Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

Баптисм хүртэх бэлтгэлээ хэрхэн базаах вэ?

Баптисм хүртэх бэлтгэлээ хэрхэн базаах вэ?

«Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» (ҮЙЛС 8:36).

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

ТОЙМ a

Хөгшин залуу гэлтгүй дэлхий даяар олон хүн баптисм хүртэж байна (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1, 2. Та баптисм хүртэхэд бэлэн биш байгаа бол яагаад сэтгэлээр унах ёсгүй вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

 ХЭРЭВ та баптисм хүртье гэж бодож байгаа бол маш сайн зорилго тавьжээ. Та яг одоо баптисм хүртэхэд бэлэн үү? Хэрэв та бэлэн гэж бодож байгаа бол, бас ахлагчид зөвшөөрвөл зорилгоо биелүүлээрэй. Тэгвэл та Еховад үйлчилж сэтгэл дүүрэн амьдарна.

2 Нөгөөтээгүүр баптисм хүртэхээсээ өмнө илүү ихийг хийх хэрэгтэй гэж хэн нэгэн хүн танд хэлсэн үү? Эсвэл та өөрөө анзаарсан уу? Тэгвэл сэтгэлээр бүү унаарай. Залуу ч бай, настай ч бай та ахиц гаргаад энэ чухал зорилгодоо хүрч чадна.

«ЯАГААД БАПТИСМ ХҮРТЭЖ БОЛОХГҮЙ БИЛЭЭ?»

3. Этиоп түшмэл Филипээс юу гэж асуусан бэ? Үүнээс үүдээд ямар асуулт гарч ирж байна вэ? (Үйлс 8:36, 38).

3 Үйлс 8:36, 38-ыг уншина. Этиоп түшмэл сайн мэдээ тунхаглагч Филипээс «Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» гэж асуудаг. Энэ хүн баптисм хүртэхийг хүссэн. Гэхдээ үнэхээр бэлэн байсан болов уу?

Этиоп түшмэл Бурхны тухай мэдлэгээ арвижуулаад л байх хүсэлтэй байсан (4-р догол мөрийг үзээрэй)

4. Этиоп хүн илүү ихийг мэдэх хүсэлтэй нь юунаас харагдсан бэ?

4 Этиоп эр «Бурханд мөргөхөөр Иерусалим орчихоод» буцаж байв (Үйлс 8:27). Тэгэхээр «иудейн шашинтай» болсон байх нь. Еховагийн тухай Еврей Судраас мэдэж авсан нь лавтай. Гэхдээ илүү ихийг мэдэх хүсэлтэй байлаа. Яагаад ингэж хэлж болох вэ? Филипийг очиход тэрбээр зөнч Исаиагийн номоос уншиж байв (Үйлс 8:28). Энэ нь бор хоол юм. Тиймээс түшмэл Библийн үндсэн сургаалыг мэдээд сэтгэл нь ханаагүй, харин ч илүү ихийг мэдэхийг хүссэн нь илт.

5. Этиоп хүн мэдэж авсныхаа дагуу яасан бэ?

5 Тэрбээр «Этиопын хатан хаан Кандакт үйлчилдэг, эрдэнэсийн санг нь хариуцдаг» дээгүүр албаны хүн байв (Үйлс 8:27). Тэгэхээр хариуцлагатай олон ажил хийдэг завгүй хүн байсан нь ойлгомжтой. Гэхдээ Еховаг шүтэх цаг гаргасан. Тэрбээр үнэнийг мэдээд зогсоогүй, мэдсэнийхээ дагуу үйлдсэн. Тийм учраас Этиопоос Иерусалим хүртэлх хол замыг туулж сүмд очсон. Ийнхүү аялахад цаг хугацаа, зардал мөнгө их шаардагдсан нь мэдээж. Гэхдээ тэрбээр Еховаг чин сэтгэлээсээ шүтдэг байсан учраас юу ч хийхэд бэлэн байсан.

