СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13
Еховагийн тухай хүүхдүүддээ зааж сургахдаа бүтээлийг нь ашиглаарай
«Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун» (ИС. 40:26).
ДУУ 15 Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг
ТОЙМ a
1. Эцэг эхчүүд хүүхдүүдээсээ юу хүсдэг вэ?
ЭЦЭГ ЭХЧҮҮД ээ, Еховаг мэдэж аваад хайрладаг болоход нь хүүхдүүддээ туслахыг та нар чин сэтгэлээсээ хүсдэгийг бид мэддэг. Гэхдээ Бурхан үл үзэгдэх Нэгэн учир үнэхээр байдгийг нь хэрхэн ойлгуулж, дотносоход нь туслах вэ? (Яак. 4:8).
2. Эцэг эх хүүхдүүддээ Еховагийн зан чанарын тухай хэрхэн зааж сургах вэ?
2 Хүүхдийг Еховатай дотно болгох нэг чухал арга нь Библийг хамт судлах явдал юм (2 Тим. 3:14–17). Гэхдээ Еховагийн тухай мэдэж авах бас нэг аргыг Библид бичсэн байдаг. «Сургаалт үгс» номд гардаг нэг аав хүүдээ Еховагийн зан чанарыг бүтээлээс нь мэдэж авснаа хэзээ ч бүү мартаарай гэж сануулсан (Сур. 3:19–21). Ехова ямар Бурхан бэ гэдгийг хүүхдүүддээ зааж сургахдаа бүтээлийг ашиглах зарим аргыг одоо ярилцъя.
ХЭРХЭН ЗААЖ СУРГАХ ВЭ?
3. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн туслах ёстой вэ?
3 Библид «Бурхан харагддаггүй нь үнэн. Гэхдээ Бурхан ертөнцийг бүтээснээс хойш түүний зан чанар ... бүтээлээс тодорхой харагддаг» гэж байдаг (Ром 1:20). Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүдтэйгээ хамт цэвэр агаарт байхыг хүсдэг нь мэдээж. «Бүтээлээс» нь Бурхны гайхалтай ямар зан чанарыг мэдэж болохыг хүүхдүүддээ ойлгуулахад энэ цагийг зориулаарай. Энэ талаар Есүсийн жишээнээс эцэг эхчүүд юу сурч болохыг ярилцъя.
4. Есүс шавь нартаа бүтээлийг хэрхэн ашиглаж заасан бэ? (Лук 12:24, 27–30).
4 Есүс бүтээлийг хэрхэн ашиглаж заасныг анхаараарай. Нэг удаа тэрбээр шавь нартаа хэрээ болон сараана цэцгийг ажиглаарай гэсэн (Лук 12:24, 27–30-ийг уншина). Уг нь ямар ч амьтан, ургамлыг дурдаж болох байсан ч шавь нарын сайн мэддэг шувуу, цэцгийг сонгосон. Шавь нар нь ч дээгүүр нисэх хэрээнүүдийг, талд ургасан цэцэгсийг харж байсан нь мэдээж. Есүс эдгээр бүтээлийг заангаа ярьж байгаагаар төсөөлөөрэй. Хэрээ, сараана цэцгийг дурдсаныхаа дараа яасан бэ? Тэнгэрийн эцгийнхээ өгөөмөр, сайхан сэтгэлийг мартагдахааргүйгээр ойлгуулсан. Өөрөөр хэлбэл Ехова хэрээ болон хээрийн цэцэгт санаа тавьдаг шигээ үнэнч үйлчлэгчдээ хооллож хувцаслана.
5. Эцэг эхчүүд хүүхдэдээ Еховагийн тухай зааж сургахдаа бүтээлийг хэрхэн ашиглах вэ?
