаг сайныгаа өгөхийг хүсдэгтэй холбоотой (Марк 12:30). Бид «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг» хүсдэг учраас эрүүл мэнддээ хор учруулах юм хийхээс зайлсхийдэг (Ром 12:1). Мэдээж бид хэчнээн хичээсэн ч өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Гэхдээ амийг бэлэглэсэн тэнгэрийн Эцэгтээ талархахыг хүсдэг учраас чадах бүхнээ хийдэг.

4. Давид хаан ямар хүсэлтэй байсан бэ?

4 Давид хаан: «Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?» хэмээн асууж, Бурхны хайрласан амь гэдэг бэлгийг яагаад эрхэмлэдгээ илэрхийлсэн (Дуу. 30:9). Тэрбээр энэ үгээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн бололтой. Гэсэн хэдий ч аль болох эрүүл саруул, удаан амьдарч Еховаг магтан алдаршуулах чин хүсэлтэй байсан. Бид ч мөн адил ийм чин хүсэлтэй.

5. Өндөр настай ч, өвчин хуучтай ч бид яах боломжтой вэ?

5 Өндөр нас, өвчин хуучаас болж бид хийж чаддаг байсан олон зүйлээ хийж чадахаа больдог. Тэгээд бухимдаж, сэтгэлээр унах нь бий. Гэхдээ тийм үед ч эрүүл мэндээ зөнд нь хаяж, бууж өгч болохгүй. Яагаад? Өндөр настай ч, өвчин зовлонтой ч Давид хааны адилаар Еховаг магтан алдаршуулах боломжтой. Төгс бус биднийг Бурхан маш их эрхэмлэдэг гэж бодохоор сэтгэл маш их хөдөлдөг (Мат. 10:29–31). Биднийг үхсэн ч амилуулахыг хүсдэг гээд бод доо! (Иов 14:14, 15). Тиймээс бид амьд байхдаа эрүүл мэнд, амиа хамгаалахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг.

МУУ ЗУРШЛААС ХОЛ БАЙГААРАЙ

6. Ехова биднээс идэж уух талаар ямар байгаасай гэж хүсдэг вэ?

6 Хэдийгээр Библи эрүүл мэнд юм уу хооллолтын гарын авлага биш ч энэ талаарх Бурхны үзэл бодлыг хэлж өгдөг. Жишээ нь эрүүл мэндээ хохироох зуршил буюу «биеийн шаналлаас зайлж явагтун» гэж анхааруулдаг (Ном. 11:10). Библи хэтрүүлэн идэж уухыг буруушаадаг. Учир нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй үхэлд ч хүргэж болзошгүй (Сур. 23:20). Ехова биднээс юуг, хэр их идэж уухаа шийдэхдээ биеэ захирдаг байхыг хүсдэг (1 Кор. 6:12; 9:25).

7. Сургаалт үгс 2:11-д бичсэн зөвлөгөө эрүүл мэнддээ санаа тавьж зөв шийдвэр гаргахад тустай гэхийн учир юу вэ?

7 Бид амь хэмээх бэлэг өгсөн Бурхандаа талархдаг учраас шийдвэр гаргахдаа хэрсүү байдаг (Дуу. 119:99, 100; Сургаалт үгс 2:11-ийг уншина). Жишээлбэл хэрвээ бид ямар нэг хоолонд дуртай ч түүнээс болоод өвддөг бол идэхээс зайлсхийж ухаалаг байдаг. Мөн хэрсүү хүн хангалттай унтаж, дасгал тогтмол хийж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, гэр орноо цэвэрхэн байлгадаг.

ГЭНЭТИЙН АЮУЛ ОСЛООС СЭРГИЙЛЭЭРЭЙ

8. Аюул ослоос сэргийлэх нь Еховад чухал гэдгийг Библи хэрхэн илчилдэг вэ?

8 Ехова израйлчуудад өгсөн Хуульдаа гэртээ болон ажил дээрээ гэнэтийн ослоос хэрхэн сэргийлэхийг тусгасан (Ег. 21:28, 29; Д.хууль 22:8). Хүний амийг санаандгүй хөнөөх нь Хуульд бичсэнээр ноцтой хэрэг ажээ (Д.хууль 19:4, 5). Түүнчлэн эхийн хэвлий дэх урагт санаандгүй хохирол учруулсан хүнийг ч шийтгэх ёстой гэсэн заалт бий (Ег. 21:22, 23). Эдгээрийг эргэцүүлбэл Ехова биднийг аюул ослоос сэргийлээсэй гэж хүсдэг нь тодорхой байна.