6, 7. Этиоп түшмэл Еховаг улам бүр хайрласаар байхын тулд яасан бэ?

6 Этиоп түшмэл Филипээс зарим шинэ зүйлийг, тухайлбал, Есүсийг Мессиа гэдгийг мэдэж авсан (Үйлс 8:34, 35). Тэрбээр Есүс өөрийнх нь төлөө юу хийснийг мэдээд сэтгэл нь ихэд хөдөлсөн. Тэгээд яасан бэ? Уг нь нэр хүндтэй иудейн шашинтан хэвээрээ байж болох л байв. Гэхдээ Еховаг, Хүүг нь илүү их хайрлах сэтгэлтэй болсон учраас баптисм хүртэж Есүс Христийн дагалдагч болох чухал шийдвэр гаргасан. Филип ч бэлэн байгааг нь хараад түүнд баптисм хүртээсэн.

7 Хэрэв та этиоп түшмэлийг дуурайвал баптисм хүртэхэд бэлэн болно. Тэгээд та «Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» гэж бат итгэлтэйгээр хэлнэ. Этиоп түшмэл юу хийснийг бодоцгооё. Тэрбээр мэдлэгээ арвижуулаад л байсан. Мөн мэдэж авсныхаа дагуу үйлдэж, Бурхныг улам бүр хайрласаар байлаа.

МЭДЛЭГЭЭ АРВИЖУУЛААД Л БАЙГААРАЙ

8. Ёохан 17:3-т бичсэнээр та яах ёстой вэ?

8 Ёохан 17:3-ыг уншина. Есүсийн хэлсэн энэ үг Библи судлах шийдвэр гаргахад тань тус болсон уу? Олон хүн тийм гэх байх. Бас мэдлэгээ арвижуулсаар байхад ч тустай юу? Тийм ээ. Бид «цорын ганц жинхэнэ Бурхн[ыг] ... үргэлж таньж мэдэх ёстой» (Ном. 3:11). Өөрөөр хэлбэл эцэс төгсгөлгүй мэдэж авсаар, Еховатай улам дотносно (Дуу. 73:28).

9. Үнэний талаарх үндсэн мэдлэгтэй болсны дараа яах хэрэгтэй вэ?

9 Еховагийн тухай мэдэх нь Библийн үндсэн сургаалыг мэдэж авахаас эхлэх нь ойлгомжтой. Элч Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа үүнийг анхан шатны ойлголт гэсэн утгаар хэлсэн. Гэхдээ «үндсэн сургаалыг» чухал биш гэж хэлээгүй. Харин ч нялх хүүхдийн хоол буюу сүүтэй зүйрлэсэн (Евр. 5:12; 6:1). Мөн Библийн үндсэн сургаалыг мэдээд зогсохгүй Бурхны Үгийг гүнзгийрүүлэн судалж үнэнийг мэдэж авахыг Христийн бүх дагалдагчид уриалсан. Та Библийн сургаалыг гүнзгийрүүлэн судлахыг хүсдэг үү? Ехова болон санаа зорилгынх нь тухай мэдлэгээ арвижуулж, өсөж торнихыг хүсдэг үү?

10. Зарим хүн яагаад сурахыг хэцүү гэж боддог вэ?

10 Бидний дунд сурахыг хэцүү гэж боддог хүн олон бий. Харин та юу гэж боддог вэ? Сурагч байхдаа ном унших дуртай байсан уу? Их юм сурсан уу? Эсвэл таны хувьд ном уншаад юм сурах хэцүү байдаг уу? Тийм бол та ганцаараа биш ээ. Ехова танд тусална. Тэрбээр төгс бөгөөд хамгийн сайн Багш юм.

11. Ехова «Агуу Багш» гэдгээ хэрхэн баталдаг вэ?