5 Эцэг эхчүүд ээ, та нар Есүсийн хэрхэн зааж байсныг дуурайх уу? Та хүүхдэдээ өөрийнхөө сонирхдог Еховагийн бүтээлийн тухай, тухайлбал ямар нэгэн амьтан юм уу ургамлын тухай ярьж болох юм. Ингэхдээ эдгээр нь Еховагийн тухай юу хэлж өгдгийг тайлбарлахаа бүү мартаарай. Дараа нь хүүхдээсээ дуртай амьтан юм уу ургамлынх нь тухай асуугаарай. Тэгээд Еховагийн зан чанартай холбож тайлбарлавал бүр ч анхааралтай сонсох байх. Яагаад гэвэл өөрийнх нь дуртай бүтээл болохоор тэр юм.
6. Кристоферын ээжээс юу сурах вэ?
6 Амьтан юм уу ургамал Еховагийн тухай юу хэлдгийг ярихаасаа өмнө нарийн судлах шаардлагатай юу? Үгүй ээ. Есүс хэрээ юу иддэг тухай юм уу сараана цэцгийн эсийн бүтцийн тухай нарийн ширийн юм яриагүй. Гэхдээ танай хүүхэд байгалийн зарим бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцах дуртай байж болох юм. Харин заримдаа гол санааг ойлгуулахын тулд энгийн юм ярих юм уу асуулт асуухад хангалттай. Кристофер гэдэг Гэрч эрэгтэй бага байхад нь ээжийнхээ юу ярьсныг ийнхүү дурсжээ. «Ээж эргэн тойрноо ажиглаад энгийн юм ярьдаг нь Еховагийн бүтээлийг үнэлдэг болоход маань тустай байсан. Жишээлбэл бидэнтэй хамт уулын бэлээр явж байхдаа ээж: “Хар даа, ямар сайхан сүрлэг уулс вэ! Ехова үнэхээр гайхалтай биш гэж үү?” гэх юм уу эсвэл далайн эрэг дээр явж байхдаа “Хар даа, ямар хүчтэй давлагаа вэ! Бурхан үнэхээр агуу хүчтэй биш гэж үү?” гэдэг байв. Ийнхүү энгийн боловч нэгийг бодуулсан үг хэлдэг байсан нь бидэнд маш хүчтэй нөлөөлсөн».
7. Бүтээлийн талаар эргэцүүлэн боддог болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
7 Та хүүхдийнхээ насанд нь тааруулаад бүтээлүүдийн тухай эргэцүүлэн бодож, Ехова ямар Бурхан бэ гэдэг талаар өөрсдөө дүгнэлт хийдэг болоход нь тусалж байгаарай. Бурхны бүтээлээс нэгийг сонгоод «Үүнээс Бурхны тухай юу мэдэж болох вэ?» гэж хүүхдээсээ асууж болох юм. Тэдний хариултыг сонсоод та лав гайхах байх (Мат. 21:16).
ХЭЗЭЭ ЗААЖ СУРГАХ ВЭ?
8. Израйл эцэг эхчүүд «замд явж байхдаа» яах боломжтой байсан бэ?
8 Израйл эцэг эхчүүд хүүхдүүддээ Еховагийн хууль тушаалыг «замд явж байхдаа ч» заах учиртай байв (Д.хууль 11:19). Хөдөө хээрийн замд олон янзын амьтад, шувууд, цэцэгс тааралдана. Израйл гэр бүлүүд аялж явахдаа хүүхдүүдтэйгээ Еховагийн бүтээлийн тухай сонирхолтой яриа өрнүүлэх боломжтой байсан. Эцэг эхчүүд ээ, та нарт ч бүтээлийг ашиглан хүүхдүүдээ сургах боломж байгаа. Зарим эцэг эхийн жишээг ярилцъя.
9. Пунита Катя хоёроос юу мэдэж авах вэ?
