Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12

Еховаг бүтээлээс нь илүү сайн мэдэж аваарай

Еховаг бүтээлээс нь илүү сайн мэдэж аваарай

«Бурхан харагддаггүй нь үнэн. Гэхдээ Бурхан ертөнцийг бүтээснээс хойш түүний зан чанар илэрхий болсон» (РОМ 1:20).

ДУУ 15 Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг

ТОЙМ a

1. Иов Еховаг яаж илүү сайн мэдсэн бэ?

 ИОВ амьдралынхаа туршид олон хүнтэй ярилцаж байсан. Гэхдээ Ехова Бурхантай ярилцсан нь хамгийн онцгой билээ. Ехова мэргэн ухаантай, үйлчлэгчдэдээ санаа тавих чадвартай гэдэгт итгэх Иовын итгэлийг батжуулахын тулд байгаль, амьтны зарим шинж чанарыг онцолсон. Мөн амьтдад санаа тавьдаг учраас Иовд бас санаа тавьж чадна гэдгийг сануулсан (Иов 38:39–41; 39:1, 5, 13–16). Бүтээлийг эргэцүүлэн бодсоноор Иов Бурхны олон сайхан зан чанарыг мэдэж авсан.

2. Еховагийн бүтээлийг ажиглах боломж заримдаа яагаад хомс байдаг вэ?

2 Бид ч мөн адил бүтээлийг ажиглаж, судалснаар Еховаг илүү сайн мэдэж авна. Гэхдээ заримдаа ингэх нь амаргүй. Хэрэв бид хотод амьдардаг бол ажиглах бүтээл бараг байдаггүй. Хөдөө нутагт амьдардаг байсан ч зав чөлөөгүй ажилладаг. Тэгэхээр одоо бүтээлийг ажиглахын тулд яагаад цаг хугацаа зарцуулж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг ярилцъя. Ехова Есүс хоёр бүтээлийг ашиглан хэрхэн зааж байсныг, мөн байгалиас илүү ихийг сурахын тулд юу хийж болохыг ярилцана.

БҮТЭЭЛИЙГ ЯАГААД АЖИГЛАХ ЁСТОЙ ВЭ?

Ехова Адамаас бүтээлийг нь ажиглаад баясаасай гэж хүссэн, бас амьтдад нэр өгөхийг даалгасан (3-р догол мөрийг үзээрэй)

3. Ехова Адамаас бүтээлийг нь ажиглаад баясаасай гэж хүссэнийг нь хэрхэн мэдэж болох вэ?

3 Ехова анхны хүнээс бүтээлийг нь хараад баясаасай гэж хүссэн. Бурхан Адамыг бүтээснийхээ дараа сайхан диваажинд амьдруулж, түүнийг арчлан тордох, өргөжүүлэн тэлэх даалгавар өгсөн (Эх. 2:8, 9, 15). Үр соёолж, цэцэг дэлгэрэхийг хараад сэтгэл нь догдолж буй Адамыг төсөөл дөө. Еден цэцэрлэгээ арчлан тордох нь Адамын хувьд үнэхээр завшаан байв! Ехова амьтдад нэр өгөөрэй гэж бас Адамд хэлсэн (Эх. 2:19, 20). Уг нь Ехова өөрөө нэр өгч болох байсан ч үүнийг Адамд даалгасан. Адам амьтдад нэр өгөхөөсөө өмнө онцлог шинж болон үйл хөдлөлийг нь ажиглаж анхааралтай судалсан байх. Энэ нь Адамд их таалагдсан нь лавтай. Ингэснээр Ехова хэчнээн мэргэн ухаантайг, бүтээлүүд нь сонирхол татам, гоо үзэсгэлэнтэйг мэдэрсэн.

4. а) Бүтээлийг судлах ёстойн нэг шалтгаан юу вэ? б) Бүтээлээс аль нь танд сайхан санагддаг вэ?

4 Бүтээлийг ажиглах ёстой бас нэг шалтгаан бий. Энэ бол Еховагийн хүсэл. Тэрбээр: «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун» гэж уриалсан. Хэн бүтээсэн нь тодорхой (Ис. 40:26). Ехова тэнгэрт төдийгүй газар дэлхий дээр, тэнгис далайд гайхалтай олон зүйл бүтээснийг бид ажиглаад Бурхныг илүү сайн мэдэж авдаг (Дуу. 104:24, 25). Бас биднийг ямар чадвартайгаар бүтээснийг бод доо. Бид байгалийн сайхныг бишрэн хайрлах төрөлхийн чадвартай. Мөн харах, сонсох, хүрэлцэх, амтлах, үнэрлэх гэсэн таван мэдрэхүйтэй. Үүгээрээ бид Бурхны янз бүрийн бүтээлийн гоо сайхныг мэдэрдэг.