Зургийг үзэхэд амь гэдэг бэлгийг эрхэмлэдгээ хэрхэн харуулж болох вэ? (9-р догол мөрийг үзээрэй)

9. Гэнэтийн аюул ослоос сэргийлэхийн тулд яах нь зүйтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Бурхны бэлэглэсэн амийг өндөр үнэлдэг хүн гэртээ болон ажил дээрээ аюулгүй байдлыг хангадаг. Жишээлбэл үзүүртэй зүйл, хортой химийн бодис, эм тариа гэх зэргийг хаяхдаа хүнд аюул учруулахгүйг хичээхийн зэрэгцээ хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалдаг. Бид гал түлэх, ус буцалгах, багаж хэрэглэхдээ болгоомжтой байдаг бөгөөд хараа хяналтгүй орхидоггүй. Нойрны болон сэтгэцэд нөлөөлөх эм юм уу согтууруулах ундаа уусан, нойр муутай үедээ машин жолооддоггүй. Мөн гартаа утас зэрэг төхөөрөмж барьчихаад жолооддоггүй нь анхаарал сарнихаас сэргийлж байгаа хэрэг юм.

ГАМШИГ ТОХИОЛДОХОД

10. Амь насанд аюултай гамшиг тохиолдоход болон өмнө нь бид юу хийж болох вэ?

10 Амь насанд аюултай зарим явдал, тухайлбал, байгалийн гамшиг, цар тахал, үймээн самууныг бид зогсоож чадахгүй. Гэхдээ гамшиг болоход хөл хорих, нүүлгэн шилжүүлэх болон засгийн газраас өгсөн бусад тушаалыг дагавал аюулаас ангижрах боломжтой (Ром 13:1, 5–7). Зарим гамшгийг урьдчилан мэдэгддэг учраас бэлтгэлтэй байхын тулд орон нутгийн эрх баригчдын удирдамжийг дагах нь зүйтэй. Жишээлбэл цэвэр ус, түргэн мууддаггүй хоол хүнс нөөцөлж, анхны тусламжийн хайрцаг бэлдэх нь тустай.

11. Халдварт өвчин тархвал яах ёстой вэ?

11 Хэрэв халдварт өвчин тархвал яах хэрэгтэй вэ? Гараа угаах, зай барих, амны хаалт зүүх, тусгаарлах зэрэг онцгой байдлын дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй. Эдгээрийг яг таг дагахыг хичээдэг бол Бурхны бэлэг амийг өндөр үнэлдгээ харуулна.

12. Гамшгийн үед ямар мэдээлэл сонсохоо мэдэж авахад тустай зарчим Сургаалт үгс 14:15-д байдаг гэхийн учир юу вэ?

12 Онцгой байдлын үед найз нөхөд, хөршүүдийн дунд болон хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тарж магадгүй. Бид сонссон юм бүгдэд итгэхийн оронд засгийн газар болон эмнэлгийн байгууллагын итгэж болох мэдээ мэдээллийг сонсох нь зүйтэй (Сургаалт үгс 14:15-ыг уншина). Удирдах зөвлөл болон салбарууд найдвартай мэдээлэл цуглуулахын тулд чадах бүхнээ хийсний дараа цуглаан болон дэлгэрүүлэх ажлын талаар удирдлага заавар өгдөг (Евр. 13:17). Үүнийг нь дагаснаар өөрийгөө ч, бусдыг ч хамгаална. Мөн олны дунд Еховагийн Гэрчүүдийн талаар зөв үзэлтэй болоход нь тусална (1 Петр 2:12).

ЦУС ЦЭЭРЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГААРАЙ

13. Бид цусны тухай Еховагийн хуулийг мөрдөж, амь гэдэг бэлгийг эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ?

13 Еховагийн Гэрчүүд цусыг ариун гэж үздэгийг олон хүн мэддэг. Бид эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй үед ч цус сэлбүүлэхээс татгалзаж, цусны талаарх Еховагийн хуулийг мөрддөг (Үйлс 15:28, 29). Гэхдээ энэ нь үхэхийг хүсдэг гэсэн үг огтхон ч биш. Харин ч Бурхны өгсөн амь гэдэг бэлгийг эрхэмлэдгийн шинж юм. Бид цусгүй, чанартай эмчилгээ хийдэг эмнэлгийн мэргэжилтнүүдэд ханддаг.

14. Хүнд эмчилгээ хийлгэх эрсдэлийг хэрхэн багасгах вэ?

14 Бид энэ өгүүлэлд дурдсан эрүүл мэндийн зөвлөмжүүдийг дагадаг бол хагалгаа юм уу өөр хүнд эмчилгээ хийлгэх эрсдэл багасна. Эрүүл байхын хэрээр хагалгааг даана, илүү хурдан эдгэрнэ. Мөн гэртээ болон ажил дээрээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдсөнөөр яаралтай мэс засал хийлгэх эрсдэл багасна.