9 Энэтхэгийн нэгэн том хотод амьдардаг Пунита гэдэг ээж: «Бид хөдөө амьдардаг хамаатныдаа үе үе очдог. Үүнийг Еховагийн гайхалтай бүтээлийг хүүхдүүддээ таниулах боломж гэж үздэг. Тэд маань хөл ихтэй хотоос гарахлаараа бүтээлийн тухай илүү сайн ойлгодгийг ажигласан» гэжээ. Эх эцгүүд ээ, танай хүүхдүүд үзэсгэлэн төгөлдөр хөдөө нутагт өнгөрөөсөн цагаа хэзээ ч мартахгүй биз ээ. Молдовагийн Гэрч эмэгтэй Катя: «Бага байхдаа аав ээжтэйгээ хөдөө байсан минь хамгийн сайхан дурсамжтай цаг юм. Зогсож байгаад бүтээлийг ажиглаад Еховагийн тухай юу мэдэж болохыг бага байхаас минь зааж өгсөн аав ээждээ талархдаг» гэж ярьжээ.
10. Хотоос гадагш гарах боломжгүй эцэг эхчүүд юу хийж болох вэ? ( «Эцэг эхчүүдэд зориулсан тусламж» хавсралтыг үзээрэй).
10 Танайхан хөдөө явах боломжгүй бол яах вэ? Амол бас Энэтхэгт амьдардаг. Тэрбээр: «Манай эндхийн эцэг эхчүүд маш их завгүй ажилладаг. Бас хөдөө явахад зардал ихтэй. Гэхдээ жижигхэн цэцэрлэг юм уу тагтан дээрээ байгаа бүтээлийг ажиглаад Еховагийн зан чанарын тухай ярилцах боломжтой» гэжээ. Хэрвээ анхааралтай ажиглавал хүүхдүүддээ үзүүлэх олон бүтээлийг гэрийнхээ ойролцоогоос олно (Дуу. 104:24). Та шувуу, шавж, ургамал зэрэг олон зүйлийг харна. Германд амьдардаг Карина: «Манай ээж цэцэгт дуртай учраас гудамжаар явж байхдаа янз янзын цэцэгсийг заагаад анхаарлыг маань хандуулдаг байсан» гэж ярьжээ. Эцэг эхчүүд ээ, та нар байгууллагаас гаргасан бүтээлийн тухай видео, хэвлэл ашиглан хүүхдүүддээ зааж сургах боломжтой. Тийм ээ, та ямар ч нөхцөлд байсан Еховагийн бүтээлийг ажигладаг болоход нь хүүхдүүддээ тусалж чадна. Одоо хүүхдүүддээ онцлон заавал зохих Еховагийн зарим шинж чанарын тухай ярилцъя.
ЕХОВАГИЙН «ЗАН ЧАНАР ИЛЭРХИЙ»
11. Эцэг эхчүүд хүүхдүүддээ Еховагийн хайрыг хэрхэн мэдрүүлэх вэ?
11 Хүүхдүүддээ Еховагийн хайрыг мэдрүүлэхийн тулд амьтад үр төлдөө хэрхэн санаа тавьдгийг хэлж өгч болох юм (Мат. 23:37). Мөн бүтээл нь гайхамшигтай олон төрөл зүйл байдгийг онцлууштай. Дээр дурдсан Карина: «Гадуур зугаалж явахдаа ээж минь намайг зогсоогоод цэцэг бүр өвөрмөц бөгөөд гоо үзэсгэлэн нь Еховагийн хайрын илрэл гэдгийг мэдрэхэд тусалдаг байсан. Олон жил өнгөрсөн ч би цэцэгсийг, тухайлбал, төрөл зүйл, хэлбэр галбир, өнгө үзэмжийг нь одоо ч ажигладаг хэвээрээ. Тэдгээр нь Ехова биднийг хэчнээн их хайрладгийг сануулдаг» гэж хэлжээ.
12. Эцэг эхчүүд Бурхны мэргэн ухааныг хүүхдэдээ хэрхэн ойлгуулах вэ? (Дуулал 139:14). (Бас зургийг үзээрэй).
