Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

Баптисм хүртэхийн учир юу вэ?

Баптисм хүртэхийн учир юу вэ?

«Баптисм хүртэгтүн» (ҮЙЛС 2:38).

ДУУ 29 Үнэнч явъя

ТОЙМ a

1, 2. Баптисм хүртэх үед юу юу болдог вэ? Та юуг бодох шаардлагатай вэ?

 БАПТИСМ хүртэх гээд зогсож байгаа хүмүүсийг та харж байсан уу? Хоёр асуултад бат итгэлтэй хариулахыг нь сонссон байх. Гэрийнхнийх нь, найз нөхдийнх нь царай гэрэлтэнэ. Баптисм хүртээд уснаас гарч ирэхэд хүмүүс баяр хөөртэйгөөр алга ташна. Долоо хоног бүр мянга мянган хүн Еховад өөрийгөө зориулж баптисм хүртээд Гэрч нь болдог.

2 Харин та яая гэж бодож байна? Хэрэв баптисм хүртье гэж бодож байгаа бол хорон муу энэ ертөнцийнхний дунд та амьдардаг ч «Бурханыг эрэн хайдаг» гэрэл гэгээ мэт хүмүүсийн нэг гэсэн үг (Дуу. 14:1, 2). Настай ч бай, залуу ч бай танд энэ өгүүлэл тустай. Гэхдээ аль хэдийн баптисм хүртсэн хүмүүс ч Еховад үүрд үйлчлэх шийдвэрээ улам батжуулахыг хүсдэг. Тиймээс Еховад үйлчлэхийн олон шалтгааны гурвыг нь хамтдаа ярилцъя.

ТА ҮНЭН БОЛОН ЗӨВИЙГ ХАЙРЛАДАГ

Сатан Еховагийн нэр төрийг олон мянган жилийн турш гутаан доромжилсон. Одоо ч гүтгэсээр байгаа (3, 4-р догол мөрийг үзээрэй)

3. Еховагийн үйлчлэгчид яагаад үнэн болон шударга ёсыг хайрладаг вэ? (Дуулал 119:128, 163).

3 Ехова ард түмэндээ «үнэн[ийг] ... хайрлахыг» тушаасан (Зех. 8:19). Есүс ч шударга ёсыг эрхэмлэхийг уриалсан (Мат. 5:6). Энэ нь Бурхны өмнө зөв, сайн, цэвэр юм хийх чин хүсэлтэй байхыг хэлнэ. Та үнэн, шударга ёсыг хайрладаг уу? Тийм гэдэг нь лавтай. Худал хуурмаг, буруу зөрүү, хорон муу бүхнийг та үзэн яддаг (Дуулал 119:128, 163-ыг уншина). Худалч хүн энэ ертөнцийн захирагч Сатаныг дуурайдаг (Ёох. 8:44; 12:31). Сатаны нэг зорилго бол Ехова Бурхны ариун нэрийг гутаах явдал юм. Тэрбээр Еденд болсон тэрс явдлаас хойш Бурхны тухай худал мэдээлэл тарааж Еховаг хүмүүсээс сайн юмыг нуудаг аминч, шударга бус захирагч гэж итгүүлэхийг оролдсоор ирсэн (Эх. 3:1, 4, 5). Энэхүү худал хуурмаг бүхэн хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг хордуулдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс Сатанд уруу татагдаж, янз бүрийн шударга бус, хорон муу явдалд орооцолддог (Ром 1:25–31).

4. Ехова «үнэний Бурхан» гэдгээ хэрхэн баталдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Ехова «үнэний Бурхан» бөгөөд өөрийг нь хайрладаг хүмүүст үнэнийг дуртайяа заадаг (Дуу. 31:5). Ийнхүү Сатанд хууртахгүй байхад нь тусалдаг. Ехова үйлчлэгчдэдээ үнэнч шударга байхыг бас заадаг. Тиймээс тэд тодорхой хэмжээгээр өөрсдийгөө хүндэтгэж, сэтгэл зовохгүй амьдардаг (Сур. 13:5, 6). Таныг Библи судалж байхад ч Ехова ийнхүү тусалсан байх. Еховагийн зам хүн төрөлхтөнд ч, түүний дотор танд ч хамгийн сайн гэдгийг ойлгосон байх (Дуу. 77:13). Тиймээс та Бурхны тогтоосон шударга ёсны төлөө бат зогсох хүсэлтэй болсон (Мат. 6:33). Та Ехова Бурхны нэр төрийг гутаасан гүтгэлгийг няцааж, үнэнийг хамгаалахыг хүсэж байгаа байх. Яаж ингэх вэ?

5. Яавал үнэн болон шударга ёсны төлөө бат зогсох вэ?