5. Ром 1:20-д бичсэнээр Еховагийн бүтээлийг судалдаг бол ямар ач тус хүртэх вэ?

5 Бүтээлийг ажиглах хэрэгтэйн өөр нэг шалтгааныг Библи хэлж өгдөг. Еховагийн зан чанарыг мэдэж авна (Ром 1:20-ийг уншина). Жишээлбэл байгалийн янз бүрийн бүтээл нарийн ур хийцтэйг бодоод үз дээ. Эндээс Ехова хэчнээн их мэргэн ухаантайг ойлгоно. Түүнчлэн олон төрлийн хоол хүнсийг бүтээсэн. Энэ нь биднийг хэчнээн их хайрладгийг нь баталдаг. Бүтээлээс нь Еховагийн зан чанарыг илүү их мэдэж авахын хэрээр түүнтэй улам сайн танилцана. Бас дотносохыг хүснэ. Ехова бидэнд өөрийнхөө тухай заахдаа бүтээлээ хэрхэн ашигласныг одоо ярилцъя.

БУРХАН ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ ЗААЖ СУРГАХДАА БҮТЭЭЛЭЭ АШИГЛАДАГ

6. Нүүдлийн шувуудаас юу мэдэж авах вэ?

6 Ехова цаг хугацааг тогтоодог. Израйлчууд жил бүр 2-р сарын сүүлээс 5-р сарын дундуур хүртэл хойд зүг рүү нүүдэллэн нисэж буй сүрэг өрөвтасыг хардаг байв. Бурхан израйлчуудад «Тэнгэрийн өрөвтас ... улирлаа мэддэг» гэж хэлжээ (Иер. 8:7). Ехова энэ шувууны нүүдэллэх цагийг тогтоосон шиг шүүх цагаа тогтоосон. Нүүдэллэж буй шувуудыг бид өнөөдөр харахаараа Ехова энэ хорон муу ертөнцийг «тогтоогдсон цагт» устгана гэдгийг санадаг (Хаб. 2:3).

7. Шувууд хэрхэн нисэхийг харахаараа бид юуг санах хэрэгтэй вэ? (Исаиа 40:31).

7 Ехова үйлчлэгчдэдээ хүч хайрладаг. Ехова хүчин мөхөстсөн юм уу сэтгэлээр унасан ард түмэндээ хүч хайрлаж, тэднийг «бүргэд мэт жигүүр дээрээ элин халихад» нь тусална гэсэн амлалтаа Исаиагаар хэлүүлсэн (Исаиа 40:31-ийг уншина). Бүргэд дээш хөөрч буй агаарын урсгалыг ашиглан хүчээ дээд зэргээр хэмнэн дүүлэн нисэж байгааг израйлчууд хардаг байв. Шувуудыг хүчирхэгжүүлдэг Ехова үйлчлэгчдээ ч хүчирхэгжүүлэх нь ойлгомжтой! Далавчаа бараг дэвэхгүй атлаа улам бүр дээшээ хөөрөн нисэх хүчирхэг бүргэдийг харахлаараа Ехова танд ч саад бэрхшээлийг давах хүч тэнхээг хайрлана гэдгийг санаарай.

8. Бурхны бүтээлийг ажиглаад Иов юу мэдэж авсан бэ? Бид юу мэдэж авах вэ?

8 Ехова итгэж болох Нэгэн. Ехова өөрт нь итгэх Иовын итгэлийг батжуулсан (Иов 32:2; 40:6–8). Иовтой ярихдаа одод, үүлс, аянга цахилгаан зэрэг олон бүтээлээ дурдсан. Мөн зэрлэг үхэр, хүлэг морь зэрэг амьтдын тухай ч ярьсан (Иов 38:32–35; 39:9, 19, 20). Эдгээр бүтээл нь Бурхан хүчтэй, хайрын сэтгэлтэй, мэргэн ухаантайг баталдаг. Ийнхүү ярилцсаны ачаар Еховад итгэх Иовын итгэл нь улам батажсан (Иов 42:1–6). Үүнтэй адилаар бид ч бүтээлийг ажиглан судлахлаараа Ехова хязгааргүй мэргэн ухаантай бөгөөд бидэнтэй харьцуулахын аргагүй хүчтэйг нь санадаг. Тэрбээр бидэнд тулгарах ямар ч саадыг арилгах чадвартай, арилгах ч болно. Иймээс түүнд итгэх итгэл маань улам батаждаг.