12 Ехова хэр мэргэн ухаантайг хүүхдүүддээ ойлгуулаарай. Еховагийн мэргэн ухааныг хүнийхтэй харьцуулахын аргагүй (Ром 11:33). Жишээ нь Бурхан нэг газрын их хэмжээний усыг ууршуулахад үүл бий болж, дараа нь түүнийг өөр тийш ядах юмгүй нүүлгэн бороо оруулдгийг та хүүхдэдээ тайлбарлаж өгч болно (Иов 36:27, 28). Мөн хүн ямар гайхамшигтай бүтээл болохыг онцолж болно (Дуулал 139:14-ийг уншина). Владимир гэдэг аавын жишээг бодож үзээрэй. Тэрбээр: «Хүү маань дугуйгаар явж байгаад ойчоод хөлөө шалбалчихав. Хэдэн хоногийн дараа шарх нь аньсан. Еховагийн бүтээсэн хүний бие шархтаж гэмтэхэд өөрөө эдгэрэх чадвартайг эхнэр бид хоёр хүүдээ тайлбарлаж өгсөн. Харин хүний хийсэн бүтээл ийм чадваргүй. Жишээ нь осолдож эвдэрсэн машин өөрийгөө засаж чадахгүй. Хүү маань үүнийг сонсоод Ехова мэргэн ухаантайг ойлгосон» гэжээ.
13. Эцэг эхчүүд хүүхдүүдээ Еховагийн хүчний талаар хэрхэн эргэцүүлэн бодуулах вэ? (Исаиа 40:26).
13 Ехова биднийг тэнгэр өөд харж гайхамшигтай хүчээрээ бүтээсэн орчлонт ертөнцийн тухай бодож үзэхийг уриалсан (Исаиа 40:26-г уншина). Та ч бас хүүхдүүддээ тэнгэр өөд харж эргэцүүлэн бодохыг уриалж болно шүү дээ. Тинтин гэдэг Тайваний Гэрч эмэгтэй бага насныхаа тухай ийнхүү дурсан ярьжээ. «Нэг удаа ээж минь намайг хөдөө авч явсан. Хаа сайгүй гэрэл чийдэн гялбасан хоттой адилгүй тэнд очоод шөнийн тэнгэрт түгсэн түг түмэн оддыг ямар ч саадгүй харж чадсан. Тэр үед би ангийнхныхаа дарамт шахалтаас болоод цаашдаа Еховад үнэнч үйлчилж чадах болов уу гэж санаа зовж байсан юм. Ехова оддыг бүтээхийн тулд ямар их хүч гаргасныг болон ямар ч сорилтыг даван туулахад энэ л хүчээрээ тусална гэдгийг санаж явахыг ээж минь захисан. Энэ нь надад их урам зориг хайрласан. Оддыг ажигласнаас хойш Еховагийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж, түүнд үйлчлэх шийдвэр маань улам батажсан».
14. Эх эцгүүд хүүхдүүддээ Еховаг жаргалтай Бурхан гэдгийг ойлгуулахын тулд бүтээлийг хэрхэн ашиглах вэ?
14 Ехова баяр баясгалантай, алиа хошин зантай Бурхан гэдгийг бүтээлээс нь мэдэж болно. Шувуу, загас зэрэг ихэнх амьтад тоглох дуртай гэдгийг эрдэмтэд анзаарчээ (Иов 40:20). Танай хүүхэд тоглож буй амьтдыг хараад инээж байсан уу? Жишээ нь бөмбөгөөр тоглож буй муурын зулзага юм уу ноцолдон ноололдож буй гөлөгнүүдийг харсан байх. Тэгвэл хүүхдүүд тань амьтдын янз бүрийн зан авирыг хараад инээхэд бид жаргалтай Бурханд үйлчилдгийг сануулж болохгүй нь юу билээ? (1 Тим. 1:11).
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЕХОВАГИЙН БҮТЭЭЛИЙГ АЖИГЛАЖ БАЯСАХ НЬ
15. Эцэг эхчүүд яавал хүүхдүүдийнхээ санаа бодлыг мэдэх боломжтой вэ? (Сургаалт үгс 20:5). (Бас зургийг үзээрэй).