5 Та амьдралынхаа замыг зөв сонговол «Би Сатаны худал хуурмагийг няцааж, үнэний замаар явна. Еховаг захирагчаа болгож түүний зөв гэж үздэгийг хийнэ» гэж хэлж байгаатай адил юм. Яавал ингэх вэ? Еховад залбираад түүнд өөрийгөө зориулна. Дараа нь үүнийгээ олон нийтэд тунхаглаж баптисм хүртэнэ. Баптисм хүртэх чухал хөшүүрэг бол үнэн болон зөвийг хайрлах явдал юм.

ТА ЕСҮС ХРИСТИЙГ ХАЙРЛАДАГ

6. Дуулал 45:4-т Есүс Христийг хайрлах ямар шалтгааныг бичсэн бэ?

6 Та Есүс Христийг яагаад хайрладаг вэ? Дуулал 45:4 зарим шалтгааныг бичсэн (уншина). Есүс үнэн, даруу байдал, шударга ёсыг хайрладаг. Хэрэв та үнэн, шударга ёсыг хайрладаг бол Есүс Христийг ч хайрлах нь тодорхой. Есүс үнэн болон зөвийг хэрхэн зоригтой хамгаалж байсныг бодоорой (Ёох. 18:37). Харин даруу байхыг хөхиүлэн дэмждэгээ хэрхэн харуулсан бэ?

7. Есүс даруу зангаа яаж илэрхийлсэн бэ? Танд ямар санагдаж байна вэ?

7 Есүс даруу байхыг хөхиүлэн дэмждэгээ жишээгээрээ харуулдаг. Жишээ нь бүх алдар хүндэтгэлийг өөртөө бус Эцэгтээ өргөдөг байсан (Марк 10:17, 18; Ёох. 5:19). Даруу зан нь танд ямар санагдаж байна вэ? Бурхны Хүүг хайрлаж, дагах хүсэл төрөхгүй гэж үү? Мэдээж төрнө. Есүс яагаад даруу зантай вэ? Учир нь даруу зантай Эцгээ хайрладаг, дуурайдаг (Дуу. 18:35; Евр. 1:3). Еховагийн зан чанарыг төгс илэрхийлдэг Есүсийг хайрламаар санагдаж байгаа биз?

8. Бид яагаад Хаан Есүсээ хайрладаг вэ?

8 Бид Хаан Есүсээ хайрладаг. Учир нь тэрбээр хамгийн сайн захирагч юм. Ехова өөрөө Хүүгээ сургаж хаанаар томилсон (Ис. 50:4, 5). Есүс бусдын төлөө өөрийгөө золиосолж хайраа илэрхийлснийг бас бодоорой (Ёох. 13:1). Манай Хаан Есүс хайрлуулах зохистой нэгэн. Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс буюу найзууд нь тушаалыг нь дагаснаар хайраа илэрхийлдэг гэж Есүс хэлсэн (Ёох. 14:15; 15:14, 15). Еховагийн Хүүгийн найз байх нь үнэхээр агуу завшаан биш гэж үү?

9. Христийн дагалдагчдын хүртдэг баптисм Христийнхтэй юугаараа төстэй вэ?

9 Есүс баптисм хүртэхийг дагалдагчдадаа тушаагаад зогсохгүй өөрөө үлгэр дуурайл үлдээсэн (Мат. 28:19, 20). Есүсийн хүртсэн баптисм зарим талаараа шавь нарынхаас нь ялгаатай ( «Есүсийн хүртсэн баптисм шавь нарынхаас нь ямар ялгаатай вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Гэхдээ ерөнхийдөө төстэй. Есүс баптисм хүртсэн нь Эцгийнхээ хүслийг биелүүлэхэд бэлэн гэдгээ баталсан хэрэг байлаа (Евр. 10:7). Үүнтэй адилаар Христийн дагалдагчид Еховад өөрсдийгөө зориулснаа олон нийтэд тунхаглаж баптисм хүртдэг. Үүнээс хойш тэд өөрсдийнхөө бус Бурхны хүслийг биелүүлэхийг анхаардаг. Ийнхүү Эзнийхээ жишээг дуурайдаг.

10. Есүсийг гэсэн хайр баптисм хүртэх хүсэлтэй болгодгийн учир юу вэ?

10 Есүс бол Еховагийн цорын ганц Хүү, биднийг захирахаар томилогдсон Хаан гэдгийг та хүлээн зөвшөөрдөг. Есүс даруу, Эцгээ төгс дуурайсныг бас мэддэг. Тэрбээр өлссөнийг хооллож, сэтгэлээр унасныг тайвшруулж, бүр өвчтэйг эдгээж байсныг та уншсан (Мат. 14:14–21). Өнөөдөр хурлуудаа яаж удирдаж байгааг ч харж байгаа (Мат. 23:10). Мөн Бурхны Хаант төрийн Хаан тэрбээр ирээдүйд бүр ч ихийг хийхийг мэддэг. Та Есүст хайртайгаа хэрхэн батлах вэ? Үлгэр жишээг нь дагах хэрэгтэй (Ёох. 14:21). Ингэхийн тулд юуны түрүүнд Еховад өөрийгөө зориулж, дараа нь баптисм хүртэх нь чухал.