ЕСҮС ЭЦГИЙНХЭЭ ТУХАЙ ЗААЖ СУРГАХДАА БҮТЭЭЛИЙГ АШИГЛАСАН

9, 10. Нар болон борооны жишээнээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

9 Есүс бүтээлийг сайн мэддэг байв. Эцэг нь орчлонт ертөнц дээрх бүх юмыг бүтээхэд Есүс хажууд нь «уран дархан» мэт байсан (Сур. 8:30, МБОХ, 2000). Хожим нь шавь нартаа бүтээлийг ашиглаж Эцгээ таниулсан. Заримыг нь ярилцъя.

10 Ехова бүх хүнд хайраа илэрхийлдэг. Есүс «Уулан дээр айлдсан сургаал»-даа шавь нарынхаа анхаарлыг нар, бороонд хандуулсан. Хүмүүс эдгээрийг байдаг л зүйл гэж боддог боловч амьд байхад маань зайлшгүй хэрэгтэй. Өөрт нь үйлчилдэггүй хүмүүс дээр Ехова нарыг мандуулахгүй, бороо оруулахгүй байж чадах л байсан. Харин тэгээгүй. Бүх хүн дээр нар мандуулж, бороо оруулдаг (Мат. 5:43–45). Тиймээс бид ч бүх хүнийг хайрлах учиртай. Еховагийн ийм хүслийг ойлгуулахын тулд Есүс энэ жишээг татсан. Нар жаргах, бороо орохыг харах бүрдээ бид бүх хүнийг гэсэн Еховагийн хайрыг санах боломжтой. Дээрх жишээг эргэцүүлэн бодохоор бид ч дэлгэрүүлэхдээ бүх хүнд хайр илэрхийлэх хүсэл төрнө.

11. Тэнгэрийн шувуудыг ажиглавал урам ордог гэхийн учир юу вэ?

11 Ехова бидэнд амьд байхад хэрэгтэй бүхнийг өгдөг. Уг сургаалдаа Есүс: «Шувуудыг сайн ажигла. Шувуу тариа тарьж, ургац хурааж, агуулахад хадгалдаггүй, харин тэнгэрийн Эцэг тань тэжээдэг» гэсэн. Тэгээд «Та нар шувуунаас илүү үнэ цэнтэй биш гэж үү?» гэж асуухад хүмүүс тэнгэрт нисэх шувуудыг харсан байх (Мат. 6:26). Ехова биднийг зайлшгүй хэрэгцээт зүйлсээр хангана гэдгийг ойлгуулах ямар сайхан арга вэ! (Мат. 6:31, 32). Энэ жишээ одоо ч үнэнч үйлчлэгчдэд урам зориг хайрласаар байна. Испанийн нэг эхлэгч бүсгүй сэтгэлд нийцтэй байр олж чадаагүйдээ сэтгэлээр унажээ. Гэхдээ үр тариа, жимс жимсгэнээр хооллодог шувуудыг хараад өөдрөг болсон. Тэрбээр: «Шувуудыг хараад, Ехова тэдэнд санаа тавьдаг юм чинь надад ч санаа тавихыг санасан» гэжээ. Удахгүй Гэрч бүсгүйд байр олджээ.

12. Матай 10:29–31-д бичсэнээр бор шувууд Еховагийн тухай юу илчилдэг вэ?

12 Ехова хүн нэг бүрийг үнэ цэнтэй гэж үздэг. Есүс элч нараа дэлгэрүүлэх ажилд явуулахаасаа өмнө тулгарах эсэргүүцлээс айхгүй байхад нь тусалсан (Матай 10:29–31-ийг уншина). Ингэхдээ Израйлд түгээмэл байдаг шувуудын нэг болох бор шувууны тухай ярьсан. Есүсийн үед энэ шувуу маш хямд байв. Гэвч тэрбээр шавь нартаа «Нэг нь газар унахыг ч тэнгэрийн Эцэг тань мэдэж байдаг» гээд цааш нь «Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» гэж хэлсэн. Ийнхүү Ехова хүн нэг бүрийг үнэ цэнтэйд тооцдог учир эсэргүүцлээс айх хэрэггүйг Есүс батлан хэлсэн. Шавь нар нь хот тосгодоор дэлгэрүүлж явахдаа бор шувууг хараад Есүсийн үгийг санаж байсан нь лавтай. Ехова таныг ч «олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» гэж үзэн эрхэмлэдгийг жижигхэн шувууг харах болгондоо санаарай. Бид Еховагийн тусламжтайгаар эсэргүүцлийг сөрөн бат зогсож чадна (Дуу. 118:6).