11 Ехова өөрийгөө «та нарын [«Агуу», ШЕ] Багш» гэдэг (Ис. 30:20, 21). Тэрбээр тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, биднийг ойлгодог Багш. Сурагчдынхаа сайн талыг хардаг (Дуу. 130:3). Мөн хийж чадахгүй юмыг маань хэзээ ч шаарддаггүй. Тэрбээр тархи гэдэг гайхалтай бэлэг өгснийг санаарай (Дуу. 139:14). Бид нар төрөлхийн сурах хүсэлтэй. Бүтээгч маань биднийг үүрд мөнх сурч, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг. Тиймээс одооноос Библийн үнэнийг мэдэх «дуртай» байх нь ухаалаг хэрэг юм (1 Петр 2:2). Та биелүүлж чадах зорилго тавьж, Библийг тогтмол уншиж судлаарай (Иош. 1:8). Та Еховагаас тусламж авбал Библийг унших, түүний тухай мэдэж авах бүр ч их дуртай болно.

12. Бие дааж судлахдаа Есүст анхаарлаа хандуулах ёстой нь ямар учиртай вэ?

12 Есүсийн амьдрал, үйлчлэлийн талаар эргэцүүлэн бодох цагийг тогтмол гаргаарай. Еховад үйлчилье гэвэл ялангуяа энэ хэцүү цагт Есүсийн мөрөөр яг таг дагах нь маш чухал (1 Петр 2:21). Есүс бэрхшээл учрахыг дагалдагчдадаа хэлсэн (Лук 14:27, 28). Гэсэн хэдий ч жинхэнэ дагалдагчид Бурханд өөр шиг нь үнэнч байж чадна гэдэгт итгэлтэй байсан (Ёох. 16:33). Есүсийн амьдрал, үйл хэргийг нарийвчлан судалж, түүнийг өдөр бүр дуурайхыг зорилгоо болгоорой.

13. Еховагаас юу гэж гуйсаар байх хэрэгтэй вэ? Яагаад?

13 Зөвхөн мэдлэгтэй болох нь хангалтгүй. Харин Еховаг хайрлах, түүнд итгэх зэрэг сайхан чанарыг хөгжүүлж, түүний тухай илүү ихийг мэдэж авсаар байдаг бол мэдлэгтэй болсны хэрэг гарна (1 Кор. 8:1–3). Уншиж судалж байхдаа улам бат итгэлтэй болоход туслаач гэж Еховагаас гуйгаад л байгаарай (Лук 17:5). Ехова ийм залбиралд өгөөмрөөр хариулдаг. Бурхны тухай үнэн зөв мэдлэгт үндэслэсэн жинхэнэ итгэлтэй болбол ахиц гаргана (Яак. 2:26).

МЭДСЭНЭЭ АЖИЛ БОЛГООРОЙ

Үер буухаас өмнө Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт мэдсэнээ бат итгэлтэйгээр ажил болгосон (14-р догол мөрийг үзээрэй)

14. Элч Петр мэдсэнээ ажил болгохын чухлыг хэрхэн онцолсон бэ? (Бас зургийг үзээрэй).

14 Элч Петр Христийн дагалдагчдад мэдсэнээ ажил болгох нь хэчнээн чухал болохыг онцолсон. Тэгэхдээ Ноагийн тухай дурдсан. Ехова үер буулгаж тухайн үеийн хорон муу бүх хүнийг устгана гэж Ноад хэлсэн. Гэхдээ үүнийг мэдлээ ч Ноагийнхан зүгээр сууж байгаад аврагдах боломжгүй байв. Ноа үер болохоос өмнө «авдар барьж байсан» гэсэн Петрийн үгийг анхаараарай (1 Петр 3:20). Тийм ээ, Ноагийнхан мэдсэнээ ажил болгосон (Евр. 11:7). Петр Ноагийн үед болсон явдлыг баптисмтай зүйрлэн «Энэ явдал баптисмын бэлгэдэл бөгөөд ... та нарыг баптисм одоо авардаг» гэж бичжээ (1 Петр 3:21). Тэгэхээр баптисм хүртэх бэлтгэл ажлыг авдар барьсан Ноагийнхны олон жилийн хөдөлмөртэй зүйрлэж болох юм. Та баптисм хүртэх бэлтгэлээ хэрхэн базаах вэ?

15. Чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа хэрхэн харуулах вэ?

15 Хийх ёстой эхний алхмуудын нэг бол нүглээ чин сэтгэлээсээ гэмших явдал юм (Үйлс 2:37, 38). Чин сэтгэлээсээ гэмшвэл жинхэнэ ёсоор өөрчлөгдөнө. Та ёс суртахуунгүй амьдрах, тамхи татах, муухай үг хэлэх зэрэг Еховад таалагддаггүй юмыг үйлдэхээ больсон уу? (1 Кор. 6:9, 10; 2 Кор. 7:1; Эф. 4:29). Хэрвээ болиогүй бол өөрчлөгдөхийг хичээгээд л байгаарай. Та Библийн хичээл заадаг хүнээсээ юм уу хурлын ахлагчдаас тусламж гуйгаарай. Бие дааж амьдардаггүй хүүхдүүд баптисм хүртэхэд саад болох муу зуршлаасаа салахад туслахыг эцэг эхээсээ гуйгаарай.

16. Бурханд үйлчлэх сайн хэвшилд юу ордог вэ?

16 Бурхны үйл хэрэгт оролцох сайн хэвшилтэй байх нь бас чухал. Жишээ нь цуглаандаа явж, идэвхтэй оролцох (Евр. 10:24, 25). Дэлгэрүүлэх эрхтэй болонгуутаа үүнийгээ хэвшил болгоорой. Амь аврах энэ ажилд илүү их оролцох тусам улам бүр дуртай болно (2 Тим. 4:5). Эцэг эхтэйгээ амьдардаг хүүхдүүд өөрсдөөсөө «Би аав ээжээрээ шаардуулж байж цуглаанд очдог юм уу дэлгэрүүлдэг үү? Эсвэл санаачилгаараа хийдэг үү?» гэж асуугаарай. Шахаж шаардуулдаггүй бол Еховад итгэж, хайрлаж, талархдагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Эдгээр нь «Бурханд үнэнчээ ... батлах» үйлс бөгөөд түүнд өргөж буй бэлэг юм (2 Петр 3:11; Евр. 13:15). Сайн дурын өргөл бүр Бурханд таалагддаг (2 Коринт 9:7-той харьцуулаарай). Бид Еховад хамгийн сайныгаа өгөхийг хүсдэг учраас үйл хэрэгт нь оролцдог.

ЕХОВАГ УЛАМ БҮР ХАЙРЛАДАГ БОЛООРОЙ

17, 18. Баптисм хүртэхийн тулд ахиц гаргахад ямар зан чанар чухал вэ? Яагаад? (Матай 22:37).

17 Баптисм хүртэх бэлтгэл хангаж байхад саад мундахгүй. Зарим хүн шинэ итгэл үнэмшилтэй болсон таныг шоолж, зарим нь бүр эсэргүүцэх юм уу хавчиж ч магадгүй (2 Тим. 3:12). Бас салах гэж хичээж байгаа хуучин зуршил тань сэдэрч болох юм. Эсвэл зорилго тань биелшгүй мэт санагдаад тэвчээр алдан бухимдаж болзошгүй. Тэвчихэд юу туслах вэ? Еховаг хайрлах хайр чухал үүрэгтэй.

18 Танд байгаа олон сайхан зүйлийн хамгийн эрхэм нь Еховаг хайрлах хайр юм (Матай 22:37-г уншина). Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бол бэрхшээлийг давж чадна. Ехова үйлчлэгчдээ үнэнчээр хайрладгийг Библид олон удаа бичсэн байдаг. Ехова үнэнчээр хайрлана гэдэг нь үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй, хайрлахаа хэзээ ч болихгүй гэсэн утгатай (Дуу. 100:5). Та Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн (Эх. 1:26). Та энэ хайрыг хэрхэн илэрхийлэх вэ?