Бид амь гэдэг бэлгийг эрхэмлэдэг учраас ХЗИ баримтаа бөглөж, үргэлж авч явдаг (15-р догол мөрийг үзээрэй) d

15. а) «Хүсэл зоригийн илэрхийлэл» маань хүчинтэй байх нь яагаад чухал вэ? (Бас зургийг үзээрэй). б) Видеонд үзүүлснээр зөв шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ?

15 Бид амь гэдэг бэлгийг эрхэмлэдэг учраас «Хүсэл зоригийн илэрхийлэл»-ийг (эмчилгээний тухай урьдчилсан мэдэгдэл) бөглөөд биедээ үргэлж авч явдаг. b Бид энэхүү баримтаараа цус сэлбэх болон өөр эмчилгээний талаарх хүслээ илэрхийлдэг. Таны баримт бичиг хүчинтэй юу? Хэрвээ шинээр бөглөх юм уу шинэчлэх хэрэгтэй бол бүү хойшлуулаарай. Хүслээ тодорхой илэрхийлсэн бол шаардлагатай үед эмчилгээгээ илүү хурдан хийлгэнэ. Мөн эмнэлгийн ажилтнууд буруу ойлгож, бидэнд аюул учруулахаас зайлсхийж чадна. c

16. ХЗИ баримтыг хэрхэн бөглөхөө мэдэхгүй бол яах вэ?

16 Бид залуу ч байсан, эрүүл ч байсан өвчин тусаж, гэнэтийн осолд ордог (Ном. 9:11). Тиймээс ХЗИ баримт бөглөх нь ухаалаг хэрэг юм. Хэрвээ яаж бөглөхөө мэдэхгүй байгаа бол хурлынхаа ахлагчдаас тусламж аваарай. Тэд яаж бөглөх талаар мэдээлэл өгөх боловч, ямар эмчилгээ хийлгэхийг таны өмнөөс шийдэхгүй. Энэ бол зөвхөн таны үүрэг (Гал. 6:4, 5). Гэхдээ тэд эмчилгээний ямар ямар арга байдгийг хэлж өгч, хүсэл зоригоо тодорхой илэрхийлэхэд тань тусална.

УХААЛАГ БАЙГААРАЙ

17. Эрүүл мэндийн асуудлаар ухаалаг байдгаа хэрхэн харуулах вэ?

17 Бид эрүүл мэнд болон эмчилгээтэй холбоотой олон шийдвэрийг Библиэр сургагдсан мөс чанарынхаа дагуу гаргадаг (Үйлс 24:16; 1 Тим. 3:9). Шийдвэр гаргах болон энэ талаар бусадтай ярилцахдаа Филиппой 4:5-д байдаг «Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» гэсэн зарчмыг баримталдаг. Ухаалаг байвал эрүүл мэнддээ хэтэрхий их санаа зовохгүй, бас өөрийнхтэйгөө адилхан шийдвэр гаргахыг бусдаас шаарддаггүй. Биднийхээс өөр шийдвэр гаргасан ч ах дүүсээ хайрлаж хүндэлдэг (Ром 14:10–12).

18. Амь өгсөн Еховадаа хэрхэн талархах вэ?

18 Бид амиа хайрлан хамгаалж, амийн Эх булаг Еховадаа хамаг сайныгаа өгснөөрөө талархдагаа илэрхийлдэг (Илч. 4:11). Одоохондоо өвчин, гамшиг байсаар байна. Гэхдээ Бүтээгч маань ингэж амьдруулахыг хүсээгүй. Удахгүй бидэнд өвдөхийн зовлонгүй мөнх амьдралыг бэлэглэнэ (Илч. 21:4). Тэр цаг болтол амьд байж хайр халамжтай тэнгэрийн Эцэг Еховадаа үйлчлэх нь үнэхээр жаргал билээ!

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Энэ өгүүлэл Бурхны өгсөн амь гэдэг бэлгийг илүү их эрхэмлэдэг болоход тустай. Гамшиг болоход эрүүл мэнд болон амь насаа хамгаалахын тулд яах ёстойг, мөн хэрхэн сэрэмжилбэл осолд орох эрсдэлийг багасгахыг ярилцана. Бас эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарахаас өмнө ямар бэлтгэл хангасан байх ёстойг ярилцана.

b Энэ баримт бичгийг товчлоод ХЗИ гэдэг.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу ХЗИ баримтаа бөглөөд дандаа авч явдаг.