БҮТЭЭЛЭЭС БУРХНЫ ТУХАЙ ХЭРХЭН ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХ ВЭ?

13. Еховаг бүтээлээс нь мэдэж авахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Бүтээлээс нь Еховагийн тухай өөр их юм мэдэх боломжтой. Яаж? Эхлээд зориуд цаг гаргаад бүтээлийг ажиглах хэрэгтэй. Дараа нь Еховагийн талаар юу хэлж өгдгийг бодоорой. Ингэх нь дандаа амар биш. Камеруны Гэрч эмэгтэй Жералдин: «Би хотод өссөн болохоор бүтээлийг ажиглая гэвэл ихэд хичээх хэрэгтэй болдог» гэжээ. Алфонсо гэдэг ахлагч: «Бүтээлийг ажиглаж Еховагийн тухай юу заадгийг эргэцүүлэн бодохын тулд тусгайлан цаг гаргаж ганцаараа байх хэрэгтэйг ойлгосон» гэжээ.

Давид эргэн тойрныхоо бүтээлийг ажиглаад тэдгээр нь Еховагийн тухай юу хэлж байгааг эргэцүүлэн бодсон (14-р догол мөрийг үзээрэй)

14. Еховагийн бүтээлийн тухай эргэцүүлэн бодоод Давид юуг ойлгосон бэ?

14 Давид Бурхны бүтээлийн тухай нухацтай боддог байв. Тэрбээр Еховад «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тави[на] ... вэ?» гэж хэлсэн (Дуу. 8:3, 4). Тийм ээ, Давид шөнийн тэнгэрийг харахдаа зөвхөн орчлонт ертөнцийн сүр жавхланг бишрээгүй ээ. Харин одод Бурхны тухай юу хэлж байгааг эргэцүүлэн бодоод Ехова хэчнээн агуу болохыг ойлгосон. Бас нэгэн удаа Давид эхийн хэвлий дэх ураг хэрхэн бойждогийг эргэцүүлэн бодсон. Эдгээр гайхалтай нарийн ширийн зүйлийн тухай тунгаан бодох тусам Ехова хэчнээн мэргэн ухаантайг нь ойлгож улам их талархдаг болсон (Дуу. 139:14–17).

15. Та бүтээлээс нь Еховагийн ямар зан чанарыг мэдэж авснаа ярина уу (Дуулал 148:7–10).

15 Давидын адилаар бүтээлийг ажиглаад эргэцүүлэн бодохын тулд заавал хол явах шаардлагагүй ээ. Та эргэн тойрноо ажиглан харвал Еховагийн зан чанарыг харуулах олон юм байдаг. Жишээлбэл нарны илчинд дулаацахаараа Еховагийн агуу хүчийг бодоорой (Иер. 31:35). Үүрээ засаж буй шувууг харахаараа Еховагийн мэргэн ухааныг бишрээрэй. Сүүлээ зуух гэж эргэлдэж буй гөлгийг харахаараа Еховагийн алиа хошин занг мэдрээрэй. Хүүхэдтэйгээ тоглож буй эхийг харах болгондоо хайрын сэтгэлтэй Еховад талархаарай. Хол ойр байдаг том жижиг бүх бүтээлүүд нь Еховаг магтан алдаршуулдаг учраас тэднээс суралцах боломж их бий (Дуулал 148:7–10-ыг уншина).

16. Бид яахаар бат шийдэх хэрэгтэй вэ?

16 Бурхан маань хамгийн мэргэн ухаантай, хайр халамжтай, уран сэтгэмжтэй, хүч чадалтай билээ. Бүтээлийг нь ажиглавал эдгээр болон өөр олон сайхан зан чанарыг нь мэдэж авна. Тиймээс эргэцүүлэн бодох цагийг тогтмол гаргаж байхаар бат шийдэцгээе. Ингэснээр Бүтээгчтэйгээ улам бүр дотносно (Яак. 4:8). Дараагийн өгүүллээр эцэг эхчүүд бүтээлийн тусламжтайгаар Еховатай дотносоход нь хүүхдүүддээ хэрхэн туслахыг ярилцъя.

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

a Еховагийн бүтээлүүд үнэхээр биширмээр! Асар их энергитэй нарнаас авхуулаад цэцгийн торгомсог дэлбээ хүртэлх бүх бүтээл гайхал төрүүлэм билээ. Бүтээлийг ажиглах нь Еховагийн сайхан зан чанаруудыг мэдэхэд тустай. Энэ өгүүллээр бид яагаад бүтээлийг ажиглах цаг гаргах ёстойг, ингэснээр Бурхантай хэрхэн дотносохыг ярилцана.