Еховад өдөр бүр талархаарай (19-р догол мөрийг үзээрэй) b

19. Еховагийн хийсэн бүхэнд талархах сэтгэлээ хэрхэн лавшруулах вэ? (Галат 2:20).

19 Юуны түрүүнд талархаж байгаарай (1 Тес. 5:18). Өдөр бүр та өөрөөсөө «Ехова надад хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?» гэж асуугаарай. Залбирахдаа Ехова таны төлөө юу хийснийг тодорхой хэлж талархаарай. Ехова таныг хайрладаг учраас таны л төлөө сайн сайхан юм хийснийг нь элч Паул шиг ойлгоорой (Галат 2:20-ийг уншина). Өөрөөсөө «Би хайрыг нь хайраар хариулахыг хүсдэг үү?» гэж асуугаарай. Еховаг гэсэн хайрын ачаар та сорилтыг тэвчиж, бэрхшээлийг давж чадна. Бас Эцгээ хайрладгаа өдөр бүр харуулж Бурхны үйл хэрэгт тууштай оролцож чадна.

20. Еховад өөрийгөө зориулна гэдгийг юу гэж ойлгох вэ? Энэ нь хэр чухал шийдвэр вэ?

20 Яваандаа та Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөн түүнд өөрийгөө зориулахаа амлаж залбирна. Еховад өөрийгөө ийнхүү зориулбал та гайхалтай найдвар өвөрлөнө гэдгээ санаарай. Өөрөөр хэлбэл та үүрд мөнхөд Еховагийнх болно. Еховад амь амьдралаа зориулна гэдэг бол сайн муу ямар ч үед түүнд үнэнч байхаа амлаж байгаа хэрэг бөгөөд ганц л удаа өгдөг амлалт юм. Үнэндээ энэ нь маш чухал шийдвэр. Гэхдээ ийнхүү бодож үзээрэй. Хүн амьдралынхаа туршид олон зөв шийдвэр гаргадаг ч Еховад амьдралаа зориулахтай адилтгах зөв шийдвэр гэж байхгүй (Дуу. 50:14). Сатан Эцгээ хайрлах сэтгэлийг тань хөргөж, үнэнч биш болгохыг оролдоно. Түүнд битгий бууж өгөөрэй! (Иов 27:5). Та Еховаг маш их хайрладаг бол өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, улам бүр дотносно.

21. Баптисмыг төгсгөл биш эхлэл гэж яагаад хэлж болох вэ?

21 Еховад өөрийгөө зориулсан бол дараагийнхаа чухал алхмын тухай ахлагчидтай ярилцаарай. Баптисм хүртэнэ гэдэг нь төгсгөл биш эхлэл гэдгийг үргэлж санаж яваарай. Өөрөөр хэлбэл Еховад үүрд үйлчлэх замд орлоо гэсэн үг. Тэгэхээр Эцгээ хайрлах хайрыг одооноос эхлэн анхаарч, өдөр өнгөрөх тусам улам бүр хайрлах зорилго тавиарай. Ингэвэл та баптисм хүртэх хүсэлтэй болно. Баптисм хүртэх өдөр үнэхээр гайхалтай өдөр. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл юм. Өдрөөс өдөрт Еховаг, Хүүг нь та улам бүр хайрлах болтугай!

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Баптисм хүртэх бэлтгэл хангахын тулд бид зөв хандлагатай, зөв юм хийдэг байх ёстой. Энэ өгүүллээр этиоп түшмэлийн жишээг авч үзээд Библийн суралцагч баптисм хүртэхийн тулд яах хэрэгтэйг ярилцана.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй Еховагийн өгсөн юманд нь талархаад залбирч байна.