15 Тулгарсан асуудлыг нь хүүхдүүдээрээ яриулахад эцэг эхчүүдэд амаргүй байх тохиолдол бий. Хэрэв та ийм байдалд орсон бол юу бодож байгааг нь яриулахыг хичээгээрэй (Сургаалт үгс 20:5-ыг уншина). Зарим эцэг эхэд хүүхдүүдтэйгээ хамт салхинд гарахдаа санаа бодлыг нь мэдэх амар байдаг. Яагаад? Нэг шалтгаан нь эцэг эхчүүдэд ч, хүүхдүүдэд ч саад болох юм бараг байдаггүй. Тайваньд амьдардаг Масахико гэдэг аав бас нэг шалтгааныг дурдан «Ууланд гарах юм уу далайн эргээр зугаалахад хүүхдүүд илүү чөлөөтэй болдог. Тийм үед нь юу бодож, юу санаж явдгийг нь яриулахад дөхөм байдаг» гэж ярьжээ. Дээр дурдсан Катя: «Хичээл тарахлаар ээж надтай хамт их гоё цэцэрлэгт хүрээлэн рүү явдаг. Би ийм сайхан тайван орчинд очихлоороо сургууль дээр юу болсныг, юунд санаа зовж байгаагаа ээждээ ярьдаг байсан» гэжээ.
16. Гэр бүлээрээ Еховагийн бүтээлийн ачаар амарч, хөгжилдөх ямар боломж байдаг вэ?
16 Еховагийн бүтээлийн ачаар гэр бүлүүд хамтдаа амарч, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Ийнхүү тэд хоорондоо улам дотносдог. Библид бичсэнээр «инээх цаг» ч бий, «бүжиглэх цаг» ч бий (Ном. 3:1, 4). Дуртай зүйлээ хийж болох сайхан газруудыг Ехова бидэнд бүтээж өгсөн. Хүмүүс гэр бүлээрээ хөдөө явж, ууланд гарч, далайн эрэг дээр амрах дуртай байдаг. Зарим хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд очоод гүйж тоглох, амьтдыг ажиглах юм уу гол нуур, далайд сэлэх дуртай байдаг. Еховагийн бүтээлээр дүүрэн цэвэр агаарт гарч амрах нь үнэхээр завшаан биш гэж үү?
17. Эцэг эхчүүд яагаад хүүхдүүддээ Бурхны бүтээлийг ажиглан гоо сайхныг мэдрэхэд нь туслах ёстой вэ?
17 Бурхны амласан шинэ ертөнцөд эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч Бурхны бүтээлийн дунд сэтгэл дүүрэн баяртай амьдарна. Бид амьтдаас, мөн амьтад биднээс айх шаардлагагүй болно (Ис. 11:6–9). Бид Еховагийн бүтээсэн болгоныг харан аз жаргалаар бялхан эцэс төгсгөлгүй баярлана (Дуу. 22:26). Гэхдээ эцэг эхчүүд ээ, тэр цаг болохыг хүлээлгүйгээр өнөөдөр ч бүтээлийг ажиглан гоо сайхныг нь мэдрэхэд хүүхдүүддээ туслаарай. Та бүтээлийг ашиглан Еховагийн тухай зааж сургавал хүүхдүүд тань Давидын хэлсний адилаар «Таных шиг үйлс ч байхгүй» гэх болно (Дуу. 86:8).
ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй
a Ах дүүс маань эцэг эхтэйгээ бүтээлийн гоо сайхныг мэдэрсэн цагаа дурсдаг. Хөдөө хээр аялж явахдаа эцэг эх нь Еховагийн зан чанарын тухай юу ярьж байсныг мартдаггүй. Хэрэв та хүүхэдтэй бол бүтээлийг хэрхэн ашиглаж Бурхны зан чанарыг мэдүүлэх вэ? Энэ өгүүллээс хариуг нь мэдэж авцгаая.