ТА ЕХОВАГ ХАЙРЛАДАГ

11. Баптисм хүртэх хамгийн гол шалтгаан нь юу байх ёстой вэ? Яагаад?

11 Баптисм хүртэх хамгийн гол шалтгаан нь юу вэ? Есүс «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» гэж хэлэхдээ Бурхны тушаалуудын дотроос аль нь хамгийн агуу болохыг онцолсон (Марк 12:30). Та Бурхныг яг ингэж хайрладаг уу?

Ехова бол бүх сайн сайхан юмны Эх булаг учир өдий болтол таныг сэтгэл хангалуун байлгасан, хойшид ч сэтгэл хангалуун байлгана (12, 13-р догол мөрийг үзээрэй)

12. Та Еховаг яагаад хайрладаг вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Үнэндээ Еховаг хайрлах шалтгааныг тоочоод баршгүй. Жишээлбэл та Еховаг «амийн эх булаг», «сайн, төгс бэлэг бүхнийг» өгдөг гэдгийг ойлгодог болсон (Дуу. 36:9; Яак. 1:17). Биднийг сэтгэл хангалуун байлгадаг сайн сайхан бүхнийг өгөөмөр, хайрын сэтгэлтэй Бурхан маань өгдөг.

13. Золиосыг гайхалтай бэлэг гэж хэлэхийн учир юу вэ?

13 Еховагийн бидэнд өгсөн гайхалтай бэлэг бол золиос юм. Яагаад ингэж хэлж болох вэ? Ехова Хүүтэйгээ хэчнээн дотно байдгийг бодоорой. Есүс ч: «Эцэг намайг хайрладаг», «Би Эцгээ хайрладаг» гэсэн (Ёох. 10:17; 14:31). Тэд олон тэрбум жилийн турш хамт байсаар улам бүр дотносжээ (Сур. 8:22, 23, 30). Гэхдээ Бурхан Хүүгээ зовж үхэхийг зөвшөөрсөн. Харин өөрт нь ямар хэцүү байсныг бодоод үз дээ. Ехова хүн төрөлхтнийг, түүний дотроос таныг маш их хайрладаг учраас мөнх амьдраасай гээд хайртай Хүүгийнхээ амийг дуртайяа золиосолсон (Ёох. 3:16; Гал. 2:20). Чухамдаа энэ нь Бурхныг хайрлах хамгийн гол шалтгаан юм.

14. Бидний тавьж болох хамгийн сайн зорилго юу вэ?

14 Та Еховагийн тухай мэдэх тусам түүнийг бүр ч илүү хайрладаг болсон байх. Тэгээд одоо ч, хойшид ч улам бүр дотносъё гэж бодсон болов уу. Дотносох нь ч гарцаагүй. Сайхан сэтгэлтэй Бурхан өөрөө зүрхийг нь баярлуулах хүслийг бидэнд төрүүлдэг (Сур. 23:15, 16). Та үг хэл, үйл хэргээрээ Бурхнаа баярлуулж чадна. Бурхныг хайрладгаа яаж амьдарч байгаагаараа харуулна (1 Ёох. 5:3). Энэ бол өмнөө тавьж болох хамгийн сайн зорилго юм.

15. Еховаг хайрладгаа яаж илэрхийлэх вэ?

15 Еховаг хайрладгаа яаж илэрхийлэх вэ? Юуны түрүүнд цорын ганц үнэн Бурханд өөрийгөө зориулж залбирах хэрэгтэй (Дуу. 40:8). Дараа нь үүнийгээ олон нийтэд тунхаглан баптисм хүртэнэ. Дээр ярилцсанаар энэ нь аз жаргалтай бөгөөд маш чухал мөч юм. Та өөрийнхөө төлөө бус Еховагийн төлөө амьдарч эхэлнэ гэсэн үг (Ром 14:8; 1 Петр 4:1, 2). Энэ нь үнэхээр том өөрчлөлт мэт санагдах байх. Гэхдээ хамгийн сайхан амьдралын үүд хаалга нээгдэнэ. Яагаад ингэж хэлж болох вэ?

16. Дуулал 41:12-т бичсэнээр өөрт нь үйлчлэх шийдвэр гаргаад амь амьдралаа зориулсан хүнийг Ехова хэрхэн шагнах вэ?

16 Ехова хамгийн өгөөмөр Нэгэн юм. Та түүнд юугаа ч өгсөн тэрбээр өгснөөс тань илүү ихийг дандаа буцааж өгдөг (Марк 10:29, 30). Өнгөрөн одож буй энэ ертөнцөд ч түүний ачаар уйдах завгүй, сэтгэл дүүрэн амьдарч ивээл хүртэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл шүү. Баптисм хүртсэнээр эхэлдэг аялал дуусна гэж байхгүй. Та хайртай Эцэгтээ үүрд мөнх үйлчлэх боломжтой. Еховагийн таныг гэсэн, таны Еховаг гэсэн хайр улам бүр лавширна. Тэгээд та үүрд мөнх байдаг Ехова шиг үүрд мөнх амьдарна (Дуулал 41:12-ыг уншина).

17. Бидэнд сайн сайхныг өгснийх нь хариуд юугаа зориулж чадах вэ?

17 Та Бурхан Эцэгтээ өөрийгөө зориулж баптисм хүртэхлээрээ түүнд маш үнэ цэнтэй юмыг өгөх боломжтой болдог. Тэрбээр сэтгэл хангалуун байлгах сайн сайхан болгоныг бидэнд өгч, аз жаргалаар бялхаадаг. Харин бид хариуд нь юугаа өгч чадах вэ? Тэнгэр газрын Эзэндээ сайн дураараа, үнэнч үйлчлэх чин сэтгэлээ зориулж чадна (Иов 1:8; 41:11; Сур. 27:11). Энэ бол амьдралын хамгийн сайн зам юм. Тийм ээ, баптисм хүртэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь Еховаг гэсэн таны хайр билээ.

ХҮЛЭЭХ ХЭРЭГ БАЙНА УУ?

18. Та өөрөөсөө ямар ямар асуулт асууж болох вэ?

18 Одоо танд баптисм хүртэх хүсэл төрөв үү? Энэ асуултад та л хариулна. Гэхдээ та өөрөөсөө «Хүлээх хэрэг байна уу?» гэж асуувал тустай байж болох юм (Үйлс 8:36). Өнөөдөр авч үзсэн 3 шалтгааныг санаарай. Нэгдүгээрт, та үнэн, шударга ёсыг хайрладаг. Та «Хүн болгон үнэнийг ярьж, зөвийг үйлдэх тэр өдрийг харахыг хүсдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Хоёрдугаарт, та Есүс Христийг хайрладаг. «Би Бурхны Хүүг Хаанаа болгож, үлгэр жишээг нь дуурайхыг хүсдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Гуравдугаарт, хамгийн гол нь та Еховаг хайрладаг. «Би Еховаг Бурхнаа болгож түүнд үйлчилж, зүрх сэтгэлийг нь баярлуулахыг хүсдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ дээрх 3 асуултад тийм гэж хариулсан бол баптисм хүртэж болохгүй нь юу билээ? Хүлээх хэрэг байна уу? (Үйлс 16:33).

19. Яагаад баптисм хүртэхээс хойш суух хэрэггүй вэ? Жишээгээр тайлбарлана уу (Ёохан 4:34).

19 Та баптисм хүртэх үү, болих уу гэж эргэлзэж байгаа бол Есүсийн хэлсэн нэг жишээг бодоорой (Ёохан 4:34-ийг уншина). Бурхны хүслийг биелүүлэхийг хоолтой зүйрлэсэн. Яагаад? Хоол хүнс биед шимтэй байдгийн адилаар Еховагийн хий гэсэн бүхэн бидэнд ач тустайг Есүс мэддэг байв. Ехова хор хөнөөл учруулах ямар ч юмыг хийгээсэй гэж хүсдэггүй. Харин баптисм хүртээсэй гэж хүсдэг үү? Тийм ээ (Үйлс 2:38). Баптисм хүртээрэй гэсэн тушаалыг дагах нь тустай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрэв та хамгийн амттай хоол идье гэж бодож байгаа бол баптисм хүртэхээс хойш суухын хэрэг байна уу?

20. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

20 Хүлээх хэрэг байна уу? «Би арай болоогүй байна» гэж хариулдаг хүн олон байдаг. Үнэндээ Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ гэдэг нь хамгийн чухал шийдвэр юм. Тийм учраас сайтар бодож байгаад шийдээрэй. Баптисм хүртэх шаардлага хангахын тулд цаг хүчээ зориулаарай. Баптисм хүртэх чин хүсэлтэй хүн чухам яах хэрэгтэйг дараагийн өгүүллээр ярилцана.

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

a Баптисм хүртэх нь Библийн суралцагч бүрд маш чухал. Юуны нөлөөгөөр баптисм хүртэх хүсэлтэй болох вэ? Нэг үгээр хэлбэл хайр. Гэхдээ хэнийг, юуг хайрлах хайр вэ? Энэ өгүүллээс хариултыг нь авч, баптисм хүртвэл амьдрал ямар болохыг ярилцана.